| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 159/2026/0009/З |
| Дугаар | 159/ШШ2026/0019 |
| Огноо | 2026-07-09 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 159/ШШ2026/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2026/0009/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С*******” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бүүвэйцэцэг, Н.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын талаар:
1.1. Нэхэмжлэгч “С*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “*******” нэртэй газарт орших түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын XV-43000******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
1.2. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр “С*******” ХХК-нд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын XV-43000******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон байна.
1.3. Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны А/******* дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж шүүхэд “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гарган маргадаг.
1.4. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай гэж тодруулжээ.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “С*******” ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай байгууллага нь 2019 оны 6 дугаар сараас хойш Сэлэнгэ аймагт ХѴ43000******* дугаартай түгээмэл тархацтай хайгуулын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа болно. Бидний зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот албан бичгээр энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт болон холбогдох баримтыг Сэлэнгэ аймгийн засаг даргад илгээсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д тус тус заасны дагуу 2021 онд 49,000 төгрөг, 2022 онд 167,000 төгрөгийг тус тус төлсөн. Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс дээрх албан бичигт хариу өгөөгүй.
Харин 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлдэг. Бидний зүгээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын төлөөлөл “Сонсох ажиллагаа”-д оролцон “Лицензийн хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг хавсралтын хамт хүргүүлсэн боловч энэ тухай мөн хариу өгөөгүй болно. Үүний дараа буюу сонсох ажиллагаа хийснээс хойш 4 сарын дараа 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар манай байгууллагын эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Энэхүү цуцалсан шийдвэрийг гарснаас хойш мөн 4 сарын дараа буюу 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1271 тоот албан бичгээр манай байгууллагад цуцалсан шийдвэрийг танилцуулсан.
Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 27, 29 дүгээр зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааг хийхгүйгээр цуцалсан гэж үзэж байна. Мөн аль 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот албан бичгээр хандсан хүсэлтийг огт шийдвэрлэхгүйгээр шууд хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчсөн байна.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргахад хариуцагч хариу огт өгөхгүй байсан хэр нь тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл маань сунгагдах юм байна гэх хууль ёсны итгэл төрснийг харуулж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 6.3.1 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.”, мөн энэ зүйлийн 6.3.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан. Сэлэнгэ Аймгийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хүчингүй болгохдоо энэхүү хуульд заасан процедурыг дагаж мөрдөөгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд бол 2022 оны 4 дүгээр сарын 29-нna өдрийн 25 тоот албан бичгээр энэхүү хайгуулын лиценз сунгуулах хүсэлт болон холбогдох баримтыг, Сэлэнгэ аймгийн Засаг даргад илгээсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-11 дүгээр хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 6 хэсэгт заасны дагуу 2021 онд 49,000 төгрөг, 2022 онд 167,000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Хариуцагч буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр явуулж байсан албан бичигт хариу өгдөггүй. Харин 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Бидний зүгээс буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр сонсох ажиллагаанд оролцсон байдаг. Тухайн сонсох ажиллагаанд оролцоод 4 сарын дараа 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иаргаан бүхийн А/******* дугаартай захирамж гаргасан тухайн захирамж гарсан өдрөөс хойш 4 сарын дараа буюу 2025 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр 01/1171 тоот албан бичгээр маргаан бүхий захиргааны актыг манайд мэдэгдсэн байдаг.
Тухайн захиргааны актыг ингэж мэдэгдэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.1-т заасан захиргааны акт мэдэгдэх хэсгийг зөрчсөн байгаа, нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхийн захиргааны акт, захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүйгээр цуцалсан гэж үзэж байгаа. Мөн дээр дурдсан 2022 оны 4 дүгээр сарын 29-ны хүсэлтийг огт шийдвэрлэхгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2-8 хэсэгт заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Харин хариуцагч тухайн хүсэлтэд хариу өгдөггүй байсан учраас тусгай зөвшөөрөл сунгагдсан гэж ойлгож байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт зааснаар “...Аймаг нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 16.1-т зааснаар өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж...”, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдөртэй тэмдэглэлд тусгана” мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт “зөвшөөрөл эзэмшигч энэ тухай үндэслэлгүй гэж үзсэн тайлбарыг 30 хоногийн дотор холбогдох бичиг баримтыг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Хариуцагч байгууллагын тухайд бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Зөвшөөрлийн тухайн хуульд заасан процессыг хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг үзэж байна. Маргаан бүхий захиргааны актад хоёр үндэслэл дурдагддаг, нэгдүгээрт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэл дурдагддаг нэхэмжлэгч байгууллагын тухайд бол 2021 он, 2022 онд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд төлж байсан гэдэг нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тодорхой харагдана. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д заасан үндэслэл дурдагддаг аймаг нийслэлийн Засаг дарга тусгай Зөвшөөрлийн тухай энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх бөгөөд түүнд тусгагдсан тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэсэн байгаа нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндсэн хоёр үндэслэл нь нэгт маргаан бүхий захиргааны акт гаргаад байгаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр нь хуульд заасан хугацаанд төлж байсан мөн хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тухай бүр гаргаж байсан.
Хариуцагч байгууллагын хувьд бол сунгуулах хүсэлтэд хариу өгөөгүй мөн маргаан бүхий захиргааны акт гарсны дараагаар хариуцагч байгууллагаас тухайн нөхцөл байдлын талаар тайлбарлаж тухайн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж байсан Сэлэнгэ аймгийн Засаг даргаас ч гэсэн захиргааны акт гарснаас хойш ч нэхэмжлэгчид хариу өгөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаа нь шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий байх ёстой зарчмыг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоон 24 дүгээр зүйлийн 24.2 хэсэгт бол энэ хуулийн 24.1 дэх хэсгийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох болон захиргааны байгууллагад эрх өгөгдсөн боловч бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан учраас энэ актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн өргөдлийг ирүүлэхдээ материалын бүрдэл дутуу ирүүлсэн байна. Мөн тус компаниас ирүүлсэн “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгуулах тухай” албан тоот дугааргүй, баримт бичгийн бүрдэл дутуу ирүүлсэн.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нэгдүгээр хавсралт дээр төлбөр төлсөн тэмдэг тэмдэглэгээ хийгдээгүй, Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 10/1988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд тус компанийн тусгай зөвшөөрөл бүртгэлтэй зэрэг нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь заалтуудыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр уламжилж байна.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2020 он болон 2021 онд төлсөн байгаа. Харин 2022 онд төлсөн баримт бол байхгүй байгаад байгаа тийм учраас тухайн захирамж дээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 гэсэн заалтыг оруулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн дагуу сунгуулах хүсэлттэй өгөхдөө тухайн баримт бичиг дутуу байгаад байгаа юм.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.1, 16.1.2, 16.1.3, 16.1.4 дэх хэсэгт заасан тухайн компанид шүүхээс үзлэг хийхэд тогтоогдсон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн цаг хугацаанд батлуулаад явж байсан бол тухайн материал тухайн компани болон төрийн байгууллагад баталгаажсан гарын үсэгтэй хадгалагдаж байх ёстой байтал энэ материал байхгүй байгаа нь тухайн компани нь түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийг биелүүлээгүй байна гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “С*******” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/207 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “*******” нэртэй газарт орших түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын XV-43000******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон[1] бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байжээ.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгуулах тухай” албан бичгийг хариуцагчид 2 удаа хүргүүлсэн байх ба уг бичгүүд нь огноогүй, дугааргүй байна[2]. Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “С*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.А******* бүртгэлтэй[3] байхад тухайн хүсэлтүүдэд Ц.А*******[4] гэж гарын үсэг зурж, тамга даран хандсан нь төлөөлөх эрхгүй этгээд захиргааны байгууллагад хүсэлт гаргасан зөрчилтэй байна. Хариуцагч захиргааны байгууллагаас уг хүсэлтийг албан ёсоор хянан шийдвэрлэж хариу өгөөгүй байна.
3. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэх боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан шаардлагатай баримт бичгүүдийг бүрэн ирүүлээгүй болохоо шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс захиргааны байгууллагад авагдсан хувийн хэрэгт үзлэг хийхэд захиргааны байгууллагын ажилтны гар бичвэр[5]ээр “улсын тэмдэгтийн хураамж дутуу, тусгай зөвшөөрлийн эх хувь байхгүй, 3 жилийн төлбөр төлсөн тооцоо нийлсэн баримт байхгүй, байгаль орчны ажил хамгааллын төлөвлөгөө байхгүй, хийсэн хайгуулын ажлын тайлан байхгүй” гэж материалын бүрдэл дутууг тэмдэглэсэн үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч нь 2021 онд 49,479 төгрөг, 2022 онд 164,930 төгрөгийг Сангийн яамны тодорхойлолтоор “Улсын тэмдэгтийн хураамж”-нд төлсөн байх ба 2022, 2025 онуудад шилжүүлсэн баримтууд нь мөн тэмдэгтийн хураамжийн зардалд хамаарч байна. Түүнээс биш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр”-ийг 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудад хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Сангийн яамны Төрийн сангийн системийн гүйлгээний тодорхойлолт[6], шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр А/******* дугаар захирамж гаргаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хавсралтын 16 дахь хэсэгт заасан “С*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
6. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн этгээд байна. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ц.А******* байхад албан бичигт Ц.А******* гэгч гарын үсэг зурж, дугаар ба огноогүй хүсэлт гаргасан нь эрх зүйн чадамжгүй, төлөөлөх эрхгүй этгээд захиргааны байгууллагад хандсан гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны байгууллага ийм зөрчилтэй хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хууль ёсны дагуу дахин олгуулж, бүрдэл хангаж чадаагүй нь нэхэмжлэгч өөрөө хуульд заасан журам, зарчмыг зөрчсөн үйлдэл юм.
7. Нэхэмжлэгч тал “2021, 2022 онуудад төлбөр төлсөн” гэж маргах боловч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан “Улсын тэмдэгтийн хураамж”, “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр” хоёр нь хууль зүйн агуулга, зориулалтын хувьд огт өөр ойлголтууд болно.
Улсын тэмдэгтийн хураамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д тус тус зааснаар төрийн байгууллагаас үйлчилгээ үзүүлсний төлөө төлж буй нэг удаагийн хураамж юм. Харин тусгай зөвшөөрлийн төлбөр нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар тухайн ашигт малтмалын хайгуулын талбайг эзэмшиж, ашиглаж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр хуульд заасан хувь хэмжээгээр урьдчилан төлөх ёстой төлбөр юм.
Нэхэмжлэгч “С*******” ХХК нь Сангийн яамны системээс авагдсан баримтаар зөвхөн улсын тэмдэгтийн хураамжид 49,479 төгрөг болон 164,930 төгрөгийг төлсөн байх ба хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байгаагүй, 2020-2024 оны төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн хувьд төлбөр төлөөгүй гэх зөрчил хэвээр үргэлжилж байна гэж шүүх дүгнэв.
8. Нэхэмжлэгчээс “...Захиргааны байгууллага хүсэлтэд албан ёсны хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан, бидний хууль ёсны итгэлийг алдагдуулсан...” гэж маргадаг.
Захиргааны ерөнхий хуулийн 24, 28 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийн баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд нөхцөл байдлыг тодруулж, гүйцээж ирүүлэх боломжийг олгох, эсхүл татгалзсан хариуг албан ёсоор бичгээр өгөх үүрэгтэй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар нь нэхэмжлэгчийн 2022 онд гаргасан хүсэлтэд албан ёсны хариу өгөлгүй 2025 он хүртэл орхигдуулсан нь Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа мөн бөгөөд шүүх үүнийг зөвтгөхгүй.
Гэвч захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагааны шинжтэй алдаа, эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн гол үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдлийг хангаагүй бөгөөд байгаль орчны төлөвлөгөө, гэрчилгээний эх хувь гэх мэт дутуу баримт хүсэлтэд хавсаргасан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу жил бүр урьдчилан төлөх ёстой тусгай зөвшөөрлийн төлбөрөө 3-4 жилийн турш төлөөгүй. Захиргааны байгууллага хариу өгөхгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан журмын дагуу эс үйлдэхүйн эсрэг гомдол, нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалаагүй, идэвхгүй хандсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим нь иргэн, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, хууль бус үйлдлийг хамгаалах эрх зүйн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С*******” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн төлбөр төлөх, байгаль орчныг хамгаалах баримт бичиг бүрдүүлэх зэрэг нийтийн эрх зүйн шаардлагуудыг зөрчсөн байх тул захиргааны байгууллагын хариу өгөөгүй эс үйлдэхүйг үндэслэн хууль бусаар тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжгүй.
Хэдийгээр захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус боловч энэ нь нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн гаргасан үндсэн зөрчлийг зөвтгөх, төрийн өмч болох газрын хэвлийг хууль бусаар үргэлжлүүлэн ашиглах эрхийг сэргээх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдэл хэвээр үргэлжилж байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны актыг хүчингүй болгох нь нийтийн ашиг сонирхол болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.
9. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан нарийвчилсан зохицуулалтуудыг баримталж тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэгэнт тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу сунгуулах өргөдлийн шаардлага хангагдаагүй, хуулиар тогтоосон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй байх тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа хуульд зааснаар дуусгавар болсон. Түүнчлэн төлбөр төлөөгүй зөрчил нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Иймд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “бодит нөхцөлд тохирсон байх” зарчимд тус тус бүрэн нийцжээ.
Шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүйг буруутгаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан “хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй”, “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн шилжүүлээгүй” алдаа, зөрчлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн “С*******” ХХК-нд холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА