| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирхуягийн Батсүх |
| Хэргийн индекс | 128/2026/0337/З |
| Дугаар | 128/ШШ2026/0611 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2026/0611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж*******,
Хариуцагч: Эрүүл мэндийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О*******, Т.Д******* нарын хоорондын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзсан маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, Т.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасны дагуу эмчилгээний зардлын 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдэл болох 40,485,794 төгрөгийг олгохгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус журамд заасан хэмжээнд төлбөр олгохыг хариуцагчид даалгах” гэж гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа: “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ын 6.4.3-т заасны дагуу эмчилгээний зардлын 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдлийг олгохгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож, үлдэгдэл төлбөр болох 91,828,510.4 төгрөгийг хариуцагчид даалгах” гэж ихэсгэжээ.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгчээс 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд өргөдөл гаргажээ.
2.2.Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргээд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэж, санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.
2.3.Эрүүл мэндийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” ******* дугаар тушаалын хавсралтаар санхүүгийн дэмжлэг авах иргэдийн нэрсийн жагсаалт, олгох мөнгөн дүнг баталжээ.
2.4.2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид санхүүгийн дэмжлэг болох 7,161,772.77 /Долоон сая нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун далан хоёр төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг олгожээ.
2.5.Нэхэмжлэгчээс олгосон мөнгөн дүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яаманд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргажээ.
2.6.Эрүүл мэндийн яамнаас 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2/79 дүгээр албан бичгээр “...санхүүгийн дэмжлэг олгогдсон тул дахин дэмжлэг үзүүлэх эрхзүйн зохицуулалтгүй болохыг мэдэгдэж байна” гэх хариуг өгчээ.
2.7.Улмаар нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 78 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах хяналт тавих журмын 6.4.3-д заасны дагуу эмчилгээний зардлыг 20 хувиар тооцож, төлбөрийн дэмжлэгийн үлдэгдлийг олгохгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус журамд заасан хэмжээгээр буюу 20 хувиар тооцож үлдэгдэл төлбөр болох 91,828,510.4 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт гурван удаа шүүх хуралдаан болсон. Тус шүүх хуралдаанууд дээр Г.М*******д санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой байсан эсэх асуудалд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь нэгэнт Г.М*******д санхүүгийн дэмжлэг олгох шаардлагатай гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч, тухайн шийдвэрийнхээ дагуу 2024 болон 2025 оны зардлыг олгосон. Ингэснээр хариуцагч энэхүү дэмжлэгийг олгох нь зүйтэй болохыг өөрийн үйлдлээрээ баталгаажуулж, тухайн онуудын зөрүү дэмжлэгийг мөн олгоход бэлэн байгаагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан. Иймд дэмжлэг олгох ёстой эсэх асуудлаар маргаан байхгүй гэж ойлгож байна. Гол нь 2022, 2023 оны зардлыг олгох ёстой байсан эсэх маргааны асуудал байгаа. Хариуцагч тухайн үед өөр журам үйлчилж байсан учраас олгох ёсгүй гэж үздэг. Журам өөрчлөгдсөн учраас тухайн үедээ өмнөх журмаар шийдвэрлэх ёстой. Журам шинэчлэгдсэн учир шинэ журмаар өгөх боломжгүй. Шинэ журам хүчин төгөлдөр батлагдсан өдрөөс хойш үйлчлэх тул 2022, 2023 оны зардлыг өгөхгүй гэсэн. Татгалзал нь тайлбар болон шийдвэрээр нотлогдохгүй байна. Учир нь холбогдох журам батлагдсанаас хойш тодорхой зардлууд нь орохгүй. Иймд шүүхийн хамгийн гол дүгнэх ёстой асуудал нь эдгээр санхүүгийн дэмжлэгийг олгохдоо 2022, 2023 оны зардлыг хамруулан олгох шаардлагатай байсан эсэхэд дээр дүгнэлт өгөх ёстой гэж харж байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь хэлэлцэгдсэн шиг гадаадад эмчлүүлэх шаардлагатай тухай эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг он, сартай нь авсан. Хариуцагч зүгээс үүнд тухайн үед татгалзал, буцаалт хийсэн зүйл байгаагүй шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ олгох ёстой байсан гэж шийдвэрлэсэн ч олгохдоо дутуу мөнгө олгосон. Энэ нь эс үйлдэхүйн шинжтэй үйлдэл. Учир нь холбогдох журамд санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тодорхой 20 хувь гэж заасан бөгөөд үүнээс доогуур эсвэл нөхцөл байдлыг харгалзан бууруулах боломжийг журамд заагаагүй. Тодорхой 20 хувь гэж заасан энэхүү заалтын дагуу хариуцагч бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй...Өмнөх шүүх хуралдаанд ярилцсан холбогдох журамд тодорхой хэлбэрийн шаардлага тавигдсан байдаг бөгөөд уг шаардлага нь эмчилгээ хийлгэхээс өмнө шинжээчийн дүгнэлт гарсан байх ёстой үндсэн шаардлагатай. Гэвч энэхүү дүгнэлт гарсан огноог чухал ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь уг дүгнэлт нь тухайн хүн гадаад улсад явж болох, болохгүй тухай агуулгатай бус, харин Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй болохыг илэрхийлсэн агуулгатай бөгөөд ийм агуулгатай дүгнэлтийг эмнэлэг хэдийд ч гаргаж өгөх боломжтой. Иймд Хавдар судлалын үндэсний төвийн дүгнэлтийг сүүлд гаргасан гэдгийг эмнэлгийн буруу гэж тайлбарлах нь өрөөсгөл ойлголт болно. Г.М*******тэй адилтгах бусад тохиолдлууд тухайн хурлаар мөн шийдвэрлэсэн. Тухайлбал, н.И, н.Г гэх хоёр хүүхдийн асуудал байгаа. Тус хүүхдүүдийн асуудлыг Г.М*******ийн адил хурлаар хэлэлцэгдэж шийдэгдсэн. Эдгээр хоёр хүүхдэд нийт 111 сая төгрөгийн буцаан олголт хэлбэрээр санхүүгийн дэмжлэг олгогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүд ч мөн адил эхлээд эмчилгээндээ хамрагдсаны дараа зардлын буцаан олголтын боломжийн тухай мэдэж, шаардлагатай баримт бичгээ бүрдүүлж өгсөн. Яг ижил тохиолдол дээр хийгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн яам өөрийн эрхэм зорилгын хүрээнд журмын тодорхой заалтууд нь санхүүгийн дэмжлэгийн үндсэн зорилгыг хязгаарлаж байгааг үндэслэн, уг үндсэн зорилгод нийцүүлэн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзсэн байна. Тэр хүрээнд Г.М*******ийн хэрэгт ч мөн ижил байдлаар хандах учиртай. 2022, 2023 оны зардлыг хассан үндэслэл нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарах бөгөөд харин Засгийн газар, Улсын Их Хурлаас холбогдох журмыг хэзээ шинэчлэх, хувь хэмжээг нэмэгдүүлэх, бууруулах тухай асуудал бүрэн нэхэмжлэгчээс хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгчээс хамаарахгүй үндэслэлээр журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй болно...” гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэндийн сайдын дугаар тушаалаар батлагдсан журмын 4.8-д иргэн өөрийн хүсэлтээр гадаад улсад эмчлүүлэхээр гаргасан хүсэлт нь энэ журамд хамаарахгүй гэж заасан. Эмнэлэг энэ журмыг баримталж ажиллахыг дээрх тушаалын 4 дүгээр хавсралтад заасан. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд эмнэлгийн дүгнэлт гаргах маягтыг ашигладаг. Эмнэлэг нь дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталдаг. Засгийн Газрын 78 дугаар тогтоолд эмнэлэгтээ хандах талаар дурдаж, эмнэлгийн нэрсийг заасан. Эрүүл мэндийн сайдад өгсөн учраас энэ хурлаар орж байна гэх буруу ойлголтой байсан. Тэр талаар залруулж хэлье. Г.М******* ч мөн Эрүүл мэндийн сайдад хандаж өргөдөл гаргасан. Үүнийг дотооддоо мэргэжилтнүүд сайдад хандсан өргөдөл гэж ярих нь мэргэжилтний үг хэллэг. Бүгд Эрүүл мэндийн сайдад ханддаг. Зарим өргөдөл нь Эрүүл мэндийн яам гэсэн байдаг. Тэр нь төрийн нарийн бичиг рүү очдог...Г.М******* комиссын шийдвэргүйгээр гадаад улсад өөрийн хүсэлтээр эмчлүүлсэн. Ямар ч захиргааны байгууллагад хуулиас давсан эрх мэдэл байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа Засгийн Газрын 78 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталж ажиллаж байгаа...” гэжээ.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Нэхэмжлэгчээс 2022, 2023 онд Эрүүл мэндийн яаманд ямар нэг өргөдөл гаргаагүй, комиссын дүгнэлт өгөөгүй. Эмчилгээ хийгдсэн сүүлийн өдрөөс хойш 3 сар гэж журамд заасан дүгнэлт байгаа. Тухайн үед эмчилгээ хийгдэж байсан. Хамгийн гол нь дүгнэлт ирүүлээгүй, өргөдлөө гаргаагүй тул өгөөгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд. нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэг.Хэргийн үйл баримтын тухайд:
3.Нэхэмжлэгч Г.М******* нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Ёнсей их сургуулийн С эмнэлэгт 2022 оны 8 дугаар сард "тархинд байрлалтай эсийн гаралтай хортой хавдар" гэсэн оношоор мэс засалд орж, улмаар 2023 онд хими эмчилгээ, 2024 онд туяа эмчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хими эмчилгээ тус тус хийлгэсэн байна.
4.Дээрх хугацааны эмчилгээний зардалд Бүгд Найрамдах Солонгос Улсын воноор. 2022 онд 151,148,880 вон, 2023 онд 39,799,370 вон, 2024 онд 12,818,980 вон, 2025 онд 2,390,450 вон, нийт 206,158,680 воны зардал гарсан болох нь нэхэмжлэгч Г.М*******, түүний нөхөр С******* нарын гарын үсэг зурсан баримтын задаргаагаар тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн "Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комисс"-ын хурлаар орж дүгнэлт гарсан бөгөөд үүний дараа 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яаманд санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтийг холбогдох нотлох баримтуудын хамт гаргажээ.
6.Эрүүл мэндийн яамны "Гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл"-ийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр хурлаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж, нийт эмчилгээний зардлаас 35,648,280.00 төгрөгийг (2024, 2025 оны) журамд нийцсэн гэж үзэж, 20 хувийг буцаан олголт буюу 7,129,556.00 төгрөгийн мөнгөн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
7.Уг шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаал гарч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн хаан банкны дансанд 7,126,772.77 төгрөгийг шилжүүлжээ.
8.Нэхэмжлэгчээс тус буцаан олголтын хэмжээг эс зөвшөөрч Эрүүл мэндийн яаманд гомдол гаргахад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 2/79 дүгээр албан бичгээр "Эрүүл мэндийн сайдын 2025 оны ******* дугаар тушаалаар санхүүгийн дэмжлэг олгогдсон тул дахин дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтгүй" гэх татгалзсан хариуг өгсөн үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хоёр. Хууль зүйн дүгнэлтийн тухайд:
9.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийг дэмжих сангийн төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам"-ын 6.4.3-т заасны дагуу 2022, 2023 оны эмчилгээний зардлыг 20 хувиар тооцож олгох ёстой гэж, хариуцагчаас "тусгай мэргэжлийн эмнэлгийн комиссын дүгнэлтгүй, өөрийн зардлаар эмчлүүлж ирсэн хүнд санхүүжилтийг буцаан олгох боломжгүй, харин илтгэгч эмчийн саналаар 2024, 2025 оны эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгосон" гэж тус тус маргаж байна.
10.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална." гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолоор "Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам"-ыг баталжээ.
11.Нэхэмжлэгч Г.М*******ийн 2022, 2023 онд эмчилгээ хийлгэж байх тухайн үед үйлчилж байсан Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/205 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам"-ын 2.5.1-д "Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээний төлбөр төлсөн баримтад үндэслэн тооцоог гаргах ба сүүлийн гүйлгээний өдрийн Монгол банкны гадаад валютын албан ханшаар төгрөгт хөврүүлэн эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг ..." олгохоор зохицуулсан байжээ.
12.Улмаар Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2024 оны болон батлагдсан шинэ журмаар буцаан олголтын хэмжээг 18 ба түнээс дээш насны иргэнд эмчилгээний төлбөрийн 20 хувийг олгохоор нэмэгдүүлсэн байна.
13.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан.
14.Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолд уг актыг буцаан хэрэглэх, эсхүл өмнө дуусгавар болсон харилцаанд хамааруулах талаар тусгайлан заагаагүй тул эрх зүйн акт дагаж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд (2022, 2023 онд) үүссэн харилцаанд шинэ журмыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
15.Нэхэмжлэгчийн 2024 оны 78 дугаар тогтоолын 6.4.3-т заасан 20 хувийн буцаан ололтыг хуучин үйлчилж байсан 2011 оны журмын үйлчлэлд хамаарах 2022, 2023 оны зардалд тооцуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч тус онуудын зардлыг шинэ журмын дагуу олгохоос татгалзсан Захиргааны ерөнхий хуулийн 60.4-т заасанд нийцсэн байна.
16.Түүнчлэн 2024 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам тогтоолоор батлагдсан журам"-ын 6.5-д "Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадаад эмчилгээний комиссын дүгнэлтгүйгээр гадаад улсад эмчлүүлсэн, санхүүгийн дэмжлэгийг нөхөн олгохгүй." гэж тусгайлан хязгаарлалт тогтоосон тохиолдолд байна.
17.Нэхэмжлэгч Г.М*******ийн хувьд гадаад улсад эмчлүүлэх Хавдар судлалын үндэсний төвийн комиссын дүгнэлт 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байх тул түүний 2022, 2023 онд хийлгэсэн мэс засал болон хими эмчилгээ нь эрх бүхий эмнэлгийн комиссын дүгнэлт гарахаас өмнө хийгдсэн болох тогтоогдож байна.
18.Хууль болон журамд зааснаар санхүүгийн дэмжлэг авах эрх үүсэх үндсэн урьдчилсан нөхцөл нь "комиссын дүгнэлт урьдчилж гарсан байх шаардлага тул тус дүгнэлтгүйгээр өөрийн зардлаар эмчилгээ хийлгэсэн 2022, 2023 оны зардлыг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны байна.
19.Засгийн газрын 2024 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан журмын 6.3-т "Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн үйлчлүүлэгч эмчилгээний сүүлийн өдрөөс хойш 3 сарын дотор санхүүгийн дэмжлэг хүссэн хүсэлтээ, нотлох баримтын хамт эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана" гэж заажээ.
20.Нэхэмжлэгч сүүлийн эмчилгээгээ 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хийлгэж, хүсэлтээ 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нь журамд заасан 3 сарын хугацаанд байна.
21.Эрүүл мэндийн яамны орон тооны бус зөвлөлийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар тэмдэглэлээс (3-р хавтаст 13-22-р тал) үзэхэд Хавдар судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Ч: "Энэ хүн одооноо манай эмнэлэгт хяналтад орж байгаа 2022, 2023 онд огт амбулаториор үзүүлээгүй байж байгаад сая 2025.04 15-нд манай эмнэлэгт албан ёсоор хяналтад орсон. Ар гэр нь хамгийн өндөр дүнтэй 2022 оны эмчилгээний төлбөрт мөнгөн дэмжлэг авах хүсэлтээ гаргасан. Хамгийн сүүлийн эмчилгээний төлбөрт дэмжлэг үзүүлэх нь журамд нийцэж байгаа, 2022 оны эмчилгээний төлбөрт дэмжлэг үзүүлэх нь төвөгтэй байх байхаа зөвлөлийн шийдвэрийг эргээд танилцуулъя гэж хэлсэн. Хэрэв боломжтой бол 2024 он, 2025 оны эмчилгээний төлбөрт мөнгөн дэмжлэг үзүүлэх талаар шийдвэрлэж өгнө үү" гэсэн саналыг оруулжээ.
22.Нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгчийн картад 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн мэдрэлийн мэс засалд үзүүлсэн тэмдэглэл байгааг харгалзан, зөвлөлөөс нэхэмжлэгчийн 2024, 2025 оны эмчилгээний зардлыг тооцож, үүнээс 20 хувийг буцаан олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
23.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "... бусад нэр бүхий иргэдийн гадаад эмчилгээний зардлыг дууссан дараа нөхөн олгосон тул нэхэмжлэгчид тэгш бус хандсан" гэж маргасан.
24.Гэвч хэрэгт авагдсан 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл, Э.И (эмчилгээний хугацаа 2024.12.30-2025.05.08) Яагаад гэвэл БНТУ-д хийлгэсэн эмчилгээ нь эмнэлгийн комиссын дүгнэлтээс өмнө хийлгэсэн байна. ... Хятад улсад эмчлүүлсэн ясны чөмөг шилжүүлэн суулгасан мэс заслын төлбөр мөнгө дэмжлэг үзүүлэх үү (3-р хавтаст хэсгийн 19-р нүүр), иргэн Ш.Г (эмчилгээний хугацаа 2025.04.23-2025.04.30, дүгнэлт 2025.06.06 нарын хувьд Солонгос улсад хийлгэсэн оношилгооны хувьд мөнгөн дэмжлэг үзүүлэхгүй, Хятад улсад хийсэн эмчилгээний хувьд мөнгөн дэмжлэг олгох боломжтой гэж санал хурааж шийдвэрлэсэн байна. (3-р хавтаст хэргийн 20-21-р тал)
25.Нэхэмжлэгч Г.М*******ийн хувьд ч эмнэлэгт хяналтад орсон болон комиссын дүгнэлтийг харгалзан 2024, 2025 оны эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийг тэгш бус хандсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Гурав.Хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдоогүй тухайд:
26.Нэхэмжлэгчээс хариуцагчийг "хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулж, эс үйлдэхүй гаргасан" гэж маргасан.
27.Шүүхээс хариуцагч байгууллагын өргөдөл шийдвэрлэлтийн явцад үзлэг хийхэд, Эрүүл мэндийн яамны орон тооны бус зөвлөл нэхэмжлэгчийн хүсэлтийг хурлуудаар хэлэлцэж, 2024, 2025 оны эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгохоор шийдвэрлэн, улмаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 2/79 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна.
28.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар захиргааны байгууллагаас иргэний өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн үйлдэл нь "татгалзсан захиргааны акт" байна. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон хууль бус эс үйлдэхүй биш юм.
Дөрөв.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тухайд:
30.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эмнэлгийн тооцооны баримтаас үзэхэд 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 355,980 вон (2-р хавтаст хэргийн 14-р тал), мөн өдөр төлсөн 161,640 вон, 194,340 вон (1-р хавтаст хэргийн 236-237-р тал) зэрэг баримтуудаар нэхэмжлэгчээс төлбөр төлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
31.Иймээс дээрх баримтуудыг үндэслэн 2024 оны эмчилгээний зардлын зөрүү болох 170,870.40 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
32.Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2024 оны эмчилгээний зардалд олгох ёстой байсан төлбөрөөс 170,870.40 төгрөгийг орхигдуулсныг зөвшөөрснийг дурдав.
33.Нэхэмжлэгч Г.М******* нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний улмаас гадаад улсад эмчилгээ хийлгэсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч төсвийн тусгай сангийн хөрөнгийг зарцуулахдаа хууль, журамд заасан зайлшгүй шаардлагуудыг 2022, 2023 оны зардлын тухайд хангаагүй болно.
34.Иймд дээрх үндэслэлүүдээр 2024 оны 170,870.40 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 91.657.640 (ерэн нэгэн сая зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун дөч) төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3.5-т заасныг баримтын нэхэмжлэгч Г.М*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны эмчилгээний зардлаас олгогдоогүй үлдсэн 170,870.40 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Эрүүл мэндийн сайдад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох "Эрүүл мэндийн сайдын 2022, 2023 оны эмчилгээний зардлыг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2022, 2023 онуудын эмчилгээний зардлын үлдэгдэл 91,657,640 төгрөгийг олгохыг даалгах" тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг хариуцагч Эрүүл мэндийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТСҮХ