Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02407

 

 

 

Х--54 СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х--54 СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

О-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 44 тоотод оршин суугч иргэн О- нь олон жилээр СӨХ-ны төлбөрөө хийхгүй байгаа юм. Энэ хүн байрандаа амьдарч байгаа боловч шүүхээс хүргүүлсэн нэхэмжлэлийг энэ хүн энд амьдардаггүй гэж худал мэдээлж, нэхэмжлэлийг хүлээн авахгүй байна. Иймд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 44 тоотод оршин суугч Нямаахүүгийн Отгонсүрэнг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нямхүүгийн Отгонсүрэнг эрэн сурвалжлах тухай Х--54 СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Х--54" СӨХ-ны хүсэлттэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нямаахүүгийн Отгонсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02086 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргасан "Х--54" СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Таня миний бие энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж мөн хуулийн 133.1.9-т "нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах" тухай заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд хариуцагчийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02086 дугаартай шүүхийн шийдвэр ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нямаахүүгийн Отгонсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гарган тус Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/Ш32016/05748 дугаартай шүүгчийн захирамжаар Нямаахүүгийн Отгонсүрэнг дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй" гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байх хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг хайж олох ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байна" хэмээн заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т "Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана" гэж заасныг зөрчсөн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч "Х--54" СӨХ нь хариуцагчийн хаягийг тодруулахаар шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хариуцагчийн хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэлээ харьяалах шүүхэд дахин гаргах эрхтэй болно" гэж заасан нь хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжаар тогтоогдсон асуудлаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж хуульд заасан эрхээ эдэлсэн. Мөн хариуцагчийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана гэж хуульд заасан бөгөөд заавал гэсэн албадлага зохицуулалт хуульд байхгүй. Иймээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02086 дугаартай шүүхийн шийдвэр бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хариуцагч Нямаахүүгийн Отгонсүрэнг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х--54 СӨХ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нямаахүүгийн Отгонсүрэнг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х--54 СӨХ нь О-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 163 162 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/05748 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 3-4 дүгээр тал/

 

Улмаар нэхэмжлэгч нь О-г хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн тодорхойлж түүнийг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлтэй болно.

Тодруулбал, онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай бөгөөд шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул тухайн хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй.

 

Хэргийн баримтыг үзэхэд хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлээ тодорхойлжээ. Хүсэлт гаргагч хариуцагчийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг заавал хавсаргах үүрэггүй.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг хайж олох ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шаардлагатай нотлох баримтыг эрх бүхий байгууллагаас гаргуулах боломжтой байжээ.

 

Хуульд заасан дээрх журмыг хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцнэ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгтээ удирдлага болгосон атлаа хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, агуулгын зөрчилтэй, хууль хэрэглээний хувьд алдаатай болсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ