Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0851

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа, улсын яллагч  Ч.Батбаяр, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч  Т.Г, өсвөр насны шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  Ч овогт С Б холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806035410929  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1. шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч овогт С Б, 2002  оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй,   бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 3, эцэг эх нарын хамт оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

            С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.М гараараа нүүрэн тус газар нь цохиж, толгойгоор нь нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

     Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз У.М хамт дэлгүүрээс тамхи аваад буцаж явах замдаа хоорондоо тоглож байгаад сүүлдээ маргалдаж зодолдсон. Тэр үед би М хамар луу нэг удаа мөргөсөн чинь У.М хамарнаас цус гарсан. Тэгтэл У.М намайг газар унагаагаад дээрээс цохиод байхаар нь миний уур хүрээд У.М зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Мөнхсүлдийн нүд нь хавдсан. Би тэгээд л яваад өгсөн гэжээ. /хх-ийн 11/ 

     Хохирогч  У.М мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2 дугаар хэсэг Баатархайрханы гудамжинд зүс таних Бтай таархад надаас тамхи асуусан. Би байхгүй гэсэн чинь мөнгө байна уу гэсэн би 5000 төгрөг байна гэхэд дэлгүүр орий гэсэн. Тэгээд бид хоёр Далай ээж дэлгүүрт ороод тамхи авч хувааж татаад буцаж гэрлүүгээ явсан. Гэрлүүгээ явж байхад Б тоглож шоглож байгаа нь мэдэгдэхгүй миний нүүр лүү гараараа түлхээд байхаар нь би зүгээр байгаа ч гэж хэлсэн чинь Б чи ямар том зантай болчихсон юм бэ гээд уурлаад намайг зодолдох уу гээд хашааны буланд шахаад миний нүүр лүү гараараа нэг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон. Тэгтэл бүүр уурлаад намайг газар унагаад дээрээс өшиглөөд, дараа нь миний цамцнаас заамдаж татаад миний хамар луу 2-3 удаа мөргөсөн. Тэгтэл миний хамарнаас цус гараад толгой манараад би босож чадахгүй байхад хөлөөрөө толгойн дээрээс дэвсэж байгаад больсон. Тэр үед нь би зугтаагаад гэртээ очиж цагдаад хандсан юм. Эмчилгээний зардалд нийт 730.000 төгрөг гарсан  гэжээ.  / хх-н 6-9/    

    Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай том хүү У.М найз Б нь зодож хамрыг нь гэмтээсэн байсан. Тэгэхээр нь би Б ээж рүү утсаар залгаад энэ тухай хэлэхэд тоохгүй утсаа салгасан. Маргааш нь Б ээж О манайд ирээд хүү бид хоёртой хамт эмнэлэг явсан. Зураг авахуулсаны 120.000 төгрөгийг О төлсөн. Би өөрийн хүүхдийн эмчилгээний бүх зардалыг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  / хх-н 12-13/

    Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 14/

          Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 15/ 4997 тоот ДҮГНЭЛТ:

            1.У.М биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 16-17/

           Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 18/, эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 44/

            С.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 27-31,45-47/

          С.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 33-34/

    С.Б иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 19-20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /  хх-н 32 /,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н  25/

           С.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт У.Мөнхсүлдийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:     

          С.Б цохилтын улмаас У.М биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 15/ 4997 тоот дүгнэлт  /хх-ийн 15/

     Насанд хүрээгүй хохирогч  У.М мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн…. Гэрлүүгээ явж байхад Б тоглож шоглож байгаа нь мэдэгдэхгүй миний нүүр лүү гараараа түлхээд байхаар нь би зүгээр байгаа ч гэж хэлсэн чинь Б чи ямар том зантай болчихсон юм бэ гээд уурлаад намайг зодолдох уу гээд хашааны буланд шахаад миний нүүр лүү гараараа нэг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон. Тэгтэл бүүр уурлаад намайг газар унагаад дээрээс өшиглөөд, дараа нь миний цамцнаас заамдаж татаад миний хамар луу 2-3 удаа мөргөсөн. Тэгтэл миний хамарнаас цус гараад толгой манараад би босож чадахгүй байхад хөлөөрөө толгойн дээрээс дэвсэж байгаад больсон гэсэн мэдүүлэг  / хх-н 6-9/   

шүүгдэгч С.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн… У.М хамт дэлгүүрээс тамхи аваад буцаж явах замдаа хоорондоо тоглож байгаад сүүлдээ маргалдаж зодолдсон. Тэр үед би М хамар луу нэг удаа мөргөсөн чинь У.М хамарнаас цус гарсан. Тэгтэл У.М намайг газар унагаагаад дээрээс цохиод байхаар нь миний уур хүрээд У.М зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. М нүд нь хавдсан. Би тэгээд л яваад өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/   зэрэг болно.    

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

       С.Б нь У.М хамт явж байгаад тоглоомоор бие биенээ цохиж байгаад сүүлдээ түүнээсээ болж хоорондоо маргалдан улмаар түүнийг мөргөж нүүр лүү нь цохисоноос У.М хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон,   С.Б  энэ үйлдлийг зүйлчил ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

          Иймд  С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож тухайн зүйл хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Хохирогч У.М эмчилгээний зардалд 420.000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ч овогт С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар   С.Б 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4-д зааснаар           С.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4.С.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.                              

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН