Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 101/2017/04143/И |
Дугаар | 210/МА2018/00040 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2018/00040
2017 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2018/00040 |
Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03458 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Мануул трэйвэл ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 27 300 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Зоригтсүрэн болон Мануул трэйвэл ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ажлын байр захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний төлбөр 54 000 000 төгрөг бөгөөд гэрээ байгуулахад 24 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр 07-ны өдөр 500 000 төгрөг, нийт 27 300 000 төгрөг төлсөн. З.Зоригтсүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч эхнэр Г.Оюунцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 52 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Мануул трэйвэл ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 01 тоот ажлын байр захиалан бариулах гэрээний шаардах эрх, төлбөр гаргуулах эрх, гэрээнээс татгалзах эрхийг өвлөн авсан болно. Хариуцагч тал өөрийн нэр дээр нэхэмжлэгчийн захиалсан 18 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр гэрчилгээ авсныг хавтас хэрэгт өгснөөр мэдсэн. Иймд Ажлын байр захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 27 300 000 төгрөгийг Мануул трэйвэл ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутагт Даймонд худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт 59А-1-31 тоотод 18 м.кв ажлын байрыг барьж хүлээлгэн өгсөн. З.Зоригтсүрэнгийн эхнэр Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх саналтай байна. Гэрээний дагуу 54 000 000 төгрөг төлөх ёстой, гэрчилгээ манай компаний нэр дээр гарсан байгаа одоо Г.Оюунцэцэгийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Мануул трэйвэл ХХК-аас 27 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюунцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Мануул трэйвэл ХХК-аас 294 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюунцэцэгт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Гэрээний 2.1.2-1 "З.Зоригтсүрэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 1 800 000 төгрөг буюу 21 600 000 төгрөг" төлөхөөр тохирсон боловч энэ мөнгийг төлөөгүй. "Мануул трейвэл" ХХК Баянзүрх дүүргийн 17-р хороо "Даймонд" худалдаа үйлчилгээний төвийн 1-р давхарт 59А-1-31 тоот 18 м.кв павильоныг ашиглалтанд оруулж 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчээ. З.Зоригтсүрэн агсны эхнэр Г.Оюунцэцэг павилионыг хүлээн авах, эвлэрэхээс татгалзсан. Гэрээний 3.4-т "Гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгааны улмаас энэ гэрээнээс дангаар татгалзаж захиалсан байраа буцаах тохиолдолд төлсөн төлбөрөөс нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлнө" гэж тохирсон. Гэрээний үнэ болох 54 000 000 төгрөгийн 30 хувь нь 16 200 000 төгрөг, З.Зоригтсүрэн агсны тушаасан 27 300 000 төгрөгнөөс 16 200 000 төгрөгийг хасвал "Мануул трейвэл" ХХК 11 100 000 төгрөг төлөхөөр байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг нь хариуцагч Мануул трэйвэл ХХК-д холбогдуулан Ажлын байр захиалан бариулах гэрээний үүрэгт төлсөн 27 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Иргэн З.Зоригтсүрэн, Мануул трэйвэл ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ажлын байр захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Мануул трэйвэл ХХК нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Даймонд худалдаа үйлчилгээний төвийн 1 давхрын 59А-1-3 тоот 18 м.кв ажлын байрыг барьж өгөх, захиалагч З.Зоригтсүрэн нь гэрээний үнэд 54 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсоноос /хх-4-5/ үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Дээрх гэрээний захиалагч З.Зоригтсүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлүүлэгчийн эхнэр Г.Оюунцэцэгт 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр олгогдсоноор нэхэмжлэгч Г.Оюунцэцэг хариуцагч Мануул трэйвэл ХХК-д холбогдуулж шаардлага гаргах эрхтэй болжээ. /хх-ийн 6/
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар иргэн З.Зоригтсүрэн нь Мануул трэйвэл ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт нийт 54 000 000 төгрөг төлөхөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 24 500 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр тус тус 500 000 төгрөг, 27 300 000 төгрөг төлсөн боловч гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархадны 59а байрны 1 давхрын 31 тоот 18 м.кв талбай бүхий 98 хувийн гүйцэтгэлтэй ажлын байрны өмчлөх эрх Мануул трэйвэл ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн /хх-ийн 18/ үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Оюунцэцэг нь гэрээний үүрэгт төлсөн 27 300 000 төгрөгийг хариуцагч Мануул трэйвэл ХХК-иас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ажлын байр захиалан бариулах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлын байрыг заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотолж чадаагүй байна.
Хариуцагч Мануул трэйвэл ХХК нь З.Зоригтсүрэнтэй байгуулсан Ажлын байр захиалан бариулах гэрээний 3.4-т зааснаар 30 хувийн алданги шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Мануул трэйвэл ХХК-ийн төлсөн 243 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Н.БАТЗОРИГ