Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2026/0018

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

 зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзаяа би, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан иргэн Д.Л******* холбогдох “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л******* хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 5,695,545 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” тухай шаардлагай бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Д.Лувсандагва шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч миний бие нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад бүрэн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5,695,545 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан холбогдох баримтыг хавсаргав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Лувсандагва нь Төрийн албаны зөвлөлийн тус шүүхэд гаргасан “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л******* хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 5,695,545 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг танилцуулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлөөс Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан иргэн Д.Л******* холбогдуулан “Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л******* хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 5,695,545 төгрөгийг нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаын зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МӨНХЗАЯА