Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 380

 

 “М” ХХК-ийн гомдолтой, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх

Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын

байцаагч Д.Б-д холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Гомдлын шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.Б-н гаргасан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0123051 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0436 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2,  Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай байх тул Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь газрын гаалийн улсын байцаагч нарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай Шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0436 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “...Бүрдүүлэлтийн дараахь газрын...” гэснийг “...Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын...” гэж, 1 дэх заалтын дараа “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дугаар заалтыг нэмж, шийдвэрийн тогтоох 2 дугаар заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.       

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 28/18 тоот удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Б, Б.Б нар М ХХК-ийн 2013-2017 оны гадаад худалдааны болон санхүүгийн бичиг баримтанд үндэслэн гаалийн байгууллагад барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн болно. Шалгалтаар тус компани нь 2013-2017 онд БНХАУ-аас 9 232 828 032 төгрөгийн сэлбэг хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй тул 516 637 808 төгрөгийн гаалийн татвар, 974 946 584 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 1 491 584 392 төгрөгийн нөхөн татварыг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.21-р зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 0123051 тоот Шийтгэлийн хуудсаар дээрх 1 491 584 392 нөхөн татварыг төлүүлэх, мөн 447 475 318 төгрөгийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно. Гэвч тус компани нь дээрх гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 128/ШШ2019/0422 дугаар шийдвэрээр М ХХК-ийн БНХАУ-аас худалдан авч суурилуулсан сэлбэг хэрэгслийн угсарч суурилуулахтай холбоотой үйлчилгээний зардалд ногдох нөхөн татвар, шийтгэлийг хүчингүй болгож үлдсэн импортын сэлбэг хэрэгсэлд ногдох нөхөн татвар, шийтгэл оногдуулах хүртэл гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг түдгэлзүүлсэн.

4. Иймд хариуцагч талаас тус шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 221/МА2019/0436 магадлалаар хариуцагчаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг” ойлгоно гэж заасны дагуу М ХХК-ийн БНХАУ-аас худалдан авч суурилуулсан сэлбэг хэрэгслийн угсарч суурилуулахтай холбоотой үйлчилгээг бараа гэж үзэхгүй, мөн М ХХК-ийн 2013-2017 онд БНХАУ-аас худалдан авсан 9 232 828 032 төгрөгийн сэлбэг хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдсон талаар дурьдснаас бус “импортлосон үйлчилгээг гаалийн байгууллагад мэдүүлээгүй гэх зөрчлийн талаар огт дурьдаагүй тул тайлбар үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн байна.

5. Гэвч хариуцагчаас гомдол гаргахдаа дээрх үйлчилгээ нь сэлбэг хэрэгслийг импортлох, худалдан авахтай холбоотой гарсан зардал, үйлчилгээ тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т заасны дагуу гаалийн үнийг тодорхойлохдоо “тухайн барааг үйлдвэрлэх, Монгол улсад экспортлохтой холбогдуулан ашиглахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг" болох зардлыг гадаад худалдаа, санхүү нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтанд тулгуурлан импортын барааны гаалийн үнэд нэмж тооцох талаар дурьдсан байхад тусад нь үйлчилгээг импортлох утгаар Гаалийн тухай хуульд байгаа “бараа”-ны тодорхойлолтыг буруугаар ойлгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, гаалийн байгууллага үйлчилгээг тусдаа импортлосон асуудалд гомдол гаргаагүй харин барааны өртөгт нэмж тооцогдон гаалийн үнийг хуульд заасны дагуу үнэн зөв тодорхойлж улмаар түүнд ногдох татвар, шийтгэлийг нөхөн төлүүлэх асуудалд гомдол гаргасан болно. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан магадлалыг гаалийн байгууллага дээрх шалтгааны улмаас үл зөвшөөрч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд М ХХК-ийн холбогдолтой асуудлыг дахин хэлэлцүүлэх гомдлыг гаргаж байна.

6. Мөн шүүхийн шийдвэрт М ХХК-ийн БНХАУ-аас худалдан авсан сэлбэг хэрэгслийн болон тус улсад худалдан авсан үйлчилгээний төлбөрийг тусгайлан дурьдаагүйгээс шүүхээс тусад нь ялган зааглаж дүгнэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх талаар дурьдсан тул тус компанийн БНХАУ-аас худалдан авсан 9 232 828 032 төгрөгийн сэлбэг хэрэгслийн үнийн дүнд багтсан 298 578 755 төгрөгийн засвар, үйлчилгээний жагсаалт болон тэдгээрт ногдох 60 457 297 төгрөгийн нөхөн татвар (импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан өртгийн албан татвар), мөн түүнд ногдох 18 137 189 төгрөгийн шийтгэл, нийт 78 594 486 төгрөгийн төлбөрийн тооцоонуудыг гарган хавсралтаар хүргүүлж байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8. Гомдол гаргагч “М” ХХК нь “...Тус компани татвар ногдох бараа импортлоогүй, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-т заасан зөрчлийг гаргаагүй, тус компани хилийн гадна буюу Хятад улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдан авч, уг сэлбэг хэрэгслийг автомашинд суурилуулж засвар үйлчилгээний хөлс төлсөн байгаа. Иймд Хятад улсад худалдан авсан сэлбэг хэрэгсэл, завсар үйлчилгээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэлгүй, эдгээр нь Гаалийн тухай хуулийн 3.1.1-д заасан бараанд хамаарахгүй...” гэж марган, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0123051 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг гаргажээ.

9. Маргаан бүхий, 0123051 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн “М” ХХК-ийн 2013-2017 онуудад БНХАУ-аас худалдан авсан 9,232,828,032 төгрөгийн сэлбэг хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчилд 447,475,318 төгрөгийн торгууль, 1,491,584,392 төгрөгийн нөхөн татвар, нийт 1,939,059,710 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. 

10. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг, 3.1.5-д “тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” гэж тус тус хуульчилжээ. 

11. Мөн, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1-д “Хэлэлцэн тохирогч талууд энэхүү Хэлэлцээрийн дагуу гүйцэтгэж буй хоёр улсын хоорондын авто замын тээвэрлэлтийн явцад дор дурдсан барааг гаалийн татвараас харилцан чөлөөлнө: 1.Бүх төрлийн тээврийн автомашины хөдөлгүүрийг ажиллуулахад тохирох, түлшний савны багтаамжийн хэмжээгээр авч яваа шатахуун; 2.тээвэрлэлтийн явцад зайлшгүй шаардагдах хэмжээний тосолгооны материал; 3.тээврийн автомашины засвар үйлчилгээнд зайлшгүй шаардагдах сэлбэг, багаж хэрэгсэл. Хэрэглэж дуусаагүй шатахуун, материал болон авч яваа багаж хэрэгслийг хилээр буцаан гаргана. Хилээр буцаан гаргахгүй бол тухайн улсын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх, эсхүл зохих бусад арга хэмжээ авна” гэж заасан.  

12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “М” ХХК нь хилийн гадна буюу БНХАУ-ын нутаг дэвсгэрт 2013-2015 оны 1 дүгээр улиралд 4,922,797,057 төгрөгийн, 2015 оны 2 дугаар улирлаас 2017 онд 4,310,030,975 төгрөгийн буюу нийтдээ 9,232,828,032 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг худалдан авсан нь тогтоогдсон бөгөөд гаалийн байцаагч нь уг худалдан авсан сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээнд ногдох 516,637,808 төгрөгийн гаалийн татвар, 974,946,584 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 1,491,584,392 төгрөгийг гаалийн байгууллагад төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэлийн хуудсаар 1,491,584,392 төгрөгийн нөхөн татвар, 447,475,318 төгрөгийн торгууль ногдуулжээ. 

13. Дээрх хууль, хэлэлцээрт заасан зохицуулалтаар “М” ХХК-ийн, улс хооронд ачаа тээвэрлэлт хийх явцад БНХАУ-ын нутаг дэвсгэрт элэгдэл, эвдрэлд орсон хүнд даацын автомашин, чирэгч чиргүүлүүдэд худалдан авсан сэлбэг хэрэгсэл нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “бараа”-нд хамаарах тул Автотээврийн хэлэлцээрт заасан “тээврийн автомашины засвар үйлчилгээнд зайлшгүй шаардагдах сэлбэг, багаж хэрэгсэл”-д хамааруулж гаалийн татвараас чөлөөлөх үндэслэлгүй юм.

14. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдгийг тодорхойлсоны зэрэгцээ 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ” гэж заасан бол, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-д “Гаалийн тухай хууль зөрчиж: 1.1. гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн; ...бол  татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.

15. Иймээс маргаан бүхий 0123051 дугаартай шийтгэлийн хуудсаар, нэхэмжлэгч “М” ХХК-ийн, БНХАУ-ын нутаг дэвсгэрт худалдан авсан автомашины сэлбэг хэрэгслийг “бараа” гэж үзэж, нөхөн татвар, торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасантай нийцсэн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

16. Харин, тус компанийн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хийлгэсэн засвар үйлчилгээ, хүнд даацын автомашин, чирэгч чиргүүлүүдэд худалдан авсан сэлбэг хэрэгслийг угсарч суурилуулсан ажил үйлчилгээ нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т “тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг”  гэж заасанд хамаарахгүй, сэлбэг хэрэгслийн гаалийн үнийг хэлцлийн аргаар тодорхойлохдоо завсар, үйлчилгээний зардлыг оруулан тооцох үндэслэлгүй, иймд маргаан бүхий актаар ногдуулсан 1,491,584,392 төгрөгийн нөхөн татвар, 447,475,318 төгрөгийн торгуулийн төлбөрөөс, нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2013-2017 онуудад хилийн гадна худалдан авсан сэлбэг хэрэгслийг автомашинд угсарч суурилуулахтай холбогдон гарсан засвар үйлчилгээнд ногдуулсан гаалийн татварыг хасч тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

17. Мөн, түүнчлэн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж тус тус зааснаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс, энэ хуульд заасан хугацаанд хамаарах торгуулийг өршөөн хэлтрүүлэх боломжтой юм.

18. Ийм байхад анхан шатны шүүхээс, хилийн чанадад хийгдсэн засвар үйлчилгээний талаарх баримтуудыг нөхөн шалгаж тогтоох боломжгүй гэж дүгнэн, дахин шинэ акт гартал маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

19. Түүнчлэн, нэхэмжлэгч “М” ХХК-иас маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч актаар НӨАТ ногдуулсанд эрх зүйн үндэслэл гаргаж маргаагүй, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй, зөвшөөрсөн атлаа хяналтын журмаар гомдол гаргасан нь хуульд нийцээгүй тул хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

20. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0422 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2019/0436 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1,491,584,392 төгрөгийн нөхөн татвар, 447,475,318 төгрөгийн торгуулиас нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2013-2017 онуудад худалдан авсан сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээнд ногдуулсан гаалийн татварыг хасч, энэ хэмжээгээр төлбөрийг багасгасугай” гэж, 2 дахь заалт нэмж, “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0123051 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс энэ хуульд хамаарах /2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх/ хугацааны торгуулийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж, шийдвэр, магадлалын “2” гэсэн дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА