Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00180

 

Ч.Отгонсүрэн, Н.Энхбат нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дүгээр шийдвэр,

  Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалтай,

         Ч.Отгонсүрэн, Н.Энхбат нарын нэхэмжлэлтэй,

         “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох

        Гэм хорын хохиролд Ч.Отгонсүрэнгийн 4.355.800 төгрөг, Н.Энхбатын 170.400 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

    Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн, нэхэмжлэгч Н.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн өмгөөлөгч Ц.Отгонсүх, нэхэмжлэгч Н.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ц.Отгонсүхийн тайлбарт: “2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай 3 давхрын 191 тоотоос ус алдаж “Ус суваг” болон дулаанд дуудлага өгч удтал хүлээсний эцэст дулааны слесарь ирсэн боловч уг байр нь эзэнгүй байр байж таарсан. Энэ айлын паар хагарснаас ус алдсан болох нь тогтоогдсон болно. Манай 3 өрөө байрны угаалгын өрөө, унтлагын өрөө, том өрөөнүүдэд их хэмжээний ус орж тааз ханын обой, шалны паркет норж, ховхрон гэмтэж, чийг хөгц үнэртэй болж их хэмжээгээр хохирол учруулсан тул дахин шинээр засвар хийж, засварыг хувь хүмүүсээр хийлгэсэн ажлын хөлс 1 800 000 төгрөг, хоолны мөнгө 125 000 төгрөг, материалд 2 430 500 төгрөг нийт 4 355 800 төгрөгийн зардал гарсан ба уг хохирлыг барагдуулах талаар Н.Энхбаттай удаа дараа холбоо барьж мэдэгдсэн боловч уг хохирлыг барагдуулах санаагүй байгаа тул учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

        Нэхэмжлэгч Н.Энхбатын нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн гаргасан тайлбарт: “Миний өмчлөлийн орон сууцанд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эзэнгүй байх үед халаалтын шугам хоолойгоор даралттай халуун ус шахагдаж, үүний улмаас унтлагын өрөөний паар хагарч ус алдагдсан. Ийнхүү их ус алдсан паар хагарсан нөхцөл байдал нь нийтийн халаалт зогсоод 1 сар шахам болж дулааны улирал эхэлсэн 6 дугаар сарын 12-ны өдөр дулааны шугам хоолойгоор гэнэт даралттай халуун ус шахагдаж үүний улмаас манай сууцны өрөөний паар хагарсан байгаа нь хэн нэгэн дотор нь санаатай, эсвэл санамсар болгоомжгүй ямар нэгэн үйлдлээрээ паарыг хагалсан бус харин “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн байрны үзель дэх хаалтаа шалгахгүйгээр даралттай халуун усыг шахсан. Иймээс иргэн миний орон сууцанд болон доод 2 дугаар давхрын айл, 1 давхрын эмийн сан байрлах хэсэгт учирсан хохирлыг арилгуулах үүнтэй холбоотойгоор буруутай этгээд, албан тушаалтан, ажилтныг тодорхой болгох үүднээс “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй. Иймд “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-иас хагарсан паарыг янзлуулах үйлчилгээний хөлс 70.400 төгрөг, Эрдэнэт-Дарханы хооронд хувийн унаагаар зорчиход зарцуулсан шатахууны зардалд 100.000 төгрөг, нийт 170.400 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батжаргал нарын гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч “2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 15 минутад хэрэглэгчийн албаны шуурхай үйлчилгээний ээлжийн ахлагч н.Нэргүйд Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 5 дугаар хороолол, 4-1-191 тоотоос ус алдаж байгаа тухай дуудлага ирсний дагуу слесарь Б.Шинэ-Од, н.Хайдав нар тус хаягийн дагуу яаралтай очиж холбогдох арга хэмжээ авахаар очиход тус байрны үзелийн подвалын түлхүүр олдохгүй, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны даргын гар утас нь холбогдохгүй, ус алдаж байгаа айлд хүн байхгүй байсан. Ус алдаж байгаа гэсний дагуу слесарь Б.Шинэ-Од цаг хугацаа алдахгүйгээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, бусад айлуудад хохирол учруулахгүйн тулд тухайн нөхцөл байдалд подвалийн төмөр хаалга дээд хэсгээрээ сэтэрхий байсныг ашиглан нааш нь татаж, хэрэгцээний халуун усны хаалтыг хааж ус алдалтыг таслан зогсоосон. Гэтэл төд удалгүй мөн өдрийн 12 цаг 45 минутад дахиад ус гоожоод байгаа талаар дуудлага ирэхэд халаалтын хоёр босоо шугам дээр юүлсэн. Орон сууцны узель цоожтой тохиолдолд сараалж нүхээр орох нь хүний амь нас эрүүл мэнд хохирох эрсдэлтэй тул хориотой байдаг. Дархан сумын 9 дүгээр баг 5 дугаар хорооллын 4-1 дүгээр байрны 191 тоот айлын харалдаах дулааны зангилаанд тавигдсан Ду 80/16 ата-н хаалтыг шалгаж үзэхэд 2015 онд засвар үйлчилгээ хийсэн, барьдаг хаалт тавьсан байсан. Н.Энхбатын халаах хэрэгсэл рүү халуун ус нэвтэрч орсон нь гадны иргэд барьдаг хаалтыг хааж нээхдээ дутуу хаасантай шууд холбоотой гэж үзэж байна. Халуун ус нь горимын тооцоогоор 5 ата-н даралттай халаах хэрэгслийн ажлын даралтаас бага байсан. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах үүднээс айл өрх аж ахуйн нэгжүүдийг дулааны шугам хоолой, тоноглолдоо засвар үйлчилгээ хийхийг урьдчилан сануулж засварын шаардах хуудсыг жил бүр олгож зүй ёсны шаардлага тавьдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж хэрэглэгчдийн үүргийг шууд зааж өгсөн байдаг. Н.Энхбатын орон сууцны халаах хэрэгсэл буюу паар нь хуучирч муудсаны улмаас хагарч ус алдсан байсан. Тус орон сууцны халаах хэрэгсэл нь цоорсон, абро цавуугаар цавуудаж тогтоосон байдалтай байсан. Н.Энхбатын орон сууцны халаах хэрэгсэл хагарч ус алдсан нь манай компанийн горимын ажиллагаанаас шууд хамаарахгүй, Н.Энхбатын халаах хэрэгслийн стандартын шаардлага хангасан байх үүргээ биелүүлээгүйгээс ус алдаж түүний улмаас Ч.Отгонсүрэнд хохирол учирсан гэж үзэж байна. Иймд Ч.Отгонсүрэн, Н.Энхбат нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас 1.215.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнд, 35.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхбатад олгож, нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн нэхэмжлэгийн шаардлагаас 3.140.400 төгрөг, нэхэмжлэгч Н.Энхбатын нэхэмжлэлийн шаардлагаас 35 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.642,80 төгрөг, нэхэмжлэгч Н.Энхбатын 5.761 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 33.719 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнд, 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Энхбатад тус тус олгож шийдвэрлэжээ.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н.Энхбатыг хариуцагчаар татсанаа татгалзаж бичгээр хүсэлт /хх-ийн 100 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Хариуцагчийг солиогүй тул Н.Энхбат нь хариуцагч хэвээрээ байгаа бөгөөд энэ тохиолдолд түүнийг хамтран хариуцагч гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг шийдэх учиртай. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй, хариуцагч Н.Энхбатын эрх зүйн байдал нь хэрхэн өөрчлөгдсөн нь ойлгомжгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т зааснаар магадлалыг эс зөвшөөрч гомдлоо гаргаж байна. Гомдлын үндэслэл нь: Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн миний бие анх нэхэмжлэл гаргахдаа иргэн Н.Энхбатыг хариуцагчаар татаж, энэ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагчийн гаргасан хариу тайлбар, мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт зэргээс “Дархан дулааны сүлжээ” ТӨХК /ДДС/ нь буруутай болох нь мэдэгдсэн тул 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандан тус компанийг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ гарган “Дархан дулааны сүлжээ” ТӨХК хариуцагч болсон. Үүний дараа хэргийн баримтуудтай танилцан, ялангуяа шинжээчийн дүгнэлтээс “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаа болох нь нэгэнт тодорхой болсон тул, хариуцагч иргэн Н.Энхбат нь мөн хохирогчийн хувиар “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг шүүхэд өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нөхцөл байдлаас өмгөөлөгчтэй зөвлөлдсөнөөр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ ...иргэн Н.Энхбатыг хариуцагчаар татсанаасаа татгалзаж” энэ тухай бичгийн өргөдөл /хх-ийн 100 дугаар талд/ шүүхэд гаргасан, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч миний эрх хэмжээний асуудал юм. Иймээс иргэн Н.Энхбат хариуцагч биш болж, харин “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь дангаараа хариуцагч болсон, улмаар иргэн миний бие болон нэхэмжлэгч иргэн Н.Энхбат бид адилхан нэхэмжлэгч болохын хувьд “хэргээ нэгтгүүлэх”-ээр шүүхэд хүсэлт гарган, энэ дагуу шүүхээс хэргийг нэгтгэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний бие хуульд заасан эрхийн дагуу нэмж хариуцагч татаж оролцуулсан ба 2 хариуцагчтайгаар ажиллагаа явагдаж байх явцад нэг хариуцагчаас татгалзсан бөгөөд энэ нь “хариуцагчийг солих” тухай асуудал огт биш, хариуцагчийг солих гэдэг нь нэг цаг үед нэг зэрэг нэг хариуцагчтай байсан бол түүнийгээ өөр хариуцагчаар солих процесс ажиллагаа бөгөөд би “хариуцагч солих тухай” хүсэлт санал гаргаагүй, шүүхийн зүгээс ч ийм ажиллагаа хийгээгүй, хийгдэх шаардлага үүсээгүй болно. Ийм байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Нэхэмжлэгч, хариуцагчийг солих” гэсэн хуулийн заалтыг баримтлан илэрхий буруу үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш гарсан болох нь нотлогдож байна. Иймд Дархан Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн буруу, алдаатай шийдвэрийг давж заалдсан асуудлыг мөн хамтад нь залруулж шийдвэрлүүлэх тухай гомдлыг хянан шийдвэрлэж өгнө үү.                                              

           Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д "Гэм хор учрах үед түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно” гэж дүгнээд нэхэмжлэгч нарын өөрийн буруугаас хэмээн ийнхүү хохирлыг бууруулсан нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, дээрх хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн болно. Гомдлын үндэслэл: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: 1. Шүүх ийнхүү үнэлэлт дүгнэлт өгөхдөө нэхэмжлэгч иргэн Н.Энхбатын паар хагарсан нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8 дахь заалтыг хангаж ажиллаагүй гэж дүгнэсэн нь илэрхий үндэслэлгүй, улмаар үүнээс хамаарч нэхэмжлэгч нар буруутай хэмээн үзэж нэхэмжлэгч иргэн Ч.Отгонсүрэн миний эрхийг зөрчиж, хохирлыг бууруулж шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай, өөрөөр хэлбэл ийнхүү хохирол учрахад иргэн миний ямар нэг буруу байгаагүй болно. Тухайн ус алдагдсан асуудал нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болсон үйл явдал бөгөөд энэ нь халаалт зогссонтой холбоотойгоор “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь ээлжит засварын ажлаа гүйцэтгэх зорилгоор 6 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл 4 хоног “0” зогсолт хийсний дараа залгахдаа халаалт зогссон учир халаалтын шугам хоолойгоор ус шахахгүй харин хэрэгцээний халуун ус шахах байтал даралттай халуун усаа халаалтын шугам хоолой руу залгасан болох нь тогтоогдсон байдаг. Иймд тус байгууллагын энэхүү буруутай үйлдэлд хэрэглэгч буюу нэхэмжлэгч нар буруугүй улмаар иргэн Ч.Отгонсүрэн миний өөрийн ямар нэг буруу гэх зүйл тогтоогдоогүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч иргэн Н.Энхбатын хувьд ч халаалт зогссон үед буюу Эрчим хүчний тухай хуульд заасан “халаалтын бус улирал”-д компани үйл ажиллагааныхаа хүрээнд “0” зогсолт хийсний дараа усаа залгахдаа хэрэгцээний шугамаар явах даралттай халуун усыг халаалтын шугамд залгасан буруутай үйлдлээс хамаарч айл өрхийн паар хагарсан байгаа тул халаалтын бус улиралд хагарсан нь энэ үйл явц нь хэрэглэгчийн бус харин тус “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн буруу болох нь нотлогдож байна. Иргэн П.Энхбатын хувьд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д "хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, баталгаажилтыг бүрэн хариуцах үүрэгтэй ” гэсэн заалтыг хангаж ажиллаагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл ийнхүү асуудал үүсэхээс 1 сар гаруйн өмнө буюу 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалт эхэлж 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр халаалт зогсох хүртэл хугацаанд паар хагараагүй хэвийн, найдвартай ажиллагаатай байсан нь нотлогдож байна. Ийнхүү “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанаас даралттай халуун усны халаалтын шугам хоолой руу залгах ёсгүй байтал залгасан буруутай үйлдлээс болсон байхад хуулийн зүйл заалтаар хэрэглэгч шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ажиллаагүй гэж дүгнэсэн нь илэрхий буруу, иймээс нэхэмжлэгч нар буруугүй байхад шүүх ийнхүү нэхэмжлэгчийн хохирлыг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч миний хохирлыг буруутай этгээд болох “Дархан дулааны сүлжээ’ ТӨХК-иас бүрэн гаргуулахаар шүүхийн шийдвэрийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

   Нэхэмжлэгч Н.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалыг нэхэмжлэгч иргэн Н.Энхбат эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх хэргийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд, бүрэн дүүрэн, үнэн зөвөөр, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эд хөрөнгөнд “Дархан дулааны сүлжээ” ТӨХК /ДДС/-ийн буруутай үйл ажиллагаанаас гэм хор учирсан, мөн нэхэмжлэгчдийн өөрсдийнх нь болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд Иргэний хуулийн 497, 510, 514 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон хариуцах гэм хорын хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хэрэгт “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ гаргасныг шүүх хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн тогтоолоор /хх-ийн 65 хуудас/ “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Н.Энхбатыг хариуцагчаар татсанаа татгалзаж" бичгээр хүсэлт /хх-ийн 100 дугаар хуудас/ гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах зэрэг процессын үйл ажиллагааг зөв, оновчтой хийгээгүйгээс Н.Энхбатын эрх зүйн байдал ойлгомжгүй байна. Хариуцагчийг солиогүй тул Н.Энхбат нь хариуцагч хэвээрээ байгаа бөгөөд энэ тохиолдолд түүнийг хамтран хариуцагч гэж үзэж түүнд холбогдох нэхэмжлэлийг шийдэх учиртай. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй, хариуцагч Н.Энхбатын эрх зүйн байдал нь хэрхэн өөрчлөгдсөн нь ойлгомжгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна” гэсэн дүгнэлтийг хийлээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно гэжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн нь анх нэхэмжлэл гаргахдаа иргэн Н.Энхбатыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, хариуцагч Н.Энхбат нь “ ... гэм хорын хохирол учрахад би буруугүй, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй” гэж маргасан ба энэ явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хэрэгт “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ гарган “Дархан дулааны сүлжээ” ТӨХК хариуцагч болсон. Энэ хэргээс тусдаа иргэн Н.Энхбат нь хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан "гэм хорын хохирол” шаардсан нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй болно. Дээр дурдсанаар хариуцагчаар иргэн Н.Энхбат болон “Дархан дулааны сүлжээ” ТӨХК тус тус оролцон 2 хариуцагчтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч иргэн Ч.Отгонсүрэн нь “иргэн Н.Энхбатыг хариуцагчаар татсанаа татгалзсан” бичгийн баримт /хх-ийн 100 дахь талд/-ыг шүүхэд гаргасан ба хариуцагчаасаа татгалзах нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх бөгөөд энэ нь хариуцагчийг солих тухай асуудал биш тул үүнийг шүүх шийдвэрлэхгүй болно. Харин шүүх иргэн Н.Энхбатад холбогдуулан хариуцагчийн хувьд ажиллагаа явуулах шаардлагагүй болж, ингэснээрээ нэхэмжлэгч Н.Энхбат хариуцагч биш тул шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлээ иргэн Ч.Отгонсүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй нэгтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх болсон. Эдгээр нөхцөл байдал нь иргэн Н.Энхбат хариуцагч биш, харин “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь энэхүү 2 нэхэмжлэгчийн нэхэмжлэлүүдийн хувьд тус тус хариуцагч нь байх үйл баримт хэрэгт авагдсан байгаагаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа болно. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул хүчингүй болгож, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дүгээр шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлын дагуу тухайн алдаатай шийдвэрийг мөн залруулж, зөвтгөн шийдвэрлүүлэх тухай гомдлыг хамтад нь хянан шийдвэрлэж өгнө үү.

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: 1.“Дулааны шугам сүлжээний ашиглалтын зааврын 2-66-ийн “в”-д зааснаар халаах хэрэгсэл нь 7.5 ата даралтыг тэсвэрлэх шаардлагатай гэсэн байхад 6.5 ата даралттай ус шахсанаас Н.Энхбатын өмчлөлийн орон сууцны паар хагарсан нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д “хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, баталгаажилтыг бүрэн хариуцах үүрэгтэй” гэсэн заалтыг хангаж ажиллаагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнээд, үүнийгээ үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах үед түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно" гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гэм хорын хохирлыг бууруулж шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү дүгнэлт үндэслэлгүй болох тухайд: 1. Нэхэмжлэгч Н.Энхбатын орон сууцны паар хагарсан энэ үйл явц нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буюу “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь халаалтын улирал дууссантай холбоотойгоор Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдөр хүртэл 4 хоног “0” зогсолт хийж, өөрийн шугам хоолойдоо засвар хийгээд тухайн 12-ны өдөр даралттай ус шахсантай холбоотой паар хагарсан гэдэг нь зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр бүрэн дүүрэн тогтоогдсон, шүүхийн зүгээс ч ийнхүү үнэлж дүгнэсэн үйл баримт юм. Гэвч шүүх “Ашиглалтын зааварт заасан халаах хэрэгсэл 7.5 ата даралт тэсвэрлэх шаардлагатай байхад Н.Энхбатын паар 6.5 ата даралттай ус шахахад даралт тэсвэрлээгүй ” энэ нь “Эрчим хүчний тухай хуулийн 30.8 дахь заалтыг хэрэглэгч хангаж ажиллаагүй" гэсэн хариуцагч нэг талын тайлбарт үндэслэн бодит нөхцөл байдал болон маргаан бүхий үйл явцын буруу, халаалтын болон халаалтын бус улирал гэх зэрэг хуулийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн, харьцуулж үнэлэхгүйгээр нэхэмжлэгчийн өөрийн буруутай гэсэн дээрх үнэлэлт дүгнэлтийг өгсөн нь дараах байдлаар үндэслэлгүй болно. Үүнд: а/Тухайн орон сууцны паар хагарсан 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нь “Эрчим хүчний тухай хууль”-ийн 3.1.5-д заасан “Халаалтын улирал” биш, халаалт зогссоноос 1 сарын дараах цаг хугацаанд болж буй үйл явц тул, өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл халаалтын улирал үргэлжилж энэ хугацаанд орон сууцны айл өрхийн халаалтын шугам хоолойд даралттай халуун ус шахагдан халаалт өгч байх ёстой бөгөөд энэ хугацаанд паар хагарвал хэрэглэгч өөрийн шугам хоолойны хэвийн байдлыг хангаж ажиллаагүйн гэж үзэх ба тухайн 6 дугаар сарын 12-ны өдөр бол халаалтын улирал дуусаад 1 сар болсон байгаа учир даралттай халуун ус шахагдах ёсгүй, иймээс “ДДС” ТӨХК хэрэгцээний халуун ус шахахдаа халаалтын шугам хоолой руу даралттай халуун усыг шахсан нь тогтоогдсон тул хариуцагчийн буруугаас ийнхүү даралттай ус шахсан байхад “6.5 ата даралт тэсвэрлээгүй нь нэхэмжлэгчийн буруу” гэж үзэх үндэслэлгүй, энэ нь “халаалтын улирал” бус тул хэрэглэгчийн буруу биш болох нь нотлогдож байна. б/Мөн “Эрчим хүчний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “халаалтын улирал” гэж тодорхойлсон тэр хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд даралттай халуун ус шахагдсаар байхад нэхэмжлэгчийн орон сууцны паар хагараагүй байна, тэгэхээр хэрэглэгчийн паар шаардлага хангаж байсан нь үүгээр бүрэн нотлогдох ба шүүх хэрэглэгчийг хуульд заасан үүргээ хангаагүй гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийг ийнхүү Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтыг хангаж ажиллаагүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй, үүгээрээ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь тогтоогдож байна. Иймээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь ажлын шаардлагаар хэрэгцээний халуун усыг 4 хоног зогсоосны дараа буцаан залгах үедээ хаалтуудыг шалгаагүйгээс халаалтын шугам хоолой руу халуун ус орсон нь тогтоогдсон, энэ нь Сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан “Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй нь шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа, энэхүү дүгнэлтээсээ эсрэг байдлаар буюу нотлогдож тогтоогдоогүй, хэрэгт ямар нэг баримт авагдаагүй асуудлаар нэхэмжлэгч иргэн Н.Энхбатын өөрийн буруугаас Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хохирлыг бууруулж шийдвэрлэсэн нь хууль бус байгааг бүхэлд нь хянан үзэж, зөвтгөн шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1271 дүгээр шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгч иргэн Н.Энхбатын өөрийн буруугүй байхад хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйл "Гэм хор учрах үед түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах хохирлын хэмжээг багасгаж болно” гэснийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгааг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

         Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн нь анх Н.Энхбатад холбогдуулан гэм хорын хохиролд 4.355.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг татсан ба үүний зэрэгцээ  Н.Энхбат нь “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулж гэм хорын хохиролд 170.400 төгрөг гаргуулахаар тусдаа нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн шүүхийн тогтоолоор хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн нь “...их хэмжээний ус алдсанаас  учирсан”  гэм хорын хохиролд 4.355.800 төгрөг, нэхэмжлэгч Н.Энхбат нь “...халаалт зогссоноос хойш халаалтын шугам хоолойгоор даралттай ус алдагдаж паар хагарсныг солиулсан зардал” гэж  170.400 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нь “0” зогсолтын сүүлийн өдөр байсан... жилд 1 удаа төлөвлөгөө гаргаж халаалтын системийг цэвэрлэдэг. ... тухайн өдөр 48 градустай, 6,5 АТА даралттай ус шахсан байдаг, энэ нь стандарт хэмжээ бөгөөд халаах хэрэгсэл нь 7,5 АТА даралтыг тэсвэрлэх шаардлагатай байдаг. Нэхэмжлэгч Н.Энхбат Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй буруутай гэж маргажээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн анх Н.Энхбатад холбогдуулж гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч Н.Энхбат гэм хорын хохирол учрахад би буруугүй учир буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж маргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ хэрэгт “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт /хх-ийн 63/ гаргасныг шүүх хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн тогтоолоор /хх-ийн 65/ “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н.Энхбатыг хариуцагчаас татгалзаж бичгээр хүсэлт /хх-ийн 100/ гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах ажиллагааг зөв, оновчтой хийгээгүйгээс Н.Энхбатын эрх зүйн байдал ойлгомжгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

           Өөрөөр хэлбэл, хариуцагчийг солисон тухай баримт хэрэгт авагдаагүй байхад Н.Энхбатыг хариуцагч хэвээрээ гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хамтран хариуцагч буюу Н.Энхбатад холбогдох нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хариуцагч н.Энхбатаас татгалзсан тухай хүсэлтийг хангасан эсэх нь тодорхойгүй, хариуцагч Н.Энхбатын эрх зүйн байдал нь хэрхэн өөрчлөгдсөн нь ойлгомжгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчсөн” гэж дүгнээд, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас 1.215.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнд олгож, нэхэмжлэгийн шаардлагаас 3.140.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж хуульд заасан байх тул  Н.Энхбатын 191 тоот айлын паарны халуун ус алдсанаас учирсан хохиролд нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнг буруутай гэж дүгнэж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн, нэхэмжлэгч Н.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 193 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Отгонсүрэн, нэхэмжлэгч Н.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Энх нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Нэхэмжлэгч Ч.Отгонсүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64.796 /жаран дөрвөн мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөг, нэхэмжлэгч Н.Энхбатын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.706 /дөрвөн мянга долоон зуун зургаан/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН