| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2438000000177 |
| Дугаар | 2025/ДШМ/01 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/01
2024 12 25 2025/ДШМ/01
Н.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
|
|
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр Н.Бд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээ сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х” овогт Нийн Б, 000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн У суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РА-000регистрийн дугаартай/.
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын 2 дугаар багийн нутаг Агэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 3м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи-эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х ургийн овогт Нийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нийн Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Kia Seres маркийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хөвсгөл аймгийн Хсумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 3 м.куб шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ч.Алтансүх эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Гэтэл анхан шатны шүүх ...шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ тухайн зүйл хэсэгт заасан ял албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахгүйгээр чөлөөлсөн нь буруу юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг сонгон оногдуулж, түүнийг эдлэхээс чөлөөлж байгаа ойлголт юм.
Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа мөн хэсэгт “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй” гэж өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна. Мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчсөн байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон оногдуулахгүйгээр шууд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжпэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэх заалтыг журамласан ба тухайн зүйл хэсгийн аль тохирох хэсгийг сонгон авч журамлаагүй нь мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэв...” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ агуулгын хувьд эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1.Н.Б нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Хсумын 2 дугаар багийн нутаг Агэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 3м3 босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн 000ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи-эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
2.Прокуророос шүүгдэгч Н.Бын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хоёр өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.
4.Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан ба хэрэв шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд дээрх ял эсхүл албадлагын арга хэмжээний аль нэгийг хэрэглэх учиртай.
5.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь гэмт хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлтээс бүрдэх учиртай бөгөөд энэ хэсэгт хэрэгт авагдсан болон хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан, тухайн хэргийн талаар тогтоовол зохих нөхцөл байдалд хамааралтай бүх мэдээлэл агуулагдсан байдаг.
Иймээс шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, баримт сэлт, эд мөрийн баримт нэг бүрийн талаарх мэдээллийг оруулахдаа агуулгын хувьд алдаагүй, товч, ойлгомжтой, логик зохилдлогоог хангасан байдлаар тусгасан байвал зохих бөгөөд ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх юм.
Нөгөө талаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой болно.
6.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан тул энэ талаар гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ