Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 159/ШШ2026/0016

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0052/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Ариунцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул нар оролцож, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн сум дундын ойн анги,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: “******* гацуур” ХХК нарын хооронд үүссэн Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н. Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга /цахим/, Б.Содболд, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* /цахим/ болон түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангиас анх Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ойн санг гэрээгээр эзээмшүүлэх тухай” ******* дугаар тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг батлах тухай” 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Ойгоос мод бэлтгэх тухай” А/08 дугаар захирамжуудын “******* гацуур” ХХК-д холбогдох, Дархан-Уул аймгийн ******* сумын хилийн цэст хамаарах Бичигт хадны ******* ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актууд хэрэгжиж дууссан, мөн маргаан бүхий газрын харьяаллын талаар Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд өөрчлөлт орсон үндэслэлээр 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх захиргааны актуудын “******* гацуур” ХХК-д холбогдох, Дархан-Уул аймгийн ******* сумын хилийн цэст хамаарах Бичигт хадны ******* ам гэх газарт мод бэлтгэсэнтэй холбоотой хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилжээ.

            Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Дархан-Уул аймгийн ******* сум, Сэлэнгэ аймгийн ******* сумын хилийн цэсийн “*******ын даваа” эргэлтийн цэгийн байршилтай холбоотой асуудлаар талууд олон жил маргаантай байсан бөгөөд уг маргааны улмаас тухайн газрын нутаг дэвсгэрийн харьяалал, түүнд хамаарах ойн сангийн ашиглалттай холбоотой захиргааны актуудын хууль ёсны байдал маргааны зүйл болсон байна.

2.2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/956 тоот албан бичгээр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт “*******ын даваа” эргэлтийн цэгийг тухайн үед газрын мэдээллийн санд мөрдөгдөж байсан буюу газар зүйн хувьд “даваа” дээр байрласан эргэлтийн цэгээр мөрдөх талаар мэдэгдэж байжээ.

2.3. Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 24 дүгээр тушаалаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой үүссэн маргааныг судалж, тогтоох, түүнийг шийдвэрлэх талаар холбогдох санал дүгнэлтийг гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг Дархан-Уул аймгийн ******* сум, Сэлэнгэ аймгийн ******* сумын хилийн цэсийн эргэлтийн цэг болох “*******ын даваа” цэгт ажиллаж 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 02 дугаар дүгнэлт гаргаж, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн “*******ын даваа” цэг нь архивын баримт, зураглалтай зөрүүтэй болох талаар дүгнэсэн байна.

2.4. Дээрх дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр холбогдох аймгуудын Засаг дарга нарт дүгнэлтийг хүргүүлж, Засгийн газрын 2024 оны хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр уг дүгнэлтэд үндэслэн газрын мэдээллийн нэгдсэн санд хилийн цэсийн бүртгэлийг зөвтгөн бүртгэхийг эрх бүхий байгууллагад үүрэг болгосон байна.

2.5. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Бичигт хадны ******* ам ам гэх газар нь Дархан-Уул аймгийн ******* сумын хилийн цэст хамаарч байхад хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Засаг дарга нар нь өөрийн нутаг дэвсгэрт үл хамаарах газарт ойн сан ашиглуулах, мод бэлтгэх захиргааны акт гаргаснаар Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн Ойн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж тайлбарлажээ.

2.6. Хариуцагч нараас маргаан бүхий актуудыг гаргах үед газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлээр тухайн газар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт бүртгэлтэй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь харьяалах ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтоож хэрэгжүүлсэн тул хууль зөрчөөгүй, мөн хилийн цэсийг өөрчилж буй цэг болох “*******ын даваа” эргэлтийн цэг буруу тогтоогдсон гэж тайлбарласан.

Гурав. Нэхэмжлэгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор тогтоосон хилийн цэсийн дагуу Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарна, ******* сумыг Дархан-Уул аймгийн сум болгоход хилийн цэсийг огт өөрчлөөгүй, газрын мэдээллийн нэгдсэн санд “*******ын даваа”-г буруу тогтоож алдаатай бүртгэсэн нь маргаан үүсгэх шалтгаан болсон.

3.2. Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, түүнийг хэрэгжүүлэх талаар холбогдох аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн албан бичиг, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлийг зөвтгөн оруулсан үйл баримтаар маргаан бүхий газрын харьяалал тодорхой болсон байна. Гэтэл хариуцагчид эрх бүхий төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, хариуг үл тоож маргаан бүхий газраас их хэмжээний мод бэлтгэх шийдвэр гаргаж Дархан-Уул аймгийн ойн санг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.

3.3. Түүнчлэн захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа маргаан бүхий актууд хэрэгжсэн, эрх зүйн үйлчлэлгүй болсон хэдий ч хариуцагч нар ижил агуулгатай захиргааны акт дахин гаргах бодит эрсдэл байгаа тул нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс маргаан бүхий захиргааны актууд хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхолтой гэж тайлбарлаж байна.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны ажлын хэсгийн дүгнэлтийг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна. Тэр нь тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Л******* танаа гээд ийм дүгнэлт гарчихлаа орон нутагтаа хэрэгжүүлж ажилла гэх албан бичгийг хүргүүлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Аймгийн Засаг дарга нь доод шатны сумын Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв мэдэгдээгүй гэх асуудал яригдвал өөрсдийнхөө шийдвэрийг хууль ёсны болгож зөвтгөх замаар тайлбарлах боломжгүй гэж үзэж байна.

Газрын нэгдмэл сангийн цахим сан дахь мэдээлэл өмнө нь бүртгэлтэй байсан учир ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаад байна. Би өмнө нь хэлсэнчлэн уг систем нь өөрөө тодорхой бодит эрх зүйн байдлыг бүртгэдэг болохоос биш эрх зүйн баримтыг өөрчилж бүртгэх тийм зүйлүүд биш. Тэгэхээр хууль болон эрх зүйн хэм хэмжээний актаар тогтоогдсон зөвлөмж нь мэдээллийн сантайгаа зөрчилдөж байгаа бол захиргааны байгууллага алийг нь дагаж мөрдөх ёстой вэ. Захиргааны акт нь хууль болон хүчин төгөлдөр эрх зүйн актаар эрх хэмжээ, чиг үүрэг олгогддог. Түүнээс биш шинээр чиг үүрэг, эрх хэмжээ олгогддоггүй. Хоёр сумын хилийн цэсийн асуудал нь анхнаасаа хүчин төгөлдөр эрх зүйн акт байна гээд тогтоогдоод явж байсан асуудал. Хилийн цэсийг тогтоосон Улсын Их Хурлын тогтоолд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тийм учраас мэдээллийн систем дагах биш, хууль дүрэм журмыг дагасан нь зөв гэж харж байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн санд алдаатай буруу бүртгэл байсан гэх үндэслэлээр захиргааны байгууллагын хууль эрх зүйн эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэрийг хууль ёсны байх, зөвтгөх асуудал байхгүй. 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хууль мэдэхгүй, буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэх зохицуулалт байдаг.  Захиргааны байгууллага хүчин төгөлдөр хууль эрх зүйн актыг мэдээгүй, хэрэгжүүлээгүй, мэдээллийн систем нь буруутай байсан учир ингэж ойлгож хэрэгжүүлсэн гэдэг үндэслэл нь тухайн шийдвэрийн хууль ёсны байдлыг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй. Захиргааны байгууллагын эрх хэмжээ хууль, дүрэм журмаар тодорхойлогддог учраас мэдээллийн системийн бүртгэлийг үндэслээд шийдвэр нь хууль ёсны гарсан гэх нь ямар ч боломжгүй.” гэв. 

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг хэрэг маргаан 2024 оны 7 сараас хойш Захиргааны хэргийн шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байгаа. *******ын нутаг манайх, танайх гэдэг дээр маргаагүй *******ын даваа нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэр *******, ******* сумын хилийн цэс *******ын давааг Дархан-Уул аймаг талдаа оруулсан байдлаар анхнаасаа батлагдаж явсан. Бид нар хилийн цэс дээр маргаан байхгүй. Зөвхөн *******ын даваа дээр байгаа ойн сан бол Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэр дээр харьяалагдах буюу нэхэмжлэгч ойн ангийн хариуцах ой хэсэг дээр хамаарч байгаа гэх агуулгаар маргалдсан. Үүний үндсэн дээр удаа дараагийн шийдвэр буюу 2019 оноос 2024 оныг хүртэл тухайн ******* сумын удирдлага буюу Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр, захирамжуудын холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, хууль бус байсан болохыг тогтоолгох гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх байдлаар тодорхойлоод явж байна. Хууль зүйн талаасаа арай оновчтой байдлыг хэрэглэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр жилийн явцад олон янзын байдлаар аль болох шүүхээр зөв шийдвэр гаргуулахын тулд аль болох зөв байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохын тулд явсан. Тэр болгон нийтлэг өдөр тутамдаа гараад байдаггүй маргаан учраас энэ хэрэг өнөөдөр 3 дахь удаагаа анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Ийм асуудал байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Маргааны үйл баримтын тухайд маш тодорхой нотлох баримтууд гараад ирчихсэн. *******ын даваа аль нутгийнх вэ гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл он цаг хугацааны хувьд дарааллаар нь логикоор аваад үзвэл 1978 оны Ардын Их Хурлын тогтоолоор анхны цэсийг тогтоосон. Ингээд 1994 онд БНМАУ байж байгаад Монгол Улс болоод 1994 онд Улсын Их Хурал гэх төрийн эрх барих дээд байгууллага бий болсонтой холбогдуулж 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн ******* сум гэж газар нутгийн нэршлийг өөрчлөхдөө 1978 оны хилийн цэсийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүйгээр шууд Дархан-Уул аймгийн ******* сум болгож оруулсан. Энд байгаа хамгийн бодитой нотлох баримт болох эх зураг байгаа. Миний үйлчлүүлэгч сая шинжлэн судлуулсан. Тухайн үеийн нөхцөл байдал, иргэд, албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэг гээд олон хүчин зүйлтэй холбоотойгоор координатын цэгүүдийг тоо дугаараар нь тавьж өгөөгүй асуудлууд байдаг. Гэхдээ газрын зураг дээр газар нутгийн нэршлээр уг газрын зургийг гаргаж өгсөн. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар нутаг, засаг захиргааны нэгжийн хил хязгаарыг Улсын Их Хурал баталдаг. 1994 оноос хойш ямар нэгэн байдлаар эрх бүхий байгууллага буюу Улсын Их Хурлаас 1994 оны зургийг өөрчилсөн, хилийн цэс өөрчилсөн шийдвэр гараагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Үүний дунд 2013 оны Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 103 дугаар хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийг хүлээн зөвшөөрсөн тухай гэх тогтоол гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа нэр бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт хийлгүүлсний үндсэн дээр уг цэгийг тогтоож өгсөн. Хэрэгт цугларсан цэгээр манай газар маргаангүй байна гэдэг тайлбараар хариуцагч тал уг нотлох баримтыг ишилж байна.

Гэтэл 2013 оны 103 дугаар тогтоол нь аймаг орон нутгийн хэмжээнд шийдвэр гаргадаг. Тухайн үеийн хуулиар аймгийн иргэдийн хурлын чөлөөт цагт ажилладаг шийдвэр гаргадаг тэргүүлэгчдийн тогтоол байгаа. Тэргүүлэгчдийн тогтоол дээр дурдагдсан координат цэг эсхүл хилийн цэсийг тогтоосон тогтоолыг Улсын Их Хурлын тогтоолоос эрэмбийн хувьд авч үзэхийн тулд энэ нь бодитой байна гэж үзэх ямар ч боломж байхгүй. Улсын Их Хурал л тогтоол гаргах ёстой. 2013 оноос хойш уг маргаан явсан талаар хилийн цэсийн маргаантай холбоотой олон зүйлийг ярилаа. Үүнээс хойш ямар, ямар шийдвэр гараад явсан бэ гэхээр 2018 онд газрын шинэтгэлийн хороо гэх байгууллагаас энэ талаар тодорхой хэмжээний дүгнэлт гаргасан. Үүнтэй нь Дархан-Уул аймаг санал нийлээгүй учраас гомдол гаргасны үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн 7.1 дэх хэсэгт Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан хилийн цэст ямар ч өөрчлөлт ороогүй. Энэ нөхцөл байдал нь анхны 1994 оны тогтоолоор батлагдсан хилийн цэсээр байх нь зүйтэй байна. Мэдээллийн санд буруу бүртгэсэн байна гэх агуулгатай дүгнэлт гарсан. Энэ нь тухайн маргааныг шийдвэрлэх зорилготойгоор байгуулагдсан хамгийн сүүлийн дүгнэлт. Энэ дээр үндэслэж 2024 оны Засгийн газрын 40 дүгээр тэмдэглэл гарсан. Уг Засгийн газрын тэмдэглэл дээр уг маргаан шийдвэрлэгдэж энэ маргааны хилийн цэсийн асуудлыг олон нийт аймаг орон нутгийн иргэдэд бодитой мэдээлэл өгөхийг Засаг дарга нарт чиглэл болгож геодези зураг зүйн газарт мэдээллийн санд зөвтгөж өөрчлөлт оруулахыг даалгасан шийдвэр гарсан. Ийм тодорхой 6 төрлийн шийдвэр хавтаст хэрэгт цугларсан. *******ын даваа Дархан-Уул аймгийнх уу, ******* сумынх уу гэдэг нь эдгээр баримтуудаар эцэслэгдэж байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар гээд 2018 оны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/209 дугаар тушаалаар батлагдсан заавар байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлуулахад 2.1.2 дахь заалтыг уншуулсан. Газрын маргааныг бодит болон бодит бус гэж ангилдаг. Бодит бус маргаан байсан байна гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл ямар нэгэн шийдвэр гарч хилийн цэсийг өөрчилсөн зүйл байхгүй мөртлөө иргэд олон нийт, хоёр сумын удирдлагууд, хоёр сумын оршин суугч нар ******* сумын нутаг юм. ******* сумын нутаг юм гэх мэдээллийн хувьд зөрүүтэй байдал үүсэж уг маргаан үүсээд байгаа нь бодит бус маргаан гэдэг нь маргаан шийдвэрлэх заавар дээр маш тодорхой заагаад өгчихсөн. Хилийн цэсийн талаар бодитой маргаан байхгүй. Хилийн цэсийн маргаан нь өнөөдрийн байдлаар бүрэн шийдвэрлэгдсэн. Өмнө нь ч тодорхой байдлаар шийдвэрлэгдэж байсан. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Өнөөдөр бидний нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаад байгаа Засаг даргын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч болон төлөөлөгч нарын шийдвэр нь өөрсдөө бүгд 2019 оноос хойш гарсан шийдвэрүүд. ******* сумын газар нутаг биш гэдгийг мэдэх боломж байсан уу, үгүй юу, хэзээ мэдэж байсан талаар тодруулахын тулд шийдвэрүүд нь хэзээ гарсан бэ гэдэг дээр ач холбогдол өгч харах ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг асуудал 1978 онд нэршил нь өөр ч гэсэн хилийн цэс нь тодорхой байсан. Нэршил өөрчлөгдсөн ч хилийн цэс нь өөрчлөгдөөгүй. ******* сум, ******* сумын удирдлагууд тэр тусмаа Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч нар уг орон нутгийг удирдаж яваа удирдлагууд нь энэ цаг үеэс эхлээд хилийн цэст өөрчлөлт орсон уу, үгүй юу гэдгийг мэдэх ёстой байсан гэж үзэж байна. Хоёр хувь компани эсхүл хоёр хөрш айлын маргаан огт яригдаагүй. Монгол төрийн үйл хэрэг явж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар заагдсан хуулийн зохицуулалтын дагуу тогтоогддог хилийн цэсийн асуудал яригдаж байна. Магадгүй энэ хугацааг хойшоо татаад үзье гэвэл энэ талаар 2018 онд анх удаа албан ёсны ажлын хэсгийн дүгнэлт гэх үү, эрх бүхий байгууллагаас тогтоосон баталж өгсөн ажлын хэсгийн дүгнэлт гаргасан асуудал байна. 2018 онд маргаантай байсан байна гэдгийг мэдэх боломжтой байсан байна. Гэтэл уг шийдвэрүүд дандаа 2019 оноос хойш гарсан. Ингээд 2024 оны шийдвэрүүд гарахаас өмнө 2023 онд Засгийн газрын ажлын хэсэг тогтоочихсон. Хугацааны асуудал дээр ямар нэгэн байдлаар үүнийг мэдэхгүй байсан гэх зүйл байхгүй. Хариуцагч нарын зарим нэг тайлбарууд сонирхолтой санагдаж байна. Засгийн газрын 2024 оноос хойших нь буруу, өмнөх нь зөв байсан гэж байна. Нэгдүгээрт энэ асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Энэ талаар маргаан үүсгэсэн баримт байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх гээд байгаа нэхэмжлэлийн шаардлагад Засгийн газрын шийдвэр үндэслэлтэй байсан уу, үгүй байсан уу гэдэг зүйлийг ярих ямар ч боломжгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Хоёрдугаарт нарийвчилж орох шаардлагатай болж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Зөрчигдөж байгаа сэргээх гээд байгаа эрх ашгийн асуудал дээр хууль зүйн талаас нь хуульчид оролцож байгаа учир дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан болгож өөрчилсөн бэ гэхээр 3 удаагийн анхан шатны шүүх хурал, 2 удаагийн давж заалдах шатны шүүх хурал, захирамжийн гомдолтой хамааруулж тооцвол 4 удаагийн анхан шат, 3 удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас ойлгогдоод байгаа зүйл нь юу вэ гэхээр илт хууль бус байсан болохыг тогтоолгосноор цаашид ямар эрх ашиг нь хөндөгдөх вэ гэх асуудал дээр анхаарах нь зүйтэй байсан. Нэгэнт уг захирамж, шийдвэрүүд биелэгдээд хэрэгжээд дуусчихсан. Үр дагавар үйлчлэл нь дууссан. Гэхдээ бүх шүүх хуралдаан дээр яригдаж байгаа зүйл нь юу вэ гэхээр цаашдаа ч бид нар энэ газар дээр олгоно. Засгийн газрын шийдвэр дүгнэлтийг хууль бус гэж үзэж байгаа гээд бүхэл бүтэн шатлан захирах ёсоороо ч тэр, төрийн үйл хэргийн үндсэн зарчмаараа ч тэр Засгийн газрын шийдвэрийн эсрэг зүйл яриад байгаа нөхцөл байдал нь эргээд хууль бус шийдвэрүүд дахин дахин давтагдахгүй гэх нөхцөл байдал үүсэхгүй байх боломжгүй гэдгийг харуулсан нөхцөл байдал харагдаж байна. Хууль бус байсан болохыг тогтоолгох юм бол дахиж энэ төрлийн шийдвэр гаргахгүй байх буюу энэ төрлийн шийдвэр гарч дахиад Дархан-Уул аймгийн ******* сумын иргэд, ******* сумын ойн ангийн эрх ашгийг зөрчихгүй байх баталгаа үүснэ гэж харж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг үгчилж уншвал хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дараа хууль бус байсан болохыг тогтоолгох болгож өөрчилж болохоор зохицуулж өгсөн байгаа хэдий ч өмнө нь П.Баттулга өмгөөлөгчийн тайлбарласнаар Улсын дээд шүүхийн 2023 оны тогтоолоор хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хууль хэрэглээний нөхцөлийг бүрэн хангасан байвал шүүх өөрөө зөвтгөх байдлаар илт хууль бус гэх байдлыг хүчингүй болгох байдлаар шийдвэрлэж болно гэх зарчим агуулгын хүрээнд ойлгуулж, тайлбарлах нь зүйтэй болов уу гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан болгоод байгаа нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргачхаад та нар ингэж өөрчлөх ёстой байсан шүү. Эсхүл илт хууль бус болохыг хүчингүй болгох гэж өөрчилчхөөд  дараа нь хууль байсан болохыг тогтоолгох гэж өөрчлөх ёстой байсан гэж үзээд байгаа хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ дээр хөөн хэлэлцэх асуудлын талаар яригдана. Хэзээ шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаандаа хамаарч байгаа юу гэх асуудал дээр 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаад үүний дагуу хариуг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/210 гэх албан бичгээр аваад 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр буюу Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн дотор дээд шатны шийдвэрийг аваад шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэх хуулийн хугацаанд нийцсэн хугацаандаа гаргасан буюу 30 хоногоос өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ дээр тулгуурлаж шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн процесс байгаа. Иймд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хэтрүүлсэн, өнгөрүүлсэн, түүнийг илт хууль бус болгохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэрэг үүсгэж шалгуулах санаа зорилго, үйл баримт тогтоогдохгүй байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй.

Дараагийн зөрчил нь эрхийн зөрчлийн асуудал байгаа. Энэ нь өөрөө субьектив зөрчил үү, нийтийн эрх ашиг уу гэх асуудал. Өмнөх хурлууд дээр ч ярьсан, өнөөдөр ч ярих гэж байна. Ойн тухайн хуулийн 18 дугаар зүйлд ойн ангийн эрх үүрэг, тухайн ойн санд хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж өгсөн зохицуулалт байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад асуулт хариулт явж байхад нэг зүйл харагдаж байна. Дархан-Уул аймгийн ойн менежментийн төлөвлөгөөгөөр маргаад давхцаад байгаа гэх газар дээр нарс модыг бэлтгэж болохгүй, хориглолтын хязгаарлалттай байна гэдэг менежментийн дүгнэлт гарчхаад байхад ******* сум тэр газар дээр нарсыг цэвэрлэнэ, ангилна, огтолно гээд зөвшөөрөл олгоод байгаа нь бид нар нэг л байгальтай нэг л орчинтой тухайн газар нутгийн элэгдэл, хорогдол, цөлжилт, нарс модны цаашдын үржих, ургах нөхцөл байдалд нь саад учруулах буюу байгаль орчин экологид сөрөг нөлөө үзүүлэхээр асуудал байна. Тийм ч учраас аймаг, сумдад ойн санг хариуцуулж өгсөн. Тухайн сум, аймаг нь өөр өөрсдийнхөө ойн санд хяналт хэрэгжүүлж экологи эдийн засгийн байдлыг ямар нэгэн эрсдэлгүй байдлаар тухайн ойн санг хамгаалах ёстой гэж зааж өгсөн. Сэлэнгэ аймгийн ******* сум энэ асуудлыг мэдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн гэх тайлбаруудыг яриад байгаа боловч бодит байдлыг харах юм бол энэ нөхцөл байдлыг далимдуулж Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэр дээр мод бэлтгэх зөвшөөрөл олгож мод бэлтгэж байсан. Эрх бүхий байгууллагууд шийдвэрээ гаргаад явбал арай зөв, бодитой байх ёстой.

Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сум ******* сумын нутаг дэвсгэр дээр маргаад байгаа учир боломж байгаа дээр нь шийдвэрээ гаргаад байя гэх хандлагаар хандсан. Энэ нь маш илэрхий харагдаж байна. Тийм учраас ******* сумын зохицуулалтаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр огтол, цэвэрлэ, бэлтгэ гээд болгоод байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн ойн ангийн дарга гэх хүн орж ирчхээд би тухайн үед байцаагч байсан одоо ойн ангийн дарга тэнд чинь ямар ч нарс бэлтгэх боломж байхгүй гээд яриад байдаг. Ийм нөхцөл байдал үүсчихсэн. Үүний цаана бид нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сэлэнгэ аймгийн газар нутагтай холбоотой маргааныг Сэлэнгэ аймгийн шүүхээр шийдвэрлүүлэхэд тодорхой хэмжээний нөхцөл байдал, хүндрэл үүсэж байгааг өмгөөлөгчийн зүгээс мэдэрснээ илэрхийлье. Хилийн цэсийн маргаан юм шиг байдлаар хоёр жилийн толгой эргүүлсэн асуудал явж байсан ч гэсэн өнөөдрийн шүүх хуралдаанаар хилийн цэсийн маргаан биш юм ******* сумын нутаг дэвсгэр дээр байгаа ойн сан юм гэдэг дээр ямар ч маргаангүй баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тодорхой шийдвэр гарч шийдвэрлэгдсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Дөрөв. Хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар:

4.1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас маргаан бүхий актуудыг гаргахдаа хүчин төгөлдөр газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд үндэслэсэн, өөрийн харьяалах нутаг дэвсгэрт хамаарах ойн санг бусдад эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэр гаргасан нь харьяалал зөрчихгүй.

4.2. Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу ойн менежментийн төлөвлөгөө болон холбогдох хэрэгцээг үндэслэн ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг тогтоох эрхтэй, сумын Засаг дарга мөн хуулиар тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах эрхтэй гэж тайлбарласан.

4.3. Харин хилийн цэсийн асуудлаар эрх бүхий байгууллагаас гаргасан ажлын хэсгийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, ******* сумтай холбоотой архивын баримтыг бүрэн харгалзаагүй, Ардын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоол дээр хилийн цэсийг *******ын даваа гэх цэгээр илэрхийлнэ гэж заасан, энэхүү газар нь газар зүйн хувьд өөрчлөгдөхгүй тул хариуцагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... “******* гацуурт” ХХК-д мод бэлтгэсэн гэх асуудал яригдаад байгаа. Тухайн аж ахуй нэгжид бэлтгүүлж байгаа мод нь арчилгаа цэвэрлэгээний ажил арчилгаа цэвэрлэгээний ажлаар бэлтгүүлж байгаа мод нь яадаг вэ гэхээр ойн сангийн төлөв байдлыг сайжруулах зорилготой хийгдэж байгаа мод бэлтгэл. Үйлдвэрлэлтийн ашиглалт шиг их хэмжээгээр мод бэлтгүүлж байгаа тухайн орчны байгаль орчны тэнцлийг алдагдуулах хэмжээний мод бэлтгэж байгаа үйлдэл биш. Арчилгаа, цэвэрлэгээний ажлаар согогтой унасан, хатсан мод бэлтгэдэг учраас тухайн ойн сангийн төлөв байдлыг сайжруулах зорилгоор бэлтгүүлсэн. Үүнийг менежмент төлөвлөгөөнд нь заагдсан ажил байгаа учраас тухайн ойн санд хийлгүүлэх шаардлагатай болсон ажил байгаа ” гэв.

4.5. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын их хурлын 1994 оны тогтоолыг баримтална тэрний өмнөх зураг нь яасан байх нь хамаагүй. Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоол нь *******ын даваа гэсэн *******ын даваа хаана байдаг вэ гэдгийг 2013 онд геодези зураг зүйн мэдээллийн санг шинэчлэх ажлыг эрхэлж байсан Глобус компани өндөрлөг газраар нь даваа байна гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зураг, мэдээллийн сан хоёр хийсвэр гэж яриад байна. Зураг мэдээллийн сан хийсвэр байж болно. Зураг нь бодит газраасаа хол сансраас харах боломж байхгүй учраас зураг нь алдаа зөрчил гаргах маргааны эхлэл болсон байна. Харин даваа бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Уул, ус нь хэдэн сая жилийн геологийн үр дүнд үүсэж байгаа. Даваагаар уг хоёр аймгийн хилийг тогтооё гэж тогтсон. Даваа хаана байна гэдэг нь мэргэжлийн байгууллага тогтоочихсон. 2023 оны ажлын хэсгийн дүгнэлтийн нэрлэн заасан хойно байгаа *******ын даваа нь тариалангийн талбайн баруун хойд үзүүр дээр байгаа.

Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолд *******ын даваа гэсэн нь өөрчлөгдөөгүй. *******ын даваа газар зүйн хувьд өөрчлөгдөөд нүүгээд явчихгүй учраас *******ын даваа газар зүйн хувьд хаана байна гэдэг нь маргааны гол хэсэг нь нэхэмжлэгч нутаг дэвсгэрийн маргаан биш гэж хэлээд байгаа хирнээ нутаг дэвсгэрийн маргаан ярьсан. Улсын Их Хурлын тогтоол гарч газар нутгийн хилийн дээсийг тогтооно. Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.11 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурлын эрх хэмжээ Засгийн газрын өргөн мэдүүлснээр хилийн цэсийг өөрчлөх асуудлыг тогтооно. Хилийн цэс засаг захиргааны хуваарийг тогтоох эрх хэмжээ байгаа” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “хоёр хурлын саналыг аваад Засгийн газар Улсын Их Хурлаар оруулж хилийн цэсийг өөрчилж болно” гэж заасан. Улсын Их Хурал 1994 оны 32 дугаар тогтоолоос хойш хилийн цэсийн ямар нэгэн шийдвэр гараагүй. Нэхэмжлэгч Засгийн газар буюу эрх мэдэл бүхий байгууллага тогтоож, хариуцагч эсэргүүцлээ гэж дурдаад байгаа. Засгийн газрын хурлын тэмдэглэлээр нутаг дэвсгэрийн нэгжийн тэр тусмаа хилийн цэсийг өөрчлөх эрх хэмжээ байхгүй. Засгийн газрын 40 дүгээр тогтоол юу ч биш. Засгийн газрын 40 дүгээр тогтоолыг биелүүлж байгаа Геодези зураг зүйн газрын шийдвэр нь Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолыг зөрчиж байна. Засгийн газрын 40 дүгээр тэмдэглэл нь ч түүнийг зөрчиж байна. Энэ дээр маргах хүмүүс нь маргаад явна. Геодези зураг зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар “ геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлж ажиллуулах” гэж заасан. Мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт “газар зүйн нэрийг батлах” *******ын даваа хаана вэ гэдгийг батлах эрх нь геодези зураг зүйн газарт байгаа. Газар зүйн нэр гэдэг нь 2023 оны ажлын хэсгийн дүгнэлт хэсэг дээр газар зүйн нэрийн дагуу мэдээллийн санд өөрчлөлт оруулсан нь 1977 оны калькан зургаас зөрж байна гэдэг алийг нь баримтлах вэ гэдэг дүгнэлт ажлын хэсгийн дүгнэлтээс гараагүй. Харин тэнд байгаа ач холбогдол бүхий нэг асуудал нь Глобус компанийн 2013 онд тогтоогоод 2018 онд мэдээллийн санг баталгаажуулсан *******ын давааны цэг болох 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн геодези зураг зүйн газраас ирүүлсэн газар зүйн хувьд даваа хэсэг дээр байх эргэлтийн цэгийг тогтоож мөрдөнө гэдэг нь 2018 оны дүгнэлт, 2023 оны дүгнэлт хоёр тэнцүү. *******ын даваа хойшоо нүүгээгүй гэдгийг баталж байна. *******ын даваагийн нэр болон байршил нь өөрчлөгдөөгүй. Засгийн газрын 40 дүгээр тэмдэглэл юу гэж байгаа вэ гэхээр архивын мэдээллийн сангийн зургаас зөрүүтэй гэж байгаа. Түүнийг 1994 оны Улсын Их Хурлын тогтоолыг зөв, буруу, *******ын даваа нь хойно урдаа байна гэх координатыг тогтоосон асуудал огт биш. Түүнийг гүйцэтгэсэн тэгж өөрчилсөн геодези зураг зүйн зохион байгуулалтын үйл ажиллагаатай маргах эрх хэмжээ нь байгаа.

Нэхэмжлэгч хариуцагчийг буруутгахдаа энэ дээр ойн менежментийн төлөвлөгөө хийж болохгүй юм байна. Энэ манай газар нутаг биш байж магадгүй, мөн байж магадгүй гэдгийг харзнаж байх ёстой байсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1 дэх хэсэгт “аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын эрх хэмжээ нь геодези зураг зүйн талаарх төрийн бодлого, шийдвэр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин төгөлдөр геодези зураг зүйн мэдээллийн санд байгаа зургийн дагуу үйл ажиллагаа явуулна” өөр эрх хэмжээ байхгүй тэрийг өөрчлөх эрх хэмжээ сум, дүүргийн Засаг даргад байхгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ч байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манайх биш байж магадгүй гээд Ойн тухай хуулиар хүлээсэн ойн сандаа нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах ойн менежмент хэрэгжүүлэх үндсэн чиг үүргээсээ татгалзах эрх байхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ирээдүйг зөгнөж буруутгах ямар ч боломж байхгүй. Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны дүгнэлтэд аймгийн Засаг даргад нь хүргүүлсэн учир хэрэгжүүлэх ёстой байсан гэж хэлээд байгаа. Энэ дүгнэлт нь 2018 оны геодези зураг зүйн газраас шийдвэр ирүүлчихсэн. Үүнийг мөрдөж ажиллаж байсан. Мэдээллийн санд энэ нь орчихсон байж байгаа. 2023 оны дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татагдан орж ирснийхээ дараа энэ талаарх дүгнэлтийг мэдсэн. Иймд хэрэгжүүлэх боломж байхгүй. Мэдсэн байлаа ч мэдээллийн сан дээр Сэлэнгэ аймгийн ******* сумын газар нутаг гээд үндсэн чиг үүргийнхээ дагуу ойн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг байгаа. Ойн чиг үүрэг гэдэг дээр нэхэмжлэгч буруу тайлбарлаж, буруу ойлголт өгч байна. Ойг огтлоод ашиглаад байгаа юм шиг зүйлийг ярьж байна. Арчилгааны огтлол нарны болон гэрлийн тусгалын орон зай үүсгэж байж шинэ нарс ургуулах процесс явагдаж байгаа үйл ажиллагаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх шийдвэр гаргахдаа бидний гаргаж байгаа тайлбараас хэд хэдэн зүйлийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж зөрчигдсөн гээд байгаа эрхийн талаар харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн. Тийм ч учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буцаадаг зовлонтой нөхцөл байдал үүсэж байна. Өнөөдрийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх болсон шалтгаанаа тайлбарлаж байгаа үндэслэл нь дахин хууль бус шийдвэр гаргахгүй байх баталгаа болгож гэх агуулгатай тайлбар хэлсэн. Одоо бидний мэдэж байгаагаар 4 актыг хууль бус байсан гэдгийг тогтоолгох гээд байгаа юм байна. Хууль бус шийдвэр нь хаана ямар шийдвэр гарчихваа гэхээр миний хариуцаж байгаа Засаг даргын шийдвэр дотор хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Засаг даргын захирамжаар 8 зүйл заалт бүхий шийдвэр байгаа ******* сумын нутаг дэвсгэр гэдгээр нэхэмжлэгч талын яриад байгаа ойн хэсэглэл гэдгээр л хамаарахгүй бол бусдаар хууль зөрчсөн асуудал байхгүй. ******* сумын нутаг дэвсгэр гэдгийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Шүүх нэхэмжлэлийг хангалаа гэж үзэхэд ******* сумын ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаа хаагдах, хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаах учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна гэдгийг товчхон хэлэхийг хүсэж байна.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр шүүхэд хандах хугацаандаа хандсан гэж тайлбар хэлсэн. Бид нарын зүгээс хуульд заасан хугацаагаа алдсан гэж хэлэхээр байгаа. Үүнийг нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар зөвтгөсөн тайлбар хэлэхдээ дээд шатны Засаг даргад гомдол гаргасан гэх асуудал яригддаг. Дээд шатны Засаг даргад юу гэж ханддаг вэ гэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хандаж байгаа. Аймгийн Засаг даргад нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй. Хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар талд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тэгэхээр Дархан-Уул аймгийн шүүхэд хандахдаа хүчингүй болгож өгөөч гэх асуудлыг тавьж байсан байгаа юм. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгож өгөөч гэх нэхэмжлэл гаргаагүй. Тийм учраас уг захиргааны актуудыг мэдсэн хугацаа нь 2024 оны 4 сар, хугацаагаа зөвтгөж харьяалах шүүхэд хандахын тулд аймгийн Засаг даргад харьяалал зөрчиж гаргасан. Энэ нь хугацаа алдсан үндэслэлийг зөвтгөх шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломж байхгүй байна” гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн тайлбар, хүсэлтийн талаар:

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.2-т “... гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасны дагуу гуравдагч этгээдээс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ “... "цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулж, хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэж мэдэгдсэн.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч уг өөрчлөлт нь маргааны зүйл, маргаан бүхий захиргааны актын хүрээг өөрчлөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх шинэ бие даасан шаардлага нэмээгүй, зөвхөн өмнө гаргасан шаардлагын эрх зүйн үр дагаврыг тодруулсан байна.

5.3. Иймд гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын өөрчлөлт нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эсхүл шинэ эрх зүйн үр дагавар бий болгохгүй гэж үзсэн тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ч.Батнасанд 2026 оны 06 дугаар сарын 22, 26, 29-ний өдрүүдэд шүүх хуралдаанд оролцох талаар удаа дараа холбогдож мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. 

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж заасны дагуу хэргийн оролцогчид түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,  дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

1.1. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу харьцуулан үнэлж дараах үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.

1.2. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангиас Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн “******* гацуур” ХХК-д холбогдох хэсэг нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах Бичигт хадны ******* ам гэх газарт мод бэлтгэхийг зөвшөөрсөн нь хариуцагч хуульд заасан нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрч гаргасан эдгээр захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актуудын үйлчлэл хэрэгжиж дууссан, газрын мэдээллийн нэгдсэн санд тухайн газрын харьяаллын бүртгэлд өөрчлөлт орсон, мөн захиргааны актын үр дагаврыг бодитоор хүчингүй болгох боломжгүй болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дээрх актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэлбэрийн хувьд бус, агуулгын хувьд үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

1.4. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолоор субъектив эрхийн маргаанд нэхэмжлэгч захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”, эсхүл “хүчингүй болгуулах” гэж шаардлагаа тодорхойлсон аль ч тохиолдолд түүний эцсийн зорилго нь захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхэд чиглэдэг болохыг тайлбарласан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримт, хэрэглэгдэх эрх зүйн үр дагавраас хамааран шүүх тухайн актыг илт хууль бус болохыг тогтоох, эсхүл хүчингүй болгох байдлаар нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах боломжтой бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй болохыг тайлбарласан байна.

1.5. Нэхэмжлэгч нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй”, 18.3.8-д “аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох”, 18.3.14-д  “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах” гэж заасан чиг үүргийн хүрээнд Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах улсын ойн сангийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлт, ойн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага (2 хх-ийн 52-59 дэх тал, 3 хх/-ийн 7-9 дэх тал) бөгөөд тус ойн сангийн нутаг дэвсгэрт Сэлэнгэ аймгийн ******* сумын эрх бүхий байгууллага ой ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргаснаар хуульд заасан нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шууд нөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч нь энэхүү маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой этгээд мөн байна. 

            Хоёр. Хэрэгт тогтоогдсон үйл баримтын тухайд:

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

2.1. Улсын газар зохион байгуулах комиссын Төв аймаг дахь отряд, Төв аймгийн газар зохион байгуулах комисс, Дархан сумын захиргаанаас хамтран аж ахуй хоорондын газар зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэн 1959 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар актад маргаан бүхий газар нь Төв аймгийн Дархан сум байсан бөгөөд сумын хилийг “...Яргайт, Хөх чулуу, *******ын даваанууд, дайран Могойн голын баруун хяраар урагш Могойн хөтөлд очоод цаашаа Хүйтний голын эх *******тэй хил нийлнэ” гэж тогтоожээ. (2хх-ийн 131-135 дахь тал)

2.2. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар зарлигаар Дархан сумын хилийн заагийг “...Уянга, Хүйтний голын хойт нуруу хөх чулуу, *******ын даваа, Могойн голын баруун хяр, Хүйтний голын эх../ гэж,  ******* сумын хилийн заагийг ".... Хүйтний голын эхийн өндөр, Могойтын даваа, Могойн голын баруун нуруу, Бүхлээн баруун уул, *******ын эх, Хөх чулуутын овоо, Яргайтын даваа,..." гэж тус тус баталсан байна. (2хх-ийн 136-138 дахь тал)

2.3. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 75 дугаар зарлиг болон түүний хавсралт зурагт Сэлэнгэ аймгийн ******* сумын хилийн заагийг “...Бүхлээний баруун уул, *******ын даваа, Яргайтын даваа /997,4/ Хөх чулуут ...” гэж зурагласан (2хх-ийн 124 дэх тал дүгнэлт 2.2), ******* сумын хилийн цэсийг Ардын Их Хрулын Тэргүүлэгчдийн 1978 оны 73 дугаар зарлигаар шинэчлэн баталж, 1977 оны 75 дугаар зарлигийн калькан зурагт хилийн цэсийг шинэчлэн зурсан бөгөөд “...Бүхлээний баруун уул, *******ын даваа, Яргайтын даваа /997,4/ гэж тогтоосон. (2хх-ийн 139-141 дэх тал)

2.4. Бүгд найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн ******* сумын хилийн цэсийг баталсан бөгөөд “...Яргайтын даваа, *******ын даваа, Бүхлээний баруун уул...” гэж тогтоосон байна. (1хх-ийн 142-145 дахь тал)

2.5. Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Аймаг, сум байгуулах тухай 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн ******* сум байгуулж, хилийн цэсийг “...Яргайтын даваа /667.4/, *******ын даваа, Бүхлээн баруун уул 1262.4...” гэж тогтоосон нь нотлох баримтаар тогтоогдож байна. 

2.6. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн хооронд хилийн цэсийн асуудлаар маргаан үүссэн тул “*******ын даваа” эргэлтийн цэгийн байршилтай холбоотой маргааныг судалж, шийдвэрлэх санал боловсруулах зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тушаалаар холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулжээ. (1 хх-ийн 23-26 дахь тал) 

2.7. Үүнээс өмнө Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, газрын мэргэжлийн байгууллага “Глобус” ХХК-ийн гүйцэтгэсэн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах” ажлыг гүйцэтгэж, “*******ын даваа” эргэлтийн цэгийн солбилцлыг 106° 40’ 42.8, 49° 29° 00.5’’ байхаар тодорхойлсон бөгөөд  уг дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 32 болон 103 дугаар тогтоолоор тус тус хүлээн зөвшөөрч байжээ. (1 хх-ийн 1*******-198 дахь тал)

2.8. Дээрх ажлын үр дүнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/956 тоото албан бичгээр Дархан-Уул аймгийн ******* сум, Сэлэнгэ аймгийн ******* сумын хилийн цэсийн “*******ын даваа” эргэлтийн цэгийг тухайн үед газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, газар зүйн хувьд давааны оройд байрлах 49°29′00.5″, 106°40′42.8″ солбицолтой цэгээр мөрдөх талаар сумдын Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байна. (1 хх-ийн 87)

2.9. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тухайн үед газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн мэдээллийг төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглах албан ёсны мэдээлэл гэж үзэн мөрдөх үүрэгтэй бөгөөд бүртгэлийн дагуу маргаан бүхий газар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамрагдан бүртгэгдэж байжээ. (2 хх-ийн 163-169 дэх тал)

2.10. Ийнхүү тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд үндэслэн Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2019 оны ******* дугаар тогтоолоор “******* гацуур” нөхөрлөлд ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2020 оны 42 дугаар тогтоолоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулан “******* гацуур нөхөрлөл”-ийн нэрийг “******* гацуур” ХХК болгон өөрчилсөн байна. Уг тогтоолоор ой ашиглах хэмжээ, хэсэглэл, байршилд өөрчлөлт оруулаагүй бөгөөд зөвхөн гэрээгээр эзэмшигч хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлтийг тусгасан байна. (1 хх-ийн 49, 2 хх-ийн 16 дахь тал)

2.11. Барилга, хот байгуулалтын сайдын 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн хилийн цэсийн баримт, архивын эх зураглал, хилийн геодезийн хэмжилтийн материал болон газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг харьцуулан судалж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 02 дугаар дүгнэлт гарган газар зүйн нэршлийг үндэслэн хилийн эргэлтийн цэгийг газрын мэдээллийн санд бүртгэсэн нь архивын эх баримттай нийцээгүй, харин 49°32′51.997″, 106°45′32.014″ солбицол бүхий цэг нь архивын эх баримтад тохирч байна гэж дүгнэжээ. (1 хх-ийн 23-26, 122-130 дахь тал)

2.12. Дээрх дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлж, иргэд, олон нийтэд танилцуулах, цаашид архивын эх баримтаар тогтоогдсон хүчин төгөлдөр хилийн цэсийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах чиглэл өгсөн байна. (1 хх-ийн 88-89 дэх тал)

2.13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт холбогдох байгууллагад хүргүүлсний дараа Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолоор тухайн жилийн ойгоос бэлтгэх модны төрөл, хэмжээ, ашиглах хэсгийг баталж, уг тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар “******* гацуур” ХХК-д мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байна. (1 хх-ийн 32-35, 49 дэх тал)

2.14. Улмаар Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн архивын эх баримтад нийцүүлэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлийг шинэчлэхийг даалгасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулжээ. (3 хх-ийн 148-149 дэх тал)

2.15. Газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг архивын эх материалтай нийцүүлэн өөрчилсний үр дүнд “******* гацуур” ХХК-ийн ой ашиглах гэрээнд хамрагдсан 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт, 120 дугаар хэсэглэл Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тус тус хамаарах нь газрын кадастрын бүртгэлийн мэдээлэл болон Ойн газрын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/524 тоот албан бичиг түүнд хавсаргасан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. (1хх-ийн 202-210,2 хх-ийн 163-168, 4хх-ийн 106-112 дахь тал)

Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:  

Хэрэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүх маргаан бүхий захиргааны акт тус бүрийн хууль зүйн үндэслэлийг тухайн актыг гаргах үеийн бодит нөхцөл байдалд үндэслэн тус тусад нь үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...”,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “орон нутгийн эрх хэмжээ” гэж нэгжийн удирдлагад хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, нутгийн өөрийн удирдлага болон нэгжийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг”, 12.1.-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална”, 12.1.4-д “нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх” гэж тус тус зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэж, үүний төлөө хариуцлага хүлээхээр тус тус хуульчилжээ.

3.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.13-т “энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 59.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан.  

3.3. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.4-д “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих”, 18.2-т “Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.2.6-д энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 18.2.7-д “ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих” гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тухайн жилийн ойгоос бэлтгэх хэрэглээний болон үйлдвэрлэлийн модны хэмжээ, ашиглах хэсгийг батлах, ой ашиглуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар тогтоосон байна.

3.4. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн .... ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно” гэж тухайн жилийн мод бэлтгэх хэмжээ, ашиглах хэсгийг баталсны үндсэн дээр ой ашиглахтай холбоотой захиргааны шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэхээр заасан.

3.5. Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг системчлэн тайлбарлавал Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нутгийн өөрөө удирдах байгууллага болон тухайн шатны Засаг даргын бүрэн эрхийг харьяалах нутаг дэвсгэрийн хүрээгээр тодорхойлж, хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Ойн тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, ой ашиглуулах, мод бэлтгэх хэмжээ, ашиглах хэсгийг тогтоох, гэрээ байгуулах, мод бэлтгэх зөвшөөрөл олгох зэрэг бүрэн эрхийг олгосон боловч эдгээр бүрэн эрх нь тухайн сумын нутаг дэвсгэрт байрлах ойн сантай холбоотой асуудалд хамаарч хэрэгжинэ. Тодруулбал, өөр аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах ойн сантай холбоотой асуудлаар захиргааны акт гаргах эрх хэмжээг хуулиар олгоогүй байна.

3.6. Иймд тухайн захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг үнэлэхдээ актыг гаргах үеийн бодит нөхцөл байдал, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл, эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэл, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтыг харьцуулан үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухайд: 

4.1. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ******* дугаар тогтоолоор “******* гацуур” нөхөрлөлд ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2020 оны 42 дугаар тогтоолоор уг тогтоолд өөрчлөлт оруулан гэрээгээр эзэмшигчийн нэрийг “******* гацуур” ХХК болгон өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

4.2. Маргаан бүхий 2019 оны ******* дугаар тогтоол болон 2020 оны 42 дугаар тогтоолыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлээр маргаан бүхий газар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт бүртгэлтэй байсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/956 тоот албан бичгээр төрийн байгууллагууд тухайн бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөх чиглэл хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

4.3. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдлыг тухайн захиргааны актыг гаргах үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын албан ёсны бүртгэл, мэдээлэлд үндэслэн үнэлэх бөгөөд дараа нь газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл өөрчлөгдөж, эрх бүхий байгууллагаас өөр дүгнэлт гарснаар өмнө нь тухайн үеийн хүчин төгөлдөр бүртгэл, мэдээлэлд үндэслэн гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг архивын эх баримтад нийцүүлэн өөрчилснөөр “******* гацуур” ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах болсон хэдий ч энэ нь 2019 оны ******* дугаар тогтоолыг гаргах үеийн эрх зүйн болон бодит нөхцөл байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

4.5. Түүнчлэн 2020 оны 42 дугаар тогтоолоор гуравдагч этгээдэд гэрээгээр эзэмшүүлсэн ойн сангийн байршил, эзэмшүүлэх хэсэглэл, хэмжээ, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаагүй, зөвхөн гэрээгээр эзэмшигч хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлтийг тусгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

4.6. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ******* дугаар тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан 2020 оны 42 дугаар тогтоолыг гаргах үед хариуцагч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл, эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэлд үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс эдгээр захиргааны актуудыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнээс хэтэрч гаргасан, эсхүл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. 

Тав. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тухайд:

5.1. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг архивын эх баримт, хилийн цэсийн зураглал, геодезийн хэмжилтийн материал болон газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийг харьцуулан судалж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “*******ын даваа” эргэлтийн цэгийг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байдал архивын эх баримттай нийцээгүй болохыг тогтоож, архивын эх баримтад үндэслэн сэргээн тогтоох шаардлагатай гэж дүгнэжээ.

5.2. Уг дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/4823 тоот албан бичгээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хилийн цэсийг үйл ажиллагаандаа мөрдөх чиглэл өгсөн байна. Улмаар Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр архивын эх баримтад үндэслэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүртгэлийг шинэчлэхийг үүрэг болгосныг хэрэгжүүлж газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулжээ.

5.3. Газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэчилсэн бүртгэл, Ойн газрын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/524 тоот албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар “******* гацуур” ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт, харин 120 дугаар хэсэглэл Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт тус тус хамаарах нь тогтоогдсон.

5.4. Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 123 дугаар тогтоолоор дээрх дөрвөн хэсэглэлийг бүгдийг нь “******* гацуур” ХХК-ийн тухайн жилийн мод бэлтгэх ашиглалтын хэсэгт хамруулан баталж, уг тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга 2024 оны А/08 дугаар захирамжаар мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байна.

5.5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд 120 дугаар хэсэглэл нь Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах тул 2024 оны 123 дугаар тогтоол болон А/08 дугаар захирамжаар 120 дугаар хэсэглэлд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон хэсгийг хариуцагч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

5.6. Харин 112, 116, 165 дугаар хэсэглэлүүд нь Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарч байхад эдгээр хэсэглэлд холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 123 дугаар тогтоолоор эдгээр хэсэглэлд тухайн жилийн ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээ, хуваарийг баталж, тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга А/08 дугаар захирамжаар тухайн хэсэглэлүүдэд мод бэлтгэх зөвшөөрөл олгосон нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн байна.    

5.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар захиргааны байгууллага харьяалах нутаг дэвсгэрээсээ гадуур захиргааны акт гаргасан бол тухайн акт илт хууль бус болохоор зохицуулжээ.

5.8. Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол болон Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжийн “******* гацуур” ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй.

5.9. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолд субъектив эрхийн маргаанд шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын томьёололд бус, харин хамгаалуулахыг хүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхолд тулгуурлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримт болон хэрэглэгдэх эрх зүйн үр дагаварт үндэслэн захиргааны актын хууль зүйн байдлыг үнэлж шийдвэрлэх бөгөөд захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын аль алинд нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас хамааран зохих эрх зүйн үр дагаврыг хэрэглэж болох, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд тооцогдохгүй гэж тайлбарласаныг энэ маргаанд хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй 112, 116, 165 дугаар хэсэглэлд ойн санг гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул эдгээр актуудын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хамгаалуулахыг хүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд нийцнэ.

5.10. Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ******* дугаар тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан 2020 оны 42 дугаар тогтоолыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл болон эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэл, чиглэлд үндэслэн гаргасан тул хууль бус байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.11. Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын 2024 оны 40 дүгээр тэмдэглэл, түүнийг үндэслэн хийгдсэн газрын мэдээллийн нэгдсэн сангийн шинэчилсэн бүртгэлээр “******* гацуур” ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэл Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах нь тогтоогдсон байхад Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга эдгээр хэсэглэлд холбогдуулан ой ашиглуулах болон мод бэлтгэх шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ойн тухай хуулиар олгогдсон нутаг дэвсгэрийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн байна.

Иймээс Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол болон Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны А/08 дугаар захирамжийн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэгтгэн дүгнэвэл, Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ******* дугаар тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан 2020 оны 42 дугаар тогтоолыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газрын мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл болон эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээлэлд үндэслэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй, харин 2024 оны 123 дугаар тогтоол болон А/08 дугаар захирамжийн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг гаргах үед эдгээр хэсэглэл Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамаарч байсан тул дээрх актуудын холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна.

Аймаг, сумдын хилийн цэс тогтоосон шийдвэрүүд, уг асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийн хууль зүйн үндэслэл зөв эсэхэд энэхүү маргааны хүрээнд дүгнэлт хийхгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг тухайн актуудыг гаргах үеийн нөхцөл байдал, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын албан ёсны бүртгэл, мэдээлэлд үндэслэн хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 18.2.7, 32.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1.13, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 123 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн “******* гацуур” ХХК-д гэрээгээр эзэмшүүлсэн 112, 116, 165 дугаар хэсэглэлд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Я.АРИУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.НАРАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХЗУЛ