| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2026/0188/З |
| Дугаар | 128/ШШ2026/0579 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М*******, Г.Ж*******, Б.Г*******, Л.Т*******, П.Э*******,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н******* /цахимаар/, Э.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нарыг газар эзэмших эрхтэй байх хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын зөвшөөрөл авахын тулд тухайн байршилд амьдарч буй иргэдийн 80%-ийн дэмжлэгийг авсан байх шаардлагатай. Тухайн иргэдийн дэмжлэгийг авсан тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой гэж Ж г г ХХК-иас иргэдтэй уулзсаны үндсэн дээр нэхэмжлэгч иргэд дэмжсэн. Уг төслийг дэмжиж нэхэмжлэгч нар хоёр талт гэрээг байгуулсан. Тухайн гэрээг байгуулснаас хойш төслийн талаар мэдээлэл авах боломжгүй байсан. Иргэдийг мэдээллээр хангах нь төр болон төсөл хэрэгжүүлэгч нарын үүрэг. Газрыг чөлөөлж, тухайн цаг хугацаанд цар тахал гарсан тул хүлээсэн. Газар эзэмших эрхийг анх олгохдоо 5 жилийн хугацаатайгаар олгосон. 2020 онд зарим иргэд газар эзэмших эрхийн сунгалт хийлгэсэн. Анх 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг олгосон нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байсныг бид дараа нь мэдсэн. 2003 оноос хойш нийтэд газар
эзэмших эрх олгохдоо хамгийн багадаа 15 жилээр олгож байсан. Тухайн хугацаанд татвараа төлж, сунгалтаа хийлгэж, Ж г г ХХК-ийн ажлыг хүлээж байсан. 2022 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг дурдсан байсан. Зориулалтын дагуу ашиглах боломж байгаагүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь тухайн байршлын бүх айлуудыг нүүлгэж, газар дээр шинээр байшин, барилга барих зорилготой. Айл өрхүүдтэй 4 нөхцөлөөр тохиролцох боломжтой байсан. Нэхэмжлэгч нарын хувьд газраа орон сууцаар солих нөхцөлийг сонгож, Ж г г ХХК-тай хоёр талт гэрээ байгуулсан. 2015 онд Ж г г ХХК нь төсөлд шалгарсан. Нийслэлийн Засаг даргаас тухайн үед төсөл хэрэгжүүлэгчийг иргэдтэй гурван талт гэрээ байгуулахыг даалгасан. Ж г г ХХК-ийн зүгээс хоёр талт гэрээ байгуулсан иргэдтэй гурван талт гэрээг байгуулж, баталгаажуулах ёстой байсан. Гэтэл бидэнд хэзээ гурван талт гэрээг байгуулах талаар мэдээлэл өгөөгүй. Иймд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан. Нэгэнт газрыг чөлөөлсөн тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй. Иймд маргаан бүхий захирамжийг илт хууль бус гэж үзэж байна. гэв.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акттай холбоотой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ирүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар хамтран ажиллах тухай албан бичгүүдээр маргаан бүхий газар нь Монгол Улс болон Оросын холбооны улсуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр төмөр замын мэдэлд байх хамгаалалт, холбооны бүсүүдтэй давхцаж байх тул холбогдох арга хэмжээ авах талаар хүсэлт ирүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хяналт шалгалт явуулж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасны дагуу газраа зориулалтын ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын газруудыг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
3.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор хянан үзэж, хууль зүйн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийлээ.
Хэргийн үйл баримтын тухайд:
5.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.М*******, Г.Ж*******, Б.Г*******, Л.Т*******, П.Э******* нарт тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэний гэр бүлийн ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхээр 5 жилийн хугацаатай шийдвэрлэжээ.
6.Улмаар тус дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Б.Г*******, П.Э*******, Л.Т******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна. Харин нэхэмжлэгч Б.М*******, Г.Ж******* нарын тухайд газар эзэмших эрхийн хугацааг сунгагдаагүй үйл баримт тогтоогдов.
7.Нэхэмжлэгч нарын анх газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргасан өргөдөл, баримтуудыг авч үзвэл:
8.Б.М******* нь газар эзэмших өргөдөлдөө ... Төмөр замын 10-32 тоотод амьдардаг ба өөрийн гэсэн газар эзэмшдэггүй бөгөөд одоо энд амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтэй байна гэж дурдаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн оршин суудаг (эзэмшдэг) гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон хашааны фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг зэргийг;
9.Г.Ж******* нь газар эзэмших өргөдөлдөө ... Тус хороонд 6 жил амьдарч байна. Өнөөдрийг хүртэл амьдарч байгаа газраа өмчилж эзэмшиж чадаагүй өмчлүүлж өгнө үү гэж дурдаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хашааны газрыг эзэмшдэг гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон хашааны фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг зэргийг;
10.Б.Г******* нь өргөдөлдөө ... Төмөр замын 10-12 тоотод амьдардаг тул газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй гэж дурдаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 9 дугаар сарын 08-ны өдрийн хашааны газрыг эзэмшдэг гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон хашааны фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг зэргийг;
11.Л.Т******* нь өргөдөлдөө ... Сармисны хонхорын 4-66 тоотод амьдардаг тул газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй гэж дурдаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хашааны газрыг эзэмшдэг гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон хашааны фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг зэргийг;
12.П.Э******* нь өргөдөлдөө ... Сармисны хонхорын 4-61 тоотод амьдардаг тул газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй гэж дурдаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хашааны газрыг эзэмшдэг гэх тодорхойлолт, амьдардаг болохоо нотолсон фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг зэрэг баримтыг тус тус хавсаргаж гаргасан байна.
13.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Б.М*******, Г.Ж*******, Л.Т*******, П.Э*******, Б.Г******* нар нь уг газарт бодитоор амьдардаггүй, тухайн газарт өмнө нь хүн амьдарч байсан гэх нөхцөл байдал, ул мөр тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суугчаар бүртгэгдээгүй байна.
14.Энэхүү үйл баримт нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2/860 дугаар албан бичгээр[1] шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч нарын эзэмшлийн , , , , дугаар бүхий нэгж талбаруудын 2014, 2015, 2017-2019, 2021, 2022 онуудын агаар, сансрын зургаар нотлогдож байна.
15.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хууль зүйн дүгнэлтийн талаар:
16.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох; гэж Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх байхаар, 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж зааснаар дүүргийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх эрхтэй байна.
17.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 24 дүгээр тогтоолоор[2] баталсан Баянзүрх дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө-нөөс үзвэл, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сармисны хонхор болон Төмөр замын хаягтай байршилд иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна.
18. Мөн нэхэмжлэгч нараас анх газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргасан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны тодорхойлолтууд нь бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдож байна.
19.Тодруулбал, шүүхийн үзлэгээр тухайн газарт хүн амьдарч байсан ул мөр илрээгүй бөгөөд 2014-2022 оны агаар, сансрын зургаар маргаан бүхий нэгж талбаруудад нэхэмжлэгч нар оршин сууж байгаагүй нь нотлогдоно.
20. Түүнчлэн, нэхэмжлэгч нарын заасан хаягууд нь тус хороонд бүртгэлгүй, эрх бүхий байгууллагын тогтоолоор баталгаажаагүй болох нь 12 дугаар хорооны Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 209 дүгээр албан бичгээр[3] тогтоогдов.
21.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн, газрыг чөлөөлсөн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
22.Учир нь шүүхийн үзлэг болон 2014 оноос хойших сансрын зургаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт бодитоор амьдарч, газрыг зориулалтын дагуу огт ашиглаж байгаагүй нь тогтоогдсон тул дахин төлөвлөлтийн төслөөс шалтгаалж газраа ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.
23.Үүнээс үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх-ээр тусгагдаагүй байршилд Б.М*******, Г.Ж*******, Л.Т*******, П.Э*******, Б.Г******* нарт газар олгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хууль бус шийдвэр байжээ.
24.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргаан байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэний зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг. Шүүхээр хамгаалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэг нь зөвхөн хууль тогтоомжийн дагуу, хууль ёсоор үүссэн эрхийг ойлгоно.
25.Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь анхнаасаа хууль зөрчиж үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүх уг хууль бус эрх-ийг сэргээн эдлүүлэх, хамгаалах эрх зүйн боломжгүй юм.
Маргаан бүхий актын үндэслэл болон сонсох ажиллагааны тухайд:
26.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
27.Учир нь иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт хамаарахгүй бөгөөд энэ үндэслэлээр эрхийг дуусгавар болгосон нь буруу гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
28.Мөн хариуцагчаас актыг гаргахаасаа өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан гэх боловч энэ нь мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
29.Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх алдааг гаргасан байх боловч нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь анхнаасаа Газрын тухай хуулийг зөрчиж үүссэн, хууль бус газарт олголт байсан нь хэрэгт авагдсан сансрын зураг, үзлэгийн тэмдэглэл, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргээр тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гаргахдаа гаргасан алдаа нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухайд:
30.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар тухайн бүсийг гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн бүсээр тогтоож, төсөл хэрэгжүүлэгчээр Ж г г ХХК-ийг сонгон баталжээ.
31.Нэхэмжлэгч Б.М*******, Б.Г******* нар нь тус компанитай 2015 оны 4 дүгээр сард Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г байгуулсан байна.
32.Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4.1.7-д "төсөл хэрэгжүүлэгч" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг; 11.2-т Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна. гэж тус тус заажээ.
33.Нэхэмжлэгч Б.М*******, Б.Г******* нарын төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан хоёр талт гэрээний 3.2-т заасан Энэхүү гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар гурван талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байх боловч хуульд заасан гурван талт гэрээ бодит байдалд байгуулагдаагүй байна.
34.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Ж*******, Л.Т*******, П.Э******* нарын тухайд Ж г г ХХК гэрээнд гарын үсгээ зуруулахаар авч яваад буцааж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох баримт байхгүй болохоо зөвшөөрсөн шинжтэй бөгөөд нэхэмжлэгч нараас эрх бүхий байгууллагад хандаж ийм гэрээ байгуулахыг шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүй болно.
35.Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл нь тухайн этгээд хууль ёсоор газар өмчлөгч, эсхүл эзэмшигч байхыг шаардах бөгөөд анхнаасаа хууль бусаар олгогдсон газрыг үндэслэн дахин төлөвлөлтийн хүрээнд хоёр талт гэрээ байгуулсан, эсхүл гэрээ байгуулахаар тохиролцсон гэх үйл баримт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон тухайд:
36.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Б.Г*******, П.Э*******, Л.Т******* нарын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.
37.Харин нэхэмжлэгч Б.М*******, Г.Ж******* нарын тухайд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй байх бөгөөд тэдгээрийн газар эзэмших эрхийн 5 жилийн хугацаа 2019 онд дуусгавар болсон байна.
38.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар сунгуулах хүсэлт гараагүй бол газар эзэмших эрх шууд дуусгавар болдог тул хариуцагчийн 2022 оны дүгээр захирамж гарах үед тэдгээрийн газар эзэмших эрх хуулиар дуусгавар болсон байсан. Захиргааны байгууллага хуулиар нэгэнт дуусгавар болсон эрхийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй боловч, энэхүү актын улмаас нэхэмжлэгч Б.М*******, Г.Ж******* нарын эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
39.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.4-т зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох эсхүл хүчингүй болгоход актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардана. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй тул тэдгээрийн шүүхээр хамгаалагдах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
40.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М*******, Г.Ж*******, Б.Г*******, Л.Т*******, П.Э******* нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТСҮХ