| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2023/03628/И |
| Дугаар | 191/ШШ2025/07071 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/07071
2025 08 29 191/ШШ2025/07071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ...... дүүрэг, ....... хороо, ........ тоот хаягт оршин байрлах ОО ХХК /РД:2734745/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ....... дүүрэг, ........ хороо,........... хаягт оршин байрлах ЖИ ХХК /РД:2087626/,
хариуцагч: ........ дүүрэг, ....... хороо, .......... байр, ....... тоот хаягт оршин суух Б овогт Н.З /РД:ЧЛ62011011/ нарт холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 42,894,017.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...ЖИ ХХК, Н.Зт нар нь ОО ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг, сарын 3.0 хувийн хүүтэй, 224 хоногийн хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байр, 5 давхрын хэсэг тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар БГ20/165 дугаартай барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 4.2.1-д Үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг сар бүр Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх ба зээлдүүлэгчээс зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэх гэж, 4.2.2-т Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг тохиолдолд энэхүү гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөх гэж, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу зээлийг хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлэн төлсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран төлөх үүргийг хүлээсэн.
Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээний төлөлт хийгээгүй болох нь өөр зээлийн маргаан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаартай магадлалаар нотлогдоно.
Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 20,613,691.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,325.60 төгрөг, нийт 42,894,017.59 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд ЖИ ХХК, Н.Зт нараас зээлийн гэрээний үүрэгт 42,894,017.59 төгрөгийг гаргуулж, ЖИ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байр, 5 давхрын хэсэг тоот хаягт байрлах 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. ... гэжээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...үндсэн зээлийн үлдэгдэл 18,500,821.92 төгрөг, гэрээний хугацаанд хамаарах хүү 4,418,630.06 төгрөг нийт 22,919,451.98 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Энэ төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй.
Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.1.2, 2.1.3-т заасан хугацаа дууссан байхад 2 жилийн дараа шүүхэд хандаж, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож нэхэмжилсэн байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Түүнчлэн энэ хугацаанд дэлхий нийтээр үүссэн цар тахлын үеийн нөхцөл байдал нь улс орны нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж манай компанийн үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний алдагдал, хохирол учруулсан тул Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус харгалзан үзнэ үү. ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: ОО ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, ОО ХХК болон ЖИ ХХК, Н.Зт нарын хоорондох 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн БГ20/165 дугаартай Барьцааны гэрээний хувилсан хувь, ЖИ ХХК-иас ОО-д гаргасан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 001/ дугаартай хүсэлтийн хуулбар, ОО-ын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн бэлэн бус зарлагын баримтын хувилсан хувь, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн тооцоолол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаартай магадлалын хуулбар /хх 3-33, 61, 71/-ыг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: ЖИ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас татсан хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар /хх 35, 46-47, 55-58, 74, 81/-ыг гаргаж өгсөн.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ОО ХХК нь хариуцагч ЖИ ХХК, Н.Зт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,894,017.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...ЖИ ХХК, Н.Зт нартай 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг, сарын 3.0 хувийн хүүтэй, 224 хоногийн хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ЖИ ХХК-тай мөн өдрийн БГ20/165 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, тус компанийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 давхрын хэсэг хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар 2020 оны 10 сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 20,613,691.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,325.60 төгрөг нийт 42,894,017.59 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ... гэжээ.
3. Хариуцагч ЖИ ХХК, Н.Зт нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 22,919,451.98 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрсөн боловч үлдэх хэсгийг нь эс зөвшөөрч, дараах байдлаар татгалзсан. Үүнд:
...зээлийн гэрээний хугацаа 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөр дууссан атал 2 жилийн дараа шүүхэд хандаж, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцсоныг зөвшөөрөхгүй. Түүнчлэн энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллийн улмаас манай компани үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй байсан. ... гэжээ.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талууд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч ОО ХХК нь 20,000,000 төгрөгийг 224 хоногийн хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэйгээр шилжүүлэх, зээлдэгч ЖИ ХХК, Н.Зт нар нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 11-14/
4.2. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГ20/165 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр ЖИ ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 давхрын хэсэг хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
4.3. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч Н.Зтын Худалдаа, хөгжлийн банк дахь 499037113 дугаарын дансанд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлдэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 1,499,178.08 төгрөгийг буцаан төлжээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших хугацаанд эргэн төлөлт хийгдээгүй асуудлаар маргаагүй. Харин хариуцагчийн хувьд өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүйгээ тайлбарлаж, хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан.
6. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7. Талууд гэрээг бичгээр байгуулж, гэрээний 2.1.1, 2.1.2-т төлөгдөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
8. Түүнчлэн зээлдэгчээс буцаан төлсөн 1,499,178.08 төгрөгийг гэрээний 2.7-д заасны дагуу зээлийн хүүнээс хасаж тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна. /хх 19/
9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран хүү шаардах эрхтэй.
10. Өмнө нь талуудын хоорондох бусад 8 удаагийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаартай магадлал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 20-33/
11. Эндээс үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс ...хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 25,582,470 төгрөгийг талуудын хоорондох 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт тооцож, Мерседес Бенз С550 маркийн тээврийн хэрэгслийг нь буцаан шилжүүлсэн... гэсэн тайлбарыг өгч байсан боловч уг тайлбараа нотлоогүй учир давж заалдах шатны шүүхээс 25,582,470 төгрөгийг талуудын хоорондох 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ20/241 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт тооцож дүгнэсэн байна.
12. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаар бүхий гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хамтад нь гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчид энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон гэх ойлголтыг төрүүлж байжээ.
13. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж тус тус заасан. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй нөхцөл байдал гэдэгт хууль эрх зүйн болон бодит хэлбэрээр үүрэг гүйцэтгэхэд саад болох нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаан, ноцтой төөрөгдөл зэргийг хамааруулж ойлгоно.
14. Иймд хариуцагч нараас 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт /үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 06-наас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн үлдэгдэл 5,602,190.77 төгрөг/ нийт 25,602,190.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
15. Хэдийгээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ЖИ ХХК-д олгосон байх боловч уг гэрчилгээнд талуудын хоорондох 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаартай Зээлийн гэрээний талаар тусгагдаагүйн сацуу нэхэмжлэгчийн хувьд дээрх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болохыг дурдъя. /хх 47/
16. Дээрх үндэслэлээр хариуцагч ЖИ ХХК, Н.Зт нараас зээлийн гэрээний үүрэгт 25,602,190.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОО ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,291,826.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд ЖИ ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 давхрын хэсэг хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
17. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хуваарилан хариуцууллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЖИ ХХК, Н.Зт нараас 25,602,190.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОО ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,291,826.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд ЖИ ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 давхрын хэсэг хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 356,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН