Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 311/ШШ2025/00501

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, ,  баг ***-*** тоотод оршин суух хаягтай, овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, 

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь Завхан аймгийн 1990 оны 10 сарын 01-нд ажилд орж, улмаар ******* сумын холбооны залгагчаар 2007 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд 1996 оны ээлжийн амралтаа тус оны 08 дугаар сард авч амралтын олговорыг өмнөх сард нь буюу 07 дугаар сард нь авч байсан юм. Завхан аймгийн *******ын даргын 1996.02.01-ний №05 дугаартай "Ажиллагсдын орон тоо цалин батлах тухай" тушаал түүний хавсралтанд ******* сумын залгагч монтёрын цалингийн доод хязгаар 24000 төгрөг, дээд хязгаар 30000 төгрөгөөр баталсан байсан. 1996 онд миний сарын дундаж цалин 24000 төгрөг байсан. Харин 8 дугаар сарын ээлжийн амралтын мөнгийг 07 дугаар сарын цалинтай хамт олгож 40200 төгрөг буюу цалингийн дээд хязгаараас илүү мөнгө олгосон. Дээр дурдсанчлан ээлжийн амралтын мөнгийг 07 сарын цалинтай хамт олгоод нийгмийн даатгалын дэвтэр дээр 08 сарын цалинг бичээгүй орхисон байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрийн баримт бичиг бүрдүүлэхэд ээлжийн амралт олгосон тушаал архиваас олдохгүй байгаа тул 1996 оны 08 сард ажиллаж байсан эсэх, амралт авсан эсэхээ тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг 1996 онд Завхан аймгийн залгагчаар ажиллаж байсан ба 1996 оны 8 дугаар сард ээлжийн амралт эдэлсэн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ж.******* нь 1996 онд Завхан аймгийн залгагчаар ажиллаж байсан болон 1996 оны 8 дугаар сард ээлжийн амралт эдэлсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1996 онд Завхан аймгийн залгагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Завхан аймгийн *******ын даргын 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай “Ажиллагсдын орон тоо цалин батлах тухай” тушаал, түүний 1, 2 дугаар хавсралт, дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, *******ийн “ХК” Завхан аймгийн холбооны газрын даргын 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн Завхан аймгийн *******ын даргын 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай цахилгаан, уг бримтад “…танай салбарт залгагчаар ажиллаж байсан *******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа тул 6 сарын 1-ний өдрөөс эхлэн ажилд нь оруулж гэрээт хугацаа дуустал ажиллуулахыг мэдэгдье. …” гэсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ж.*******ыг *******ийн “ХК” Завхан аймгийн холбооны газрын даргын 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас чөлөөлсөн байх боловч мөн *******ийн “ХК” Завхан аймгийн *******ын даргын 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай цахилгаанаар ажилд нь эргүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх тул 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэх байдал үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 1996 оны 8 дугаар сард ээлжийн амралт эдэлсэн байх бөгөөд энэ хугацааны цалинг 7 дугаар сарын цалинтай давхар бодож олгосон нь түүний дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд *******ын *******ыг 1996 онд Завхан аймгийн *******ын *******ын салбарт залгагчаар ажиллаж байсан ба 1996 оны 8 дугаар сард ээлжийн амралт эдэлсэн үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 1996 онд Завхан аймгийн *******ын *******ын салбарт залгагчаар ажиллаж байсан ба 1996 оны 8 дугаар сард ээлжийн амралт эдэлсэн үйл явдлыг мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ц.*******ы өгсөн мэдүүлгийн: “...1996 онд ******* сумын холбоонд Ж.******* ажиллаж байсан. ...1996 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авах хугацаанд нь би оронд ажиллаж байсан ...” гэх хэсэг,

гэрч А.*******ын өгсөн мэдүүлгийн: “...Ж.******* ******* сумын Холбоонд 1996 онд ажиллаж байсан. ...******* сумын станц нь Дөрвөлжин, Ургамал Эрдэнэхайрхан сумуудыг хариуцсан гол станц байсан. ******* нь залгагч монтёроор ажиллаж байсан. Бас техникээ хариуцаж байсан...” гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх заалтыг баримтлан овогт *******ын *******ыг 1996 онд Завхан аймгийн *******ын *******ын салбарт залгагчаар ажиллаж байсан болон 1996 оны 8 дугаар сард ээлжийн амралт эдэлж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ