| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000000230 |
| Дугаар | 2024/ДШМ/41 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/41
Б.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд,
прокурор А.А, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, өмгөөлөгч Д.Д нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.У-т холбогдох, дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х ургийн овогт Б-ын У (регистрийн дугаар:).
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын дүгээр багийн тоот хашааны хаалганаас өөрийн эзэмшлийн “” загварын, улсын дугаартай автомашиныг жолоодож хөдлөхдөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчиж, нас сартай Г.Г-ийг дайрч амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан “Жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас 53,945,250 (тавин гурван сая есөн зуун дөчин таван мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-д олгож,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хяналтын камерын бичлэг бүхий DVD дискийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У-ын 1001765 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,
- шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан “” загварын улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хор уршгийг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Д нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:
Б.У-ыг аймгийн сумын дүгээр багийн тоот хашааны үүднээс хөдлөхдөө машин доор хүүхэд орсон байсныг шалгаж үзээгүйн улмаас нас сартай Г.Г-ийг дайрч амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн болно. Б.У-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ хууль буруу хэрэглэж, УДШ-ийн тайлбар, зөвлөмжөөс өөрөөр тайлбарлаж хэргийг шийдсэн байна. Мөн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдэхдээ өмчлөгч нь Б.У биш болохыг харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэмт хэрэг гэж юу вэ? гэдгийг Эрүүгийн хуульд маш тодорхой тайлбарлаж заасан. Улсын Дээд шүүхээс тодорхой тохиолдлыг тайлбарлах журмаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж явдаг. Энэ хэргийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчсөн буюу жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн буюу шүүгдэгч Б.У “” загварын, улсын дугаартай автомашин доор амь хохирогч Г.Г байхад автомашины доогуур шалгаж үзэхгүйгээр хөдөлгөөн эхлүүлсний улмаас буюу хөдөлгөөнийг эхлэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчжээ гэж шүүх үзсэн.
Замын хөдөлгөөний дүрэмд мэдээлдэг, хориглодог, анхааруулдаг хэд хэдэн зохицуулалт байдаг. Жишээлбэл, шар гэрлээр гарахдаа болгоомжтой байгаарай гэж анхааруулдаг. Үүнтэй ижил Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйл нь анхааруулах заалт. Үүнийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолд “гэм буруугүйгээр хохирол учруулах үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болгосноор гадаад илрэлийн хувьд гэмт хэргийн шинжийг агуулах боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж болох гэм бурууг үгүйсгэсэн тохиолдолд хамрагддаг болохыг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалт нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт тул түүнийг зөрчсөн гэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай үйлдэлд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцээгүй болно” гэж тайлбарлажээ.
Мөн Улсын Дээд Шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 тоот тогтоолоор гэм буруугүйгээр хохирол учруулах талаар гаргасан тайлбарт: “хэрэв тухайн этгээд өөрийн үйлдлийн хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх боломжгүй бол гэм буруугүйд тооцогддог. Хор уршиг гэм буруугүйгээр учруулсан нь гол төлөв амьдралд бий болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай холбоотой байдаг. Эрх зүйд гэм буруугүйгээр хор учруулсныг тохиолдол гэж нэрлэх бөгөөд тухайн үйл явдалд хэн нэгэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй болно. Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэгт нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцлийг хамруулан үйлчилдэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм бурууг үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог” гэжээ. Иймд Б.У-ын холбогдсон хэрэг нь Улсын Дээд шүүхийн дээрх 2 тайлбарт хамаарч байгаа учраас Б.У хөдөлгөөн эхлэхийн өмнө машин доогуураа хүн байгаа эсэхийг шалгаагүй гэх заалтаар гэм буруутайд тооцож байгаа нь хууль хэрэглээний хувьд Улсын Дээд шүүхийн гаргасан тайлбараас зөрүүтэй гэж үзэж байна.
Б.У гэм буруугийн талаар маргаагүй. Учир нь, бага насны хүүхэд нас барсан хор уршиг учирсан гэдэг талаас нь хараад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой байсан боловч харин шүүх хорих ял оногдуулсан нь үйлдсэн хэрэгт нь тохирсон ялыг оногдуулах шударга ёсны зарчимд нийцээгүй. Шударга ёсны зарчмын хувьд харвал сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдээ асран хамгаалах үүрэгтээ хайнга хандсан тохиолдлыг хуульчилсан байдаг. Ховд аймагт гарсан Батбаяр нарт холбогдох, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолтой хэрэгт дурдсан байдаг. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн хувьд хуулийг буруу хэрэглэж, ял нь хүндэдсэн гэж дүгнэж байна.
Хоёрдугаарт, тухайн “” машиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд машин битүүмжилсэн нь хууль бус байсан. Учир нь “” машины өмчлөгч нь банк бус санхүүгийн байгууллага юм. Б.У зөвхөн эзэмшигч шүү дээ. Б.У-ын үйлдлийн улмаас банк бус санхүүгийн байгууллагын өмч буюу бусдын өмчид халдаж байгаа нь хууль бус юм. Энэ тогтоолыг хүчингүй болгосон бол энэ хугацаанд хохирлыг төлөх боломж гарах байсан. Харин хохирогчид нэмж 1,000,000 төгрөг төлсөн баримтыг өгөхөө мартсан байна, одоо гаргаж өгье .
Хэргийн үйл баримтаас үзэхэд Б.У машинд ганцаараа сууж хөдлөөгүй, түүний машин дотор хүн сууж явсан. Өөрөөр хэлбэл гэрч байсан. Улсын яллагчийн хэлж байгаа үнэн. “” машин 4 талаасаа мэдрэгчтэй бөгөөд машин хөдөлж байх үед мэдрэгч дуугарсан, дохиолол ирсэн эсэх талаар гэрч болон Б.У-ын мэдүүлэгт байдаггүй. Мэдрэгчийн мэдрэх түвшнээс доор буюу бага насны хүүхэд учраас мэдрэгч нь ажиллаагүй учраас Б.У мэдээгүй. Хэрэв Б.У мэдсэн буюу дохиолол дуугарч байхад хөдлөөд явсан бол өөр хэрэг. Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг Улсын Дээд шүүх тайлбарласан учраас надад түүнээс өөрөөр тайлбарлах эрх, хэм хэмжээ байхгүй.
Прокурорыг машины битүүмжилсэн асуудлаар миний саналыг эсэргүүцээгүй учраас дэмжлээ гэж ойлгосон. Машины эзэмшлийг тогтоохгүйгээр, анхааралгүйгээр машиныг битүүмжилснийг чөлөөлөх нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал зэргийг харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 болон 7.1-т заасныг хэрэглэх боломжтой байсан боловч шүүх хэргийг хүндрүүлж хорих ял өгсөн нь харамсалтай.
Шүүх энэ хэргийг тохиолдол гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шийтгэх тогтоолын 9 дүгээр талын 2.2-т: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэсэн. Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байсан гэдгийг шүүх хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Энэ тохиолдолд гэм буруугаа ойлгож мэдсээр байж хор уршгийг урдаас мэдэж учруулсан эсэх талаар Улсын Дээд шүүхийн тайлбарыг хэрэглээгүй. Өөр байдлаар тайлбарлах байсан, түүнийг тайлбарлаагүй учраас гомдол гаргасан гэв.
6. Шүүгдэгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
7. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 229 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй. Шүүгч шийтгэх тогтоолдоо яагаад хорих ял оногдуулсан, ямар учраас биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Дүгнэлт нь Эрүүгийн хуульд нийцсэн буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг зэрэгт оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байгаа.
Өмгөөлөгчийн тухайд давж заалдсан гомдолдоо үндэслэлээ тодорхой бичээгүй байсан, сая давж заалдсан гомдлоо тайлбарлахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан буюу жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг шалгасан байх ёстой гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10-т заасан үйлдлийг хийсэн тохиолдолд гэмт хэрэг биш гэх зүйлийг хэлж байна. Замын хөдөлгөөний дүрэм нь анхааруулах, үүрэгжүүлэх заалттай байгаа.
Хэргийн үйл баримтаас харахад, машин хөдлөөд явж байхад нь хажуу талаас гүйж ирээд мөргөсөн, доогуур нь орсон зүйл байхгүй. Гадаа хүмүүс ярилцаж байгаад машиндаа ороод суухад хүүхэд доор нь байсан. “” машин нь дотор нь ороод суух, хөдөлж байхад гаднаас хүн ирэхэд 4 талдаа мэдэрдэг мэдрэгчтэй автомашин байгаа. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан үүргээ биелүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн нь хүний амь насыг хохироосон учраас түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд дүгнэж байгаа.
Иймд анхан шатны шүүхийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгчтэйгөө хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.У-т холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.У нь 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, тоот хашааны гаднаас улсын дугаартай, “” загварын авто машиныг жолоодож хөдлөхдөө Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, хохирогч Г.Г-ийн амь насыг хохироосон болох нь:
- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед манай хашааны том хаалга онгорхой байсан тул эхнэр Ц.С жолоодож явсан “” загварын, улсын дугаартай автомашиныг хашаа руу оруулж зогсоогоод бид хоёр автомашинаас бууж байх үед манай хашааны гадна, хашааны онгорхой том хаалганы доод талд буюу ертөнцийн зүгээр баруун зүгт Б.У нь “” загварын, улсын дугаартай автомашинтай ирж зогссон. Автомашин дотроос Б.У, Ц.Т, Ц.В, Д.Ц нар буугаад манай гэр рүү орсон. Бид нар манай гэрт ороод эхнэр Ц.С-цай чанаж, би Б.У-тай хөзөр тоглосон. Манай гэрт ороод ойролцоогоор 30 орчим минут болж байхад Д.Ц “миний бие сонин болоод байна” гэж хэлэхэд бид нар ярилцаж байгаад сумын эмийн сангаас “смесь” нэртэй тариа авч ирж Д.Ц-д хийлгэхээр болж Б.У, Д.Ц, Ц.В, Ц.Т бид тав манай гэрээс гарсан. Бид нар гэрээс гарч гэрийн урд хашаанд дотор Ц.Т бид хоёр тамхи татсан ба Б.У, Д.Ц нар ойр зуурын зүйл ярилцаж хамт зогсож байсан. Ц.В нь Б.У-ын автомашины хажууд зогсож байсан. Энэ үед хүү Г.Г нь хашаан дотор, онгорхой хашааны том хаалганы ойролцоо ганцаараа алхаж яваа харагдсан бөгөөд түүнээс хойш хүү Г.Г-ийг анзаарч хараагүй. Ц.Т бид хоёр тамхи татаж дуусаад гэр рүү орохоор явж, Б.У, Д.Ц хоёр эмийн сан руу явахаар автомашин руу явсан. ....Ц.В бид хоёр манай гэр рүү орж Д.Ц, Б.У хоёр автомашинд суугаад хөдлөөд явсан. Би гэрт ороод Ц.Т-тай хөзөр тоглож, ойролцоогоор 4-5 минут өнгөрсний дараа нэг хашаанд хамт амьдардаг төрсөн эх Р.А манай гэрт орж ирээд, хүү Г.Г-ийг хаана байгаа талаар асуусан. Би хариуд нь хашаан дотор явж байгаа гэж хэлэхэд төрсөн эх Р.А гэрээс гарчхаад удалгүй намайг дуудсан. Би гэрээс гарч харахад миний хүү Г.Г нь хашааны гадна талд буцаж эргэсэн автомашины мөр дээр өвдөг, тохойгоороо газарт тулж, хоёр гараараа толгойгоо барьж, доошоо харсан байдалтай байхаар нь тэвэрч аваад эргүүлж харахад ухаангүй, амнаас нь цус гарч байхаар нь хашаа руу орж өөрийн эзэмшлийн “” загварын, улсын дугаартай автомашинтай, эхнэр Ц.С-гий хамт сумын эмнэлэг рүү явсан. Хүү Г.Г нь сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас),
- гэрч Р.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ач хүү Г.Г гэртээ байгаагүй тул хүү Ц.Г-аас хаана байгаа талаар асуухад хашаан дотор явж байсан гэж хариулахаар нь тэдний гэрээс гарч Г.Г-ийг хайж хашааны гадна гарахад хашааны гадна талд буцаж эргэсэн автомашины мөр дээр өвдөг, тохойгоороо газарт тулж, хоёр гараараа толгойгоо барьж, доошоо харсан байдалтай, ухаангүй байхаар нь хүү Ц.Г-ыг дуудсан. Хүү Ц.Г гэрээсээ гарч ирээд ач хүү Г.Г-ийг харчихаад, тухайн газраас тэвэрч авахад ач хүү Г.Г-ийн амнаас цус гарсан ба хүү Ц.Г, бэр Ц.С нар ач хүү Г.Г-ийг аваад сумын эмнэлэг рүү яаралтай явсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 87 дугаар хуудас),
- гэрч Ц.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Ц.Г гэрээс гарах үед хүү Г.Г дагаж гарсан. Тухайн хүмүүс гэрийн урд талд хашаан дотор ойр зуурын зүйл ярилцаж байгаа нь гэрт сонсогдож байсан ба би дахиж цай чанах гэж байхад Ц.Т, Ц.В, нөхөр Ц.Г нар гэрт буцаж орж ирж, Б.У, Д.Ц нар Б.У-ын эзэмшлийн “” загварын, улсын дугаартай автомашинтай эмийн сан руу явсан. Тухайн хоёр хүн яваад удаагүй байхад буюу 5 минут болоогүй байхад хадам эх Р.А гэрт орж ирж, хүү Г.Г-ийг хаана байгаа талаар асуусан, нөхөр Ц.Г хариуд нь хашаан дотор явж байгаа гэж хэлэхэд төрсөн эх Р.А гэрээс гарчхаад удалгүй нөхөр Ц.Г-ыг дуудсан. Би нөхөр Ц.Г-ын хамт гэрээс гарч харахад төрсөн хүү Г.Г нь хашааны гадна талд буцаж эргэсэн автомашины мөр дээр толгой нь урд зүг рүү, хөл нь хойд зүг рүү харж, өвдөг, тохойгоороо газарт тулж, хоёр гараараа толгойгоо барьж, доошоо харсан байдалтай байсан. Нөхөр Ц.Г хүү Г.Г-ийг тэвэрч аваад эргүүлж харахад ухаангүй, амнаас нь цус гарч байхаар нь хашаан дотор байсан өөрийн эзэмшлийн “” загварын, улсын дугаартай автомашинд сууж, би автомашинаа жолоодож сумын эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 92-93 дугаар хуудас),
- гэрч Ц.Т-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар Б.У-ын “” загварын улсын дугаартай автомашинтай Ц.Г-ын хашааны том хаалганы доод талд буюу ертөнцийн зүгээр баруун талд хашаа дагуулаад, хашааны том хаалганаас зайтай зогсоод Ц.Г-ын гэр рүү бүгд орсон. Ц.Г-ын гэрт цай ууж, Б.У, Ц.Г хоёр хөзөр тоглосон, ойролцоогоор 30-40 минут болсны дараа Д.Ц нь Г-ын эхнэр Ц.С-гаар өөртөө дусал тариа хийлгэнэ гэж ярилцаад Б.У, Д.Ц нар эмийн сан явахаар болж гэрээс гарахаар нь Ц.Г бид хоёр мөн адил гэрээс гарч гэрийн урд талд очиж тамхи татсан. Ц.Г-ын бага хүү Г.Г хашаан дотор, хашааны онгорхой том хаалганы ойролцоо нүцгэн алхаж байгаа харагдсан ба түүнээс хойш анзаарч хараагүй. Б.У, Д.Ц нар Б.У-ын эзэмшлийн “” загварын, улсын дугаартай автомашинтай эмийн сан руу хөдлөөд явсан. Ц.Г бид хоёр гэрт буцаж ороод 2-3 минут орчим болж байхад Ц.Г тай нэг хашаанд амьдардаг түүний төрсөн эх Р.А гэх хүн орж ирээд “Г.Г хаана байгаа” талаар асуугаад гарсан.
Гэрээс гараад удалгүй Ц.Г-ыг төрсөн эх А нь дуудаж Ц.Г надаас түрүүлээд гэрээс гарсан. Би Ц.Г-ын араас гэрээс гарахад тэр Г.Г-ийг тэвэрчихсэн хашааны гадна талаас хашаа руу орж ирж байгаа харагдсан ба хашаан дотор байсан өөрийн “” загварын, автомашин дотор сууж Ц.С-гийн хамт сумын эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 84- 85 дугаар хуудас),
- гэрч Ц.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.У, Д.Ц нар эмийн сан явахаар болж гэрээс гарахад Ц.Г, Ц.Т бид гурав мөн адил гэрээс гарсан. Ц.Т, Ц.Г хоёр гэрийн урд талд очиж тамхи татах үед Б.У, Д.Ц нар тэр хоёрын хажууд зогсож ойр зуурын зүйл ярилцаж байсан. Ц.Г ахын бага хүү Г.Г нүцгэн хашаан дотор алхаж байгаа харагдсан ба түүнээс хойш Г.Г-ийг анзаарч хараагүй.
. .Ц.Г ах бид хоёр гэр рүү алхаж байхад Б.У ах намайг дуудаж, Ц.Г-ын ахын хашааны дотор талд, хашааны том хаалганы үүдний хэсэгт надаас автомашины түлхүүрээ аваад автомашин руугаа эргэж алхсан ба би Ц.Г ахын гэр рүү орсон. Б.У ах өөрийн эзэмшлийн “” загварын, улсын дугаартай автомашинтай эмийн сан руу хөдөлж яваад удаагүй байхад буюу 4-5 минут өнгөрсний дараа Ц.Г бид хоёр гэрт буцаж ороод 2-3 минут орчим болж байхад Ц.Г ахтай нэг хашаанд амьдардаг түүний төрсөн эх Р.А гэх хүн орж ирээд Г.Г хаана байгаа талаар асуугаад гарсан. Гэрээс гараад удалгүй Р.Ань Ц.Г ахыг дуудахаар ах гэрээс гарсан. Ц.Т ах бид хоёр түүний араас гарахад Ц.Г ах нь хүү Г.Г-ийг тэвэрчихсэн хашаан гаднаас хашаа руу орж ирж байгаа харагдсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас),
- гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Г багш өөрийн хүү Г.Г-ийг тэвэрчихсэн, эмчээ гээд их сандарсан шинжтэй орж ирсэн. Би Г.Г-ийн биед үзлэг хийхэд ухаангүй, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, толгойны зүүн талын чихний дээд хэсэгт 1 см орчим язарч цус гарч байгаа шархтай, мөн хамраас нь цус гарсан, баруун талын шанаа, дух хэсэгт зулгарсан, баруун өвдөгний дотор талд зулгаралт зэрэг гэмтэл байсан учир яаралтай эрчимт эмчилгээ хийсэн. Үүнд адерналин 0.5 мл-ээр булчинд, дофамин 5 мл-ийг NaCI 0.9% 100 мл-ээр шингэлж 1 минутад 10 дусал, артерийн даралт өсгөх, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, тархины хаван хөөх, цус тогтоох эмчилгээг яаралтайд хийсэн боловч амьсгал, зүрхний үйл ажиллагаа дэмжигдэхгүй байсаар 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутад амьсгал зүрх зогсож нас барсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 101-102 дугаар хуудас);
- аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн, цогцост үзлэг хийсэн, 69 дүгээр: “...1. Амь хохирогч Г.Гийн биед дух, баруун, зүүн зулай яс, дагз яс, суурь ясны хугарал, титэм заадас дагуу хатуу хальсны урагдалт, их тархины зүүн тал бөмбөлөгт болон баруун зулай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, духны зүүн хэсэгт язарсан шарх, дух, баруун, зүүн хацар, зүүн зулайн хуйханд, зүүн чихний дэлбэнд, цээжний зүүн хажууд, зүүн өгзөг, умдаг, баруун суганы урд хэсэгт, баруун өвдөгний үений дотно хэсэгт, баруун шилбэнд, баруун хөлийн эрхий хуруунд зулгаралт, баруун нүдний доод зовхинд, зүүн тавхайн дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин гавал, тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 194-206 дугаар хуудас),
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 189-193),
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт (1 дэх хавтаст хэргийн 6-15 дугаар хуудас),
- “” загварын, улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас)
- аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн: шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Б.У-ын эзэмшлийн, “” загварын, улсын дугаартай автомашины мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх 56 дугаар дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
4. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан: “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөнөөс хохирогч Г.Г-ийн амь насыг хохироосон нь тогтоогдсон тул түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Иргэний хуулийн холбогдох заалтууд болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
7. Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах журмаар гаргасан: “...Б.У-ыг гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ хууль буруу хэрэглэж, УДШ-ийн тайлбар, зөвлөмжөөс өөрөөр тайлбарлаж хэргийг шийдсэн байх тул гомдол гаргаж байна. Мөн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийдэхдээ өмчлөгч нь Б.У биш болохыг харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна” гэх агуулга бүхий гомдол,
- шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д-гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “.. шүүгдэгч Б.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан: хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Замын хөдөлгөөний дүрэмд мэдээлдэг, хориглодог, анхааруулдаг хэд хэдэн зохицуулалт байдаг ба шүүгдэгчийн зөрчсөн гэх заалт нь анхааруулах заалт юм. Үүнийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолд: “гэм буруугүйгээр хохирол учруулах үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болгосноор гадаад илрэлийн хувьд гэмт хэргийн шинжийг агуулах боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж болох гэм буруу үгүйсгэгдэнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан заалт нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг сануулсан санамжийн шинжтэй заалт тул энэ заалтыг зөрчсөн гэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай үйлдэлд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж тайлбарласан тул анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлаж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийг баримтлан ял оногдуулж болох байтал хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэх тайлбар зэргийг тус тус хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
7.1. Жолооч Б.У нь загварын тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ орчны байдлыг биеэр шалгаж, аюул осол үүсгэхгүй байх нөхцлийг хангаж чадаагүйн улмаас нас сартай хүү Г.Г-ийг дайрч амь насыг хохироосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т: “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно, мөн зүйлийн 4.3-т: Замын хөдөлгөөний дүрэмд ...замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, явганаар болон тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох журам, холбогдох стандартыг тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т: Иргэн, хуулийн этгээд нь замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргийг хүлээнэ” гэж тус тус зааснаар бол Замын хөдөлгөөний дүрмийг бүх нийтээр дагаж мөрдөх, сахин биелүүлэхийг үүрэг болгосон байна.
Жолооч Б.У нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн баталсан Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс осол гарч, хүний амь нас хохирсон хор уршиг учирсан нь тогтоогдсон. Тодруулбал, шүүгдэгч Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаагүй эс үйлдэхүй нь хохирогч Г.Г-ийн амь насыг хохироосон үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
7.2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т: “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан ба энэхүү зохицуулалт нь жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх болон хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг ямагт сахин хангаж явахыг жолоочид үүрэг болгосон зохицуулалт болох талаар эрүүгийн хэрэг хянан хэлэлцсэн Улсын Дээд Шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ХШТ/56 дугаар тогтоолоор тайлбарлаж, хэрэглэсэн байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө, түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл байх бөгөөд хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
7.3. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ын эзэмшлийн улсын дугаартай, “” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа /хэргийн 243 дугаар тал/-аар улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь шүүгдэгч Б.У болох нь тогтоогдсон байх бөгөөд хэрэгт уг тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд байгаа талаар хэрэгт баримт авагдаагүй болно.
7.4. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч Б.У-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, хорих ялын хэмжээг нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоосон нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд тус тус заасан журмыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.У-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН