Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2026/0650

 

 

 

 

 

    2026         07            01                                  128/ШШ2026/0650     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

йслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М*******

Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газар нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.А******* нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Б.М*******аас Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан “2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/211 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Хилийн цэргийн ******* дугаар ангийн 0318 дугаар салбарын ахлах шалгагч албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлөлтийн бичилтийг нөхөн хийхийг даалгуулах”-аар маргаж байна.

2. Маргааны үйл баримт:

Анх Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/083 дугаар албан бичгээр “Б.М******* нь хуулийн этгээдийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлтийн явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон” талаарх мэдээллийг Хилийн цэргийн ******* дугаар ангийн захирагчид хүргүүлжээ.

Улмаар Хилийн цэргийн ******* дугаар ангийн захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалаар дээрх мэдээллийг нягтлан шалгах ажлын хэсгийг томилж, тус ажлын хэсгийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар Б.М*******ыг захирагчийн зөвлөлийн хуралд оруулахаар шийдвэрлэж, мөн өдрийн ******* дугаар албан бичгээр Замын-Үүд дэх гаалийн газраас холбогдох баримтыг авсан байна.

2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн захирагчийн зөвлөлийн хурлаар албаны шалгалтын дүнгийн сонсох ажиллагааг явуулж, Б.М*******ыг цэргийн албанаас халах санал, холбогдох материалыг Хил хамгаалах ерөнхий газарт уламжлахаар шийдвэрлэсний дагуу Хилийн цэргийн ******* дугаар ангийн захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Б.М*******ыг цэргийн жинхэнэ албанаас халах саналыг хүргүүлжээ.

Ийнхүү маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаалаар Б.М*******ыг “үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил, үүрэг эрхэлсэн” үндэслэлээр төрийн албанаас халж шийдвэрлэсэн байна.

3. Шүүхэд хандсан:

Нэхэмжлэгч Б.М******* нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан.

Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/335 дугаар албан бичгээр “шүүхэд хандан шийдвэрлүүлэх” хариу өгсөн ба Б.М******* нь тус шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэлээ ирүүлснээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл

4.1.Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Б.М******* би Хилийн ******* дугаар ангид хилчин боомтын хамгаалалтын ажилтнаар Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн Б\22 дугаар тушаалаар томилогдон ирж ажилласан.

Миний бие нь 2017 оноос хойш очиж ажиллаж байсан ангийн салбар нэгжүүддээ ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа дарга, удирдлагаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллаж байсан тул 2022 оны 02 сарын 14-ны өдрөөс эхлэн Ахлах шалгагч албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс ээлжийн амралтаа авах хүсэлтийг байгууллагын \ангийн\ дотоод журмын дагуу Хүний нөөцийн тасгийн дарга дэд хурандаа н.Т-д танилцуулсан. Хүний нөөцийн дарга Шалганы тасгийн дарга дэд хурандаа Б.Б-д уламжилж хэлсэн, мөн Заставын дарга дэд хурандаа Д. С нарт мэдэгдсэн.

Дарга удирдлагууд зөвшөөрсөн тул 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт тооцуулан амрах болсон тул өөрийн хариуцдаг штамп буюу бүртгэлийн дардсыг нууцыг тасгийн эрхлэгчид гарын үсгээ зурж хүлээлгэн өгсөн.

Гэтэл намайг ээлжийн амралттай байхад 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуудан ирүүлж гаалийн бүрдүүлэлт хийсэн байна гэж Штабын дарга дэд хурандаа Ц.Г******* уулзсан, мөн ангийн захирагч болон зөвлөлийн гишүүдийн сонсгох ажиллагаа хийсэн.

Ингээд 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын даргын Б\211 дугаар тушаал гарч Хилийн цэргийн ******* дугаар ангийн 0318 дугаар салбарын Ахлах шалгагч ажлаас халсан.

Тус тушаалд намайг Төрийн албаны тухай хуулийн 37.1.17 дахь заалтыг зөрчиж үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил үүрэг эрхэлсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон тул гэжээ.

Энд албаны ямар нэгэн шалгалт хийгдээгүй, мөн би тухайн үед ээлжийн амралттай байсан.

Иймд тус тушаал нь хөдөлмөрийн хууль болон цэргийн үүрэгтний хуулийг ноцтой зөрчсөн, миний бие нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэлийг авч байгаагүй билээ. Миний бие нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.

Миний биеийг ээлжийн амралттай байхад ямар зөрчил гаргасан талаар шалган тогтоолгүйгээр ажлаас халсныг зөвшөөрөхгүй байгаа тул (Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б\211 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М******* намайг Хилийн цэргийн ******* дугаар ангийн 0318 дугаар салбарын Ахлах шалгагч албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг буруутай албан тушаалаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамж төлөлтийн бичилтийг нөхөн хийлгэхийг даалгаж өгнө үү.

4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Итгэмжлэл бол албан тушаал, үүрэг биш. “ ” ХХК-ийн олгосон итгэмжлэлийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч үзэж байгаа. Гэтэл итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байх ёстой байтал тухайн итгэмжлэл нь 64.2.3-д заасан он сарын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Тиймээс тухайн итгэмжлэл нь эрх зүйн акт болох эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн зүгээс гаалийн бүрдүүлэлт хийсэн нь албаны хяналт шалгалтаар тогтоогдсон гэсэн байгаа ч тухайн хяналт шалгалт нь ойлгомжгүй байна. Тухайн ажлын хэсэг нь Б.М******* болон н.Б******* нарыг оролцуулан бичмэлээр тайлбар аван урьд нь сахилгын шийтгэл авч байсан эсэхийг шалган хурлын тэмдэглэл үйлдсэн. Хариуцагч Б.М******* болон н.Б******* нартай холбоотой гаалийн бүрдүүлэлт хийсэнтэй холбоотой баримтуудыг сонсох ажиллагаа хийсэн өдрөө авсан байдаг. Гэтэл албаны хяналт шалгалтыг хийхдээ тухайн баримтыг аваагүй байсан ба албаны хяналт шалгалтаар ямар нөхцөл байдлыг тогтоосон нь ойлгомжгүй байна. Мөн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр урьд эдэлж байсан шийтгэлийн талаар ерөөсөө хэлэлцээгүй. Хавтаст хэрэгт төрийн албан хаагчийн анкет авагдсан. Тухайн анкет дээр ямар зөрчил гаргаж байсан, ямар шагнал урамшуулал авч байсан бүх мэдээлэл байгаа. Үүнээс харахад хариуцагчийн ажлаас халсан шийдвэрийн үндэслэл нь үнэн хэрэгтээ ажлаас халах үндэслэл болоогүй. Хэрэв Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтын заалтыг зөрчсөн байсан бол тухайн тушаалдаа дурдах ёстой байсан. Гэтэл тушаалдаа огт дурдаагүй. Маргаан бүхий тушаалд өмнө эдэлж байсан сахилгын шийтгэл хамааралгүй гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Мөн хариуцагч нараас нэхэмжлэгчийн харилцаа хандлагын тухай тайлбарлаж байна. Тухайн ёс зүйн судалгааг гайхаж байна. 18 албан хаагчаас авсан судалгаанд 1 албан хаагч ёс зүйн харилцаа муутай гэсэн хариу өгсөн байна. Нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан гэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Ёс зүйгүй байсан бол ёс зүйтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гарж байж ёс зүйгүй гэсэн нь нотлогдоно. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д заасныг зөрчсөн байна гэж үзсэн. Итгэмжлэл олгосон байгууллагатай Б.М******* ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй ба зөвхөн хэлцэлд оролцоод төлөөлөөд хүргэж өгөх л ажиллагаа хийсэн. Тухайн хэлцлийг ажил үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Ажил үүрэг гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчоос олгосон тодорхой харилцаа үүсгэж тухайн харилцааны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлсөө тооцох тухай ойлголт байгаа. Гэтэл тухайн ажил үүрэгтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй тул зөвхөн хэлцэлд төлөөлөн оролцсон. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн албаны шалгалтаар урьд өмнө нь зөрчил гаргаж байсан буюу албаны шалгалтаар ажил үүрэг гүйцэтгэсэн гэдгийг нарийн тогтоосон зүйл байхгүй.

5. Хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл

5.1.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.М******* нь Хилийн цэргийн ******* дугаар ангид хилчин- боомтын хамгаалалтын ажилтнаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар томилогдон ажиллаж эхэлсэн. Хилийн цэргийн ******* дугаар ангид ахлах шалгагчаар ажиллаж байх хугацаандаа Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дугаарын тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37.1.17 дахь заалтыг зөрчиж, үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил үүрэг эрхэлсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдсөн.

Замын-Үүд дэх Гаалийн газраас 2025 оны байдлаар Хилийн цэргийн ******* дугаар ангийн нэр бүхий албан хаагч гаалийн бүрдүүлэлт хийсэн байж болзошгүй талаар тус ангийн захирагч, хурандаа В.Х 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/083 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

Үүний дагуу ангийн захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалаар Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Г*******аар ахлуулсан ажлын хэсэг томилж тус гаалийн газраас ирүүлсэн мэдэгдлийг нягтлан шалгуулахад тус ангийн албан хаагч, ахмад Л.Б*******, ахлах дэслэгч Б.М******* нар мөн болох нь баримтаар тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Б.М******* “ рефром ” ХХК-нд гаалийн бүрдүүлэлт хийсэн ба урьд өмнө шат дараалсан захиргааны шийтгэл хүлээж байсан болох нь албаны шалгалтаар тогтоогдсон болно.

Мөн Нэхэмжлэгч Б.М******* нь нэхэмжлэлдээ “2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс ээлжийн амралтаа авах хүсэлтийг байгууллагын /ангийн/ дотоод журмын дагуу Хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Тод танилцуулсан. Хүний нөөцийн дарга, Шалганы тасгийн дарга, дэд хурандаа Б.Бт уламжилж хэлсэн, мөн Заставын дарга дэд хурандаа Д.С нарт мэдэгдсэн” гэжээ.

Тус ангийн Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Тын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн тайлбарт..."Хил хамгаалах газрын даргын тушаалаар батлагдсан бүтэц, орон тоонд ангийн албан хаагчдыг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс томилсон тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд 01 дүгээр сарын 28-ны орой уншиж танилцуулсан. Ахлах дэслэгч Бийн М******* нь Шалгалт хамгаалалтын заставд ахлах шалгагчаар томилогдсон байсан.

Б.М******* нь 01 дүгээр сарын 29-ний өдөр Захиргаа хүний нөөцийн тасгийн даргын өрөөнд орж ирээд “Би тэр салбарт ажиллаж чадахгүй, миний бие өвдөөд байгаа бас харшилтай болсон, ээлжийн амралтаа авмаар байна гэсэн”. Ч.Т би “ таны ээлжийн амралтын хуваарь 2026 оны 08 дугаар сард юм байна. Салбарын захирагч нар амралт ачааллаа тэнцүүлж, хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлж ангийн захирагчаар батлуулсан...ангийн захирагчид танилцуулж шийдвэрлэнэ гэж мэдэгдэж шийдвэрлэн захирагчид уламжилж өгье гэсэн хариу өгсөн”...гэж тайлбар ирүүлсэн байна. (Тайлбар болон батлагдсан ээлжийн амралтын хуваарийг хавсаргасан болно)

Өөрөөр хэлбэл албан ёсоор ээлжийн амралт эдлэх хүсэлт гаргаагүй, ээлжийн амралтын хоног, цалин мөнгөө бодуулаагүй байгаа болно.

Иймд ХХЕГ-ын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны болон захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгч ээлжийн амралтаа аваагүй гэдэг нь нэхэмжлэгчийн цалин хөлсөөр нотлогдож байна. Хил хамгаалах ерөнхий газрын хамгаалах байгууллагаас албаны хяналт шалгалт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулаад ирүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэн хэлж байгаа тайлбар нь шүүхэд нөлөөлөх байдлаар хандаж байгаа нь харамсалтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс гол үндэслэл болгож буй зүйл нь итгэмжлэл байна. Өмгөөлөгчийн зүгээс итгэмжлэл шаардлага хангахгүй гэсэн асуудал ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч Б.М******* нь хэлцэлд төлөөлөх итгэмжлэл авах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд энэ нь хуулиар хориотой. Нэхэмжлэгч нь хилийн боомт, зурвас дотор дэглэм сахиулж байгаа албан хаагч хүн. Гэтэл энэ нь компанийн түргэн муудах бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хийн тухайн компанид давуу эрх үүсгэж байгаа. Гэтэл нэг бичиг хүргэж өгсөн гэсэн агуулгаар тайлбар хэлж байгаа хэдий ч тухайн гаалийн бүрдүүлэлт дээр гарын үсэг зурсан баримт нь хэрэгт авагдсан. Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх бүрдүүлэлт хийх үйл ажиллагааг тухайн компанид хялбаршуулж өгч байгаа. Итгэмжлэлээр олгож байгаа эрхүүд дээр гаалийн бүрдүүлэлт хийх, төлөөлөх, гарын үсэг зурах эрхийг олгосон. Хил хамгаалах байгууллагын үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хилийг хамгаалах, улсын хилийн дэглэм болон хилийн бүсийн зурваст гаргах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулах, дэглэм сахиулах эрх үүрэг бүхий байгууллага байгаа. Гэтэл тухайн үүргийг зөрчин байгууллагаас итгэмжлэл авч байгаа нь хууль бус үйлдэл. Нэхэмжлэгчийн зүгээс давуу байдал үүсгээгүй гэдэг асуудлыг ярьж байгаа ч нэгэндээ нөлөөлөхгүй байна гэсэн зүйл байхгүй. Гэтэл нэг байранд амьдарч байгаа, нэг суманд амьдарч байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчүүлэхгүйн тулд долоо хоног тутамд шалгалт хийгдэж, сургалт ордог. Мөн албаны социологийн судалгааны тухай дурдаж байна. Нэхэмжлэгчийн төрийн албанд эргэж буцаж орохгүй нөхцөлөөр ажлаас чөлөөлөөгүй. Ажлаас чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байгаа ба тодорхой хэмжээнд зөрчил, дутагдал нь шалгагдаж дууссаны дараа төрийн албанд эргэн ажиллах боломжтой хувилбарыг сонгон сахилгын шийтгэлийг оногдуулсан байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4.энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд дээр ажил олгогч тусгайлан зөвшөөрсөн ч бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхацсан аливаа ажил үйлчилгээг эрхлэхгүй байх үүргийг ажилтанд хүлээлгэсэн бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд давхар ажил эрхлэх талаар зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, тус гэрээг байгуулж болох тохиолдолд бол ажлын цаг, ажил олгогчоос тавих хяналтын талаар тусгаж өгч болно гэж заасан. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын хамгаалах байгууллага бол зэрэгцэн хөдөлмөр эрхлэхийг хориглодог, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагч хүн. Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэр бол нөхцөл байдлыг тал талаас нь үнэлэн гарсан шийдвэр байгаа. Гаалийн хяналтын бүс гэж байдаг. Тухайн хяналтын бүсэд зарим машинууд 7 хоногоос 10 хонодог. Гэтэл энэ нөхцөл байдалд тухайн компанид давуу байдал үүсгэж байгаа нь хориотой үйлдэл байгаа. Тухайн хэсэг газар, сум дээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн эдгээр зөрчил нь даамжирвал гэмт хэргийн шинжтэй болох нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул тухайн асуудлыг таслан зогсоохын тулд Гаалийн байгууллагаас чиглэлүүд удаа дараа ирдэг тул 54 удаагийн үйлдэл, 1 удаагийн үйлдэл гэсэн ялгаатай ойлголт байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбаруудыг харьцуулан дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “албаны шалгалт хийх үед ээлжийн амралттай байсан, ямар ажил үүрэг гүйцэтгэснийг нарийн шалган тогтоогоогүй, албаны шалгалт хийх үед баримтуудыг аваагүй байсан, итгэмжлэлээр хэлцэлд төлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй” гэж, харин хариуцагчаас “албаны шалгалтаар нотлогдсон, ээлжийн амралт эдлэх хүсэлт гаргаагүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаад төрийн албанд эргэж ажиллах боломжтой байхаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн үйлдэл нь бусдад давуу байдал үүсгэж байгаа, хил хамгаалах байгууллагын үндсэн чиг үүргийг зөрчсөн” гэж тус тус маргаж байна.
  3. Маргаан бүхий Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.М*******ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д заасан үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
  4. Албаны шалгалтын материалаас үзэхэд Замын-Үүд дэх гаалийн газрын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/093 тоот албан бичгээр гаалийн бүрдүүлэлтийн нэгсэн сангаас шүүлт хийж гаргасан мэдээллийг ирүүлсний дотор “ рефром ” ХХК-аас олгосон 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 25/06 дугаартай итгэмжлэлийн үндсэн дээр Б.М******* нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1 удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн болох нь тогтоогдож байна.
  5. Энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр Б.М******* нь аж ахуй нэгжийг төлөөлж гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдлийг үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхэлсэн гэж үзэхээргүй, харин аж ахуй нэгжийг төлөөлсөн, төлөөлөл хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэхээр байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
  6. Учир нь, нэхэмжлэгчийг буруутгаж буй үйлдлийн хувьд “ рефром ” ХХК нь ажил олгогч, Б.М******* нь ажилтан болно, тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхыг шаардах ба энэ тохиолдолд тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчийг үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
  7. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ... ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг” ойлгоно гэж заажээ.
  8. Маргаан бүхий тохиолдолд “ рефром ” ХХК-аас Б.М*******ыг ажилд томилсон, ажлын байрыг заасан тушаал шийдвэр гараагүй, тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаагүй, цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь албаны шалгалтын материал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон тайлбаруудаар тогтоогдож байх тул харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байна.
  9. “ рефром ” ХХК-аас олгосон 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 25/06 дугаартай итгэмжлэл, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээс үзэхэд  барааг хүлээн авагч нь “ рефром ” ХХК ба тус компаниас Б.М*******д “гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, хяналт шалгалт хийлгэх” эрхийг олгосон байгаа нь тус компанийг төлөөлөх эрхийг олгосон, уг төлөөлөх эрхийн хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийжээ.
  10. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг нарийвчлан зохицуулсны дотор тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно” гэж төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг тогтоосон.
  11. Үүнээс үзэхэд ахлах шалгагч Б.М******* нь хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэй,  “ рефром ” ХХК нь нэхэмжлэгчийн албаны чиг үүрэгтэй шууд болон шууд бусаар холбогдох тул тус аж ахуй нэгжийг гаалийн байгууллагын өмнө төлөөлөхийг хориглоно, аж ахуй нэгжээс олгосон итгэмжлэлийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийснээр Б.М******* нь энэхүү хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл гаргасан байна.
  12. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд тус хуулийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулсан ба  хуулийн  29.2.3-т “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, ... бол албан тушаалыг нь бууруулах”, 29.2.4-т “... энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заажээ.
  13. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай уялдуулан хэрэглэхэд Б.М******* нь хуулийн 14 дүгээр зүйлд заасан төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн, уг зөрчлийг анх удаа гаргасан бол албан тушаал бууруулах, удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх зохицуулалтай байхад түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний зөрчлийн шинж байдалд тохироогүй, хуулиар тогтоосон хэм хэмжээнд нийцээгүй шийдвэр болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн ямар ажил үүрэг гүйцэтгэснийг буюу ямар зөрчил гаргасныг нарийн шалган тогтоогоогүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна.
  14. Хариуцагчаас Б.М******* нь харилцаа хандлагын асуудалтай, бусдад давуу байдал олгосон, удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэн гэж маргасан боловч маргаан бүхий акт нь харилцаа хандлагын асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй, өмнө хүлээж байсан сахилгын шийтгэл нь төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн асуудлаар гараагүй, өөр үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тухайн зөрчлөө удаа дараа буюу давтан гаргасан тохиолдолд халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтай болно.
  15.  Түүнчлэн хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан талаар мэдэгдэл, ажлын хэсгийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ нь Замын-Үүд дэх гаалийн газраас ирүүлсэн мэдээллийн хүлээнд албаны шалгалт явуулж байгаа тухайд хийгдсэн сонсох ажиллагаа байх ба маргаан бүхий актаар сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийн тухайд хариуцагчаас сонсох ажиллагаа хийгээгүй байна.
  16. Тиймээс хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн төлөөлөлтэй холбоотой хязгаарлалтыг анх удаа зөрчсөн зөрчлийн шинж байдлыг харгалзан, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар дахин шинэ акт гаргах, мөн албан тушаал бууруулж шийдвэрлэхтэй холбоотойгоор сонсох ажиллагаа явуулах шаардлагатай, энэхүү нөхцөл байдлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй.
  17. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.М******* нь албан тушаал бууруулах зөрчил гаргасан нь тогтоогдсонтой холбоотойгоор түүнийг урьд эрхэлж байсан ахлах шалгагчийн албан тушаалд нь эгүүлэн томилох үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалин хөлс нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын зарим хэсгийг хангаж /албан тушаал бууруулсан хэмжээгээр тооцож олгох/ шийдвэрлэх үндэслэлтэй байна.
  18. Өөрөөр хэлбэл, Б.М*******ыг албан тушаал бууруулж шийдвэрлэхтэй холбоотойгоор тухайн бууруулсан албан тушаалын цалингийн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн олгож, төлүүлнэ.
  19. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд албаны шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр томилсон, ажлын хэсгээс 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан, Замын-Үүд дэх Гаалийн газраас 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зөрчилд холбогдох баримтыг хүргүүлсэн, захирагчийн зөвлөлийн хурлыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан, ажлаас халах саналыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн байгаа нь маргаан бүхий акт гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгчийн албаны шалгалт хийх үед баримтуудыг аваагүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй юм.
  20. Мөн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны А/15 дугаар тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн дүрэм”, Хилийн цэргийн ******* дугаар ангийн захирагчийн 2026 оны А/05 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам” зэргээс үзэхэд ангийн захирагчийн баталсан ээлжийн амралтын хуваарьт ангийн удирдлагаас зохицуулалт хийх боломжтой боловч Б.М******* нь ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлаар хүсэлт гаргаж, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, талуудын тайлбар зөрүүтэй байхаас гадна эдгээр хууль, дүрэм, журмаар ээлжийн амралттай байхад албаны шалгалт явуулж болох эсхүл болохгүй талаар нарийвчлан зохицуулаагүй байна.
  21. Нэхэмжлэгч ээлжийн амралтаа авсан нь тогтоогдохгүй, ээлжийн амралтаа авсан байсан ч албаны шалгалт явуулсныг буруутгах үндэслэлгүй, тухайн албаны шалгалтад Б.М*******ыг өөрийг нь оролцуулсан тул “албаны шалгалт хийх үед ээлжийн амралттай байсан” гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
  22. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий Б/221 дүгээр тушаалыг нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулсан албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож олгохыг хариуцагчид даалгаж, Б.М*******ыг урьд эрхэлж байсан ахлах шалгагчийн албан тушаалд эргүүлэх томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасныг тус тус баримтлан Б.М*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Хилийн цэргийн ******* дугаар ангийн 0318 дугаар салбарын ахлах шалгагч албан тушаалд эргүүлэн томилуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бууруулсан албан тушаалын цалингийн хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалинг тооцон олгох, тус дүнгээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тооцож нөхөн бичилт хийхийг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/221 дүгээр тушаал хүчингүй болох ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дахин шинэ акт гаргах хугацааг тооцохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОДМАА