| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2138000470280 |
| Дугаар | 2025/ДШМ/02 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/02
2024 12 25 2025/ДШМ/02
П.Шт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/774 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлээр П.Шт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ү онход овогт Пгийн Ш, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Тсуманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.
П.Ш нь Хөвсгөл аймгийн Тсумын төв Цэнгэл 5 дугаар багийн 0 дугаар гудамжны 0 тоотод 000 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө Ш.М тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар цээжний гялтан хальсны урагдал, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн талын 2, 3, 7, 8 дугаар хавирга, өвчүүний хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, хэвлийн баруун зүүн хэсэг, доод уруулын салст, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/774 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү онход овогт Пгийн Шт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч П.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жижиг модон ширээ 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч П.Шт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЗ/774 дугаартай шүүгчийн захирамжаар “... нэр бүхий гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, бүрэн гүйцэт шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай ...” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан хууль зүйн үндэслэлгүй юм.
Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ДШМ/50 дугаартай магадлалаар “...Хөвсгөл аймаг дахь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/шт/ЗЗ дугаартай тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж 2024/ШЗ/774 дугаартай шүүгчийн захирамжид “... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр ...” өгсөн мэдүүлгийг үнэлж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ДШМ/50 дугаартай магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно. “ гэсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэв.
Иймд ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч П.Ш нь 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тсумын төв 0 дугаар багийн 0 дугаар гудамжны 00 тоотод Ш.М-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Ш.М нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж үнэлэхэд гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл/ нь хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдоогүй, ...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, хэргийг Прокурорын газарт буцаасан байна.
Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул энэ талаар гаргасан Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч П.Шыг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШТ/ЗЗ дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйл, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг “...гэрч Д.Э, Ц.Г нарын мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс өөр өөр, эрс зөрүүтэй, ...хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр Прокурорын газарт буцаасан. Дээрх шийдвэрийг Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ДШМ/50 дугаартай магадлалаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасантай нийцээгүй, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 заасан шийдвэрийн аль нэгийг гаргах учиртай” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж заасан тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлэх үүрэгтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох эсэх болон шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Иймд “...гэрч Д.Э, Ц.Г нарын мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс өөр өөр, эрс зөрүүтэй” гэх байдлыг шүүх хуралдааны явцад тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/774 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Шт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ