Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1357

 

       2024           12            17                      2024/ДШМ/1357

 

А.О, Ж.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганзориг,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О болон түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Т, А.О нарт холбогдох эрүүгийн 2207003520051 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. А.О

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1-д зааснаар 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн;

 

            2. Ж.Т

           

            Шүүгдэгч А.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... байранд А.Стэй “цэвэрлэгээ хийх” асуудлаас үүдэн маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас цээжний хөндийд цусан хураа, цээж, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэн, санаатай учруулсан гэмт хэрэгт,

            мөн хэргийг харсан гэрч Ж.Тг биеэр болон утсаар “чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай” гэж байнга ятгаж, түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт,

            шүүгдэгч Ж.Т нь А.О хутгаар А.Сгийн биеийн зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт нь хутгалсан үйл явцыг харсан атлаа тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би яг хэн нь хаана хутгалсныг анзаарч хараагүй, А.Сгийн гарт бол хутга байгаагүй, ...намайг утсаа цэнэглээд байж байх хойгуур бүүр дуу нь чангараад байхаар нь яваад ортол тийм зүйл болчихсон байсан. Би тэр хоёрын гэмтэл хэрхэн, яаж учирсныг мэдэхгүй” гэж өөрийн үзэж, харсан зүйлээ хараагүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ”зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрчид худал мэдүүлэг өгүүлэхээр хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч А.Отгонбаяыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ж.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 6 жил 3 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, уг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.С цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 3-368 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр бага насны 2 хүүхдээ харж гэртээ байдаг. Би 2018 онд нугасны хавдартай гэж оношлогдож, тус ондоо улсын 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон боловч бүрэн гүйцэт авах боломжгүй гэж үзсэн тул хавдарыг гүйцэт авч чадаагүй юм. Үүний улмаас баруун мөр мэдээгүй, алхаж явахад гуйвдаг, толгой, хүзүү, мөр байнга чилж өвддөг, мөн нүдний хараа эрс муудаж баруун нүд 10%, зүүн нүд 50%-тай хардаг болсон. Энэ бүхний улмаас байнга тогтвортой эм хэрэглэдэг. Би ажлынхаа хамтрагчдаа хүнд гэмтэл учруулсандаа өөрийгөө буруутайд тооцож, маш их гэмшиж байна. Би анхан шатны шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Э.Намжилцэрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.О нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь тархи нугасны өвчтэй, бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь өвчтэй, ажилгүй, ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан зэрэг хувийн байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж буюу зэвсэг ашиглаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 6 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч А.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... байранд А.Стэй “цэвэрлэгээ хийх” асуудлаас үүдэн маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас цээжний хөндийд цусан хураа, цээж, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэн, санаатай учруулсан, мөн хэргийг харсан гэрч Ж.Тг биеэр болон утсаар “чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай” гэж байнга ятгаж, түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг,

            шүүгдэгч Ж.Т нь А.Оыг хутгаар А.Сгийн биеийн зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт нь хутгалсан үйл явцыг харсан атлаа тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “би яг хэн нь хаана хутгалсныг анзаарч хараагүй, А.Сгийн гарт бол хутга байгаагүй, ...намайг утсаа цэнэглээд байж байх хойгуур бүүр дуу нь чангараад байхаар нь яваад ортол тийм зүйл болчихсон байсан. Би тэр хоёрын гэмтэл хэрхэн, яаж учирсныг мэдэхгүй” гэж өөрийн үзэж, харсан зүйлээ хараагүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

            хохирогч А.Сгийн “... А.О гадаа цонхны хажууд тамхи татаад зогсож байснаа асгасан архиа арч, цэвэрлэ гэхээр нь би “чадахгүй, чиний асгасан архийг би яахаараа арчдаг юм, өөрөө арч” гэж хэлсэн чинь шууд удирдлагын өрөө рүү гүйж орж ирээд миний нүүр рүү мөргөөд гараараа цээж рүү түлхэхэд би газар унасан. Тэгэхээр нь би босч ирээд өшиглөхөд цаашаа чамайг ална гээд удирдлагын өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь архи ууж байсан сургалтын өрөө рүү яваад ортол А.О байхгүй байсан ба эргээд хартал хаалган дээр О хутга барьсан зогсож байхаар нь би наадах чинь тоглоом биш шүү, болиорой гэж хэлтэл шууд хутгаа над руу дүрэхээр нь би зүүн гараараа хаахад зүүн гарын булчин сэт татсан. Тэгээд би хойшоо орон дээр суугаад Т энэ намайг хутгалчихлаа гэж орилж дуудаад зүүн гараа өргөөд өөр рүүгээ Оыг ойртуулахгүй гээд хаасан чинь цээж рүү 2 удаа хутгалаад би газар унаад дээшээ хартал О намайг тэврээд авсан ба би хаалга руу хартал Т ирчихсэн зогсож байсан ба би юм хэлэх гээд чадахгүй байсан ба харин О яанаа би чамайг алчихлаа гээд, яанаа гээд уйлаад байсан. ... Ж.Т над руу залгаад би анх худлаа мэдүүлчихсэн юм, О над руу согтуу хэд хэдэн удаа ирээд анхны мэдүүлэгтээ үнэнч байгаарай гэж хэлсэн, чамтай бас зохицчихно гэж хэлж байсан. ...” /1хх 30-35/,

 

            Ж.Тгийн 2022 оны 11 дүгээр сарын12-ны өдөр гэрчээр өгсөн “... маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын байгаа сургалтын өрөө рүү ортол О гартаа хар иштэй том хутга барьчихсан, А.С цээжээ бариад “ёоо” гээд газар унаад өгсөн. Оын цээж хэсэгт бас зүсэгдсэн шархтай байсан. Би яг хэн нь хаанаа хутгалуулсныг анзаарч хараагүй. ...” /1хх48-49/, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн “... О, С нар сургалтын өрөөнд заамдалцаад үлдсэн ба утас яг асаад пин кодоо хийж байхад С “Т намайг хутгалчихлаа” гээд орилохоор нь утсаа хаяад гүйгээд ортол өрөөний хойд хана дагуу байх орон дээр С газар бөгсөн биеэрээ суусан, цээжин бие нь орон дээр хоёр тохойгоороо дараад доошоо харсан байдалтай, харин О гартаа хар хутга барьсан наад талд нь зогсож байсан. Тэгээд О шууд очоод Сг цээжин биеэр нь тэврээд авахад С эргээд дээшээ харсан ба О би чамайг хутгалчихлаа шүү дээ, би хүн алчихлаа гээд орилохоор нь би маш их айж сандарсан. ...” /1хх 51-52/,

мөн түүний яллагдагчаар өгсөн “... би алхаад сургалтын өрөө рүү очиж явтал О гал тогооноос хар иштэй хутга аваад гарч ирээд миний урдуур зөрөөд сургалтын өрөө рүү орохоор нь би араас нь дагаад сургалтын өрөө рүү ортол С Оыг хутгатай орж ирж байхыг хараад салаавч гаргаад май чи муу, чаддаг юм бол намайг шаачих гэхэд О урагшаа ухас хийхээр нь би хутга барьсан баруун гарны тохойноос нь татахад миний гарыг угзарч тавиулаад шууд очоод Сгийн гарын булчин доогуур нь хутгалахад С чи намайг хутгалчихлаа шүү дээ гэхэд О тэглээ гэж хэлснээ дахиад шууд цээж рүү нь хутгалахад С ор түшээд сөхрөөд унасан. Тэгтэл О би хүн алчихлаа гээд орилоод Сг доошоо суугаад тэврээд дээш нь харуулаад шалан дээр хэвтүүлэхээр нь би эргэж гүйгээд анхны тусламжийн хайрцагнаас бинт аваад От авчирч өгөөд цусыг нь сайн дараарай гэж хэлээд ... чи чимээгүй, энэ хэргийн талаар юу ч үзэж хараагүй шүү гэхээр нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй юм. Тэгтэл О би балрах гээд байна, бараг дуусчихлаа гээд сандраад байхаар нь би ч гэсэн сандраад ирээд мэдүүлэг өгөхдөө юу ч хараагүй, үзээгүй гээд мэдүүлэг өгсөн. ... ингээд хоёр хоногийн дараа над руу ахиад О залгаад чи анх өгсөн мэдүүлгээ битгий өөрчлөөрэй, өөрчлөх юм бол чи буруутна шүү гэж удаа дараа надад утсаар болон ажил дээр эрүүл, согтуу янз бүр ирж уулзаж хэлж байсан. ... хоёр дахь мэдүүлгээ өгөхдөө нөгөө цагдаа загнаад байсан ба О ч гэсэн дахин дахин гуйгаад байсан болохоор айсандаа ахиад л өмнөх мэдүүлгээ өгсөн, ер нь бол хоёр талаасаа хоёулаа намайг чи буруутна гээд байхаар нь дахиад үнэнээ хэлж чадаагүй. Тэгээд гуравдахь мэдүүлгээ прокурорт өгөхдөө бол бүх үнэнгээ хэлсэн. ...” /2хх 163-164/,

 

            гэрч Х.Мийн “... Т надад О гэх хүнд дарамтлуулаад худал мэдүүлэг өгүүлсэн талаар хэлсэн. Тухайн үед тэгж болохгүй, үнэн зөвөөр мэдүүлэх ёстой талаар зөвлөсөн. ...” /2хх 136/,

 

            мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч нарын нүүрэлдүүлж авсан “... А.Оын хариулт: тэгээд тухайн шилжих шөнөө бид нар архи, пиво ууцгаасан ... орчимд би Сг хутгалж, хүнд гэмтэл учруулсан, үүнийгээ хүлээн зөвшөөрнө, мөн би өөрийнхөө биед хутгаар гэмтэл учруулсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /3хх 40-43/ мэдүүлгүүд,

 

            гэрч Ж.Тгийн гар утсанд үзлэг хийсэн “... харсан гэвэл харин буруутна шүү, одоо хараагүй тэр чигээрээ зүтгэнэ шүү, ... өөр хүн хараагүй биз дээ хөгшөөн гэхэд үгүй үгүй гурвуулахнаа байсан ...” тэмдэглэл /2хх 107/

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15674 дугаартай, Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2384 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Оыг А.Сг шууд санаатайгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, мөн хэргийг харсан гэрч Ж.Тг ятгаж, түүнийг худал мэдүүлэг өгөхөд нь гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Тг цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтр зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

            Шүүгдэгч А.О нь “... хувийн байдлыг минь харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч А.Оын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч А.Оын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.Оын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 6 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.От оногдуулсан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг нэг хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

 

 

 

 ”