Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 641

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,   

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуун овогт Раднаабаатарын Ариунболдод холбогдох эрүүгийн 1806015580600 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Эмнэлгийн 3-81 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, регистрийн дугаартай, Алаг Адуун овогт Р.А,

 

            Үйлдсэн хэргийн талаар:

            Р.А нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засвараас С.Баясгалангийн эзэмшлийн 1429 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Р.А нь авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн  зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Их засаг их сургуулийн зүүн талд Ж57 худалдааны төвийн хойд талд байх тэр кузов засварын газар луу оруулаад Ариунболд гэх залууд засварын хөлсний урьдчилгаа 80.000 төгрөг өгөөд машиныхаа түлхүүрийг үлдээгээд явсан юм. Тэгээд маргааш нь ...нөгөө засварын газар дээр очиход миний машин байхгүй байсан юм.  Тэнд байсан хүмүүсээс миний машин яасан юм бол гэж асуухад Ариунболд гэх залуу нь манай нутгийн ахын машин байгаа юм гэж худлаа хэлээд унаж явсан юм байна лээ. Тэгээд хайгаад олоогүй. Нөгөө засварын газраас хүн дагуулж Ариунболд гэгчийн гэрийг заалгаж очсон ч гэр нь цоожтой байсан. Тэгээд 102 залгаж өргөдөл өгсөн. Маргааш өглөө нь нөгөө засварын газраас залгаад миний машиныг Монелд айлын хашаанд байна гэхээр нь нөгөө засварын газар ирэхэд тэнд аваад ирсэн байсан. Зүгээр байгаа эсэхийг нь шалгахад урд гупер хагарсан, баруун талын тольны хавтас хагарсан, баруун урд хаалганы доод хүрээ зурагдсан байсан. Ариунболд гэх залуутай уулзахад архины халуундаа унасан гэж байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

 

            Гэрч Д.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"Би Их засаг их сургуулийн зүүн талд байх кузов засварын газарт нэг нутгийн залуучуудтай ажилладаг. Бидний танил Ариунболд хааяа ирж бидэнд туслаж машины замаскыг зүлгэх ажил хийж өгдөг юм. ...өглөө ирэхэд Ариунболд нь архи уучихсан согтуу байдалтай би нэг ажил авчихлаа гээд цагаан өнгийн Клугер маркийн автомашиныг граш руу оруулаад тавьсан байсан юм. Намайг ажилаа хийж байхад Ариунболд тэр машиныг унаад явах гэхээр нь би чи согтуу байж хүний машин унаж болохгүй гээд болиулсан. Тэгээд намайг ажлаа хийж байх хооронд нөгөө машиныг унаад явчихсан байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 4305 дугаартай:

1429 УНХ улсын дугаартай тоёото клугер маркийн тээврийн хэрэгслийн баруун толь солиход 180.000 төгрөг, урд буфер засварлах 156.000 төгрөг, баруун урд хаалга засварлахад 88.000  төгрөг, баруун хормой засварлахад 56.000 төгрөг, зүүн урд крыло засварлахад 38.000 төгрөг, буфер, крыло, хаалга, хормой будах зардал 256.000 төгрөг, 400 гр будаг тус мат, лак 80.000 төгрөг, эд анги солих зардал 10.000 төгрөг. Үнэлгээний дүнгээр 864.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 17/

 

            Шүүгдэгч Р.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вила нэртэй авто куров засварт газарт очиж хааяа нутгийн залуучуудын ажилд туслаж, машины замаск зүлгэж байдаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би Вьетнам гэх хаягтай монгол залуучууд ажилладаг засварын газарт очоод таньдаг хүмүүстэйгээ уулзаад байж байтал орой 16-17 цагийн үед нэг ах ирээд 14-29 УНХ дугаартай цагаан. өнгийн клюгер маркын машины хойд гупер янзлуулна гэхээр нь би тэр ахын машиныг янзлаж өгөхөөр болж тэр вьетнам нэртэй завсарын газраас гарч тэр ахтай хамт нөгөө Вила нэртэй кузов засварын газар дээр очсон юм. Намайг тэр Вила нэртэй засварын газарт очиход тэр засварын газарт ажилладаг хумүүс нь гражаа цоожлоод ажлаа буучихсан байсан. Тэд нар ажлаасаа буухдаа гражныхаа түлхүүрийг гадна үлдээгээд явдаг учир би түлхүүрийг авч гражыг онгойлгоод нөгөө ахын машиныг нь граж руу оруулж тавиад машины хойд гуперийг 140.000 төгрөг, баруун талын толийг нь 40.000 төгрөгөөр янзлаж өгөхөөр болж урдчилгаа 80.000 төгрөг авсан юм. Тэгээд би тэр ахын машиных нь түлхүүрийг авч үлдээд орой болж байсан учир би машиныг гражинд цоожлож орхиод явчихсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 02 сарын 12-ны өглөө 09 цагийн үед би граж дээр очиход нөгөө машин граж дотроо байж л байсан ба гражинд засаврчин Ган-Эрдэнэ ирчихсэн өөр машин янзлаад байж байсан юм. Тэгээд би гарч хүнтэй уулзах гээд машиныг асаагаад би ганцаараа унаж аваад явсан юм. Тэгээд цайз зах орж найз Бангаа гэх залуутай уулзаж монелийн тийшээ Бангаа бид хоёр явж хамт архи ууж байгаад орой 21 цагийн үед би дэлгүүр явж архи авах гээд ганцаараа явж байгаад нөгөө машинаар хашаа мөргөөд машины урд гуперийг нь хагалж, хаалганы доод хормойг нь сэвтээгээд, зөв талын тольны гадна хавтасыг нь хагалаад хаячихсан юм. Тэгээд л машиныг унаж граж дээр авч ирээд тавих гэтэл машины эзэн нь ирчихсэн байж байсан юм. Тэр ах машинаа янзлуулах гээд л надад хариуцуулж үлдээсэн. Түлхүүрийг авч үлдсэн шалтгаан нь машиныг янзлахад нааш, цааш хөдөлгөх, яам буюу өргөгч дээр гаргах зэрэг шаардлага гардаг тул машины түлхүүрийг авч үлдсэн. Харин намайг машиныг унаж гадуур явах, гражнаас өөр тийшээ явах зэрэг зөвшөөрөл өгөөгүй ба би өөрөө дур мэдэн машиныг унаж хувийн ажлаа амжуулж яваад ганц хоёр шил архи ууж архиныхаа халуунд машиныг хашаа мөргүүлж сэвтүүлсэн байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс:

-Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 1765 дугаартай тодорхойлолт, Р.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 25-29/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Шүүгдэгч Р.Аын бусдын тээврийн хэрэгслийг хохирогч С.Баясгалангийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн автомашиныг хувьдаа завшиж ашиг олох зорилгогүй байх ба бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Р.Аод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.А нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос шүүгдэгч Р.А төлж барагдуулаагүй байх тул 846.000 төгрөг гаргуулж хохирогч С.Баясгаланд олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй  болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Алаг Адуун овогт Р.Аыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аыг гурван зуун арван цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аод өмнө Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 310 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван зуун жаран цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Аод оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аоос 846.000 төгрөг гаргуулж хохирогч С.Баясгалан /ЖЭ75041618/-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ