Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2026/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2024/0051/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Д*******

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх /цахимаар/, хариуцагч Н.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын талаар:

            1.1. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б******* нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актаар Н.Д******* нь хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчилд байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 809,977,431 төгрөгийг нөхөн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

            1.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б******* нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тодруулаагүй, шалгаж байгаа асуудлын талаар тайлбар мэдүүлэг аваагүй, захиргааны актыг огт мэдэгдээгүй гэж маргадаг.

            1.3. Улмаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 01/29-01/******* тоот актыг эс зөвшөөрч шүүхэд “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Н.Д******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б******* нь иргэн Н.Д******* намайг “... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Р*******” ХХК-ийн МV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “Р*******” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан боловч Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газар “Р*******” ХХК-ийн МV-020530 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна зөвшөөрөлгүйгээр 13770 м.кв буюу 1,38 га талбайд ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил илэрсэн ... Н.Д******* нь хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил гаргасан ...” гэх үндэслэлээр 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 01/29-01/******* тоот актыг гаргажээ.

Уг актын талаар надад огт мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй байсан бөгөөд миний бие 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн 203100328******* дугаартай хэргийн материалаас хуулбарлан авсны үндсэн дээр энэхүү гомдлыг гаргаж байна. Улсын байцаагчийн актад дурдаад буй “хууль бусаар ашигт малтмал эрэл, хайгуул, олборлолт явуулсан” гэж буруутгагдаж, акт үйлдсэн нь үндэслэлгүй юм. Н.Д******* миний захирлаар нь ажилладаг “М*******” ХХК, “Р*******” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Нөхөн сэргээлт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “Р*******” ХХК-ийн МV-020530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд буюу тус компанийн зааж өгсөн талбайд байгаа овоолгыг угааж алт олборлон зардлаа нөхөх, олборлосон алтны тодорхой хувийг “Р*******” ХХК нь авахаар тохиролцсон, уг тохиролцооны дагуу тус компани нь тодорхой хэмжээний алт авч байсан.

Тодруулбал, манай компани нь “Р*******” ХХК-ийн ажилтны зааж өгсөн талбай дээр буюу МV-020530 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт, хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн бөгөөд хэрэв манай компанийн үйл ажиллагааг хууль бус гэж үзвэл уг ажлыг захиалагч этгээд болох ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Р*******” ХХК, түүний захирал, эрх бүхий бусад албан тушаалтан хариуцлага хүлээх учиртай. Манай компани нь хууль бусаар өөрөө дур мэдэн, зааж өгсөн талбайгаас өөр талбайд үйл ажиллагаа явуулаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 27.1.1-д “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, 27.1.3-д “энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх”, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана”, 35.3.6-д “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт”, 35.4-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заасан байдаг. Улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот акт нь “Р*******” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан үйл ажиллагаатай холбоотой байхад тэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа огт явуулалгүйгээр тухайн талбайд гэрээгээр ажиллаж байсан компанийн захирал болох миний биед холбогдуулан акт үйлдсэн нь холбогдуулан акт үйлдсэн нь холбогдох хууль тогтоомжуудад нийцээгүй байна.

Улсын байцаагч Н.Б******* нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актыг гаргахдаа нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа явуулаагүй, шалгаж байгаа асуудлын талаар надаас огт тайлбар, мэдээлэл аваагүй, тухайн актыг надад танилцуулаагүй, ийм акт гарсныг огт мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар миний бие тухайн актын хувьд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч бөгөөд улсын байцаагч захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.7 дахь заалтууд, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн прокурорын газраас миний биеийг “... 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 283,508,639 төгрөгийн хохирол учруулсан ...” гэх үйлдэлд буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба би тухайн гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа. Тухайн эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад улсын байцаагч намайг “... хууль бусаар ашигт малтмал эрэл хайгуул, олборлолт явуулсан зөрчил гаргасан ...” гэж буруутган байгаль орчинд учруулсан хохиролд 808,977,431 төгрөг төлүүлэхээр акт үйлдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үйл болно...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй ...” гэснийг зөрчсөн байна. Дээрх зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.16-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарч байна.

Миний бие Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан журмаар улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчид гомдол гаргасан боловч тус актыг илт хууль бус акт гэж үзэхгүй болно гэсэн хариуг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 375 дугаартай албан бичгээр ирүүлээд байна.” гэжээ.

   2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан улсын байцаагчийн акт хэлбэрээр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Хоёрдугаарт тус дүгнэлтийг гаргахдаа гэмт хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн байгаа нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайн актыг бүхэлд нь хараад үзэхэд улсын байцаагчийн хувьд гаргадаг актыг илэрхийлж байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус актыг давхардуулан гаргах ёсгүй байсан гэж үзэж байна.

Учир нь захиргааны зөрчлийн хэмжээнд хэмжээг тогтоож гаргадаг акт тул ийм байдлаар гаргасан нь буруу. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн улсын байцаагч хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчлийн хүрээнд гаргаж байгаа актын хууль зүйн ялгаад хууль зүйн нэгдсэн байдлыг тогтоох зорилгоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдагдсан бие даасан захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт хэрхэн зөрчигдсөнийг дэлгэрэнгүй тайлбарласан.” гэв.

            Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            3.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12-6/2564 тоот албан бичгээр тус газарт ирүүлсэн тус эрүүгийн хэргийн 230100328******* дугаартай хэрэгт шинжээч н.Баясгалангийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 06 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар “нөхөн төлбөр ногдуулах акт үйлдэж ирүүлнэ үү” гэсэн албан бичгийн дагуу шинжээчийн  дүгнэлтийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.” гэж заасны дагуу улсын байцаагчийн актыг үйлдэж тус цагдаагийн газарт хүргүүлсэн.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримтлан шүүх шийдвэр гаргадаг тул Н.Д*******ад холбогдох тухайн хэрэг нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон байдаг. Нөгөөтэйгүүр илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг “захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсвэл хуульд заагаагүй үндэслэлээр гэж үзнэ” гэж тайлбарласан байх тул миний гаргасан акт нь Захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээргүй илт хууль бус шинжийг агуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Н.Д*******аас Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******д холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол[1], Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар магадлал[2], Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тогтоол[3]-оор нэхэмжлэгч Н.Д*******ыг Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газар “Р*******” ХХК-ийн MV-020530 тоот тусгай зөвшөөрлийн талбайн гадна зөвшөөрөлгүйгээр 13,770 м² талбайд ашигт малтмал эрэл, хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Уг эрүүгийн хэрэгт томилогдсон “Эко инженеринг” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд учирсан суурь хохирлын хэмжээг эцэслэн тогтоосон байна.

2. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б******* нь 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот “Байгаль орчинд учруулсан хохирлын тухай” акт[4]-аар дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон суурь хохирлын хэмжээг хууль зүйн бодит үндэслэл болгон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирлыг 5 дахин, усны нөөцөд 3 дахин, газарт 3 дахин, газрын хэвлийд 2 дахин, хөрсөнд 3 дахин тус тус өсгөн тооцож, нийт 808,977,431 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Н.Д*******аас төлүүлэхээр тогтоожээ.

3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч маргаж буй үндэслэлдээ: “… Улсын байцаагч Н.Б******* нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад акт үйлдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн бөгөөд шийдвэрийг акт хэлбэрээр гаргаж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг зөрчсөн. Актад гэм буруугийн талаар урьдчилан дүгнэсэн. Мөн актдаа “зөрчил илэрсэн байна” гэж бичсэн нь өөрөө илрүүлсэн мэт төөрөгдүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуульд заасан тодорхой ажиллагааг хийгээгүй процессын ноцтой зөрчилтэй тул актыг хүчингүй болгож өгнө үү..” гэж маргадаг.

4. Хариуцагч улсын байцаагч тайлбартаа: “…Эрүүгийн хэрэгт хуулийн дагуу гарсан шинжээчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг дахин шалгах, өөрчлөх боломжгүй. Тусгай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шинжээчийн дүгнэлтийн дүнг хуульд зааснаар тооцож акт үйлдсэн нь хууль ёсны тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэдэг.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч Н.Д*******ын байгаль орчинд хохирол учруулсан хууль бус үйлдэл болон учирсан суурь хохирлын хэмжээ нь эрүүгийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлал, тогтоолуудаар нэгэнт эцэслэн тогтоогдсон байна. Иймд уг үйл баримтыг захиргааны байгууллага болон шүүх дахин нотлох, эсхүл шалгах шаардлагагүй.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэг нь улсын байцаагчид сонгох боломж олгоогүй. Харин шинжээчийн нэгэнт тогтоосон суурь хохирлын дүнг хуулиар тогтоосон хэмжээгээр заавал өсгөн тооцох үүрэг хүлээлгэсэн захиргааны үйл ажиллагаа юм. Улсын байцаагч тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг орлон дахин шинжилгээ хийх хууль зүйн боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шууд үржүүлж акт гаргасан нь хуульд нийцэж байна.

7. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө акт гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “гэм буруугүйд тооцох” зарчим нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажиллагаанд хамаарна. Улсын байцаагч мөрдөн шалгах ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн экологийн нөхөн төлбөрийг өсгөн тооцож акт үйлдсэн нь иргэнийг эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож буй ажиллагаа биш, харин тусгай хуулиар хүлээсэн экологийн хохирлыг тооцон нөхөн төлүүлэх захиргааны онцгой чиг үүрэг юм.

8. Шийдвэрийг “Акт” хэлбэрээр гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг зөрчсөн болон гэм буруугийн талаар дүгнэсэн гэх үндэслэлийн тухайд: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, 12 дугаар зүйлийн 12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлж, хохирлыг арилгуулахаар гаргаж буй улсын байцаагчийн шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн хувьд “Улсын байцаагчийн акт” байна гэж шууд заажээ.

Иймд шийдвэрийг акт хэлбэрээр гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчөөгүй, хуульд бүрэн нийцсэн байна. Мөн актад нэхэмжлэгчийн үйлдлийг дурдсан нь түүнийг эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайг шүүхийн өмнөөс урьдчилан дүгнэсэн асуудал биш, харин хохирлыг өсгөн тооцох хууль зүйн болон бодит шалтгаант холбоог тодорхойлсон захиргааны актын нөхцөл, үндэслэлийн тодорхойлолт болно.

9. Актад “зөрчил илэрсэн байна” гэж бичсэн болон акт гаргах субъектийн тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Улсын байцаагч өөрөө шалгаж зөрчил илрүүлээгүй атлаа актдаа “зөрчил илэрсэн байна” гэж бичсэн” гэж маргаж байгааг шүүх дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна.

Актын удиртгал хэсэгт “Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэгт...” гэж тодорхой дурдсан байна. Иймд актад “зөрчил илэрсэн байна” гэж тусгасан нь улсын байцаагч анхлан өөрөө илрүүлсэн гэх утгаар биш, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус үйлдэл тогтоогдсон үйл баримтыг актад баталгаажуулж тодорхойлсон агуулгатай байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг өсгөн тооцож “Хохирол нөхөн төлүүлэх акт” гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Байгаль орчны хяналтын улсын байцаагчид олгогдсон. Цагдаагийн байгууллага, мөрдөгч, шинжээч нарт акт гаргах эрх хуулиар олгогдоогүй байх тул эрүүгийн хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн улсын байцаагч өөрийн бүрэн эрхийн дагуу акт үйлдсэн нь үндэслэлтэй болжээ.

10. Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар: Захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан эрх зүйн илэрхий, ноцтой тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь энэхүү маргааны тухайд, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б******* Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилсны дагуу, эрүүгийн хэрэгт томилогдсон эрх бүхий шинжээчийн дүгнэлтэд үндэслэн өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд акт гаргасан байх тул уг актыг “ямар ч хуулийн үндэслэлгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж эрхэд халдсан илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******гийн гаргасан 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот акт нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 57 дугаар зүйлийн 57.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******д холбогдуулан гаргасан “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б*******гийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 105-130 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 131-151 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 169-179 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас