| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0539/Э |
| Дугаар | 577 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
Нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Дт холбогдох эрүүгийн 1706014360690 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1975 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, “Бамбай” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, 10-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 247 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 177 дугаар захирамжаар хорих ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Сартуул овогт Ц.Д,
Үйлдсэн хэргийн талаар:
Ц.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг 1060 тоотод иргэн Р.Амаржаргалын нүүрэн тус газар нь цохин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Дт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706014360690 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Ц.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Р.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх танил эгчийнхээ гэрт Дарханбаатар, Оюунаа эгч бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Ганзориг гэдэг айлд очиж бас нэг шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ ороод байж байтал Дарханбаатарын эхнэр Туяа гэдэг хүн дуудаад олон юм яриад байхаар нь “та битгий олон юм яриад бай” гэсэн чинь намайг боож унагаагаад нүүр рүү цохиод байсан... Туяагийн эхнэр Дарханбаатар миний нүүрлүү цохичхоод зугтаагаад яваад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 41-45/
Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 08 дугаар сарын 23-ний өдөр манай гэрт Амаржаргал, Энхтуяагийн нөхөр Дарханбаатар, манай нөхөр Баттулга, бид нар архи хувааж ууцгаасан. Дараа нь Ганзориг, Бороо нар орж ирсэн. Нэг мэдсэн манай гэрт хэрүүл зодоон болчихсон байсан. Тэгэхлээр нь би босож ирэхэд Дарханбаатар, Энхтуяа Амаржаргал, Ганзориг нар байсан.Би тэд нарыг загнаад хөөж гэрээсээ гаргачихаад хаалгаа цоожлоод эргээд унтаад өгсөн. Тэгээд шөнө 23 цагийн үед хоёр цагдаа Амаржаргалыг дагуулаад ороод ирсэн. Тэгэхлээр нь би яасан эсэхийг асуухад Амаржаргал энэ эгчийн хоёр найз нь намайг зодсон, миний шүдийг унагасан гэж хэлсэн. Гэрээс гарахдаа Амаржаргал шүд хугарсан барьсан гэж огт хэлээгүй. Тэгэхээр нь би Энхтуяа луу утсаар залгаж Амаржаргал чинь шүд хугалсан гээд хоёр цагдаа дагуулж орж ирлээ гэсэн. Тэгсэн Энхтуяа хэлэхдээ " Амаржаргалыг гэрт нь оруулж өгөхөд араас ирээд та нар намайг ганцаараанг орхиодог хэн бэ, би цагдаагийн сургуульд сурч байсан, би секрит хийж байсан гээд миний хоолойноос татаад намайг газарт унагаад бид 2 дээр дороо орсон. Тэгсэн Дарханбаатар татаж босгосон ш дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10819 дугаартай
“Р.Амаржаргалын биед үүдэн дээд 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд 10% нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 57/,
Шүүгдэгч Ц.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож байна. Дахин ийм алдаа гаргахгүй. ... гараад найздаа зам зааж өгөөд орж ирэхэд Энхтуяагийн дээр Амаржаргал мордоод суучихсан байхаар нь холдуулаад Энхтуяаг босгоод гарах гэхэд Амаржаргал дайраад байхаар нь цааш нь болгохдоо гараараа ам руу нь 1 удаа цохиод гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/
-хохирогч Р.Амаржаргалын Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Ц.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59-61/, хохирогч, шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 88-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ц.Дын иргэн Р.Амаржаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Ц.Д нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Р.Амаржаргал нь нотлох баримтаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх учир Ц.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Ц.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ