Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1358

 

      2024             12           17                                       2024/ДШМ/1358                    

 

Ч.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

хохирогч Г.Дын өмгөөлөгч Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай эсэргүүцлээр, шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус тус Ч.Тт холбогдох эрүүгийн 2208005320729 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ч.Т

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ял,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн.,

 

            Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 1 дүгээр сард хохирогч Н.Гтой уулзаж, “30,000,000 төгрөг зээлээч, "Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх тендерт өрсөлдөж байгаа, тендерийн ажил авах нь тодорхой, хоёулаа ашгаа хувааж авъя” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Ггийн Хаан банкинд эзэмшдэг ..., ... дугаарын дансаар тус бүр 10,00,000 төгрөгийг, Г.Гийн Хаан банкинд эзэмшдэг ... дугаарын дансаар 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар багт байрлах "Хараатын уурхай"-н хашаанд буй агуулахын зориулалттай сэндвичэн барилгыг өөрийн өмчлөлийнх тул 50 хувийн хямд үнээр өөрт нь худалдана...” гэж Т.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуун дарагдуулснаар тус барилгын урьдчилгаа төлбөрт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөгийг Т.Оын өмчлөлийн "Б" ХХК-ийн дансаар, 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 30,000,000 төгрөгийг Ж.Ггийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч, 70,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            хохирогч Т.Быг "зоориндоо махны хөргөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, зээл гарахаар чамд машин аваад өгье, эсхүл өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг "О" ХХК-ийн 50 хувийг шилжүүлж өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Бын эзэмшлийн 58,557,560 төгрөгийн үнэ бүхий 83-53 УАТ улсын дугаартай "Lexus RX 450" загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч, хохирогч Т.Бт 58,557,560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,

            Ч.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зооринд байсан хохирогч Ч.Дын 5040 килограмм буюу ямааны 239 ширхэг, 10.050 килограмм буюу хонины 475 ширхэг гулууз махыг худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авч 150,211,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

            Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Дийн заруулахаар өгсөн 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг ширхэг хонины гулууз буюу 4350 килограмм махыг хятадуудад зарж мөнгийг өгнө хуурч аван, улмаар махыг бусдад зарж борлуулан мөнгийг өөрийн Хаан банкны ... тоот дансаар авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсний улмаас 34,690,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Монгол Улсад ажиллах хөдөлмөрийн визтэй болгож өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж өгнө" хэмээн ОХУ-ын иргэн Ц, Бнарыг хуурч, 20,000,000 төгрөгийг бусдын Хаан банкны ... дугаарын дансаар, 4,000,000 төгрөгийг бэлнээр буюу нийт 24,000,000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авч залилан бусдад нийт 367,459,160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ч.Тийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            шүүгдэгч Ч.Тийн бага насны хүүхдүүд болох Ү, А нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ч.Тээс 30,000,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Гт, 70,000,000 төгрөг гаргуулж Т.Бт, 35,557,560 төгрөг гаргуулж Т.Бт, 130,211,600 төгрөг гаргуулж Ч.Дт, 34,690,000 төгрөг гаргуулж Ш.Дт, 12,000,000 төгрөг гаргуулж Ц-д, 12,000,000 төгрөг гаргуулж Б-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ч.Т давж заалдах гомдолдоо: “... миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад удаа дараа хэрэгт ач холбогдолтой гэрчүүдээс мэдүүлэг авах талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Үүнд:

  • Ч.Дын нийлүүлсэн махыг хүлээн авсан Хэрлэнгээс мэдүүлэг авах
  • Хохирогч н.Гийн нэхэмжлээд байгаа 30 сая төгрөг дээр өөрөөсөө 50 сая төгрөгийг нэмж 80 сая төгрөг болгоод Т-т Эрдэнэтийн тендер авахуулах гээд өгөх үед байсан гэрчүүд болох Т.О /мөнгө өгөхөд хамт байсан/, Ж.Г /зураг байгаа/, Н.Б /зураг, чат байгаа/, М.Ш, Г.Д /Т машинаас мөнгө аваад буусан үеийн бичлэг, зураг/ Ц.Э /Т машинаас мөнгө аваад буусан үеийн бичлэг, зураг/, “Г” ХХК-ийн захирал О.Н-ын найз Б.Н нараас мэдүүлэг авах шаардлагатай юм. /Жич Б.Н нь анх надад “Г” ХХК-тай хамтран ажиллах, тендерт оролцох, бараа материал, дэд бүтэц нийлүүлэх санал тавьсан хүн болно/
  • Сансрын Хаан банкны гадна камер болон тэр орчмын камерыг шалгуулах хүсэлтэй байна.
  • ОХУ-ын иргэд болох Ц, Б нарын нэхэмжилсэн 24 сая төгрөгөөс 10 дугаар сарын 01-ний өдөр Г-ын эхнэр Г-ийн дансаар 8 сая төгрөг авсныг шалгах шаардлагатай. /дансны хуулгаас харагдана/
  • Б-ийн сэндвичэн барилгыг зөөвөрлөхөд тухайн үед уурхай дээр байсан гэрчүүдээс галч, манаач, ачигч, тээврийн жолооч зэрэг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байсан гэж үзэж байна. Бтэй холбоотой хүмүүсээс мэдүүлэг авахдаа тухайн үеийн уурхай дээр байсан хүмүүсээс асуугаагүй байсан.

Иймд миний бие анхан шатны шүүхийг хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг үнэн бодитоор, бүрэн гүйцэт шалгасны эцэст хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа учраас гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Миний бизнесийн үйл ажиллагаа бага багаар доголдсоор байгаад эдгээр хохирогч нарын хохирлыг төлж чадахгүй өдийг хүргэж ийм байдалд хүргэсэндээ хохирогч нараас болон танхимд байгаа бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Эдгээр хүмүүсийн хөрөнгийн өөрийн битүүмжлэгдсэн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулна.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Тийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдолдоо: “... Ч.Т нь 2021 оны 09 дүгээр сараас хойш хувийн бизнес эрхэлж өөрийн нэр дээр “О” ХХК-ийг худалдан авч компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн үл хөдлөх хөрөнгүүдийг барьж бизнесээ өргөжүүлэн ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өөрийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд бизнес хийх явцад бусдаас их хэмжээний мөнгө авч зээлж үйл ажиллагаандаа зарцуулсан. Мөн бусадтай хамтран бизнесээ өргөжүүлэх гэж бусдад мөнгө эд зүйл өгч хохирогч одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн хохирогчоор шалгагдаж байгаа. Ч.Т нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ Бийн хохирлын дүнгээс бусад хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Тийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шалган шийдвэрлээгүй удаа дараа татгалзаж байсан нь хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ч.Т нь 5-23 насны 4 хүүхэдтэй ба 2 том хүүхэд нь гадаадад сурч байгаа бөгөөд түүний нөхөр Г.Дамдинсүрэн нь 2021 оноос хойш салж өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон. Мөн Ч.Т нь банк болон банк бусад их хэмжээний буюу 260,000,000 төгрөгийн бизнесийн зээлтэй байгаа бөгөөд түүний биеийн байдал зүрхний хэм алдагдалттай сээтэг тавиулах оноштой, нойр булчирхайн хурц өвдөлттэй гэх зэрэг түүний хувийн байдлуудын талаар хавтаст хэрэгт тусгагдаагүй байх тул хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоон, хохирлын зөрүүтэй дүнг арилгах шаардлагатай гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ч.Тийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ч.Тийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Миний бие хугацаа давчуу байсан учраас хэргийн материалтай танилцаагүй, Ч.Ттэй ярилцаад давж заалдах гомдол гаргасан. Дараа нь хэргийн материалтай танилцаад Ч.Ттэй биечлэн уулзаад өнөөдрийн шүүх хуралдаанд давж заалдах гомдлоосоо татгалзаж, гэм буруу дээрээ маргах зүйлгүй оролцож байна. Ч.Тийн хувьд хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө зуун хувь төлж барагдуулна гэсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Т.Б, Г.Д нартай холбогдож хохирол барагдуулах талаар тохиролцсон. Ч.Тийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Т.Бийн хохирол төлбөр дээр маргадаг боловч үүнийг хүлээн зөвшөөрч одоо маргах зүйлгүй. Ч.Т нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт бусад 5 хохирогчийн хохирол төлбөр дээр маргаагүй оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан “30,000,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Гт, 70,000,000 төгрөг гаргуулж Т.Бт, 35,557,560 төгрөг гаргуулж Т.Бт, 130,211,600 төгрөг гаргуулж Ч.Дт, 34,690,000 төгрөг гаргуулж Ш.Дт, 12,000,000 төгрөг гаргуулж Ц-д, 12,000,000 төгрөг гаргуулж Б-д” тус тус олгохоор шийдвэрлэсэн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Ч.Т нь дайчин эмэгтэй, компани байгуулан махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орон нутагт ажилладаг бөгөөд энэ нь гэрч Э.Энхсүрэн, н.Хүслэн нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн банкны эдийн засагч нар “энэ эмэгтэй ингэж зээл хүсэж зээл авсан” гэж тодорхой мэдүүлэг өгсөн. Ч.Т 4 хүүхэдтэй бөгөөд бага насны 2 хүүхэдтэй. “О” ХХК-ийн 50 хувь нь Т.Б нэр дээр байгаа бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр талд компанийн 50 хувийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гээд Т.Б гараар бичиж нотариатаар батлуулсан баримт авагдсан. Ч.Тийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй, учруулсан хохирол төлбөрөө төлөхөө зуун хувь төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Т.Б, Г.Д, Т.Б нартай шүүгдэгчийн ар гэрийнхэн холбогдож учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгч Ч.Тт оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Г.Дын өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.Т нь Г.Дт нийт 150,211,600 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс 20,000,000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс Ч.Тээс 130,211,600 төгрөгийг гаргуулж Г.Дт олгохоор шийдвэрлэсэн. Г.Д нь хохирлоо хурдан гаргуулж авах хүсэлттэй байгаа. Г.Д нь шинэ гэр бүл болоод Австрали улсад өдөр, шөнөгүй ажиллаж олсон мөнгөөрөө мах худалдаж авч мөнгөө өсгөе гэж явж байсан. Одоог хүртэл хохирол төлбөрөө аваагүй учраас гомдолтой байгаа. Т.Б нь өөрт байгаа компанийн 50 хувийг шилжүүлж өгөх боломжтой гэж гарын үсэг зурсан байсан. Үүнээс шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байгаа. Иймд прокурорын саналыг дэмжиж байна. Ч.Тийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын 150.000.000 төгрөгийн зээлийг төлөөд үлдэгдэл мөнгөөр нь хохирогч нарын хохирлыг барагдуулах боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Тийн эзэмшлийн “О” ХХК-ийн нэр дээрх 5 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилснийг тус тус хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хохирлоос төлүүлэх саналыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад дээрх нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон атлаа дээрх шийдвэрийг ямар байгууллага, хэрхэн, яаж шийдвэрлэх талаар дурдаагүй нь ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц болсон байна. Учир нь, шийтгэх тогтоолын 8 дугаар заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “Худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах”, мөн зүйлийн 2-т зааснаар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг шилжүүлсэн, хадгалсан, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө” гэж зааснаар битүүмжпэгдсэн эд хөрөнгийг хураан авч, худалдан борлуулж, хохиролд шилжүүлэхийг холбогдох байгууллагад даалгалгүй орхигдуулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаартай шийтгэх тогтоолын "Тогтоох нь" хэсгийн 7, 8 дахь заалтад заасан дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын хооронд бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Н.Гт 30,000,000 төгрөгийн, Т.Бт 70,000,000 төгрөгийн, Т.Бт 58,557,560 төгрөгийн, Ч.Дт 150,211,600 төгрөгийн, Ш.Дт 34,690,000 төгрөгийн, ОХУ-ын иргэн Ц, Бнарт 24,000,000 төгрөгийн тус тус хохирол учруулан залилж, бусдад нийт 367,459,160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Г-ийн “... Т надаас эхлээд байгаа мөнгөө өгчих, би өөрөө зохицуулаад тендер авчихна гэхээр нь өөрийн хадам дүү Баттулгаас 30,000,000 төгрөг зээлээд Тт өгөхөөр болсон. Т 30,000,000 төгрөг дансаар өгөх гэтэл Т нэг даснаар мөнгө авч болохгүй, АТМ-ээс дээд тал нь 10,000,000 төгрөг гардаг юм, чи 3 дансанд хуваагаад хийчих гээд надад ..., ..., ... дугаартай данснууд өгсөн. Би тус данснууд руу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус бүр 10,000,000 төгрөг хийсэн. Тэгээд дараа нь би Тт мөнгөө шилжүүлсэн талаар хэлэхэд за гэсэн. ...” /4хх 171-173, 236/

            хохирогч Т.Б-ийн “... надаас Т мөнгө авч эхэлсэн үе нь 2021 оны эхээр миний … дугаарын утас руу залгаад “эгчдээ гялс 5,000,000 төгрөг олоод өгөөч яаралтай хэрэг болоод байна, эгч нь удахгүй 10,000,000 төгрөг болгоод өгнө” гэхээр нь би итгээд Хан-Уул дүүргийн тэнд гэрийнхээ гаднаас өөрийн Хаан банкны интернэт банкаар 5 сая шилжүүлсэн. Хоёр дахь удаа мөн надаас мөнгө аваад буцааж өгөөгүй байхдаа над руу бас залгаад эгчид нь “10,000,000 төгрөг хэрэгтэй байна, гурав хоноод л өмнө авсан 5,000,000 саяыг нэмээд хүүтэй нь өгнө” гэхээр нь би бас итгээд гадуур явж байгаад интернэт банкаар 5 сая л байна гээд шилжүүлсэн. Гурав дахь удаа болохоор 2021 оны 04 сарын үед Т надтай утсаар яриад “би "ковид" тусаад Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байна, би өөрийн төрсөн дүүгээ нэг машинтай болгох гэсэн юм чамд орж ирсэн "Акуа" гээд машин байгаа юм байна, энэ машинаа эгчдээ 12,000,000 саяар бодоод өгчих, би "Уурхайгаас" төмөр зөөж байгаа болохоор нэг явж ирээд чиний бүх өрийг дарна” гэхээр нь би Тийг төмөр зөөж байсныг мэдэж байсан болохоор итгээд машиныг зарсан. Харин машиныг Ггийн грашаас Тийн нөхөр нь болох О гэх залуу очиж авсан. Дөрөв дэх удаа бол Т 2021 оны 05 дугаар сард “эгч нь эмнэлгээс гараад ирлээ гээд надтай уулзаад эгчийх нь төмөр зөөж байгаа уурхай дээр том, том "Сэндвичин" байшингууд байна, эгч нь бол чамд зах зээлийн үнээс 50 хувь хямдхан өгнө” гэхээр нь би энэ талаар нөхөр Г.Г-т хэлэхэд эхлээд эсэргүүцсэн боловч би болохоор “50 хувь хямдхан өгнө гээд байна, хоёулаа очоод үзье” гээд ятгасаар байгаад Т төмөр зөөж байгаа гэх уурхай руу нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээр хоёр машинтай явсан, тэгэхэд уурхай нь Говь сүмбэр аймгийн Чойр сумын төвөөс баруун тийшээ 80 гаран км яваад "Хүдэрийн" уурхай байж байгаад татан буусан гээд уурхай дээр очиход Т болохоор их итгэлтэй, энэ уурхайн хашаанд байгаа бүх тоног, төхөөрөмж, байшин барилга бүгд минийх гэж хэлээд харуул нь хүртэл таниад оруулахаар нь нөхөр бид үнэхээр өөрийнх нь юм байна гээд итгээд Т уурхайн хашааны зүүн талд байх 25x30 хэмжээтэй барьсан "Сэндвичин байшингууд байсан, тэрнээс нэг байшинг 100,000,000 төгрөгт бодож зарахаар болоод тэр өдрийн орой нь Улаанбаатар хотод ирээд маргааш нь өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүрэг, Их засаг их сургуулийн замын урд талд байдаг гэрт очиж уулзахад Т та хоёр "Сэндвичин" байшинг 100,000,000 төгрөгөнд ав, би эхнээсээ та хоёр 50 хувь хямдхан өгнө гэсэн юм чинь тэр үгэндээ хүрнэ гэхээр нь нөхөр бид хоёр баярлаад маргааш өглөө Т над руу залгаад та хоёр тохирсон 100 саяас урьдчилгаа 40 саяыг өгчих гэхээр нөхөр бид хоёр гадуур ажил хөөцөлдөж байгаад бид хоёр Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр "Амгалан" захын авто машины зогсоол дээр зогсож байгаад би өөрийн “Х” ХХК-ийн Хаан банкны данснаас 43,000,000 төгрөг шилжүүлсний дараа би Т рүү залгаад та буцаагаад 3,000,000 төгрөгийг нь шилжүүлчихээрэй гэж хэлээд удахгүй над руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин үлдэгдэл 60,000,000 төгрөгнөөс өмнө надаас авсан нийт 31,000,000 төгрөгийг би тооцоод 29,000,000 төгрөгийг өгөх дутуу байсан, харин энэ мөнгийг болохоор "Сэндвичин" байшинг авсны дараа өгөхөөр тохирсон, түүнээс хойш 20 хоногийн дараа Т манай гэрийн гадаа Ггийн хамт ирээд чиний "Сэндвичин байшинг уурхайгаас авахын тулд уурхайн эзэн Зоригоод машины урьдчилгаа өгөх хэрэгтэй байна, чи надад 30,000,000 саяыг өгчих гэсэн. Тэр үед надад өөрт мөнгө байгаагүй болохоор би нагац эгч Оээс хүүтэй 5,000,000 саяыг нэмж өгөхөөр тохироод би мөнгө авч Тт өгсөн, түүнээс хойш л Т алга болоод эгч надаас мөнгөө нэхээд би аргагүйн эрхэнд хоёр дүүгээсээ 35,000,000 саяыг зээлээд эгчийн мөнгийг өгөөд энэ хооронд бусдаас зээлсэн мөнгөний хүүг өөрөөсөө төлсөөр байгаад өрөнд орсон. Би нийт Тээс 136,800,000 мянган төгрөг авах ёстой. Одоо нэг жил болох гэж байна, энэ хугацаанд Т надаас авсан 136,800,000 төгрөгийг 150,000,000 төгрөг болгож өгнө гэсэн. ...” /5хх 22/,

            хохирогч Т.Бын “... “О” ХХК-ийн 50 хувийг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохиролцсоны үндсэн дээр өөрийн машинаа 75 саяар тооцож өгсөн. ...” /3хх 121-122, 125-126/,

          хохирогч Г.Дын “... нийт 15 тн 90 кг мах буулгаад 125,745,000 төгрөг өгөх ёстойгоос 20 саяыг нь өгөөд 105,745,000 төгрөг өгөх дутуу ...” /1хх 21/,

          хохирогч Ш.Дийн “...197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг ширхэг хонины гулууз буюу 4350 килограмм махыг авч 34,690,000 төгрөгийн хохирол учруулсан, энэ мөнгөнөөс ерөөсөө аваагүй. ...” /3хх 35-36/,

          хохирогч Цийн “эхлээд найман шарга дээр 20 сая төгрөгийг шилжүүлээд, 4 саяыг Тт бэлнээр өгсөн.” /4хх 80-85/,

          хохирогч Бийн “...Цыден бид 2 нийт 24 сая төгрөгийг Тт өгсөн. Ингэхдээ 4 сая төгрөгийг бэлнээр, 20 сая төгрөгийг нь Тулгын ... дугаарын дансанд шилжүүлсэн. Дараа нь тухайн 20 сая төгрөгийг Тулгын данснаас О гэх хүний ... дугаарын данс руу шилжүүлсэн” /4хх 80-85/,

          гэрч Т.Оын “... 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ч.Т нь Т.Бын эзэмшлийн Лексус загварын машиныг үл таних ченжид худалдан борлуулаад төлбөр болох 49,200,000 төгрөгийг миний Хаан банкны … тоот дансанд хүлээн авсан. Тухайн үед Ч.Т нь "би гүйлгээ хийдэг төхөөрөмжөө орхисон байна. Чиний дансанд лимит өндөр учраас энэ мөнгийг авчихъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дансаа өгсөн юм. Тэгээд удаагүй байхад миний төхөөрөмж гэрээс ирэхээр боллоо гэж хэлэхээр нь дээрх мөнгөн гүйлгээг Тийн эзэмшлийн Хаан банкны … тоот данс руу нь шууд шилжүүлж байсан. ...” /3хх 137-138/,

          гэрч Б.Анхбаярын “… 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...улсын дугаартай цагаан өнгийн Lexus RН450 загварын тээврийн хэрэгслийг би үл таних 40-50 орчим насны эмэгтэйгээс 49,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар мөнгөө өөрийн Хаан банкны … тоот данснаас тухайн хүний өгсөн Хаан банкны О гэх хүний данс руу “мах” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлээд тээврийн хэрэгслийн нэрийг өөр дээрээ шилжүүлж авсан. …” /3хх 146-147/,

          гэрч Б.Гын “… Т эгч олон төрлийн визний тухай тайлбарлаж хэлж байсан. Ингэхдээ "урт хугацааны виз хийж өгье, энэ хүмүүс аж ахуйн нэгж, компани дээр бүртгэлтэй байх ёстой, аж ахуйн нэгж байгуулна, нэг хүний 12 сая төгрөг, нийт 24 сая төгрөг шаардлагатай” гэж яриад мөнгө төгрөгөө хэрхэн өгч авах тухай ярилцсан. Ингээд энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа байх, 10 сарын 01-ний өдөр А, Ц бид гурав Найман шарга дээр ирсэн. Т эгч энэ үед өөрийнх нь дүү гэх О гэж хүнтэй хамт байрныхаа гадаа машиндаа хүлээж байсан. Найман шарга дээрээс А, Ц хоёр 20 сая төгрөгийг миний … дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр даруйд нь би шууд Оын … дугаарын Хаан банкны данс руу тус 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин 4 сая төгрөгийг Аюш өөрөө бэлнээр авсан. …” /4хх 89-90/,

          гэрч Ж.Ггийн “… Т эгч 2021 оны 01 дүгээр сард Эрдэнэтийн тендер хөөцөлдөж байна, тендерт шаардлагатай мөнгө хэрэгтэй байна гээд Т эгч 900 сая төгрөг цуглуулж байсан юм. Тэгээд тухайн мөнгөнд манай найз Намсрайн Г 30 сая төгрөг Т эгчид зээлж өгөхөөр болсон байх. Г, Т хоёр манай гэрт ирж 2 ч удаа уулзаж байсан. Анх Т болон Г хоёр манай гэрт зочилж байгаад тааралдаж танилцаж байсан ба тухайн үед тендерийн яриа гарснаар Г болон Т хоёр ярилцаж бие биеэ мэддэг болсон. Тэгээд Т эгч Г бид хоёрыг дагуулж Эрдэнэт рүү барилгын компанийн хүмүүстэй уулзалдахаар дагуулж явж Эрдэнэтэд очиж байсан, Т эгч Эрдэнэтэд очоод хэсэг хүмүүстэй уулзалдаад байсан, би сайн учрыг нь мэдэхгүй байна. Г, Т эгч хоёр өөрсдөө хоорондоо ярилцаж тохиролцоод л мөнгөө өгөлцөж авалцахаар болоод би болон манай нөхрийн данснуудыг ашиглаж, нийт 3 дансаар тус бүр 10,000,000 төгрөг Гоос Т рүү дамжиж очсон. …” /4хх 178-179/,

          гэрч Г.Гын “… Манай эхнэр Б 2021 оны эхээр Т гэх энэ хүүхэнтэй танилцаад мөнгө төгрөг зээлээд байсан, тэгж байгаад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр манай эхнэр Т “сэндвичин байшин байна, тэрийг зах зээлийн үнээс хямдхан зарна гэж байна, хамт очиж үзэх үү” гэхээр нь би зөвшөөрөөд Ттэй уулзахад “сэндвичин байшин Говьсүмбэр аймгийн Чойр суманд байдаг уурхай дээр байгаа, очиж үзэж болно” гэхээр нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уурхай дээр нь очиж үзэхэд 25x50 хэмжээтэй сэндвичин байшин байсан. Тэгээд үзэж хараад авахаар тохиролцоод зах зээлийн үнээс доогуур тээвэрлэх зардал ороод 140 сая төгрөгөөр тохирсон, тэгээд тэр өдрөө буцаж Улаанбаатар хотод ирээд хоёр хоногийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т манай эхнэр луу залгаад урьдчилгаа 40 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь эхнэр бид хоёр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо "Амгалан" захын тэнд явж байхдаа зогсоол дээр нь зогсож байгаад манай эхнэр Хаан банкны интернет банкаар мөнгө хийсэн. Тэгэхдээ би бас хаширлаад тухайн мөнгийг компанийн данснаас хийлгэж байсан. Түүнээс хойш долоо, долоо хоногоор хойшилж байгаад одоо болтол алга болсон. ...” /5хх 130-131/ гэх мэдүүлгүүд,

          “Т” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Х-0007 /1хх 31-33/, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Ц/351 /3хх 42-45/ дугаартай тайлангууд,

          “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 163-167, 6хх 175-198/,

            Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх 84-93, 3хх 53, 5хх 36-44, 58-84, 97/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Тийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Тийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр уг эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Хэдийгээр уг битүүмжлэгдсэн хөрөнгүүд нь “П” ХХК-тай хийсэн зээлийн гэрээгээр барьцаанд байх боловч зээлийн гэрээний үнийн дүнгээр хязгаарлагдах боломжтой буюу үлдэх мөнгөн дүнгээр хохирол, төлбөрийг гаргуулах боломжтой, түүнчлэн тухайн зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа / хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ч.Т болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нар шүүх хуралдааны явцад давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчилж, “гэм буруу дээрээ маргахгүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”-аар заасан байна.

Түүнчлэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болдог боловч заавал хэрэглэх ёстой зохицуулалт биш юм.

Дээрхээс үзвэл, шүүгдэгч Ч.Тийн тус гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн давтамж, бусдад учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзаж, түүнд 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн боломж бүрдээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ч.Тийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтын “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “О” ХХК-ийн нэр дээрх улсын бүртгэлийн ... дугаартай нэгж талбарын дугаар ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-... дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хойно хаягт байрлах Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалт бүхий 76636 м.кв 17.66 га/талбай бүхий аж ахуй нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар,

мөн түүний эзэмшлийн “О” ХХК-ийн нэр дээрх улсын бүртгэлийн ... дугаартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 300 м.кв Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ... дугартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 660 м.кв Мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүр, зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ... дугаартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 660 м.кв талбайтай, хөргүүр зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ... дугаартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 440 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.” гэснийг “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “О” ХХК-ийн нэр дээрх улсын бүртгэлийн ... дугаартай нэгж талбарын дугаар ... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-... дугаартай “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, хойно хаягт байрлах Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалт бүхий 76636 м.кв 17.66 га/талбай бүхий аж ахуй нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар,

мөн түүний эзэмшлийн “О” ХХК-ийн нэр дээрх улсын бүртгэлийн ... дугаартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 300 м.кв Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ... дугартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 660 м.кв Мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүр, зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн 0... дугаартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... хаягт байрлалтай 660 м.кв талбайтай, хөргүүр зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ... дугаартай /Ү-.../ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, ... тоот хаягт байрлалтай 440 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 04, 05 дугаартай тогтоолуудыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Т болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурор Н.Ундрахын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Тийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ