Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00042

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00042

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М холбогдох

 

Хүүхдийн сургалтын төлбөрт 24 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Тэнгис, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мижиддорж бидний хамтын амьдралын хугацаанд буюу 2009 оны 04 сарын 10-нд охин М.Сувданчимэг төрсөн. Гэтэл Б.О гэх хүүхэн манай гэр бүлд маш их асуудал үүсгэж, охин бид 2 маш их дарамт, доромжлол ирж байсан учраас арга буюу шүүхэд нэхэмжлэл гарган албан ёсоор салж, 2013 оны 05 сарын 09-ний өдрийн 677 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Мижиддорж нь охин М.Сувданчимэгийг насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар сар бүр тэтгэлэг төлөхөөр болсон. Тэр цагаас хойш охин минь Ц.М- миний асрамжид өсөж торниж байгаа бөгөөд 2015 оны 9 сард Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд элсэн орж суралцаж эхэлсэн. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн шүүх хурлаар сургуулийн тухайн жилийн төлбөрөөс хамаарч тухайн он, онд нь сургалтын төлбөрийг жич нэхэмжилж байхаар талууд харилцан зөвшилцөлд хүрч эвлэрсэн бөгөөд Д.Мижиддорж нь охин М.Сувданчимэгийн 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тодорхой хувь болох 1 000 000 төгрөгийг төлсөн. 2016-2017 оны хичээлийн жилд М.Сувданчимэг нь Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн 2 ангид үргэлжлүүлэн суралцсан бөгөөд 2016 оны 9 сард Ц.М- миний бие сургалтын төлбөр болох 4 000 000 төгрөгийг бүрэн төлсөн тул эвлэрлийн гэрээний дагуу 50 хувь болох 2 000 000 төгрөгийг Д.Мижиддоржоос нэхэмжлэн авах эрхтэй. Иймд охин М.Сувданчимэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Д.Мижиддорж нь хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэйгээ мэдэж байсан, тэр ч байтугай сургалтын төлбөрөөс гадна нэмэгдэл бусад төлбөрийг ч төлөх үүрэгтэйгээ маш сайн мэдэж байгаа атлаа цаг тухайд нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийн өөрт ногдох хэсгийг шилжүүлэхгүй байгаа нь хүндрэлтэй байна. Хариуцагч талаас шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулахдаа төлбөрийг бөөнд нь төлөх нөхцөлөөр эвлэрэх санал гаргасны дагуу охин М.Сувданчимэгийн сургалтын төлбөрт 2017 оны хичээлийн жилээс 2027 оны хичээлийн жилийг дуусах хүртэлх хугацааны нийт төлбөр 45 000 000 төгрөгөөс 50 хувь болох 22 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нийт 24 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Мижиддорж шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.М-тэй огт хамтран амьдарч байгаагүй бөгөөд гэр бүлийн баталгаа болон гэр бүл салгуулсан шүүхийн шийдвэр байхгүй байхад нэхэмжлэлдээ худал зүйл бичээд байгааг гайхаж байна. Ц.М- нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 677 тоот Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч одоог хүртэл хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж байна. Суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Гэтэл нэхэмжлэгч Ц.М- нь охин М.Сувданчимэгийг анх сургуульд оруулахдаа надтай ярилцаж зөвлөлдөөгүй, миний санхүүгийн боломж бололцоо хэр байгаа талаар асуугаагүй өөрөө дур мэдэж өндөр төлбөртэй сургуульд оруулчихаад одоо намайг заавал сургуулийн төлбөрийн 50 хувийг төлж, хариуцлага хүлээх ёстой мэтээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд одоо ам бүл дөрвүүлээ эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Би эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд сард олсон орлогоороо байрны лизингийн төлбөрөө төлж, мөн хүүхдийн тэтгэмжээ өгөөд үлдсэнийг нь ахуй хэрэгцээндээ зарцуулж заримдаа хүрэлцэхгүй үе ч их байдаг.

2014 онд 20 жилийн хугацаатай зээл авсан бөгөөд 2034 онд зээлийн эргэн төлөлт нь дуусна. Өөрөө тогтсон ажилгүй, эхнэр нь 2 хүүхдээ хараад гэртээ байдаг тогтсон ажилгүй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.7, 40.2-т заасныг харгалзан үзнэ үү. Гэр бүлийн тухай хуулийн 48-д зааснаар нэхэмжилж байгаа боловч яг энэ төлбөрийг гарга гэж зааж өгөөгүй, гаргаж болно гэсэн заалт байгаа. Хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх төлөхгүй асуудалд маргаагүй. Бид ор тас сургалтын төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй. Гэхдээ хүүхдийн тэтгэмжээс гадна 1 000 000 төгрөгийг өгнө гэж байгаа нь хэн хэнийгээ бодолцсон, хүүхдийн ирээдүйг харсан явдал болохыг бодолцож өгнө үү. Үндсэн хуулиар олгогдсон бага дунд боловсролын тухайд төрөөс үнэ төлбөргүй суралцах эрхтэй гэж заасан байдаг. Манай талын зүгээс 2 жилийн сургалтын төлбөрийг нэг жилийн 1 000 000 төгрөг, 2 жилийн сургалтын төлбөрөөс нийт 2 000 000 төгрөг өгөхийг зөвшөөрч, цаашид жил бүр 1 000 000 төгрөгийг өгч явах боломжтой. Нэг дор бүгдийг нь төлөх боломжгүй байгаа тул бидний саналыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Мижиддоржоос 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,550 төгрөгөөс 280,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 37,100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.Мижжидоржоос 46,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчсөн. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг зөв дүгнэсэн боловч шийдлийг буруу тайлбарлаж гаргасан. Д.Мижиддорж нь өөрийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ умартан, улмаар хүүхдийн маань оюуны чадавхийг эс үнэлэн үнэ төлбөргүй сурах ёстой гэхчилэн ямар нийгэмд амьдарч байгаагаа мартаж хүний үнэргүй аашилж байгаа нь зохисгүй юм. Бид эцэг, эхийн хувьд төлбөрийг ижил тэнцүү хуваан төлөхөөр тохиролцсон. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 2016-2017, 2017-2018 оны хичээлийн жилүүдэд төлсөн төлбөрийн үлдэх хэсэг буюу Д.М хамаарах хэсгийн үлдэгдэл 2 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Д.Мижиддоржоос хүүхдийн сургалтын төлбөрт 24 500 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Ц.М-, хариуцагч Д.Мижиддорж нар нь тэдний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин М.Сувданчимэгийн эцэг, эх болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч Д.М холбогдуулан өмнө нь хүүхдийн сургалтын төлбөр төлүүлэх, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж байсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/02777 дугаар захирамжаар охин М.Сувданчимэгийн 2015-2016 оны сургалтын төлбөр 4 000 000 төгрөгийн 50 хувь болох 2 000 000 төгрөгийг 1 000 000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 1 000 000 төгрөгийг ...төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 11-13/

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дах хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2 дах хэсэгт заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан бөгөөд хуулийн уг заалтад нэмэлт тэтгэлэг гаргуулах шаардлагатай онцгой нөхцөл байдал үүссэн гэдэгт сургуульд орсон гэх тохиолдлыг хамааруулсан байхад анхан шатны шүүх тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх баримт хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.М- нь охин М.Сувданчимэгийн сургалтын төлбөрийг хариуцагч Д.Мижиддоржоос гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд сургалтын төлбөрт буюу 2016-2017 оны хичээлийн жилд 4 000 000 төгрөг, 2017-2018 оны хичээлийн жилд 4 500 000 төгрөг /хх 8-9, 62-63/ тус тус төлсөн байх тул уг төлбөрийн 50 хувийг хариуцагч Д.М хариуцуулах нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02804 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мижиддоржоос 4 250 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтад 46 950 гэснийг 82 950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ