Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.М*******, Б.Б*******, Ц.Г*******, О.О******* (Д.О******* эрх залгамжлагч),

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А*******, Ч.Н******* нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, Ч.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар иргэн Ж.М*******т Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын тоот хаягт байрлах 402 м.кв газрыг, Б.Б*******т Төмөр замын 1******* тоот хаягт байрлах 410 м.кв газрыг, Ц.Г*******т Саримсны хонхор  тоот хаягт байрлах 412 м.кв газрыг, Д.Отгонд Төмөр замын тоот хаягт байрлах 484 м.кв газрыг тус тус 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

2.2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Ж.М*******, Б.Б*******, Д.Отгон нарын эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай сунгасан.

2.3.Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хавсралтад дурдсан 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийн хавсралтад нар багтсан байдаг.

2.4.Иргэн Д.Отгон 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нас барж, түүний хүү О.О******* Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 484 м.кв газрыг өвлөн авч, 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0011 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

2.5.Нэхэмжлэгч нарын зүгээс өмгөөлөгч М.Хгаар дамжуулан маргаан бүхий захирамжтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай албан бичгээр гомдол гаргах хугацаа дууссан байх тул таныг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

2.6.Нэхэмжлэгч нараас болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* нараас нэр бүхий иргэдтэй хамтран Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Орон сууц бодлогын газар болон Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан.

2.7.Дээрх гомдолд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичиг, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3/1110 дугаар албан бичиг, мөн тус газрын 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр тус тус хариу өгсөн байна.

2.8.Ж.М*******, Б.Б*******, Ц.Г*******, Д.Отгон нарын газар “Ж ” ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн Шинэ амьдрал төсөл хэрэгжүүлэх барилгажих талбайд хамаарч байсан учраас газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж нэхэмжлэгч нараас тайлбарласан.

2.9.Нэхэмжлэгч нараас “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын дугаартай захирамжийг газар эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг газар эзэмшигчид хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий захиргааны акт нь сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн, Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбайд хувь нийлүүлсэн газар эзэмшигчийн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор "Ж "ХХК-аас газраа орон сууцаар солихоор байгуулсан гэрээний үүргийн биелэлтээ шаардах, уг гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулах, “Ж ” ХХК төсөл хэрэгжүүлэгчээс шалгарсан эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах талбайгаар ашиглах шаардлагагүй болж улс тусгай хэрэгцээнд авахаар болсон тохиолдолд газраа нөхөх олговортойгоор эргүүлэн авах, улс тусгай хэрэгцээнд эргүүлэн авахгүй тохиолдолд зориулалтын дагуу иргэний ахуйн зориулалтаар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна. гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул тус иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2022 оны тоот захирамжаар хүчингүй болгосон.” гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд газар эзэмшдэг байсан. Газар эзэмшиж байх хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Тухайн ажилд оролцохын тулд “Ж ” ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх тохиолдолд 75 хувиас 80 хувийн дэмжлэгийг авсан байх шаардлагатай. Иргэдээс дэмжлэг авсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран төслийг хэрэгжүүлэх боломжтой. Нэхэмжлэгч нараас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж өөрсдийн газрыг хувийг нийлүүлэн оролцсон. Нийт иргэдийн 80 хувиас дээш санал авсан тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 26.3 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж ” ХХК шалгарсныг батламжилсан. Нэхэмжлэгч Ж.М******* болон Б.Б******* нар нь Б хэсэгчилсэн талбайд, н.О*******, н.Г******* нар Г хэсэгчилсэн талбайд хамаарна. Г хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч одоог хүртэл шалгараагүй. Нэхэмжлэгч нар амьдрал, ахуйгаа сайжруулах боломж, сайн санаачилга байна гэж үзэн төрийн үйл ажиллагааг дэмжсэн. “Ж ” ХХК-тай хоёр талт гэрээ байгуулсан. Дахин төлөвлөлтөд тус газрууд хамрагдсан тул газрыг ашиглах боломжгүй байсан. Уг хугацаанд цар тахал гарсан тул дахин төлөвлөлтийн журам өөрчлөгдсөн. Жишээ нь хоёр талт гэрээний загвар 2014 онд батлагдсан байхад гурван талт гэрээний загвар 2016 онд батлагдсан. Шүүхээр маргаантай байх хугацаанд “Ж ” ХХК хоёр талт гэрээ байгуулаагүй, Нийслэлийн Засаг даргаас хоёр талт гэрээ байхгүй гэх хариуг өгч байсан. Шүүхэд маргаантай байх хугацаанд “Ж ” ХХК-аас архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаварт 10 дугаар гудамжны бүх иргэдтэй хоёр талт гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний дугаарууд байсан. Өөрөөр хэлбэл, хоёр талт гэрээ байгуулсан болох нь тогтоогддог. 2019 онд архитектор төлөвлөлтийн даалгавар батлагдсан. Нэхэмжлэгч нарын зүгээс хүлээлттэй байсан. Хүлээж байх хугацаанд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга дугаартай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн 45 айлын 18,000 м.кв газрыг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр захирамж гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл тухайн нөхцөл тогтоогдоогүй атал газар эзэмших эрхийг цуцалсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулаагүй. Тухайн газрууд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан. Хоёрдугаарт сонсох ажиллагааг нэр төдий явуулсан. Сонсох ажиллагаа огт хийгээгүй гэж үзэж болно. Шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд, Баянзүрх дүүргийн газрын албаны цахим хаягт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл оруулсан байдаг. Гэтэл тухайн мэдэгдэл нь хэнд хандаж гарсан, ямар захирамж гарсан нь тодорхойгүй, иргэд тухайн хаягаас мэдээлэл авах ёстой болохыг мэдээгүй. Магадгүй тухайн мэдэгдлийг хороонд түгээх боломжтой байсан. Процессын алдаа гэж үзэж байна. Дээд шатны захиргааны байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нь нийслэлийн хэмжээнд хийгдэж буй том ажил. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх бүсийг тогтоож, Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжид гурван талт гэрээ байгуулахыг даалгасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хяналт тавин иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой атал иргэдийн эрхийг зөрчсөн. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга дугаартай захирамж гарснаар “Ж ” ХХК-тай гурван талт гэрээ байгуулах эрхгүй болсон. Тухайн захирамжтай холбоотойгоор шүүхэд ханд гэх хариуг өгсөн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг санаачлан эхлүүлэн, иргэдийг олноор нь уриалсан атал зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг хуурамчаар тогтоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжиж байгаа талаар мэдэхгүй байх боломжгүй. Зөрчил гаргаагүй иргэдэд хариуцлага ногдуулсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь илт хууль бус. Баянзүрх дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамж нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гаргасан тогтоол, Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй зөрчилдөж байна. Иймд илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Ула******* төмөр замаас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар албан бичгийг Баянзүрх дүүргийн Тамгын газарт ирүүлсэн байдаг. Ула******* хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж буй төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Ула******* хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчингүй болгох, хүчингүй болгох нөхцөл тогтоогдоогүй тохиолдолд газрыг шилжүүлэх арга хэмжээ авах, мөн тухайн газарт нэмж газар олгохгүй байх агуулга бүхий чиглэл, хамтран ажиллах тухай албан бичиг ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газруудад нягталж, судалгаа хийсний үндсэн дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байсан тул газрыг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна гэж үзсэн. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга дугаартай захирамж гарсан. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно” гэж заасан байдаг. Маргаан бүхий захиргааны акт нь 20-оос дээш тооны иргэнд хамаатуулж гаргасан захиргааны акт тул Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн тул сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгч нараас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор хянан үзэж, хууль зүйн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийлээ.

6.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2020 оны дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

             Нэг.Хэргийн үйл баримтын тухайд:

            7.Нэхэмжлэгч Ж.М*******, Б.Б*******, Ц.Г*******, О.О******* (Д.О******* эрх залгамжлагч) нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэний гэр бүлийн ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхээр 5 жилийн хугацаатай шийдвэрлэжээ.

8.Улмаар тус дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/325 дугаар захирамжаар Ж.М*******, Б.Б*******, Д.Отгон нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна. Харин нэхэмжлэгч Ц.Г*******ын тухайд газар эзэмших эрхийн хугацааг сунгагдаагүй үйл баримт тогтоогдов. 

            9.Нэхэмжлэгч нарын анх газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргасан өргөдөл, баримтуудыг авч үзвэл:

10.Ж.М******* нь газар эзэмших өргөдөлдөө “... тус хороонд 34 жил амьдарсан, одоо амьдарч байгаа замын 10-р гудамж дахь газрыг эзэмших гэрчилгээ гаргаж өгнө үү” гэж дурдаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны “ТЗ- тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт, фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургийг;

11.Б.Б******* нь өргөдөлдөө “...нөхөр хүүхдийн хамт амьдардаг  ТЗ-ын 1******* тоот хашааны газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах” гэж дурдаж, тус хорооны Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “хашааны газрыг эзэмшдэг” гэх тодорхойлолт, фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургийг;

12.Ц.Г******* нь өргөдөлдөө “... Сармисны хонхорын 4-62 тоотод хашаа байшин барьж амьдарч байгаа тул эзэмших, өмчлөх зөвшөөрөл олгож өгнө үү” гэж дурдаж,  тус хорооны Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Сармисны 4-62 тоот хашааны газрыг эзэмшдэг” гэх тодорхойлолт, фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургийг;

13.Д.Отгон нь өргөдөлдөө “... Төмөр замын тоотод 11 жил эзэмшиж байгаа тул өөрийн эзэмшил болгож өгнө үү” гэж дурдаж,  тус хорооны Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Төмөр замын тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт, фото зураг, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургийг;

14.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Ж.М*******, Б.Б*******, Ц.Г*******, О.О******* нар нь уг газарт бодитоор амьдардаггүй, тухайн газарт өмнө нь хүн амьдарч байсан гэх нөхцөл байдал, ул мөр тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суугчаар бүртгэгдээгүй байна.

 15.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас 2026 оны 3 дугаар сарын 24, 30-ны өдрийн 2/800, 2/853, мөн оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/1817 дугаар албан бичгүүдээр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч нарын эзэмшлийн , , , дугаар бүхий нэгж талбаруудын 2014, 2015, 2017-2019, 2021, 2022 онуудын агаар, сансрын зургаар бүхэлдээ хоосон газар байсан нь тогтоогдсон.

16.Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан бичгээр маргаан бүхий хаягуудад өрхийн дэвтэр нээлгэж амьдарч байсан иргэд байхгүй, шүүхээс хийсэн газрын үзлэгээр ч тухайн газарт амьдарч байсан хүн байхгүй болох нь оролцогчдын тайлбараар тус тус батлагдав.

17.Түүнчлэн Замын хөгжлийн газраас “нэхэмжлэгч нарын нэгж талбар нь Нарны замын зүүн өргөтгөлийн инженерийн нарийвчилсан зураг төсөлтэй давхацалтай” гэж ирүүлсэн албан бичгээс үзвэл, нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газарт авто зам тавихаар төлөвлөсөн байна.

 

            Хоёр.Хууль зүйн дүгнэлтийн тухайд:

            18.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох;” гэж Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрх байхаар, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар дүүргийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх эрхтэй байна.

19.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Баянзүрх дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нөөс үзвэл, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сармисны хонхор болон Төмөр замын хаягтай байршилд иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна.

20.Мөн нэхэмжлэгч нараас анх газар эзэмших хүсэлт гаргахдаа хавсаргасан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2014 оны тодорхойлолтууд нь бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдож байна.

21.Шүүхийн үзлэгээр тухайн газарт хүн амьдарч байсан ул мөр илрээгүй бөгөөд 2014-2022 оны агаар, сансрын зургаар маргаан бүхий нэгж талбаруудад нэхэмжлэгч нар оршин сууж байгаагүй нь нотлогдоно.

22.Түүнчлэн, нэхэмжлэгч нарын заасан хаягууд нь тус хороонд бүртгэлгүй, эрх бүхий байгууллагын тогтоолоор баталгаажаагүй болох нь 12 дугаар хорооны Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаар албан бичгээр  тогтоогдов.

23.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн, газрыг чөлөөлсөн тул зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

24.Учир нь шүүхийн үзлэг болон 2014 оноос хойших сансрын зургаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт бодитоор амьдарч, газрыг зориулалтын дагуу огт ашиглаж байгаагүй нь тогтоогдсон тул дахин төлөвлөлтийн төслөөс шалтгаалж газраа ашиглаж чадаагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

25.Үүнээс үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх”-ээр тусгагдаагүй байршилд нэхэмжлэгч нарт газар олгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хууль бус шийдвэр байжээ. 

26.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргаан байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэний зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг. Шүүхээр хамгаалагдах “эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэдэг нь зөвхөн хууль тогтоомжийн дагуу, хууль ёсоор үүссэн эрхийг ойлгоно.

27.Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь анхнаасаа хууль зөрчиж үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүх уг хууль бус “эрх”-ийг сэргээн эдлүүлэх, хамгаалах эрх зүйн боломжгүй юм.

28.Нэхэмижлэгч Ц.Г*******ын газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.

29.Тэрээр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан хугацаанд буюу эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах өргөдлөө гаргаагүй буюу хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас үзвэл 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт нь бүртгэгджээ.

30.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч, сунгуулах хүсэлт хуулийн хугацаанд гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор хуульчилсан.

31.Маргаан бүхий 2022 оны дүгээр захирамж гарах үед нэхэмжлэгч  Ц.Г*******ын газар эзэмших хууль ёсны эрх нэгэнт дуусгавар болсон байсан тул уг захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Гурав.Маргаан бүхий актын үндэслэл болон сонсох ажиллагааны тухайд:

32.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2022 оны дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан  ашиглаагүй” гэх үндэслэл заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт хамаарахгүй бөгөөд энэ үндэслэлээр эрхийг дуусгавар болгосон нь буруу гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

33.Мөн хариуцагчаас актыг гаргахаасаа өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан гэх боловч энэ нь мэдэгдэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

34.Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа дээрх алдааг гаргасан байх боловч нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх нь анхнаасаа Газрын тухай хуулийг зөрчиж үүссэн, хууль бус газарт олголт байсан нь хэрэгт авагдсан сансрын зураг, үзлэгийн тэмдэглэл, хорооны Засаг даргын тодорхойлолт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргээр тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гаргахдаа гаргасан алдаа нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

35.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан.

36.Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах бус, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан тул шүүх уг акт илт хууль бус байх шинж байгаа эсэхэд дүгнэлт хийх үүрэгтэй.

37.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдийг заасан. Хариуцагчийн гаргасан хууль хэрэглээний болон сонсох ажиллагааны алдаанууд нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч болох шинж мөн боловч уг актыг гадаад хэлбэр, агуулгын хувьд анхнаасаа эрх зүйн ямар ч үр дагавар үүсгэх боломжгүй, илэрхий ноцтой алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх зөрчилд хамаарахгүй байна.

38.Түүнчлэн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх анхнаасаа хууль бусаар үүссэн тул шүүхээс уг актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлийг сэргээн хамгаалах эрх зүйн боломжгүй юм.

Дөрөв.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухайд:

39.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/602 дугаар захирамжаар тухайн бүсийг гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн бүсээр тогтоож, төсөл хэрэгжүүлэгчээр “Ж ” ХХК-ийг сонгон баталжээ.

40.Ж.М*******, Д.Отгон нар нь тус компанитай 2015 оны 4 дүгээр сард “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г байгуулсан байна.

41.Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "төсөл хэрэгжүүлэгч" гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг;”” 11.2-т ”Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна.” гэж тус тус заасан.

42.“Ж ” ХХК-тай байгуулсан хоёр талт гэрээний 3.2-т заасан “Энэхүү гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар гурван талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байх боловч хуульд заасан гурван талт гэрээ бодит байдалд байгуулагдаагүй байна.

43.Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б.Б*******, Ц.Г******* нарын тухайд төсөл хэрэгжүүлэгчийг дэмжсэн, энэ хүмүүсийн оролцоотой төсөл нь дэмжигдсэн” гэж тайлбарлаж байгаа нь гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох баримт байхгүй болохоо зөвшөөрсөн шинжтэй бөгөөд нэхэмжлэгч нараас эрх бүхий байгууллагад хандаж ийм гэрээ байгуулахыг шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүй болно.

44.“Ж ” ХХК-ийн 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 299/26 дугаар албан бичгээс үзвэл, нэхэмжлэгч Б.Б*******, Ц.Г******* нартай хоёр талт гэрээ байгуулаагүй, мөн гурван тал гэрээ байгуулсан иргэн байхгүй талаар ирүүлсэн байна.

45.Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл нь тухайн этгээд хууль ёсоор газар өмчлөгч, эсхүл эзэмшигч байхыг шаардах бөгөөд анхнаасаа хууль бусаар олгогдсон газрыг үндэслэн дахин төлөвлөлтийн хүрээнд хоёр талт гэрээ байгуулсан, эсхүл гэрээ байгуулахаар тохиролцсон гэх үйл баримт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг зөвтгөх үндэслэл болохгүй.

46.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******, Ж.М*******, Ц.Г*******, О.О******* (Д.О******* эрх залгамжлагч) нарын  “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар  хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БАТСҮХ