Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар    2024/ДШМ/1273

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч Д.Э,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны *** оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ***/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Д.Э эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Б.Бт холбогдох эрүүгийн 2409 00000 1007 дугаартай хэргийг *** оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

И-М овогт Б Б, *** оны 12 дугаар сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, ***настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, "***" ***ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ***дүүргийн 28 дугаар хороо, ***, "***" хотхоны *** дүгээр байр, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч Б.Б нь *** оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн 20 дугаар хороо, *** эцсийн автобусны буудлын талбайд хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар Д.Этэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

*** дүүргийн прокурорын газар: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...И-М овогт Б Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.Эийн 4.660.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарлан...” шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Э давж заалдах гомдол  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** оны 6 дугаар сарын 17-нд ажил үүргээ гүйцэтгэж явахад иргэн Б.Б надтай маргалдаж, улмаар миний нүүр лүү цохиж, шүд унасан. *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний шүд болон сэтгэл санаа, гоо сайханд учруулсан хохирлыг барагдуулж өгөөгүйд гомдолтой байна. Иргэн Б.Б нь энэ маргаан болохоос өмнө 2 удаа унаж явсан автобустайгаа намайг шахаж осол хийлгэхийг завдаж байсан. Одоо би энэ хохирлын мөнгөө авч байж шүдээ хийлгэхгүй бол надад мөнгө байхгүй байна. Хүний эрүүл мэнд, гоо сайханд хохирол учруулж эд эрхтнээр хохироод байхад иргэн Б.Бт хөнгөн ял өгсөнд гомдолтой байна. Энэ хүнд зохих ялыг нь оноож, миний эд эрхтэн, гоо сайхыг минь төлүүлж өгнө үү. Мөн сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар төлөх болно...” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Эийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирлын төлбөр болох 240,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшсэн. Б.Бийн буруу ч гэсэн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн байдаг. Учир нь, тухайн үед Б.Бтэй маргалдах явцдаа Б гэх нөхөртэйгөө нийлж Б.Б рүү дайрч зодсон бичлэг хавтас хэрэгт авагдсан. Б, Э нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан байдаг. Харамсалтай нь уг зөрчлийн хэргийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шийтгэлээ эдлэхээр болсон тул тухайн зөрчилтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргаж амжаагүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу эрүүгийн хариуцлага нь тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршигт тохирсон байх ёстой анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Сэтгэл санааны хохирлыг хохирогчийн зүгээс нэхэмжлээгүй. Сэтгэл санааны хохиролтой холбоотой дүгнэлт гараагүй. Шүүгдэгчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгож, хохирогч Д.Эийн 4.660.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүйн улмаас хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б нь *** оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн 20 дугаар хороо, *** эцсийн автобусны буудлын талбайд хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогч Д.Этэй маргалдаж, улмаар нүүр лүү нь  цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

-шүүгдэгч Б.Б: “......Э миний араас ирээд "...Муу хөгшин авгай, сохор гичий чинь, юу гээд байгаа юм, муу янхан гичий, чамайг хоёрдугаар баазыг гүйцээсэн янхан гэж байна лээ, хөгшин өвгөнтэй явалдаад, чамд хөгшин өвгөн олдсон нь их юм..." гэх зэргээр орилж чарлаад байхаар нь би автобуснаас бууж очоод болиулах гээд амыг нь дараад түлхсэн, тэгэхэд Э орилж чарлаад, намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр үед түүний нөхөр Б автобуснаасаа бууж ирээд".. Муу сохор гичий чинь..." гэж хэлж байсан ба, Э нөхрийнхөө араар ороод миний зүүн хөл рүү өшиглөөд дахиад өшиглөх гээд надад хүрээгүй, дараа нь түүний нөхөр Б нь миний зүүн хөлийн гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн... Намайг их доромжилсон болохоор тэгсэн юм.../хх 8-9/

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-19/,

-хохирогч Д.Э: “...би *** оны 6 дугаар сарын 17-ны 18 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж яваад, автобус цэнэглэх үед хэрэлдсэн. Б намайг “...хорчин янхан, баазыг дуусгасан...” гэж хэлсэн. Б зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Б миний баруун хацарт нэг удаа цохисны улмаас уг гэмтэл учирсан. Би *** оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын 1-р эмнэлэгт хөдөлсөн нэг шүдээ авхуулсан, тухайн шүд нь 5 дугаар шүд, баруун дээд талын араа шүд. Одоогоор өөр эмчилгээ хийлгээгүй байгаа, буйл эдгэрэхээр эмчилгээ хийнэ гэж байсан. Шүдний зураг авхуулахад 30.000 төгрөг болсон, шүдээ авхуулахдаа нийгмийн даатгалаас хөнгөлөлт авсан, надаас мөнгө гараагүй. Миний сэтгэл санаанд ямар нэг хохирол учирсан зүйл байхгүй. Надад сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй...” /хх 25-26/

-гэрч Ш.Б: “…Б баруун гараараа миний зүүн талын чихний хэсэгт нэг удаа цохиход би хөл алдаад газар унах шахсан. Намайг дэлгүүр орох хооронд Б нь Эийг цохисон байсан. Тэр үед Эийн баруун жавж нь дотроо язарсан, баруун дээд нэг шүд нь хөдөлсөн байсан…” /хх 32/

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын *** оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8391 дугаартай шинжээчийн “...Д.Э-н биед 1 шүдний булгарал, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” дүгнэлт /хх 37-38/ болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Бт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Бийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Хохирогч Д.Э нь “...сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ..., шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан..., мөн эд эрхтэнд учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Э нь “...сэтгэл санаанд ямар нэг хохирол учирсан зүйл байхгүй, надад сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй...” /хх 25-26/ гэж мэдүүлснээс гадна, анхан шатны шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийн талаар нэхэмжилсэн зүйлгүй мөн цаашид шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардал 4.660.000 төгрөг /хх 65-67/-ийг нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт "Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй." гэж заасан боловч тухайн шүдний эмнэлэг нь ямар бодит тарифт үндэслэн дээрх үнийн дүнг гаргасан нь тодорхойгүй, имплантыг жилд 2 удаа цэвэрлэх ажилбарыг тус эмнэлэгт 5 жилийн хугацаанд хийлгэхээр тооцож төлбөрийн тодорхойлолт гаргасан нь ойлгомжгүй, үйлчилгээний зориулалт дурдагдаагүй, ажилбарын дараа дараагийн хуваарьт үйлчилгээг зайлшгүй тухайн эмнэлэгт, 5 жилээр хийлгэхээр тогтоосон зэрэг нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно." гэж заасантай нийцээгүй байх тул хохирогчийн уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, зохих баримтуудыг бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн хуульд нийцсэн байна.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлийг хэрхэн сонгож, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа харгалзах шалгуур, шаардлагын талаар бодитой дүгнэсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

Иймд дээрх үндэслэлээр хохирогч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ***/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ***/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ