Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 29

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Г.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг мөн газрын даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаа, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг мөн газрын даргад даалгах”.

Нэхэмжлэгч  Г.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ...2013 оны 06 дугаар сарын 20-с 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл тус хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Засгийн газрын тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нэгдэн нийлж, бүтэц орон тоо шинээр батлагдсан боловч миний эрхэлж байсан хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдаад 1 хүн нэмэгдэж 2 орон тоотой болж батлагдаж ирсэн. Гэтэл намайг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг үндэслэн тус албан тушаалаас чөлөөлж, миний албан тушаалын орон тоонд хуучнаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргаар ажиллаж байсан М.Ганбаатарыг ...томилсон. ...Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалтыг зөрчсөн, мөн миний хүү 3 нас хүрээгүй байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.100.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж ...буруу үндэслэлээр гаргасан дээрх тушаалыг хүчингүй болгож, төрийн албан хаагч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Мөн шийдвэрээ хамгаалахын тулд миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийг өөрчилсөн. ....миний бие нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн ...27.2.1 дэх заалтыг 27.1.2 гэж буруу бичсэн байна. ...эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй учраас Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана гэж үзэж байна. ...Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн нийлж өөрчлөгдөн зохион байгуулагдан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтэс болж чиг үүрэг нь хэвээр үргэлжилж байгаа учраас татан буугдсан биш өөрчлөн байгуулагдсан гэж үзэж байна. ...Иймд Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж өгөхийг шүүхээс хүсч байна... Шүүх хуралдаан болохоос өмнөх өдөр тэтгэмжийн мөнгийг миний данс руу шилжүүлсэн нь сэтгэл санаагаар өөрчлөлт өгөх зорилготой байсан гэж бодож байна. Энэ мөнгө орох талаар надад мэдэгдээгүй... Намайг анх ажилд ороход ажлын байрны тодорхойлолтод 6-аас доошгүй жил ажиллана гэж заагаагүй байсан... Намайг өөр албан тушаалд шилжүүлэх боломж байсан. намайг ажлаас гарснаас хойш Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шинээр 5-6 хүнийг авсан байсан... Би төрийн үйлчилгээний албан тушаалд ч гэсэн ажиллах боломжтой байсан“ гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд татан буугдаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтэц шинээр бий болсонтой холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаалуудыг үндэслэн Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/31 тоот тушаалаар Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргаар ажиллаж байсан М.Ганбаатар, Б/32 тоот тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Дэлгэрмаа нарыг тус тус чөлөөлсөн. Мөн ХХҮГ шинээр байгуулагдаж, орон тоо, бүтэц батлагдсантай холбоотой ХХҮГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны үндсэн зорилгыг тодорхойлж ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталсан. ...шинээр байгуулагдсан ХХҮГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзан М.Ганбаатарыг ХХҮГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилсон. Харин Г.Дэлгэрмаа нь тухайн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын мэргэшил, туршлагыг хангаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэдэг заалтыг үндэслэл болгон Г.Дэлгэрмааг ажлаас чөлөөлсөн болно. ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэгтэй харилцааг зохицуулсан байдаг. Харин Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хөдөлмөрийн харилцааг тодруулбал төрийн жинхэнэ албанд авах, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгаатай холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Иймд ....Г.Дэлгэрмаатай холбоотой хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байгаа гэж үзэж байна. Иймд хариуцагч талаас иргэн Г.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагад туссан Хөдөлмөрийн тухай хуулийн 7.100.1 дэх заалтыг зөрчсөн байна гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна. ...Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг татан буугдсан гэж үзэж байна.  ...НХҮХ-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулсан болно. Дээрх бүх үндэслэлүүдээс дүгнэлт хийж үзэхэд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 тоот тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 7.100.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Би нэхэмжлэгчид баталгааг нь хангаж өгсөн. Нийгмийн халамжийн хэлтсийг татан буугдсан гэж үзэж 6 сарын нэг удаагийн тэтгэлэгийг олгосон тушаалыг гаргасан. Энэ тэтгэлэг өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.Дэлгэрмаагийн данс руу орсон байгаа...” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ганбаатар миний бие ...2004 оноос эхлэн хуучин нэрээр аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон одоогийн шинэ бүтцээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тасралтгүй 13 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэшсэн нийгмийн ажилтан, төрийн жинхэнэ албан хаагч болно. Миний бие 2016 оны шинэ бүтцээр ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт тусгагдсан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр гаргасан ХХҮГазрын даргын тушаалын дагуу мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Миний бие төрийн албыг хуулийн хүрээнд ном журмын дагуу хашиж, сахилгын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй болно. ...Би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын гаргасан тушаалыг хуульд нийцсэн зөв шийдвэр гэж бодож байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан доорх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн “Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /цаашид “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” гэх/-ын дарга С.Ундрах нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал[1]-ыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Дэлгэрмааг тус аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.

Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс[2] нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт хариуцсан мэргэжилтний хоёр орон тоотой боловч нэг мэргэжилтэн /Г.Дэлгэрмааг/-ийг ажиллуулж байсан болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7  дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар  тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудаар батлагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын хавсралтаар Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг[3] дотроо 1. Захиргаа, хяналтын хэлтэс, 2. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, 3. Нийгмийн халамжийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй, үүнээс Захиргаа, хяналтын хэлтэс нь 16 орон тоотой бөгөөд Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний 2 орон тоотой байхаар батласан байна.

Нэхэмжлэгч “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн нийлж өөрчлөгдөн зохион байгуулагдан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтэс болж чиг үүрэг нь хэвээр үргэлжилж байгаа учраас татан буугдсан биш өөрчлөн байгуулагдсан гэж үзэж байна” гэж, хариуцагч “Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг татан буугдсан гэж үзэж байна.  ...НХҮХ-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулсан болно” гэж мэтгэлцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх...)...боловч...” гэжээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар “өөрчлөн байгуулагдсан” гэж нэг төрийн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг нөгөө рүү нь шилжүүлэн нэгтгэх, нийлүүлэх замаар нэг байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах гэсэн агуулгыг илэрхийлж байна. Түүнчлэн “нэгтгэх, нийлүүлэх” гэдэг үгсийн монгол хэлний хэл зүйн талаас нь тайлбарласан тайлбарыг судлахад Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д

  • нэгтгэх” гэх үгийн утгыг “нэг болгох, хамтатгах, нийлүүлэх” гэж,
  • “нийлүүлэх” гэх үгийн утгыг “хамтатгах, нэгтгэх” гэж,

харин “Монгол хэлний их тайлбар толь”-д

  • нэгтгэх” гэх үгийн утгыг тайлбарласан тайлбарууд дотор “аж ахуйг нэгтгэх-олон аж ахуйг нийлүүлэн нэг болгох” гэж,

- “нийлүүлэх” гэх үгийн утгыг “Нэгтгэх, хамтатгах, зорилгоо нийлүүлэх” гэж тус тус тайлбарласан байгаагаас дүгнэхэд “нэгтгэх, нийлүүлэх” гэх үгсүүд нь хоёр болон түүнээс дээш ижил төстэй зүйлсийг нэг болгон өөрчлөхийг хэлжээ.

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоол[4]-ын 3 дахь заалтаар татан буулгасан хэрэгжүүлэгч агентлагуудад “Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар” гэж тусгагдаагүй, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд харъяалах хэрэгжүүлэгч агентлагт “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар” хамаарч байна. Тиймээс удирдах дээд шатны байгууллагынх нь бүтцэд нийцүүлэн Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болгон өөрчлөн байгуулсан гэж ойлгохоор байна.

Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар Г.Дэлгэрмааг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...нийгмийн халамжийн үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлж байсан НХҮХ өөрчлөн байгуулагдсан тул...” гэж, гуравдагч этгээд М.Ганбаатарыг “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/31 дүгээр тушаалд “...нийгмийн халамжийн үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлж байсан НХҮХ... өөрчлөн байгуулагдаж зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн тул...” гэж гаргаж буй шийдвэрүүдийнхээ үндэслэлийг тодорхойлсон зэргээр түүний Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг “...татан буугдсан...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Цаашилбал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт төрийн байгууллага

  •  татан буугдсан,
  • -өөрчлөн байгуулагдсан,
  • өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан

тохиолдолд

  1. цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих,
  2. төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах,
  3. 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор хуульчилжээ[5]. Хэдийгээр хуулийн энэхүү хэсэгт төрийн байгууллага “өөрчлөн байгуулагдсан тохиолдолд... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн зохицуулалт байгаа ч мөн зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан... боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тухайн өөрчлөгдөж буй төрийн байгууллагуудад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байр /орон тоо/, ажиллах нөхцлийг хэрхэн зохион байгуулах талаарх нарийвчилсан зохицуулалт байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь

-нийгмийн халамжийн тэтгэвэр,

-нийгмийн халамжийн тэтгэмж,

-нийгмийн халамжийн үйлчилгээ,

-нийгмийн хөгжлийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байх нь.

Хариуцагч нь шүүх хуралдаанд “Г.Дэлгэрмаагийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргээс 55 хувийг өөр албан тушаалд шилжүүлэн одоо 45 хувь нь хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж мэтгэлцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаанд “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол...” гэсэн байхаас албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн хэдэн хувь байвал чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, эсхүл хадгалагдаагүй гэж үзэх талаарх зохицуулалт байхгүй байна. Тиймээс шүүх доорхи байдлаар албан тушаалуудын тодорхойлолтод тусгасан чиг үүргүүдийг харьцуулж үзсэний үндсэн дээр дараах шийдвэрийг гаргав.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хуучнаар Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн

а. Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь “НХҮХ-ийн үйл ажиллагаа, харъяа байгууллага, Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаа, зөвшөөрөл олгосон гэрээ байгуулсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах” чиг үүргийг[6],  

б. Захиргаа хяналтын албаны дарга нь “Хэлтэс албаны үйл ажиллагааны хэмжээнд үзүүлэх үйлчилгээнүүдийн чанар, хүртээмжид анхаарч хяналт тавин удирдлага, арга зүйгээр хангах, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, Төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах” чиг үүргийг[7] тус тус гүйцэтгэж байсан байна.

Харин одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь уг албан тушаалын гүйцэтгэх ажлын байрны тодорхойлолт[8]-д зааснаар “Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд хяналт шинжилгээ үнэлгээ хийж, санал зөвлөмж боловсруулан удирдлагад танилцуулах” чиг үүргийг гүйцэтгэж ажиллахаар байна.

Дээрх гурван албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг харьцуулан үзэхэд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний гүйцэтгэж байсан “гол үйл ажиллагаа”[9]-наас “нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын байдалд тогтмол хяналт, үнэлгээ хийх” чиг үүрэг нь одоо ажиллаж буй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтын 1.2-т заасан “нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн олголтын байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, санал зөвлөмж гарган удирдлагад танилцуулах” гэх гол үйл ажиллагаатай давхцаж байна. Өөрөөр хэлбэл Г.Дэлгэрмаагийн өмнө эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээс дээрх гол үйл ажиллагаа нь хэвээр хадгалагдан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн байна.

М.Ганбаатарын өмнө нь эрхэлж байсан албан тушаал болох Захиргааны хяналтын албаны даргын албан тушаалын тодорхойлолтод “Халамжийн сангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт улирал тутамд хийх зөрчил дутагдлыг арилгуулах” гэжээ. Харин Г.Дэлгэрмаагийн буюу Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээрх үүргийг өдөр тутам буюу тогтмол хийж гүйцэтгэж байхаар тодорхойлсон байгаагаас дүгнэхэд “нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын байдалд хяналт, үнэлгээ хийх” үйл ажиллагаа нь Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн /Г.Дэлгэрмаа/-ийн албан тушаалд илүү хадгалагдсан, энэхүү албан тушаалтны өдөр тутмын хийж гүйцэтгэх ажилд хамаарч байна.   

Гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар Г.Дэлгэрмааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн нарийвчилсан зохицуулалт байсаар байтал түүнийг хэрэглэлгүй алгасан мөн зүйлийн 27.2.4-т зааснаар /ажиллаж байсан албан тушаалаас/ чөлөөлөх шийдвэр гаргахыг урьтал болгож нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь буруу байна.

Хариуцагч нь “... Г.Дэлгэрмаа нь тухайн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын мэргэшил, туршлагыг хангаагүй... ажлын байрны тодорхойлолтод заасан 6 жил гэсэн шаардлагыг хангаагүй...” гэж, нэхэмжлэгч нь “...хариуцагч тал 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалдаа нийцүүлээд миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарийг өөрчилсөн...” гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолд зааснаар зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөн ажиллаж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд хамаарах албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлан гаргах үүрэгтэй байна. Тиймээс түүний батлан гаргасан Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь хүчин төгөлдөр үйлчлэх баримт бичиг мөн.

Гэхдээ Г.Дэлгэрмаа нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталгаажуулсан “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-ыг батлан гаргахаас өмнө төрийн жинхэнэ албан хаагч[10] болсон байсан байна. Тодруулбал: Г.Дэлгэрмаа нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан байсан тул тус хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаар “Г.Дэлгэрмааг ажилд томилох тухай” тушаалаар уг албан тушаалд томилогдон 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ. Тиймээс нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг эдлэх эрхтэй байна. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталгаажуулсан “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-д заасан шалгуурыг тухайн албан тушаалын орон тоонд шинээр албан хаагч авч ажиллуулах гэж байгаа тохиолдолд харгалзах шалгуур болох юм.  

Өөрөөр хэлбэл хариуцагч нь албан тушаалтныг томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй ч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт албан тушаалын чиг үүргээ хадгалан шилжин ирсэн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд Г.Дэлгэрмааг үргэлжлүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргаж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь “...мөн миний хүү 3 нас хүрээгүй байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.100.1 дэх заалтыг зөрчсөн ... төрийн албан хаагч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү...” гэж мэтгэлцэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэжээ. Төрийн албаны тухай хуулиар бага насны хүүхэдтэй эхийг ажлаас халах, чөлөөлөх тухай асуудлыг зохицуулаагүй байх тул энэ талаарх харилцааг Хөдөлмөрийн хуульд зааснаар шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйл нь “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...-ийг ажлаас халахыг хориглох” гэсэн зохицуулалт байна. Ажлаас халах болон ажлаас чөлөөлөх тухай асуудал нь эрх зүйн хувьд хоёр өөр агуулгыг илэрхийлдэг бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын гаргасан маргаан бүхий захиргааны актаар Г.Дэлгэрмааг ажлаас чөлөөлсөн болохоос халаагүй байна. Тиймээс энд “ажлаас халах” тухай асуудал буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй байна.

2. Нэхэмжлэлийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилохыг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах” гэх шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөхдөө хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хоригложээ.

Түүнчлэн дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нэмэгдэл баталгааг хуульчилсан байна. Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байсан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан боловч тухайн албан хаагчийн ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах, хэрвээ уг орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагч нараас эрх бүхий албан тушаалтан шалгаруулж  авахаар заажээ.  

Нэхэмжлэгч Г.Дэлгэрмаагийн өмнө эрхэлж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2 болон нэмэгдсэн тул тэрээр өмнө эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах давуу эрхтэй. Гэтэл төрийн албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг баталгаа болгон олгосон хуулийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байхад Г.Дэлгэрмааг Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргаар ажиллаж байсан М.Ганбаатарыг томилсон хариуцагчийн шийдвэр хууль зөрчсөн байна[11].

Тиймээс Г.Дэлгэрмааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд “...6 сарын нэг удаагийн тэтгэлэгийг ...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.Дэлгэрмаагийн данс руу орсон байгаа...” гэж, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “Шүүх хуралдаан болохоос өмнөх өдөр тэтгэмжийн мөнгийг миний данс руу шилжүүлсэн нь сэтгэл санаагаар өөрчлөлт өгөх зорилготой байсан гэж бодож байна” гэж тайлбарлаж байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэмэлт баталгаанаас аль нэгийг нь эдлэх боломжтой. Тухайлбал: Шүүх Г.Дэлгэрмаагийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах эрхийг хангасан шийдвэр гаргасан тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас түүний данс руу шилжүүлсэн тэтгэлэгийг мөн газарт буцаан өгөх үүрэгтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.     

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг үндэслэн Г.Дэлгэрмааг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЧИМЭГ

 

[1] Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай.

[2] Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/53 дугаар тушаал /хүчингүй болсон/.

[3] Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор батлагдсан.

[4] ЗГ-ын тухай хууль, ЗГАЭЗБТХ болон УИХ-ын 2016 оны 7  дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” тогтоолыг үндэслэн гаргасан.

[5] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийн  “6 сар”гэснийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар “3 сар” болгон өөрчилж, хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

 

[6] Хэргийн 66-69 дүгээр хуудас. Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт.

 

[7] Хэргийн 79-82 дугаар хуудас. Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын албаны даргын ажлын байрны тодорхойлолт.

[8] Хэргийн 86-88 дугаар хуудас. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт.

[9] Хэргийн 67 дугаар хуудас. Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны гол үйл ажиллагаа” хэсгийн 2.4 дэх хэсэг.

[10] Хэргийн 65 дугаар хуудас. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг.

[11] Энэ талаарх үндэслэлийг өмнө хэсэгт тайлбарласан.