| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 182/2023/03627/И |
| Дугаар | 191/ШШ2025/06880 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/06880
2025 08 18 191/ШШ2025/06880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ............. аймаг, ..........сум, ....... баг, ....... хаягт оршин суух Б овогт Ж.Д /РД:..../-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч:....... дүүрэг, ........хороо, ............ давхарт оршин байрлах МД ХХК /РД:2094894/-д холбогдох
нэхэмжлэлийн шаардлага: 127,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, Э.Ч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Ж.Д нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Шипилам ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Toyota Land Cruiser 200 GХ маркийн 2021 онд үйлдвэрлэгдэж, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсад орж ирсэн цагаан өнгөтэй, суудлын зориулалттай JTMHU01XM4222073 арлын дугаартай 10 километр явсан автомашиныг 295,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 88,500,000 төгрөг өгч, үлдсэн 206,500,000 төгрөгийг Нөмөр кредит ББСБ ХХК-ийн зээлийн нөхцөлтэйгээр худалдан авсан.
Нөмөр кредит ББСБ ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ-22/1000 дугаар зээлийн гэрээ байгуулж зээлийн хүү сарын 2.1 хувь, жилийн 25.0 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож 60 сарын хугацаанд төлж барагдуулахаар эргэн төлөлтийн хуваарь хийсэн.
Автомашинаа МД ХХК-д даатгуулан №200505002406 тоот даатгалын гэрээ байгуулсан. Энэ хугацаанд гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг төлсөн байсан бөгөөд үлдэгдэлгүй болно.
Гэтэл Цагаанхад суурьшлын бүсэд байрлах өөрийн кемп дээр гал гарч зогсоолд байршуулсан Toyota Land Cruiser 200 GХ маркийн автомашин дахин ашиглах боломжгүй болтлоо шатсан.
Гэрээнд зааснаар даатгалын зүйл нь автомашин бөгөөд даатгалын үнэлгээ нь 5,605,000 төгрөг байхаар тусгаж галын эрсдэлийн /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт гэх мэт/ нөхөн төлбөрийг 100 хувь МД ХХК хариуцахаар гэрээ байгуулагдсан.
Гэтэл МД ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 168,000,000 төгрөгийг төлсөн. Энэ нь хууль зүйн хувьд МД ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Энэ асуудлаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.
Санхүүгийн зохицуулах хороо гомдлыг хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан шийдвэрлээд 9/2997 тоот шийдвэрийг гаргасан. Шийдвэрт: ...Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Будсүрэнгийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 30/01 тоот дүгнэлтэд 3 дугаар асуултын хариу: ямар нэгэн байдлаар гадны нөлөөтэй гал түймэр гарсан шинж тэмдэг илрээгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Т.Солонгын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд: Мөн хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагаа материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж тус тус дурдсан бөгөөд дээрх эрх бүхий байгууллагын дүгнэлт, тогтоолоор даатгуулагчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. хэмээжээ.
Мөн танай компани зүгээс Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэн даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээг 210,000,000 төгрөг гэж гаргуулан нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон нөхөн төлбөр тооцож олгосон нь үндэслэлгүй байна. Талууд даатгалын гэрээг байгуулахдаа тухайн тээврийн хэрэгслийг 295,000,000 төгрөгөөр тогтоож даатгуулагч 5,605,000 төгрөгийн хураамжийг төлсөн. Иймд ... даатгуулагчийн эрх ашгийг ханган Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөрийг бүрэн олгох асуудлыг шийдвэрлэж авсан арга хэмжээг эргэн мэдэгдэнэ үү. хэмээжээ.
Бид Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг МД ХХК нь үл маргах журмаар биелүүлэх хугацаа өгч хүлээсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд үр дүн гараагүй байна. Өөрөөр хэлбэл МД ХХК нь уг шийдвэрийг биелүүлээгүй учраас даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна.
Иймд үлдэгдэл төлбөр 127,000,000 төгрөгийг МД ХХК-иас гаргуулж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.
Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200505002406 дугаар тээврийн хэрэгслийн Амгалан даатгалын гэрээгээр ... УБД улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн автомашиныг даатгалын баталгаа бичүүлж 1 жилийн хугацаатай даатгуулсан байна. Талууд хооронд байгуулсан даатгалын гэрээ, сонгосон багц болон гэрээний нөхцөл дээр маргаагүй байна.
Нэхэмжлэгч даатгалын зүйлийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-иас 210,000,000 төгрөгөөр үнэлснийг дээр дурдсан зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хариуцагчид хамаарахгүй юм.
Даатгуулагч Ж.Д ын дангаар хувьцаа эзэмшдэг ТСТ ХХК-ийн хашаанд байрлах ТСТ ХХК-ийн сэндвичэн барилгын цахилгааны массаас үүдэн гарсан галын улмаас даатгалын зүйл болох Ж.Д ын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл шатаж даатгалын зүйл бүрэн устсан. Ашид билгүүн ХХК-ийн зүгээс тухайн автомашины зах зээлийн үнэлгээг 210,000,000 төгрөг гэж үнэлсэн тул даатгалын гэрээний 8.4-т Хохирол нь даатгуулагчийн буруутай (энэхүү гэрээний 8.5.1 болон 8.5.2-т зааснаас бусад) үйлдлээс шалтгаалсан бол даатгуулагчийн сонгосон даатгалын багцаас хамааран эрсдэл хэсэгт зааснаас өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасаж тооцон нөхөн төлбөр олгоно гэж, Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.4 дэх хэсэгт Гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу тооцоолж, нөхөн төлбөрт 168,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болно.
Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч МД ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9/2997 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийн эх хувь, Шипилам ХХК болон Нөмөр кредит ББСБ ХХК-ийн хоорондох 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хувилсан хувь, Ж.Д болон Нөмөр кредит ББСБ ХХК-ийн хоорондох 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-22/1000 дугаартай Зээлийн гэрээний эх хувь, хавсралтын хамт, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ФГ-22/1000 дугаартай Фидуцийн гэрээний эх хувь, Нөмөр кредит ББСБ ХХК, Ж.Д болон МД ХХК-ийн хоорондох 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 200505002406 дугаартай Тээврийн хэрэгслийн Амгалан даатгалын гэрээний хувилсан хувь, Хаан банк дахь Ж.Д ын эзэмшлийн 5301751278 дугаартай данс /хамрах хугацаа 2023.4.06/-ны хуулга /хх 3-17/-ыг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, МД ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МД ХХК-иас Тэргүүн үнэлгээ ХХК-д хүргүүлсэн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/12-158 дугаартай хүсэлт бүхий албан бичгийн эх хувь, хавсралтын хамт, Тэргүүн үнэлгээ ХХК-иас МД ХХК-д хүргүүлсэн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25/06 дугаартай хариу албан бичгийн эх хувь, МД ХХК-иас Ашид билгүүн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/12-348 дугаартай хүсэлт бүхий албан бичгийн эх хувь, хавсралтын хамт, Ашид билгүүн ХХК-иас МД ХХК-д хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 07/157 дугаартай хариу албан бичгийн эх хувь, Ашид билгүүн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх 22-23, 55, 73-85, 122/-ыг гаргаж өгсөн.
3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр:
3.3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/19769 дугаартай захирамжийн дагуу:
- Нөмөр кредит ББСБ ХХК, Ж.Д болон МД ХХК-ийн хоорондох 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 200505002406 дугаартай Тээврийн хэрэгслийн Амгалан даатгалын гэрээний эх хувь,
- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/546 дугаартай албан бичиг, хавсралтаар тус газрын прокурорын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хувилсан хувь,
- Нөмөр кредит ББСБ ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/00560 дугаартай албан бичиг, хавсралтаар Шипилам ХХК болон Нөмөр кредит ББСБ ХХК-ийн хоорондох 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар,
- Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 30/296 дугаартай албан бичиг, хавсралтаар тус газрын улсын байцаагчийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 30/01 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх 43, 46-49, 52-53, 57-59/-ыг бүрдүүлсэн.
3.4. Хариуцагч талын хүсэлтээр:
3.4.1. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/08488 дугаартай захирамжийн дагуу:
- ТСТ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
- Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 92/2022 дугаартай Цахилгаан шугам сүлжээнд холбох техникийн нөхцөлийн хуулбар,
- цахилгаан тоолуурын баталгаажилтын гэрчилгээ, электрон тоолуур тавих зөвшөөрлийн хуулбар /хх 102-103, 159-162/-ыг,
3.4.2. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/16319 дугаартай захирамжийн дагуу:
- ХҮТ ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 133-152/-г тус тус бүрдүүлсэн.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 127,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...МД ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Амгалан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн худалдан авсан 295,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ... УБД улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн, 2021 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжийг бүрэн төлсөн. Гэтэл энэ хугацаанд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг кемпэд гал гарсны улмаас зогсоолд байршуулсан байсан уг тээврийн хэрэгсэл шатаж, дахин ашиглагдах боломжгүй болсон. Тухайн хохирол нь даатгалын гэрээнд тусгагдсан галын эрсдэлд хамаарах нөхцөл байдалд тооцогдох бөгөөд МД ХХК нь нөхөн төлбөрийг 100 хувиар буюу 295,000,000 төгрөгөөр төлөх үүрэгтэй байсан. Үүнээс 168,000,000 төгрөгийг олгосон тул үлдэх 127,000,000 төгрөгийг гаргуулна. ... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд:
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараас үзвэл:
4.1. Нэхэмжлэгч Ж.Д нь Нөмөр кредит ББСБ ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-22/1000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 206,500,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Шипилам ХХК-иас худалдан авсан 295,000,000 төгрөгийн үнэ бүхий ... УБД улсын дугаартай, ........ маркийн, GX.R загварын, 2021 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байх ба зээлийн гэрээний 4.29-д заасны дагуу хариуцагч МД ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200505002406 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, Амгалан эрсдлийн багцад даатгуулсан, гэрээг байгуулахад тухайн тээврийн хэрэгсэл ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хоорондох гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 8-14, 43, 52-53/ зэргээр,
4.2. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг ТСТ ХХК-ийн хашаанд байрлах сэндвичэн барилгад цахилгааны масс /богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал/ үүссэний улмаас хялбар авалцан асах материалаар дамжин гал түймэр тархаж, улмаар зогсоолд байршуулсан байсан даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл шатаж, нөхөн сэргээгдэх боломжгүй болсон болох нь зохигчийн тайлбар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоол /хх 46-49, 57-60, 102-103, 159-162/ зэргээр,
4.3. Даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 210,000,000 төгрөг байсан болох нь Тэнүүн үнэлгээ ХХК, Ашид билгүүн ХХК болон ХҮТ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 73-85, 134-152/ зэргээр,
4.4. Хариуцагч МД ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 168,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Д т 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгосон болох нь зохигчийн тайлбар, Хаан банк дахь дансны хуулга /хх 17/ зэргээр тус тус тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэгт даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байхаар, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болохоор тус тус заасан.
6. Зохигчийн хооронд сайн дурын буюу эд хөрөнгөө зохих эрсдэлээс хамгаалан даатгуулж хураамж төлөх, даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгох харилцан үүрэг бүхий даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.
7. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон даатгалын хураамж төлөгдсөн, даатгалын тохиолдол буюу галын эрсдлийн улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл бүрэн сүйрсэн, нөхөн төлбөрт 168,000,000 төгрөг олгогдсон асуудлаар маргаагүй. Гагцхүү олговол зохих нөхөн төлбөрийн хэмжээ, түүний үндэслэл, тооцооллын асуудлаар маргаантай байна.
8. Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.3 дахь хэсэгт эд хөрөнгийн даатгалын үнэлгээний хэмжээ түүний өртгөөс илүүгүй байхаар, мөн зүйлийн 438.4 дэх хэсэгт гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ даатгуулсан эд хөрөнгийн өртгөөс илүү байвал эд хөрөнгийн өртгөөс илүү гарсан хэсэгт нь гэрээ хүчин төгөлдөр бус байхаар тус тус заасан.
9. Хэдийгээр талууд даатгалын үнэлгээний хэмжээг 295,000,000 төгрөг байхаар гэрээндээ тусгасан боловч даатгалын зүйлийн зах зээлийн үнэ 210,000,000 төгрөг болсон байх тул даатгагчийн хариуцах нөхөн төлбөрийн хэмжээ энэхүү зах зээлийн үнээр хязгаарлагдана.
10. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9/2997 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Ж.Д т даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан үнэлгээ болох 295,000,000 төгрөгөөр тооцож олгохыг хариуцагч МД ХХК-д мэдэгдсэн боловч уг албан бичиг нь талуудын хооронд үүссэн гэрээний маргааныг шүүхээс хянан шийдвэрлэхэд шууд баримтлах нотлох баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн гомдлоор шийдвэрлэх эрхтэй ч тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөнтэй холбоотой маргааныг шүүх нотлох баримтад тулгуурлан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэнэ. /хх 5-6/
11. Иймээс бүрэн сүйрсэн тээврийн хэрэгслийн хувьд даатгалын тохиолдлоос учирсан хохирлын хэмжээг зах зээлийн бодит үнийн дүнгээр буюу 210,000,000 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд үүнийг буруутгах аргагүй байна.
12. Харин хариуцагч МД ХХК нь даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг гэрээний 8.4-т заасан Хохирол нь даатгуулагчийн буруутай (энэхүү гэрээний 8.5.1 болон 8.5.2-д зааснаас бусад) үйлдлээс шалтгаалсан бол даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцон нөхөн төлбөр олгоно. гэх нөхцөлийг үндэслэн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ болох 20 хувь буюу 42,000,000 төгрөгөөр бууруулж олгосныг үндэслэлгүй гэж үзэв.
13. Учир нь, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлтэд ...ямар нэгэн байдлаар гадны нөлөөтэй гал түймэр гарсан шинж тэмдэг илрээгүй... гэж, мөн прокурорын тогтоолд ...хэн нэгэн этгээдийн буруутай үйл ажиллагаа материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна... гэж дурдсан бөгөөд гал гарах шалтгаан нөхцөл, хохирол учирсан байдлыг харгалзан үзэхэд, даатгуулагчийн аливаа буруутай үйлдэл даатгалын тохиолдолд шууд нөлөөлөөгүй байна.
14. Нөгөөтээгүүр, гэрээний 8.4-т заасан даатгуулагчийн буруутай бусад үйлдэл гэдэгт юуг хамааруулж ойлгох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах үндэслэлийг заасан стандарт нөхцөл бүхий уг гэрээний заалтыг нэхэмжлэгч Ж.Давхартбаярт тайлбарлан ойлгуулсан талаар хариуцагч МД ХХК нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан үүргийн хүрээнд нотлоогүй болно.
15. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний тухайн заалт нь илэрхийлсэн үг хэллэгийн хувьд ойлгомжгүй, хоёрдмол утга санаатай байвал уг гэрээг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.
16. Иймд хариуцагч МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлж, шинжээчийн ажлын хөлсийг зохигчид хувааж хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХХК-иас 42,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Д т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлсөнд 550,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН