| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00032/И |
| Дугаар | 150/шш2025/00288 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 150/шш2025/00288
| 2025 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 150/ШШ2025/00288 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг *сум * тоотод оршин суух хаягтай, * овгийн * (РД:МЛ69030811) хүсэлттэй,
Малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж залдах шатны шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн * нь 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сант сумд мал маллаж ажиллаж амьдарч байгаа. Тэгээд 55 нас хүрч тэтгэврийн нас хүрээд тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандахаар тухайн үед сумын мал тооллогын данс архивд байхгүйн улмаас 1995-аас 1997 онуудад малчнаар ажиллаж байсан жил нь тогтоогдохгүй, тэтгэвэр тогтоолгоход хүндрэлтэй асуудал үүссэн учраас Засгийн газрын 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 362 дугаар тогтоолоор батлагдсан Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандсан. Тухайн үед өөрт нь байсан баярын бичиг малчнаар ажиллаж байсан нотлох баримтуудыг өгснөөр 1995 он 1997 онуудад ажилласан жилийн нийгмийн даатгалын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс нь бол 1995-1997 оныг нь малчнаар ажиллаж байсныг нь малчин байсныг нь бол тогтоогоод өгчихсөн. Тэгтэл энэ 2-ын дунд байгаа бичгийн нотлох баримт байхгүй. Малчин хүн болбол тухайн үед жил болгон аварга малчин болоод юм уу, жил болгон морь уяад баярын бичиг аваад байх боломжгүй. Ийм учраас манайх шүүхэд юу гэж хандсан бэ гэхээр гэрчийн мэдүүлэг, тухайн үед сумд ажиллаж амьдарч байсан гэрчийн мэдүүлгийг үндэслээд, малчин байсныг минь тогтоогоод өгөөч гэж анхан шатны шүүхэд хандсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 25 оны 03 сарын 12-ны өдрийн 150/2025/048 дугаар шийдвэрээр нотлох баримт хангалтгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг юм. Давж заалдах шатын шүүхэд гомдол гаргаад давж заалдах шатын шүүх онцгой журмаар шийдвэрлэх боломжтой хэрэг учраас шүүхийн журмаар нотлох баримтаа гаргуулж өгөх боломжтой байсан байна гэдэг үндэслэлээр анхан шатын шүүх рүү шийдвэрийг буцаасан.Нийгмийн даатгалын нэг удаагийн зохицуулалттай хуулиар нийгмийн даатгал нөхөн төлөгдөж байсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар өгч байна. 1995 1997 онд морь уяж байсан ба баярын бичиг болоод маргаан таслах комисст өгч байсан нотлох баримтуудыг өгсөн.
Ийм учраас одоо гаргаж байгаа хүсэлт бол урьд нь өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тухайн үед нийгмийн даатгал нь нөхөн төлөгдөж байсан хуулбар, гэрчийн мэдүүлгийг үндэслээд малчин байсныг л тэр 95 97 оны хооронд 96 оныг малчин байсныг нь тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа. Нийгмийн даатгал дээр шитгэл төлөлтийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. 20 жил даатгал төлөгдсөнөөс 15 жил нь малчнаар ажилласан. Малчны тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгоно гэдэг дээр л ерөөсөө энэ дунд 1996 онд малын А данс байхгүй учраас ямар ч тогтоох боломжгүй болчхоод байгаа учраас шүүхэд хандсан...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь 1995 оноос эхлэн малчнаар ажилласан бөгөөд 1996 онд малчнаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр Г.Галсандоржийн өгсөн: “...* нь 1995 оноос хойш бие дааж мал дээр гарсан юм. Урьд нь ээжтэйгээ мал дээр байсан юм. Одоо хүртэл хамт ажиллаж байна. Дунд нь уяачдын холбооны тэргүүнээр 3-4 жил ажиллаж байсан. Би мал малладаг...” гэх мэдүүлэг,
Гэрч *ийн өгсөн: “...* нь 1995 оноос хойш 2025 оныг хүртэл Сэлэнгэ аймгийн Сант суманд мал маллаж байгаа. Би мөн адил мал малладаг. 1989 оноос одоог хүртэл мал маллаж байна....” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл нь *ийг 1995, 1997 онд малчнаар ажиллаж байсныг тогтоосон бөгөөд 1996 онд малчнаар ажиллахдаа шагнал, урамшуулал аваагүй, тухайн жилд мал тооллогын баримт Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасагт ирээгүй боловч гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар тасралтгүй мал малласан зэрэг байдлыг үндэслэн *ийг 1996 онд мал маллаж байсан байдлыг тогтоогдож байна.
Иймд *ийн Монгол овгийн *ийг Сэлэнгэ аймгийн Сант суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан үндэслэлгүй тул хүсэлт гаргагч * овгийн *ийг Сэлэнгэ аймгийн Сант суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН