| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2335000000231 |
| Дугаар | 2024/ДШМ/42 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 21.5.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/42
Д.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Б.Д, яллагдагч Д.Д, түүний өмгөөлөгч Т.У, Б.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/445 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Д-д холбогдох, дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Д-гийн Д (регистрийн дугаар:).
1. Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.Д нь эрүүгийн 0 дугаартай хэргийн холбогдогч Ч.О-ийн А-р ажиллахдаа 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн 0 дугаартай хэргийн гэрч Г.Т-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,
мөн үргэлжилсэн үйлдлээр, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн 0 дугаартай хэргийн хохирогч Н.О-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үйлдлүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/445 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүхээс, яллагдагчийн өмгөөлөгч Б.Б-ийн Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан гомдлыг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэж, хариуг мэдэгдсэн байх ба 3 хоногийн дотор гомдол гаргасан байна. Энэ талаар мөрдөгчид мэдэгдсэн /II хавтасны 92-93 дахь тал/ байхад уг гомдлоо шийдвэрлүүлэх боломж олгохгүйгээр 2024 оны 8 дугаар сарын 26-нд яллах дүгнэлт үйлдсэн нь оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан үндэслэлд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь яллагдагч Д.Д-гийн өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр оролцуулах санал гаргасан Ч.О нь эрүүгийн 0 дугаартай хэргийн яллагдагч бөгөөд энэ хэрэгт яллагдагч Д.Д, Ч.О нар нь нэг хэргийн оролцогч бөгөөд ашиг сонирхлоороо нэгдсэн, хэргийн оролцогчид өөрсдөө ашигтай байдлыг бий болгох гэсэн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн явдал юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О, хохирогч Н.О, яллагдагч Д.Д нарын хувийн байдал, тэдний хоорондын харилцаа, хамаарал зэргийг шалгаж тогтоосон, мөн Д.Д нь энэ хэрэгт яллагдагчаар татагдах болсон үндэслэл нь Н.О, Ч.О нарын урьд фейсбүүкээр харилцаж байсан чатууд болон хохирогч Н.О-тэй гар утсаар холбогдож, хоорондоо ярилцсан зэрэг асуудлаас бус, харин яллагдагч Д.Д нь өөрийн үйлчлүүлэгч Ч.О-д ял завшуулах, н гэмт хэргийг үйлдээгүй болгох зорилготой хохирогч, гэрч нарт шууд чиглэж нөлөөлсөн санаатай үйлдэл болно.
Мөн яллагдагч Д.Д нь өөрийн хууль бус үйлдлээ хэрэгжүүлж, төгсгөхийн тулд үйлчлүүлэгч Ч.О-ээр дамжуулан эрүүгийн 0 дугаартай хэргийн хохирогч Н.О, гэрч Г.Т нарыг дуудаж, тусгайлан уулзаж, ятгасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа “Д.Д болон түүний өмгөөлөгч Б.Б, Т.У нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан Ч.О-ийг энэ хэрэгт гэрчээр асуулгах, Ч.О-д холбогдох эрүүгийн хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргуулах, яллагдагч Д.Д, гэрч Н.О нарын гар утасны биллийг үүрэн телефоны операторуудаас гаргуулах, шүүх хуралдаанд гэрчээр Н.О, Г.Т, Ч.О нарыг оролцуулах зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхээс дээрх ажиллагаануудыг мөрдөгч, прокурор заавал хийж гүйцэтгэх ёстой байсан мэтээр дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон, мөн нөгөөтэйгүүр анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэх ямар ч хүсэл сонирхолгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг алдагдуулсан, гэрч, хохирогч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, албан тушаалтнууд бие биенээ хамгаалж байгаа мэт сэтгэгдлийг ард иргэдэд төрүүлж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Мөрдөгчөөс яллагдагч Д.Д-д холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарган, прокурорт 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянаад хуулийн хугацаанд буюу хяналтын 14 хоногийн дотор хянаж 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэх хугацаанд яллагдагчийн өмгөөлөгч нараас Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан тул тэдний хуульд заасан эрхийг хангах, гаргасан гомдлыг нь эцсийн байдлаар шийдвэрлүүлэх боломжийг олгох үүднээс хэргийг Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн.
Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэж байгаа нь тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, эцэслэн шийдвэрлэж байгаа шийдвэр бус, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ҮI хэсэг, 31, 32 дугаар бүлэгт заасан мөрдөн байцаалтын үе шатнаас ҮII хэсэг, 33 дугаар бүлэгт заасан шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат руу хэргийг шилжүүлж байгаа явцын шийдвэр юм.
Прокуророос хэргийн оролцогч нарын эрхийг хууль бусаар хязгаарласан үндэслэл байхгүй, мөн тэдний хуульд заасан эрхийг бодит байдлаар хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, харин шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/445 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Д.Д-д холбогдох хэрэг 2 дахь удаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар захирамжаар Д.Д-д холбогдох хэргийг прокурорт буцаахдаа Ч.О-ээс мэдүүлэг авах, үүрэн телефоны оператороос билл авах, фейсбүүк чатад үзлэг хийх асуудлыг хэлэлцэхгүй орхисон.
Гэтэл одоо анхан шатны шүүх энэ ажиллагааг заавал хийж гүйцэтгэх мэтээр дүгнээд хэргийг буцаасан. Өмнө хэлэлцэхгүй орхисон учир нь, тухайн асуудал энэ хэрэгт ямар ч ач холбогдол, хамааралгүй гэж үзсэн. Д.Д-гийн өмгөөлөгч нар энэ асуудлаар шат шатны прокурорт гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл надад болон аймгийн ерөнхий прокурор, улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд 3 шатны прокурор тухайн асуудлууд нь хэрэгт ач холбогдолгүй гэх хариуг өгч, гомдол хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан.
Анхан шатны шүүхийн шүүгч эрх бүхий албан тушаалтнуудын хариу, шийдвэрийг анхаарч үзээгүй, энэ талаар захирамждаа дурдаагүй, урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч яриагүй. Хэргийн үйл баримтын тухайд Д.Д хохирогч, гэрч нарт нөлөөлсөн үйлдэл хийх үед Ч.О хажууд нь байгаагүй, гадаа байсан. Д.Д тус тусад нь ганцаарчлан уулзаж нөлөөлсөн байдаг.
Тийм учраас Ч.О-ээс энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй гэж мөрдөгч, прокурор үзсэн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ч.О-д холбогдох 0 дугаартай хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан.
Өөрөөр хэлбэл Ч.О ятгасан үйлдэл хийхдээ Д.Д-тэй хамт байгаагүй нь нотлогдоод тухайн үйлдэлдээ ял авсан. Хохирогч, гэрч нар ч энэ асуудлыг хурал дээр ярьсан. Хэрэв үүнийг үзэхээр бол шүүх хурлын тэмдэглэл, шийдвэр тогтоолыг үзэж болно.
Миний эсэргүүцлийн гол үндэслэл нь ач холбогдолгүй ажиллагааг анхан шатны шүүхээс заавал хийх ёстой мэтээр дүгнэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм. Яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гомдол, хүсэлт гаргах эрхийг нь хязгаарлаагүй, эрхийг нь хангаж, шат шатны прокуророос хариу өгсөн. Тухайн хэргийг Ч.О-ээс мэдүүлэг авахгүйгээр, фейсбүүк чатад үзлэг хийхгүйгээр, утасны биллийг гаргуулж авахгүйгээр шийдвэрлэх, яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.
Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь фейсбүүк хаягтай хамааралгүй, оролцогч нартай, ярьсан яриатай огт хамааралгүй. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь өмгөөлөгч Д.Д өөрийн үйлчлүүлэгч Ч.О-д ял завшуулах, энэ гэмт хэргийг гэмт хэрэг биш болгох зорилгоор хохирогч, гэрч нарт нөлөөлсөн үйл баримт юм. Сая Д.Д, Ч.О нар хамт байсан гэж ярьлаа. Тухайн үед хамт байж байгаад Г.Т-г машинд оруулаад, Ч.О-ийг гарч бай гээд гаргаж явуулсан байгаа. Иймд миний бие эсэргүүцлээ дэмжиж байна, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
6. Яллагдагч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор хэргээ уншаагүй байгаа юм шиг байна. Хэрэгт авагдсан Г.Т-гийн мэдүүлэгт миний машин дотор Г.Т, Ч.О, бас нэг залуутай гурвуулаа орж ирээд тухайн залуу нь буугаад Ч.О, Г.Т хоёр надтай хамт сууж байсан тухай маш тодорхой ярьсан.
Миний өрөөний камерт үзлэг хийсэн тэмдэглэлийг би Б.Д прокурортой хамт үзсэн. Мөрдөгч нь тэмдэглэл дээрээ алдаа гаргасан юм байна лээ. Миний өрөөнд би ороод, миний араас Ч.О, Н.О нар орж ирээд Ч.О буцаж гараад 5 литр ус бариад орж ирдэг. Гэтэл мөрдөгч Ч.О-ийг гарч байгаа цаг минутаар нь гараад явчихлаа гэж тэмдэглээд буцаж орж ирсэн хэсгийг тэмдэглээгүй юм байна лээ. Гэтэл хохирогчтой уулзах үед хамт байсан юм. Надтай хамт байсан 2 хүний нэгийг нь асуусан мэдүүлгээр намайг ялласан боловч хажууд нь байсан хүнийг байцаадаггүй.
Түүнчлэн шүүх хуралдаан болох хүртэл туйлын үнэн гэх нотлох баримт байж болохгүй талаар хуульд заасан. Шүүх эцсийн шийдвэр гаргаагүй байхад прокурорын байгууллага намайг яллачихсан байна шүү дээ. Эцсийн дүгнэлтийг прокурор биш шүүх гаргадаг.
Анхан шатны шүүхийн 80 дугаар шүүгчийн захирамжаар өмнөх хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхисон шалтгаан нь хэргийг прокурорт буцааж байгаа тул мөрдөн байцаалтын шатанд хүсэлтүүдээ гаргаад ажиллагаанууд хийлгэх боломжтой гэж үзсэн. Манай талаас хэргийг прокурорт буцаахад хүсэлтүүдээ гаргасан бөгөөд прокурорын байгууллага хүлээж аваагүй. Тийм учраас хэрэгт дүгнэлт хийдэг, эцсийн шийдвэр гаргадаг шүүх дээрх ажиллагааг хийхгүйгээр тухайн хэргийг шийдэх боломжгүй, ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн хийх боломжгүй гэж үзээд байгаа юм. Гэтэл шүүхийг надтай холбож хардаад байгаа юм уу, тиймэрхүү юм бичээд байна.
Машин дотроос Ч.О-ийг буулгачхаад Г.Т-тай ганцаараа уулзсан гэж худлаа хэлээд байна. Огт тийм зүйл байхгүй.
Хоёрдугаарт хоёуланг нь дуудаж уулзсан зүйл хэрэг дотор байхгүй. Намайг Ч руу явж байхад замд Г.Т, Ч.Он ар хүлээж байгаад уулзсан. Намайг гудамжинд алхаж явахад Н.О, Ч.О нар таараад “танай өрөөнд очиж уулзмаар байна” гээд манай өрөөнд ирсэн. Анхан шатны шүүх 3 шатны прокурорын дүгнэлтийг уншаагүй, үзээгүй, анхаарал тавиагүй гээд байна. Прокурор анхан шатны шүүхээс өмнө шийдвэрээ гаргачихсан бол шүүх гэж байгаад хэрэггүй юм биш үү гэж харж байна.
Тийм учраас эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.
7. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс эдгээр ажиллагааг хийгээд өгөөч, энэ нь бидний цагаатгах талын нотлох баримт гэдэг байдлаар удаа дараа хүсэлтээ гаргасан. Гэтэл хуулиар хүлээсэн яллах болон цагаатгах талыг адил тэнцүү хэлэлцүүлэх үүргээ эрх бүхий этгээд хэрэгжүүлэхгүй байгаа.
Прокурор сая дүгнэлтдээ анхан шатын шүүх 3 шатны прокурорын байгууллагын шийдвэрийг харгалзаж үзээгүй гэж танилцуулж байна. Прокурорын байгууллага хяналтын прокурор, дээд шатны прокурорынхоо шийдвэрийг хамгаалсан, хэт яллах чиг үүргээ хэрэгжүүлж, цагаатгах талын санал, хүсэлтийг хүлээж авахгүй, цагаатгах нотлох баримт цуглуулахгүй байгаа. Тийм учраас шүүх дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлуулж, ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Дээрх ажиллагаануудыг хийхэд юу харшлаад, юу болохгүй байгаа юм бэ. Цагаатгах болон яллах нотлох баримтуудаа адил тэнцүү судлуулсны үндсэн дээр шүүх дүгнэлт хийх асуудал яригдах ёстой.
Д.Д 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, гэрч Г.Т 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцсан байдаг. Хэргийн материалтай танилцаагүй, судлаагүй байгаа өмгөөлөгч өөрийнх нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, үйлчлүүлэгчид нь ашиггүй мэдүүлэг өгсөн талаар яаж мэдээд ашигтай мэдүүлэг өгүүлэхээр гэрчид нөлөөлсөн гэх шалтгаан нөхцөлүүдийг тогтоогоод, хэргийн бодитой үндэслэлийг гаргамаар байна. Д.Д хэргийн материалтай танилцаад хүсэлт гаргасан байдаг. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэрчид нөлөөлсөн бол гэрч, хохирогч нараас өөрийнхөө үйлчлүүлэгч нарт ашигтай мэдүүлэг өгүүлэхээр дахин мэдүүлэг авхуулах хүсэлт гаргах ёстой байсан. Ч.О-д холбогдох хэрэгт Д.Д-гээс ямар агуулгатай хүсэлт гаргасан талаар баримтаа энэ хэрэгт аваад өгөөч.
Тухайн фейсбүүкийн чатыг манай талаас гаргаж өгсөн. Үүнийг үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримт гэж үзэх юм уу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг хэн цуглуулж, бэхжүүлэх ёстой юм бэ, үүнийг хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх үнэлэх эсэх нь эргэлзээтэй.
Нөгөө талаас Ч.О өөрт холбогдсон хэргийнхээ хувьд яллагдагч, шүүгдэгч болохоос энэ хэргийн хувьд хэргийн бодит байдал, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч юм. Д.Д-гийн зүгээс Ч.О-д холбогдох хэргийн хохирогч Н.О-тэй уулзаж хохирол төлбөр төлөх талаар ярилцсан гэдэг зүйлийг хэлээд байгаа. Эдгээр хүмүүс хохирол төлөх талаар ярьсан эсэх талаар тодруулах шаардлагатай. Фейсбүүк чатад үзлэг хийх шаардлагагүй гэж үзээд байгаа. Д.Д-гийн мэдүүлгийн эх сурвалж нь Ч.О, Н.О нарын хооронд мөнгө өгөх, хохирлоо авах талаар яригдсан эсэх, тэдний хоорондын харилцаа ямар байсныг тодруулах шаардлагатай. Хохирогч хохирлоо авахаар нэхэж байсан бөгөөд хохирогч Н.О өмгөөлөгчгүй байсан. Д.Д өмгөөлөгч хохирогчтой хохирол төлбөр төлөх талаар уулзсан болохыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Манай талаас гаргасан санал хүсэлт ийм байгаа. Анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэдэг байдлаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Яллагдагчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж тогтоох үүргийг прокурор, мөрдөгч хүлээдэг. Хэргийн бодит нөхцөл байдал гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах болон цагаатгах талын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талын нөхцөл байдлыг бүрэн, эргэлзээгүйгээр нотолж тогтоохоор үүрэг болгож хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн хуульд заасан хэм хэмжээг прокурор, мөрдөгч бусад хэргийн оролцогч нар хэлбэрэлтгүйгээр чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлэх биш цагаатгах болон хөнгөрүүлэх талын нөхцөл байдлыг бүрэн гүйцэт эргэлзээгүйгээр нотолж тогтоосон байх ёстой. Өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасны дагуу гэрч асуулгах, холбогдох мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх хүсэлтүүдийг гаргасан боловч өмгөөлөгчийн эрхийг ёс төдий эдлүүлдэг асуудал одоо бараг жишиг болоод тогтох гэж байна.
Учир нь өмгөөлөгч хүсэлт гаргахад ерөөсөө хангадаггүй. Шат шатны прокурорууд хангахаас татгалзаж шийдвэрлэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт прокурорын 24 төрлийн эрхийг хуульчилсан. Эдгээр эрхийг судлаад үзэхээр хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой эсэхийг дүгнэх эрх прокурорт олгогдоогүй. Зөвхөн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг хангалттай цуглуулах үүрэг хуулиар олгогдсон. Энэ хэрэгт цугласан нотлох баримт, хийлгэх ажиллагаа ач холбогдолтой эсэхийг дүгнэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг ач холбогдолтой, ач холбогдолгүйгээр нь үнэлэх асуудал тусдаа яригдах ёстой. Гэтэл шүүхийн эрх хэмжээнд халддаг, прокурорын байгууллага энэ асуудлыг ач холбогдолтой гэж хэрэгт авагдсан баримтаар тогтоож, шүүхээс урьдчилаад гэм буруугийн асуудлаар дүгнэлт гаргаж байгаа юм шиг байр суурь илэрхийлж улсын яллагчийн зүгээс яриад байгааг ойлгохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн хэлэлцүүлэг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллах талын нотлох баримтыг улсын яллагчаас, цагаатгах талын нотлох баримтыг өмгөөлөгч нар шинжлэн судалж оролцоно гэж заасан. Гэтэл хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримт огт цуглараагүй, энэ ажиллагааг бид хийх эрхтэй субъект биш. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх эрхтэй субъект нь мөрдөгч байгаа.
Гэтэл бидний эрхийг хангадаггүй, хэрэгт байгаа нотлох баримтаа бүрэн гүйцэд шалгаж тогтоодоггүй. Ийм байхад өмгөөлөгч нар шүүх хуралдаанд улсын яллагч нартай тэгш эрхтэй мэтгэлцэх боломж хангагдахгүй. Өмгөөлөх талын эрх хөндөгдөж байна.
Ийм учраас анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Ч.О-ийн хувьд Н.О гэдэг хохирогчийг анх яллагдагчийн өрөөнд дагуулж очсон этгээд бөгөөд ямар санаа зорилгоор дагуулж очсон, ямар процесс явагдсан талаар энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоосон байх ёстой. Ч.О-д холбогдох хүчингийн хэрэг дээр энэ нөхцөл байдлыг тогтоосон учраас шаардлагатай бол тэндээс олоод харах боломжтой гээд байх юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой хэмжээний нууцын зэрэглэлтэй. Бид 2 тусдаа байгаа хэргийг очоод танилцах боломж байгаа эсэхийг мэдэж байгаа улсын яллагч ингэж яриад байхад юу гэж хэлэх вэ гэдэгт эргэлзээ төрж байна. Мөн 3 шатны прокурорын байгууллагаас энэ асуудлыг шаардлагагүй гээд тогтоосон гээд байна. Прокурорын байгууллага энэ асуудлыг шалгаж тогтоодог эрх бүхий этгээд биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талын нөхцөл байдлыг заавал нотолж тогтоосон байх ёстой гэж үүрэг болгон хуульчилсан. Гэтэл энэ нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/445 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Д.Д-д холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчийн эрхийг хангах зорилгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
3. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Д-д холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, яллагдагчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ДШ/09 дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
4. Давж заалдах шатны шүүхийн 2024/ДШ/09 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, яллагдагч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024-06-05-ны өдрийн 407 дугаар тогтоолоор хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхээс хэргийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар албан бичгээр Увс аймгийн прокурорын газарт хүргүүлжээ.
5. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2024 оны 8 сарын 05-ны өдрийн 8 дугаар “ Шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэл заан, хэргийг тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт буцаасан байх боловч яллагдагч Б.Б-ийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээс өөрөөр, хэрэгт нэмэлт ажиллагаа хийхгүйгээр, мөрдөгч 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж, прокурор 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй буюу анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ДШ/09 дүгээр магадлалыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/80 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, яллагдагчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлээгүй талаар дүгнэж, хэргийг прокурорт буцаахдаа, яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан /шинээр гэрч асуулгах, Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийн материалаас зарим нотлох баримтуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах, гар утасны ярианы биллийг гаргуулах, фейсбүүк чатад үзлэг хийх гэх зэрэг/ хүсэлтүүдийг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байгаа тул нэмэлт ажиллагааны үед шийдвэрлүүлэх боломжтой гэх агуулгатай дүгнэлт хийсэн,
мөн энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, хуулбарлан авах тухай хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой талаар тус тус дүгнэсэн атал хэрэгт энэ талаар нэмэлт ажиллагаа явуулаагүй байна. Энэ талаар буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
6. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа яллагдагчийн хуулиар олгосон эрхийг хангаагүй, тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т: заасан “мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцах” эрхийг хангаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-т: “мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”,
мөн зүйлийн 2-т: Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ гэж тус тус заасны дагуу мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа дууссан талаар хэргийн оролцогчдод мэдэгдэх, хэргийн материал танилцуулах, мөн зүйлийн 3-т зааснаар оролцогчдыг хэргийн материалтай танилцах боломж, нөхцлийг бүрдүүлэх үүргийг тус тус хүлээх бөгөөд Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт энэ ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
Яллагдагч хэргийн материалтай танилцсанаар мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт гаргах, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах байдлаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг эдлүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үндэслэл болно.
7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/445 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН