Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2026/0651

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батсүх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “О*******” ХХК,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М*******,

Хариуцагч: Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******,

Гомдлын шаардлага: Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, хариуцагч Э.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдол гаргагч “О*******” ХХК нь “Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. “А******* *******” ХХК болон “О*******” ХХК нарын хооронд 2022 оны 06 дугар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 10-р хорооны нутаг дэвсгэрт баригдах 12 давхар үйлчилгээний орон сууцны барилга барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

2.2.2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн 10-р хороо, “А******* *******” ХХК-ийн захиалгатай, зоорьтой 12 автомашины дулаан зогсоол, 7 агуулахтай, 12 давхар, үйлчилгээтэй 99 айлын орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах комиссын хуралдааны болж тухайн барилгыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

2.3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр “А******* *******” ХХК-ийн захиалгатай, зоорьтой 12 автомашины дулаан зогсоол, 7 агуулахтай, 12 давхар, үйлчилгээтэй 99 айлын орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулах дүгнэлт гарсан.

2.4.2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.У Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж “…Баянзүрх дүүрэг, 10-р хороо “Г******* т” хотхоныг “О*******” ХХК нь барьж 2024 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэтэл маш их гэмтэл үүсээд тухайн компанид хандахаар огт тоохгүй байгаа юм. Уг нь 3 жилийн дотор барилгыг барьсан компани нь хариуцах ёстой байдаг. Уг асуудлыг шалгуулж арга хэмжээ авхуулмаар байна” гэх гомдлыг гаргасан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тухайн асуудлыг “О*******” ХХК-ийг шийдвэрлүүлэхээр болсон тул Хяналт шалгалтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан О.Ж өргөдлийг хааж шийдвэрлэсэн.

2.5.2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Г.У дахин Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж “…Баянзүрх дүүрэг, 10-р хороо “Г******* т” хотхоныг “О*******” ХХК нь барьж 2024 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулсан. Гэтэл маш их гэмтэл үүсээд тухайн компанид хандахаар огт тоохгүй байгаа юм. Уг нь 3 жилийн дотор барилгыг барьсан компани нь хариуцах ёстой байдаг. Уг асуудлыг шалгуулж арга хэмжээ авхуулмаар байна” гэх гомдлыг гаргасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* хүлээн авч хяналт шалгалт хийжээ.

2.6.Эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дугаар тогтоолоор “О*******” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн.

2.7.2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “О*******” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжээр (5,000,000 төгрөг) торгох шийтгэлийн хуудас оногдуулсан.  

2.8.Тус шийтгэлийн хуудсыг “О*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.О 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар хүлээж авсан бөгөөд тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасан.

Гурав.“О*******” ХХК нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ:

            3.1.Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А*******ын 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар манай компанийг Баянзүрх дүүргийн 10-р хороо, Г******* т хотхоны дугаартай байрны тоотод гүйцэтгэгч компани чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.2.Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А*******ын дуудсанаар "О*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* нь 2026 оны 3 сарын 11-ний өдөр НХШГ-т очиж, Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолтой танилцаж, холбогдогчийн мэдүүлэг өгсөн.

3.3.Эрх бүхий албан тушаалтан Э.А******* нь дугаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд манай компанийг Барилгын тухай хуулийн 40.1.8 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн. Ингэхдээ манай компанийн барилгын гүйцэтгэгчээр оролцож, барьсан Баянзүрх дүүргийн 10-р хорооны дүгээр байрны тоот айлд гал тогооны хэсэгт хялгасан цууралт, өрөөний тагтны сийгэлт их, корридорын хэсгийн шал хөндийрч завсар гарсан байхад уг зөрчлийг арилгаагүй, удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлээгүй гэх үндэслэлээр Барилгын тухай хуулийн 40.1.8 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн байдаг.

3.4.Манай компани холбогдогчоор тайлбар, мэдүүлэг өгөхдөө тухайн айлтай холбоотой гомдол, шаардлага бидэнд ирүүлж байгаагүй болохыг тайлбарласан. Үүний дараа эрх бүхий албан тушаалтан Э.А******* нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******тэй 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр утсаар холбогдож, зөрчлийн хэргийг хаах саналтай байгаа тул захирал Т.Огоос тус айлтай холбоотой гомдол гаргаж байгаагүй гэсэн мэдүүлэг авах хэрэгтэй байна гэсэн. Үүний дагуу 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр захирал Т.О би НХШГ-т очиж, мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш Э.А******* нь зөрчлийн хэрэгтэй холбоотой асуудлаар огт холбогдоогүй тул ярьж хэлснээр нь зөрчлийн шинжгүй гээд хэрэг хаагдсан гэж ойлгосон. Гэтэл 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг шуудангаар хүлээн авсан.

3.5.Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжгүй үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан төдийгүй, зөрчил гэж үзэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь: шийтгэлийн хуудаст дурдсан айлаас нэг ч удаа манай компанид гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Манай компани захиалагч “А******* *******" ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн ажлыг гүйцэтгэсэн ба гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын чанар, доголдолтой холбоотой аливаа асуудал үүссэн тохиолдолд захиалагч “А******* *******” ХХК-ийн өмнө үүрэг хүлээх гэрээний зохицуулалттай. Харин “А******* *******” ХХК нь тухайн байрыг худалдан борлуулсан тул худалдан авагч иргэний өмнө “А******* ******* ХХК хариуцлага хүлээх ёстой. Өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанид захиалагчийн зүгээс барилгын ажил гүйцэтгэлтэй холбоотой, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд дурдсан дугаартай байрны тоот айлтай холбоотой аливаа мэдэгдэл, шаардлага огт ирүүлээгүй. Уг айлтай холбоотой асуудлыг бид эрх бүхий албан тушаалтнаас анх удаа мэдсэн. Гэтэл зөрчлийн хэрэг үүсгэх тогтоолд манай компанид удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй гэсэн нь илт үндэслэлгүй, худал мэдээлэл болно.

3.6.Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа дуусгавар болсон. Барилгын тухай хуулийн 40.1.8 дахь хэсэгт барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах чиг үүрэгтэй гэж заасан бөгөөд тус орон сууцны хувьд 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байнгын ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан. Барилгын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт "барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг хэлнэ гээд мөн хуулийн 14.3 дахь хэсэгт барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж тус тус заасан. Мөн барилгын тухай хуулийн 14.4 дэх хэсэгт “14.3 дахь хэсэгт заасан хугацаа дууссанаар гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ" гэж заасан. Уг зохицуулалтын дагуу барилга байгууламжид хамтарсан үзлэх хийх, тэмдэглэл үйлдэх талаар захиалагч "А******* *******" ХХК-д мэдэгдэж байсан ч зураг төсөл зохиогч, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч нартай үзлэг хийх өдөр товлох, зохион байгуулах ажлыг захиалагч зохион байгуулаагүйгээс уг тэмдэглэлийг үйлдэх боломжгүй байна.

3.7.Дээрх зохицуулалтын хүрээнд тухайн барилгын зүгшрүүлэх, тохируулах хугацаа 2025 оны 4 сарын 5-ны өдөр дууссан тул манай компани Барилгын тухай хуулийн 40.1.8 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 3.8.Эрх бүхий албан тушаалтан үүссэн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, бүх талаас нь хянаж үзээгүй. Барилгын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах чиг үүргийг зөвхөн гүйцэтгэгч бус захиалагч, зураг төсөл зохиогч гэх мэт барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд бүгд хариуцах үүрэгтэй. Энэ хүрээнд захиалагчтай байгуулсан гэрээгээр бид гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэсэн ажлын доголдлыг захиалагчийн өмнө хүлээх ба захиалагч нь доголдолтой холбоотой асуудлаар манай компани албан бичгээр мэдэгдсэнээр бид засварлах ажлыг хийж гүйцэтгэдэг. Гэтэл дурдсан тоот айл нь захиалагч буюу “А******* Тулгуур" ХХК- ийн ажилтан бөгөөд бидний хоорондын харилцааг маш сайн мэдэж байгаа боловч "А******* Тулгуур" ХХК-д огт гомдол, хүсэлт гаргаагүй хэрнээ бидний үүргээ биелүүлээгүй гэдэг. Энэ талаар "А******* Тулгуур” ХХК-ийн удирдлагуудад хэлэхэд бидэнд мөн ерөөсөө хэлээгүй, гомдол гаргасан талаар мэдээгүй гэдэг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авалгүйгээр, манай компанийг чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байна.

3.9.Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын үндэслэх хэсэгт хяналт шалгалтын газрын даргын албан Үүргийг орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагчийн 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулах явцад зөрчлийг илрүүлсэн гэдэг ба уг зөрчилд хохирогч М.Э гэж дурддаг. Гэтэл мөн манай компанид хүргүүлсэн Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дугаар мэдэгдэлд Тус газарт иргэн Г.У ирүүлсэн 2026 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн дугаар гомдол, мэдээллийн дагуу шалгахад зөрчил илэрсэн тул дугаар зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна гэсэн байдаг. Зөрчлийн хэрэг үүсгэсэн үндэслэл, хохирогч тодорхой байх зарчимтай. Гэтэл ийнхүү хэрэг үүсгэсэн үндэслэл тодорхойгүй, хохирогч хэн болох нь тодорхойгүй нөхцөлд хэрэг үүсгэн шалгаж байна. Гомдол гаргагч н.Уянга, хохирогч гэсэн М.Э нар нь “А******* *******” ХХК-ийн ажилтнууд тул манай компани тус компанитай гэрээтэй, шаардлагыг “А******* *******” ХХК-иар уламжлан манай компанид хүргүүлнэ гэдгийг мэдэж байгаа. Эрх бүхий албан тушаалтны зүгээс иргэний гомдлын дагуу газар дээрх хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар үүссэн асуудал нь барилгын ажлын алдаанаас үүссэн гэж дүгнэсэн гэжээ. Гэтэл 2026 оны 3 сарын 11-ний өдөр эрх бүхий албан тушаалтантай уулзаж, мэдүүлэг өгч, хэргийн материалтай танилцах үед ямар хяналт шалгалтыг, ямар бүрэлдэхүүнтэй, хэзээ зохион байгуулаад, ямар зөрчил илрүүлсэн талаар баримт огт танилцуулаагүй, тийм баримт хэргийн материалд байгаагүй. Гагцхүү эрх бүхий албан тушаалтан өөрийн тайлбартаа манайх үзээд танай буруугаас *******элтэй гэж үзэж байгаа гэдэг. Барилга байгууламжид үүссэн гэмтэл, доголдол юуны улмаас үүссэн, хэзээ үүссэн, хэн буруутай болохыг тогтоох тохиолдолд гүйцэтгэгч, захиалагч, зураг төсөл зохиогч, ашиглагчийг байлцуулан тогтоох шаардлагатай. Гэтэл манай компаниас огт тайлбар, нотлох баримт авалгүйгээр гагцхүү ашиглагч иргэний үгээр зөрчлийн хэрэг нээсэн нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

3.10.Иймд Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А*******ын 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1.Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.А******* би, иргэн Э.Бын С251014021 дугаартай гомдол, чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа “О*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо G t хотхоны дүгээр байрны гүйцэтгэгч о******* ХХК нь зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэх асуудлаар 2602000165 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж шалгахад, “О*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорoo G t хотхоны дүгээр барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус барилгыг байнгын ашиглалтад оруулсан байна. Байнгын ашиглалтад оруулснаас хойш тус барилгын тоотод зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.4 дэх заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар өгсөн төлбөр барагдуулах арга хэмжээг даалгасан хугацаанд биелүүлэх, цаашид тус тоотод гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлж засвар үйлчилгээ хийхийг даалгаж, ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан.

4.2.“О*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хоpoo G t хотхоны дүгээр барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус барилгыг байнгын ашиглалтад оруулсан байна. Байнгын ашиглалтад оруулснаас хойш тус барилгын тоотод зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.18 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг 7.4 дэх заалт зөрчсөн нь хохирогчийн мэдүүлэг, шалгалт, иргэн Г.У 11-11 төвд гаргаж байсан гомдол зэргээр нотлогддог 2602000165 дугаартай хэрэгт О******* ХХК-д холбогдуулан Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд явуулж илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажилласан тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6.Гомдол гаргагчаас “хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үзлэг хийхэд холбогдогчийн байлцуулаагүй, хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан” гэх үндэслэлээр маргасан.

7.Нэг.Эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь гомдол гаргагч “О*******” ХХК-ийг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасан “барилга байгууламжийн зүгшрүүлэх, тохируулах хугацаанд илэрсэн зөрчил, доголдлыг өөрийн зардлаар арилгах” чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт “чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

8.Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь зөрчлийг зөвхөн мэдүүлэг болон үзлэгээр тогтоосон гэж тайлбарлах атал, холбогдогч хуулийн этгээд чиг үүргээ хэрэгжүүлээгүй эсэхийг шалгаж тогтоогоогүй, холбогдох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй байна.

9.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:” 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” нөхцөл байдлыг тогтоосон байхаар хуульчилсан.

10.Улсын байцаагч нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ зөрчиж, холбогдогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

11.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.”, 14.4-т “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ.” 14.5-т “Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно.” 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” 14.7-д “Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна.” гэж тус тус заасан.

12.Хэрэгт авагдсан баримтаар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Г******* т хотхоны барилгыг Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан байх ба дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан зүгшрүүлэх хугацаа 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болжээ.  

13.Иргэн Г.Уянга нь 11-11 төвд анх 2024 оны 9 дүгээр сард гомдол гаргаж байсан ч тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагч “О*******” ХХК-ийн захирал холбогдох материалыг ирүүлж, СӨХ-өөр дамжуулан асуудлыг шийдвэрлэхээр болсон тул өргөдлийг хаав” гэсэн тэмдэглэлээр өргөдлийг шийдвэрлэж хаасан байна. Харин одоо маргаж буй зөрчлийн хэрэг үүсэх үндэслэл болсон гомдлыг иргэн Г.Уянга нь 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргасан.

14.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу барилгын ашиглалтад зүгшрүүлэх хугацаа (1 жил) дууссанаас хойших хэвийн ашиглалтын хугацаанд (3 жил) илэрсэн доголдол, гэмтлийг хуулийн 14.7-д зааснаар захиалагч, гүйцэтгэгч, ашиглагчийн аль буруутай этгээд арилгах үүрэгтэй байна.

15.“О*******” ХХК нь захиалагч “А******* *******” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний 4.4-т “зөрчил доголдлыг захиалагчаас албан бичгээр мэдэгдсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар арилгахаар” харилцан тохиролцжээ.  

16.Гэвч зөрчлийн хэрэгт “А******* *******” ХХК-иас “О*******” ХХК-д тоот айлын доголдолтой холбоотой албан ёсны шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн баримт байхгүй байна.

 17.Мөн улсын байцаагчийн зөрчлийн хэрэг нээх тогтоолын үндэслэлд  хохирогч  М.Э гэж зөрүүтэй бичсэн баримтууд, “Г******* т” СӨХ-ны захирал Л.Болдын “А******* *******” ХХК болон “О*******” ХХК-ийн хоорондын асуудлаас болж нэг нэг рүүгээ чихдэг” гэх мэдүүлгийг тодруулалгүй, барилгад үүссэн гэмтэл доголдол (хялгасан цууралт, шал хөндийрөлт) нь юунаас болж, хэзээ үүссэнийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах замаар тогтоогоогүй байна.

18.Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчжээ.

19.Хоёр:Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан ... гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн алт нэгийг гаргана.” гэж заасан.

20.Иргэн Г.Уянгын гомдлыг хяналт шалгалтын газар 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, улсын байцаагчид 2026 оны 2 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд үүнээс хойш ажлын 5 өдрийн дотор хэрэг нээх эсэхийг шийдвэрлэлгүй хугацаа хэтрүүлж, 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр (28 хоногийн дараа) зөрчлийн хэрэг нээсэн нь хуульд заасан журам зөрчсөн байна.  

21.Мөн эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргийг нээхээс өмнө буюу 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр газар дээр нь очиж үзлэг хийхдээ холбогдогч “О*******” ХХК-ийг байлцуулаагүй, эрхийг хангаагүй байна.

22.Түүнчлэн гомдол гаргагчийн хэргийн материалтай танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлтэй. Хэрэгт авагдсан 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийн материалтай танилцуулсан баримт” нь холбогдогчийн гарын үсэггүй, хоосон байх ба “захирал нь хөдөө явсан тул шуудангаар хүргүүлэв” гэх тэмдэглэл хийсэн нь холбогдогчийн эрхийг хангаагүй нь нотлогдоно.

23.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан.

24.Хариуцагчаас “дуудахад ирээгүй, ирж танилцаагүй” гэж тайлбарлах боловч хэргийн материал танилцуулахаар холбогдогчийн албан ёсоор дуудсан, мэдэгдсэн баримт хэрэгт байхгүй тул  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

25.Дөрөв: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно.” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж нийт 58 хоногоос хэтрэхгүй байхаар хуульд заасан.

26.Удирдах албан тушаалтны 2026 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан. Улмаар прокурорын 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 105 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хугацааг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байна.

27.Улсын байцаагч 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр  зөрчлийн хэрэг нээсэн тул хуульд заасан 58 хоногийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна. Хэдийгээр удирдах албан тушаалтан болох Прокурорын тогтоолоор хугацааг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байх боловч энэ нь хуулиар тогтоосон 58 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

28.Хариуцагч улсын байцаагч нь хуулийн хугацаа дууссаны дараагийн өдөр буюу  2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

29.Хариуцагчийн “цахим системд прокурор 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дугаар олгож бүтгэсэн тул хугацаандаа байгаа” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд дотоод цахим бүртгэлийн ажиллагаа нь хуулиар тогтоосон хугацаа тоолох журмыг өөрчлөхгүй.  

30.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар тогтоолоор[1] “ ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна, гэтэл хариуцагч татварын улсын байцаагч хуульд заасан хугацааг нэг хоногоор хэтрүүлж ... маргаан бүхий актыг гаргасан нь хууль зөрчсөн, энэ тохиолдолд зүй нь хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ, нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хугацаа, түүнийг хэтрүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг ийнхүү тодорхой заасан байх тул зөрчлийг шалган шийдвэрлэж буй аливаа албан тушаалтан (эрх бүхий албан тушаалтан, удирдах албан тушаалтан, прокурор) хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж дүгнэн хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон байна.

31.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор тодорхой зохицуулсан тул хариуцагч улсын байцаагч нь 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусмагц хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй байжээ.

32.Иймд дээрх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “О*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БАТСҮХ

 

[1]