2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/07364

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 05 191/ШШ2025/07364

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: .......дүүрэг,..........хороо, ............ оршин байрлах Мш ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: .......... дүүрэг, ...... хороо, .......... давхар хаягт оршин байрлах С ХХК /РД:....../-д холбогдох,

 

нэхэмжлэлийн шаардлага: 70,266,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр өөрийн эзгүйд шүүх хуралдааны хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Манай компани нь С ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх 20/19-01 дугаар гэрээг байгуулан нийт 1,194,266,300 төгрөгийн үнэ бүхий Барилгын шилэн ба металл фасад, цонх хаалга угсарч гүйцэтгэх ажлыг гэрээнд заасны дагуу батлагдсан зураг, төсөв, стандартын дагуу хийж хүлээлгэн өгсөн.

Улмаар захиалагч тал болох С ХХК-ийн зүгээс төлбөрийн үлдэгдэл 70,266,300 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/160 дугаар Өглөгийн тулган баталгаажуулах захидал гэсэн албан бичгийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 70,266,300 төгрөгийг баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл тухайн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байгаа болно.

Иймд хариуцагч С ХХК-иас 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх 20/19-01 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 70,266,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Манай компани нь Ажил гүйцэтгэх 20/19-01 дугаартай гэрээний төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд арилжааны 5 банкаар дамжуулан нийт 13 удаагийн гүйлгээгээр төлж барагдуулсан, ямар нэгэн гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй болно. Ийнхүү гэрээний төлбөрийг төлж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А/160 дугаар Өглөгийн тулган баталгаажуулах захидлыг нэхэмжлэгч компанид илгээсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өглөгийн тулган баталгаажуулах захидлын хавсралт хэсэг болох авлагын үлдэгдлийн мэдэгдлийг бөглөж баталгаажуулсан гэх агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэлд хавсаргасан байна. Гэвч өглөгийн тулган баталгаажуулах захидал нь манай компанийн зүгээс явуулсан албан бичиг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус албан бичгийн хавсралт хэсгийг бөглөж явуулсан нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Манай компанийн зүгээс тус хавсралт хэсэгт бөглөсөн 70,266,300 төгрөгийн авлагыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан зүйл байхгүй болно.

Мөн ажил гүйцэтгэх гэрээний 6.4 дэх хэсэгт талууд гэрээтэй холбоотой шаардлагыг харилцан бичгээр гаргахаар тохиролцсон. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талаас манай компанид авлага барагдуулах, тооцоо нийлж, акт үйлдэх зэрэг албан бичиг хүргүүлж авлагатай гэдгээ мэдэгдэж байсан удаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Мш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Мш ХХК болон С ХХК-ийн хоорондох 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20/19-01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, тооцоо үлдэгдлийн баталгааны хуулбар, С ХХК-иас Мш ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/160 дугаартай Өглөгийн тулган баталгаажуулах захидал нэртэй албан бичгийн хуулбар, хавсралтын хамт /хх 3-10, 41/ гаргаж өгсөн.

 

3.2. Хариуцагч талаас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С ХХК-иас Мш ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/160 дугаартай Өглөгийн тулган баталгаажуулах захидал нэртэй албан бичгийн хуулбар, хавсралтын хамт, Голомт банк дахь цахим гүйлгээ /2019.9.27-2020.10.21/-ний баримтуудын хувилсан хувь /хх 15, 21, 24-31, 53-54/-ийг гаргаж өгсөн.

 

3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Мш ХХК нь хариуцагч С ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 70,266,300 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

3. Харин хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, ажлын хөлсийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр татгалзаж байна.

 

4. Талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 20/19-01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Мш ХХК нь барилгын шилэн болон металл фасад, цонх хаалга угсрах ажлыг батлагдсан зураг, төсөв, стандартын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч С ХХК нь ажлын хөлсөнд нийт 1,194,266,300 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 6-7/

 

5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдийн хүсэл зоригоор чөлөөтэй тодорхойлон байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан ба мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг хангасан байна.

 

6. Талуудын гэрээ байгуулах хүсэл зориг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар бичгээр илэрхийлэгдэж, гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажсан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээ хүчин төгөлдөр болсон гэж шүүх дүгнэв.

 

7. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8. Зохигч талууд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн асуудлаар маргаагүй бөгөөд гагцхүү уг ажлын хөлс бүрэн төлөгдсөн эсэхэд маргаантай байна.

 

9. Талууд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гарсан ажил, гүйлгээг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд С ХХК нь 70,266,300 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулан энэ талаар Тооцоо үлдэгдлийн баталгааг үйлджээ. /хх 8/

 

10. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:-ийн 5.1.4-т үнэн зөв байх; гэж,

- 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. ... гэж,

- 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ:-ийн 14.4.3-т бүх өр төлбөр; гэж,

 

- 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг Ерөнхий нягтлан бодогч дараах үүрэг хүлээнэ:-ийн 20.2.5-д дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; гэж тус тус заасанд үндэслэн шүүх эдгээр байгууллагын нягтлан бодогч нарын гаргасан дээрх тооцоог үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэв.

 

11. Хариуцагчийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд арилжааны таван банкаар дамжуулан нийт 13 удаагийн гүйлгээгээр ажлын хөлсийг бүрэн төлсөн гэх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нотолж чадаагүй болно.

 

12. Мөн тооцоо нийлснээс хойших хугацаанд хариуцагчаас дахин төлөлт хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/160 дугаартай Өглөгийн тулган баталгаажуулах захидал-ын хавсралт болох авлагын мэдээллийг бөглөж илгээсэн гэх байдлыг нь няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна. /хх 9-10, 25-26/

 

13. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70,266,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

14. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 70,266,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мш ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 509,282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мш ХХК-д олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН