Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч О.Багшбаяр,   

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1706032360616 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, ам бүл-4, ээж, дүү нарын хамт  Баязүрх дүүргийн 7 дугаар хороо 2-94 тоотод оршин суух, урьд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 69 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, тоот регистрийн дугаартай, Тайж овогт М.Б.

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” бааранд хамгаалагч ажилтай байхдаа иргэн М.Мягмардоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706032360616 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 хохирогч М.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 10 сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Моника бааранд орсон. Бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээнд сууж байсан залуучууд хоорондоо зодоон хийсэн. Би босоод салгах гэтэл баарны хамгаалагч нар бас ирсэн. Тэр үед би хамгаалагч залууг та болио гээд түлхсэн. Гэтэл уг хамгаалагч миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. Миний хамраас цус гараад доош суухад цээж рүү өшиглөсөн. Баарнаас гараад хамгаалагчийг дуудаад яагаад намайг цохиж байгаа юм бэ би салгаж байсан гэхэд чи өөрөө зодоон хийж байсан биздээ гэхээр нь цагдаа дуудна гэхэд тэр хамгаалагч миний гарт байсан утсыг булааж аваад газар чулуудсан. Би утасны дэлгэц хагалчихлаа гэтэл чи өөрөө хагалчихлаа гээд заамдаж аваад чирээд булан тойроод намайг 2 3 удаа цохиж аваад баар луу орсон. Би шууд гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулхад хамар хугарсан байсан. Надад сүүлд эмчилгээний зардал гэж 300.000 төгрөгийг баарны захирал өгч байсан. Одоо  нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/

 

Гэрч Б.Даваалхагвагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ширээн дээр ирэх үед хажуу ширээний хүмүүс хамгаалагч нартай муудалцаж байсан. Хамгаалагч нар  хүмүүс рүү дайраад цохих гээд байсан. Мягмардорж дундуур нь ороод салгах гэтэл хамгаалагч нар нь Мягмардоржийг цохиод авахаар нь салгаад баарнаас аваад гарсан. Гадаа Мягмардорж нь яагаад  намайг цохиж байгаа юм гэхэд Батхаан гээд хамгаалагч чи өөрөө эхлэж намайг цохисон гээд дахиад цамцыг нь урсан. Тэгээд Мягмардорж гэмтлийн эмнэлэг явсан  гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 725 дугаартай:

М.Мягмардоржийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20/

 

            Шүүгдэгч М.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө БЗД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Хэдэн залуучууд хоорондоо зодолдоод байхаар нь салгах гэтэл нэг залуу миний өөдөөс эсэргүйцээд дайрхаар нь нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэр залуу надруу дайраад чамд би гомдол гаргах болно гээд гарсан. Би Хятад улсруу ажлаар яваад иртэл манай баарны эзэн Батхуяг чиний нөгөө цохисон залуу чинь гомдолтой гээд мөнгө нэхээд байхаар 300,000 төгрөг өгөөд явуулсан гэж хэлсэн. М.Мягмардорж гэх хүний биед хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 

- цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 8/

-М.Бы иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-34/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч М.Бы иргэн М.Мягмардоржийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Тайж овогт М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

  

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ