Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 150/шш2025/00275

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00275

Сэлэнгэ аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: * аймаг * сум * хаяг байрлах, “*” ТӨХХК (РД:*) нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: * аймаг * сум *-р баг *хаягт байрлах *ХХК (РД:*6)-д холбогдох

8,232,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”*" нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпорац ТӨ ХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “*" ТӨ ХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 5,488,000 төгрөг байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2003 оны тариалалтад шаардагдах улаан буудайн үргийг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөхтэй холбогдуулан * *ХХК-ийн хооронд байгуулах гэрээний нийт үнэ 7,840,000 төгрөг, урьдчилгаа 2,352,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,488,000 төгрөгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 2,744,000 төгрөг болно. Иймд 2003 оны тариалалтад шаардагдах улаан буудайн үргийг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөхтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуйн яам “*” ХХК-ийн хооронд байгуулах гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,488,000 төгрөг, алданги 2,744,000 төгрөг, нийт 8,232,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү....” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаан буудай авсан талаар баримттай танилцсан. Миний хувьд авсан юм байна гэж үзсэн. Компани үйл ажиллагаа явуулахгүй болоод дампуурлаа зарлаад татан буугдсан учраас газар байхгүй, зарагдсан байгаа. 22 жилийн хугацаанд ямар ч өр төлбөр нэхэмжлээгүй, манай аав өр төлбөр байхгүй гэдэг байр суурьтай байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо манай нэр дээр ямар нэгэн газар байхгүй гэдгийг нэмж хэлье...” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

“*” ТӨХХК нь хариуцагч *ХХК-д холбогдлуулан 8,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

“*” ТӨХХК буюу 2003 оны нэршлээр Хөдөө аж ахуйн сан болон “*” ХХК-ийн хооронд 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Үр тариалалтад шаардагдах улаан буудайн үрийг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөхтэй холбогдуулан 03/50 дугаартай гэрээний үндсэн үнэ 7,840,000 төгрөг, урьдчилгаа 2,352,000 төгрөг, үлдэх 5,488,000 төгрөгийг 2003 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: 22 жилийн дараа мөнгө нэхэмжилж байгаа учраас төлж барагдуулсан баримтыг хадгалах боломж байхгүй. Авсан гэдгээ хэрэгт авагдсан бичиг баримтаас хараад ойлгосон. Гэхдээ манай аав санахгүй байгаа. Харин манай аав авсан зээлээ төлсөн гэдэг зүйлийг надад хэлсэн. Манайх энэ өр төлбөрийг газраа зарж байхдаа төлж барагдуулах өчнөөн хугацаа байсан..” гэж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “...Тухайн үеийн мэргэжилтнүүд амаар болон утсаар холбогдож байсан гэсэн тайлбарыг өгдөг. “*” “Хөдөө аж ахуйн сан” бүтэц зохион байгуулалтын үеэр өөрчлөлт ороод нэлээн хугацаа өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор бас голд нь цалгардсан барьсан асуудал байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд тухай бүрд нь утсаар холбогдоод энэ мөнгөө төлөх талаар шаардлагуудыг бол зохих хэмжээнд тавьж байсан л гэж мэдэгддэг. Зээлийн гэрээний хугацааг 10 сарын 30-ны өдөр гэж тогтоосон хэдий ч нийтийн ашиг сонирхлыг харгалзан зээлийн гэрээний ерөнхий хугацааг гэрээний 1.6-д зааснаар зээлийг бүрэн төлж, тооцоо нийлж гэрээг дуусгавар болгоно гэж заасан. Иймд зээл бүрэн төлж дуусаагүй, тооцоо нийлээгүй тул хугацаа дуусгавар болоогүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан.

 

“*” ТӨХХК болон “*” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь хөөн хэлэлцэх хугацааны шаардлагад хамаарахгүй гэрээ байна гэж дүгнэлээ.

2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Үр тариалалтад шаардагдах улаан буудайн үрийг зээлээр олгох, үрийн үнийг буцаан төлөх гэрээ нь 2003  оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэх мөнгийг төлж дуусгах хугацаатай байгуулагдсан гэрээ байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээнд заасан эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн үеэс буюу 2003  оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн шаардах эрхтэй байсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул “*” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “*” ХХК-д холбогдох 8,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан үндэслэлгүй тул “*” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *ХХК-д холбогдох 8,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөглсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН