2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/06785

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: ....... дүүрэг,...... хороо, .......... оршин байрлах ЛЭ и ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ..... дүүрэг, ........ хороо, ............... тоот хаягт оршин байрлах НМЭ ХХК /РД:......../-д холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: 4,673,501,139.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. ...ЛЭ и ХХК нь бүх төрлийн шатахуун импортоор оруулж ирэх, шатахууны нийлүүлэлт хийх үндсэн үйл ажиллагаа бүхий компани юм.

2022 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалт бүхий НМЭ ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүлэн дизель түлш нийлүүлж эхэлсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр NM-A2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал нийт 15,515,237,823.72 төгрөгийн 3,312,060 литр дизель түлш нийлүүлсэн.

Мөн талууд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээг шинээр байгуулж, тус гэрээний дагуу манай компани Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байрлах цахирын уурхайд MNS216:2006 стандартад нийцсэн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон.

Худалдагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж дизель түлшийг цаг тухайд нь нийлүүлж байсан бөгөөд нийт 6,214,918,800 төгрөгийн 1,823,430 литр дизель түлш нийлүүлсэн байна.

NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний дагуу худалдан авагч нь шатахууныг нийлүүлснээс хойш 60 хоногийн дотор, LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу шатахууныг нийлүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа бөгөөд боломжит хугацааг олгосоор байтал хойшлуулсаар байна. Энэ нь манай компанид хохиролтой байна.

Талууд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлэхэд тухайн өдрийн байдлаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн NМ-А2230(БГ/2206) дугаартай гэрээний дагуу хариуцагчаас манай компанид төлөх ёстой дизель түлшний үлдэгдэл төлбөр нь 2,787,212,963.60 төгрөг, алданги 1,736,675,488 төгрөг, нийт 4,523,888,451 төгрөг, харин LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр нь 1,131,670,379.90 төгрөг, нийтдээ 5,655,558,831.25 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Үүнээс хойш 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг Хариуцагч компани нь бидэнд төлсөн.

Ингээд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагч нь нийт 5,013,515,522 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөрт 2,787,212,963.60 төгрөг, алданги 1,094,632,178 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 1,131,670,379.90 төгрөг, нийт 5,013,515,522 төгрөгийг хариуцагч НМЭ ХХК-иас гаргуулж өгнө үү. ...,

 

1.2. ...нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан дизель түлш нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 5,013,515,522 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 400,014,382 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 4,673,501,139.78 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Үндэслэл: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын 4,673,501,139.78 төгрөгийн үндэслэлийг дараах байдлаар задлан тайлбарлана. Үүнд:

а/ БГ/2206 дугаартай гэрээний үндсэн төлбөрт 1,747,612,963.60 төгрөг, алданги 1,393,606,481.80 төгрөг нийт 3,141,219,445.40 төгрөгийг төлөх үүрэгтэй;

б/ Харин LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр 1,131,670,379.90 төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг, нийт 1,532,281,694.38 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Талууд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Талууд тооцоо нийлснээс хойш хариуцагч нь БГ/2206 дугаартай гэрээний төлбөрт нийт 1,039,600,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүн дээр хариуцагч маргаагүй.

Тодруулбал, БГ/2206 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 2,787,212,963.60 төгрөгөөс 1,039,600,000 төгрөгийг хасаад 1,747,612,963.60 төгрөг дээр тооцоо нийлэх үеийн алданги 1,393,606,481.80 төгрөгийг нэмээд БГ/2206 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр нийт 3,141,219,445.40 төгрөг болж байна.

Харин 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгээр байгуулсан LE-NM-2023/09 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 1,131,670,379.90 төгрөг байх ба гэрээний 6.5-т Худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө. гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 177 хоногийн 400,611,314.48 төгрөг алданги төлөх үүрэгтэй болж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрт үндсэн төлбөр 1,131,670,379,90 төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг нийт 1,532,281,694.38 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Ингээд дизель түлш нийлүүлсэн 2 гэрээний дагуу нийт 4,673,501,139.78 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа тул 4,673,501,139.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу. ... гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. ...талууд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаагаар дизель түлш нийлүүлэх NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2,787,212,963.60 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бараа болон бүтээгдэхүүн худалдан авах LE-NM-2023/09 дугаартай гэрээг нөхөн байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 1,131,670,379.90 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Ийнхүү талууд 2 гэрээний харилцаанаас үүссэн шаардлагыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлж, NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг 2,787,212,963.60 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг 1,131,670,379.90 төгрөг болохыг тус тус зөв тогтоож, акт үйлдэхдээ А2230(БГ/2206) дугаартай гэрээний алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөг байхаар нь тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Тодруулбал, NM-А2230(БГ/2206) дугаартай гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,787,212,963.60 төгрөг, түүний алданги үндсэн үүргийн 50 хувь болох 1,393,606,481.8 төгрөгөөс хэтэрч болохгүй байхад талууд 1,736,675,488 төгрөгөөр алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг илтэд зөрчсөн зөрчил болжээ.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ. гэж заасан боловч талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн актын алдангитай холбоотой хэсэг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөгөөр тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актын үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой хэсэг нь хүчинтэй үлдэх тул хариуцагч нь А2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөрт 2,787,212,963,60 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрт 1,131,670,379.90 төгрөг буюу нийт 3,918,883,343.5 төгрөгийг төлөх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

Манай байгууллагын зүгээс талууд ийнхүү тооцоо нийлснээс хойш 1,277,377,160 төгрөгийн дизель түлш худалдан авсан бөгөөд нийт 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгчийн шаардах эрх бүхий 3,918,883,343.5 төгрөг дээр сүүлд худалдан авсан түлшний үнэ 1,277,377,160 төгрөг нэмэгдэж, бүгд 5,196,260,503.5 төгрөг төлөхөөс төлсөн 2,316,977,160 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,879,283,343.5 төгрөгийг одоо төлөх үүрэгтэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,879,283,343.5 төгрөгт холбогдох хэсгийг НМЭ ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөх бөгөөд энэхүү төлбөрийн үүргийг талуудын тохирсон ёсоор 2024 оны 5 дугаар сард орж ирэх хөрөнгө оруулалтаас төлж барагдуулахыг зорин ажиллаж байгаагаа энд дурдах нь зүйтэй болов уу.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,134,232,178.5 төгрөгт холбогдох хэсэг нь илт үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...,

 

2.2. ...а/ Талууд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 жилийн хугацаагаар дизель түлш нийлүүлэх NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2,787,212,963.60 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Түүнчлэн акт үйлдэхдээ А2230(БГ/2206) дугаартай гэрээний алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөг байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчсөн.

Тодруулбал, NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,787,212,963.60 төгрөг, түүний алданги үндсэн үүргийн 50 хувь болох 1,393,606,481.8 төгрөгөөс хэтэрч болохгүй байхад талууд 1,736,675,488 төгрөгөөр алдангийн хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг илтэд зөрчсөн тул алдангийн хэмжээг 1,736,675,488 төгрөгөөр тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

б/ Нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд авсан шатахууны LE-NM-2023/09 дугаартай гэрээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөн байгуулсан ба 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 1,131,670,379.90 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэлийн зарим хэсгийг өөрчилж, ...LE-NM-2023/09 дугаартай гэрээний дагуу үндсэн төлбөр 1,131,670,379.90 төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг, нийт 1,532,281,694.38 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. гэж алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн талуудын хооронд бараа болон бүтээгдэхүүн худалдан авах үйл явц эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бараа болон бүтээгдэхүүн худалдан авах LE-NM-2023/09 дугаартай гэрээг нөхөн байгуулсан нь Иргэний хуулийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заасан шаардлагыг хангаагүйн дээр тооцоо нийлсэн актаар тухайн гэрээнд алданги төлөхөөр харилцан тохироогүй билээ.

Ийнхүү талууд 2 гэрээний харилцаанаас үүссэн шаардлагыг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлж, NM-А2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг 2,787,212,963.60 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдлийн хэмжээг 1,131,670,379.90 төгрөг болохыг тус тус зөв тогтоосон.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актын үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой хэсэг нь хүчинтэй үлдэх тул хариуцагч нь А2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөрт 2,787,212,963.60 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөрт 1,131,670,379.90 төгрөг буюу нийт 3,918,883,343.5 төгрөгийг төлөх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэгт зааснаар уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

Үүнээс гадна талууд харилцан тохиролцож хөрөнгө оруулалт 2024 оны 5 дугаар сараас эхлэн орж эхэлснээр төлбөр гүйцэтгэх манай саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба төлбөрийн хугацааг ийнхүү хойшлуулснаар нэхэмжлэгч мөн хугацаанаас өмнөх хугацаанд анз шаардах ёсгүй байсныг нэмж тайлбарламаар байна.

Манай байгууллагын зүгээс талууд тооцоо нийлснээс хойш 1,277,377,160 төгрөгийн дизель түлш худалдан авсан бөгөөд нийт 2,316,977,160 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгчийн шаардах эрх бүхий 3,918,883,343.5 төгрөг дээр сүүлд худалдан авсан түлшний үнэ 1,277,377,160 төгрөг нэмэгдэж, бүгд 5,196,260,503.5 төгрөг төлөхөөс төлсөн 2,316,977,160 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,879,283,343.5 төгрөгийг одоо төлөх үүрэгтэй юм.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл өөрчилж, багасгасан шаардлагаас үлдэх 1,794,217,796.28 төгрөгт холбогдох хэсэг нь илт үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааны явцад хэн алиныхаа бодит нөхцөл байдлыг харилцан ойлголцож, зөвшилцөж ирсэн ч нэхэмжлэгчээс төлбөрийг хойшлуулсан хугацаанаас өмнө шүүхэд хандсан явдал нь бидэнд гэнэтийн шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн.

Гэсэн хэдий ч бидний зүгээс гэрээгээр хүлээсэн болон нэхэмжлэгчтэй зөвшилцөн тогтоосон хэмжээ, хугацаа, нөхцөлийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулахыг хичээж, маргаантай энэ асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзсэн хэвээр байгаагаа дурдах нь зүйтэй гэж үзлээ. ...,

 

2.3. ...гэрээний хүрээнд дизель түлш нийлүүлсэнтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй. Иймээс алдангийг хэзээнээс эхлэн яаж тооцсон нь тодорхой бус байна. Түүнчлэн төлбөр төлөх хугацааг 2024 оны 5 сар хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон тул энэ хугацааны алдангийг шаардах боломжгүй. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ЛЭ и ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, ЛЭ и ХХК болон НМЭ ХХК-ийн хоорондох 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн NM-A2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хавсралтын хамт, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдах авах гэрээний хуулбар, хавсралтын хамт, НМЭ ХХК-иас ЛЭ и ХХК-д хүргүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24/01/11 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ЛЭ и ХХК болон НМЭ ХХК-ийн хооронд гэрээний тооцоог нийлсэн тухай 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн актын хуулбар, НМЭ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн цахим шуудангийн орчуулга, Голомт банк дахь цахим гүйлгээний баримт /2024.03.11, 2024.05.19/-ын орчуулга /1хх 3-27, 30, 2хх 100-102/-ыг гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч талаас: НМЭ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, орчуулгын хамт, НМЭ ХХК-иас ЛЭ и ХХК-д хүргүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24/01/11 дугаартай Санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, орчуулгын хамт, Голомт банк ХК дахь цахим гүйлгээний баримтууд, түүний хуулбар /2023.10.04, 2023.10.06, 2023.10.10, 2023.10.13, 2023.10.16, 2023.10.19, 2023.10.20, 2023.10.23, 2023.10.25, 2023.10.27, 2023.10.30, 2023.11.01, 2023.11.02, 2023.11.07, 2023.11.10, 2023.11.17, 2023.12.22, 2024.01.10, 2024.01.11, 2024.03.11, 2024.05.17/, өмгөөлөгч Г.Дэлгэрсайхантай байгуулсан 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Голомт банк ХК дахь Richard Lee-Sawyer-ийн кредит картын хуулга /2024.04.05-2024.05.04/, Худалдаа, хөгжлийн банк ХК дахь 495080420 дугаар шилжүүлгийн мэдээлэлүүд /1хх 34-38, 45-48, 74-75, 92, 108-141, 163-170, 224-227, 235-236, 2хх 19-20/-ийг гаргаж өгсөн.

 

3.3. Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/15064 дугаартай захирамжийн дагуу:

- хариуцагч хуулийн этгээдийн ерөнхий менежер Б.Заантогтохын гар утас, цахим хаягт хадгалагдаж буй гэх 2024 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал С.Э гийн .... дугаараас ирсэн зурвас /message/, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 34 минутад 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 34 минутад ....... цахим хаягаас .......... цахим хаягт илгээсэн шуудан /e-mail/, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 57 минутад ....... цахим хаягт .......... цахим хаягаас ирүүлсэн шуудан /e-mail/-д 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 68-75/,

- гэрч Б.Заантогтохоос мэдүүлэг авсан 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл /2хх 76-80/-ийг,

 

2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/25298 дугаартай захирамжийн дагуу:

- хариуцагч хуулийн этгээдийн ерөнхий менежер Б.Заантогтохын албан хэрэгцээнд ашиглаж байсан цахим хаягт хадгалагдаж буй гэх 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ....... цахим хаягаас .......... цахим хаягт илгээсэн шуудан /e-mail/-д 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 111-116/-ийг тус тус бүрдүүлсэн.

 

3.4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ЛЭ и ХХК нь хариуцагч НМЭ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,013,515,522 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4,673,501,139.78 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...талууд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн NM-A2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 2,787,212,963.60 төгрөг төлөх үүрэгтэйгээс 1,039,600,000 төгрөгийг нь төлсөн тул үлдэх төлбөрт 1,747,612,963.60 төгрөгийг, алданги 1,393,606,481.80 төгрөг /тооцоо нийлэх үеийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон/-гийн хамт гаргуулна. Мөн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 1,131,670,379.90 төгрөгийг, алданги 400,611,314.48 төгрөг /гэрээний 6.5-д заасан хувь хэмжээгээр 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд тооцсон/-ийн хамт гаргуулна. ... гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрсөн хэдий ч алдангийн төлбөрийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:

...тооцоо нийлсэн акт дахь NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний алдангитай холбогдох хэсэг нь хуульд нийцээгүйн дээр, алдангийн тооцоолол ойлгомжгүй байна. Мөн уг актад нөхөн байгуулсан LE-NM-2023/09 дугаартай гэрээний алданги тусгагдаагүй бөгөөд анзын гэрээг бичгээр байгуулаагүй байсан. Түүнчлэн төлбөр төлөх хугацааг 2024 оны 5 сар хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон тул анз шаардах үндэслэлгүй. ... гэжээ.

 

4. Талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр NM-A2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ тус тус бичгээр байгуулагджээ.

 

5. Үүгээр нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд худалдан авагчаас урьдчилан захиалсан дизель түлшийг нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлсэн түлшний үнийг тохирсон цаг хугацаанд худалдагчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсноос үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгч нь NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 03-наас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд нийт 3,312,060 литр дизель түлш, LE-NM-2023/09 дугаартай гэрээний хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 02-ноос 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд нийт 1,823,430 литр дизель түлш хариуцагчид нийлүүлсэн гэх бөгөөд талууд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тооцоо нийлж NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний төлбөр 2,787,212,963.60 төгрөг, алданги 1,736,675,488 төгрөг, LE-NM-2023/09 дугаартай гэрээний төлбөр 1,131,670,379.90 төгрөг, нийтдээ 5,655,558,831.25 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж акт үйлджээ.

 

7. Ийнхүү тооцоо нийлснээс хойших хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,277,377,160 төгрөгийн дизель түлш дахин худалдан авснаас төлбөрт 2,316,977,160 төгрөгийг төлсөн байна. Ингэснээр NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 1,747,612,963.60 төгрөг болж багасжээ.

 

8. Зохигчид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, шинж чанар, тооцоо нийлсэн байдал, үлдэгдэл төлбөрийн хэмжээ болоод LE-NM-2023/09 дугаартай гэрээг хожим нөхөн байгуулсан асуудлаар маргаагүй. Харин алдангийн тооцоолол, үндэслэлийн талаар маргаантай.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэгт алданги нэхэмжилсэн үндэслэлээ ...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн актад NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний алдангийг хугацаа хэтрүүлсэн нийт хоногоор тооцож 1,736,675,488 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтэрсэн байсан тул тухайн үеийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1,393,606,481.80 төгрөг болгосон, харин LE-NM-2023/09 дугаартай гэрээний алдангийг гэрээг бичгээр нөхөн байгуулснаас хойших хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 177 хоногийн хугацаанд, гэрээний 6.5-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож 400,611,314.48 төгрөгөөр тогтоосон... гэж тайлбарласныг нь буруутгах үндэслэлгүй байна.

10. Учир нь, NM-A2230(БГ/2206) дугаартай гэрээний 6.1-д ...худалдан авагч нь гэрээний үүрэг болон худалдагчийн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,25%-тай тэнцэх алдангийг худалдагч талд төлөх үүрэгтэй. гэж тохиролцсон нь алдангийг харилцан хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл болох ба гагцхүү уг үүргийг хуульд заасан хэмжээний дотор шаардах үндэслэлтэй.

11. Тооцоо нийлсэн акт нь талуудын тухайн үеийн үүргийн гүйцэтгэлийг харуулсан, тодорхой хугацааны гүйлгээг хүлээн зөвшөөрснийг илтгэх баримт бичиг бөгөөд түүнд алдангийн дүн тусгагдаагүй нь алдангиас татгалзсан эсхүл алданги тооцохгүй байхаар тохиролцсон гэх утгыг шууд илэрхийлэхгүй юм.

12. Талууд LE-NM-2023/09 дугаартай гэрээг хожим бичгийн хэлбэрт оруулж нөхөн байгуулахдаа 6.5-д ...худалдан авагч нь гэрээний үүрэг болон худалдагчийн нэхэмжлэхийн дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-тай тэнцэх алдангийг худалдан авагч талд төлөх үүрэгтэй. Энэхүү алдангийн заалт энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд харшлаагүй болно.

13. Үүнээс гадна, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ төлбөр төлөх хугацааг 2024 оны 5 сар хүртэл хойшлуулсан... гэж тайлбарласан. Хэрэв үүрэг гүйцэтгэх хугацааг талууд харилцан тохиролцож хойшлуулсан бол, энэ хугацаанд үүрэг гүйцэтгээгүй этгээдийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй боловч хариуцагч үүнийгээ нотлох учиртай.

14. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох талуудын хооронд харилцсан зурвас /message/, цахим шуудан /e-mail/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.Заантогтохын мэдүүлэг зэргээс үзвэл талууд ийнхүү төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар харилцан тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

15. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчид санал хүргүүлэх тухай 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24/01/11 дугаартай албан бичгээр тодорхой нөхцөл байдлын улмаас төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо дурдаад, хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх, үйл ажиллагаагаа жигдрүүлэх хүртэл буюу 2024 оны 5 сар хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрийн асуудлыг хойшлуулж өгөхийг хүсэж, үүний илэрхийлэл болгон 500,000,000 төгрөгийг төлөхөө мэдэгдсэн байх боловч үүнд нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөл бүхий хариуг бичгээр өгсөн зүйлгүйн гадна, нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал С.Э гаас хариуцагч хуулийн этгээдийн ерөнхий менежер Б.Заантогтоход илгээсэн 2024 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдрийн зурваст мөнгө хүлээн авсан, цаашид өр төлбөрөө түргэн барагдуулахыг сануулсан утгатай бичвэр үлдээсэн нь хугацааг хойшлуулсны нотолгоо болж чадахааргүй байна.

 

16. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байдлыг хугацааг хойшлуулаагүй гэсэн хандлага, үйлдэл гэж үзэхээр байна.

17. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч НМЭ ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн NM-A2230(БГ/2206) дугаартай Дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 1,747,612,963.60 төгрөг, алданги 1,393,606,481.80 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн LE-NM-2023/09 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 1,131,670,379.90 төгрөг, алданги 400,611,314.48 төгрөг нийт 4,673,501,139.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЛЭ и ХХК-д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НМЭ ХХК-иас 4,673,501,139.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЛЭ и ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,225,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,525,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН