| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0606/Э |
| Дугаар | 644 |
| Огноо | 2018-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эад холбогдох эрүүгийн 1706012090595 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-овоо суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Цагдаа хотхоны 13/6-100 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, тоот регистрийн дугаартай, Хар ямаат овогт П.Э,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Болорцэцэгээс охин Э.Анхцэцэгийг нь Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курст оруулж өгнө гэж хуурч 4.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч П.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Болорцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
"...та оруулаад өгч чадах уу гэж асуухад тэр эмэгтэй өө чадалгүй дээ. Хувцасны мөнгө, сургалтын мөнгө нийлээд 3.000.000 төгрөг болно гэж хэлсэн юм. Гэтэл дахиад хэд хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тэр хүн надруу утсаар ярьж хүүхдээ сургуульд оруулна гэвэл эхлээд 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь би зөвшөөрч 5009766297 гэсэн дансруу нь гар утсаараа мобайлдаж 1.000.000 төгрөгийг хийсэн юм. ...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахиад 1.000.000 төгрөг нэхэхээр нь би дахиж мобайлаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа утсаар ярихад тэр Эрдэнэсувд гэх эмэгтэй намайг хүүхдээ аваад хотод хүрээд ир гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тэр орой нь дахиад үлдэгдэл мөнгөө хий гээд байхаар нь тэр өдөр дахиад 1.500.000 төгрөг ингээд ниит 4.500.000 төгрөг шилжүүлсэн юм." гэх мэдүүлэг, /XX- ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Б.Төгсбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
"...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэсувд эгч надруу утсаар ярьж байгаад манай ажил буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв дээр ирж надтай уулзаад нэг эмэгтэй хүүхдийг Батлах хамгаалах их сургуульд оруулаад өг гээд хувийн хэрэг, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо зэрэг бичиг, баримт өгсөн юм.
...тэгээд нөгөө хүүхдийг сургуульд оруулах талаар ярилцаж байгаад гараад бид 2 Дүнжингарав худалдааны төв рүү ороод явж байтал хүүхдийн хувцас хямдарчихсан байхаар нь бид 2 хүүхдүүддээ хувцас авсан. Тухайн үед би бэлэн мөнгөгүй байсан учир Эрдэнэсувд эгчээс 100.000 төгрөг авч тэр мөнгөөр хувцас авсан. ...Тэгээд би ажилруугаа ороод байж байтал ардаас Эрдэнэсувд эгч орж ирээд надад нөгөө сургуульд оруулах гээд байгаа хүүхдийхээ бичиг баримтыг 1.800.000 төгрөгтэй хамт өгсөн. Дахиад 2 хоногийн дараа манай ажил дээр ирж надад 90.000 төгрөг өгсөн. Ингээд би Эрдэнэсувд эгчээс эхлээд хувцас авах гэж 100.000 төгрөг, сүүлд 90.000 төгрөг гээд нийт 2.000.000 төгрөг авсан гэсэн үг" гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн:
"...2017 оны 8 дугаар сард Болорцэцэг надруу ярьж би охиноо Батлан хамгаалахын ахлахын сургуульд оруулмаар байна. Чамд танил тал байна уу, мөнгө цаасыг нь ч гэсэн өгөөд оруулчихмаар байна гэхээр нь ...Эрдэнэсувдруу залгаад асуусан чинь өө наад асуудал чинь бололгүй яах вэ, чи тэр хүндээ миний гар утасны дугаарыг өгчих гэхээр нь Болорцэцэгт чи ямар ч байсан энэ хүнтэй холбоо бариадах болохоор юм байна гэдгийг л дамжуулсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа Болорцэцэг надруу ярьж чиний нөгөө утсыг нь өгсөн хүн чинь хүүхэд сургуульд оруулж өгнө гээд мөнгө аваад алга болчихлоо. Чи гэр орныг нь заагаад өг гэхээр нь гэрийг нь зааж өгсөн бөгөөд Болорцэцэг гэрт нь очиж мөнгө авсан гэдгийг мэдсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 29-31 дүгээр хуудас/
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулга /хх-ийн 10-11/
- П.Э, Т.Гантулга нарын дансны хуулга /хх-ийн 57-76/
-хохиролын мөнгө эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 81-84, 113/
-хохирогч Ч.Болорцэцэгийн хохирол барагдуулж авсан. Гомдолгүй гэдгээ илэрхийлж байна гэх тайлбар /хх-ийн 114/
Шүүгдэгч П.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:
"...Тэгээд би тэр эмэгтэйтэй утсаар ярьж байгаад нааш, цаашаа явах, унаа тэрэгний зардал мөнгө хэрэгтэй болох байх. Та хүүхдийхээ бичиг баримтыг 1.000.000 төгрөгтэй хамт өгчих гэж хэлэхэд тэр эмэгтэй зөвшөөрөөд намайг дансаа өгчих гэхээр нь би тухайн үед зүс таних хүний дансруу 1.000.000 төгрөг хийлгэж аваад би тэр мөнгийг нь өөрөө авсан юм. ...тэгээд би тэр хүүхдийн бичиг баримтыг 1.000.000 төгрөгтэй нь хамт аваад Төгсбаярын ажил дээр аваачиж өгсөн юм.
...Тэгээд байж байгаад би дахиад Болорцэцэгрүү утсаар ярьж мөнгөний хэрэг гарлаа гэж хэлээд тухайн үед би ашиглаж байсан дүү Т.Гантулгын 5235049748 тоот дансруу хийлгэж авсан юм. Тэр үед Төгсбаяр намайг 400.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь би тэр мөнгөнөөс Төгсбаярт 400.000 төгрөг өгсөн. Тэгээд үлдсэн 600.000 төгрөгийг би хувьдаа хэрэглээд дуусгасан. ...би дахиад Болорцэцэгрүү утсаар ярьж дахин дүү Гантулгын дээрх дансруу 1.000.000 төгрөг хийлгэж авсан, Тэгээд Төгсбаяр дээр очиж уулзахад нөгөө хүүхдийн Батлан хамгаалах их сургуульд оруулах ажил бүтчихлээ гэхээр нь би дахин Төгсбаяр дээр очиж уулзаж байгаад би дахин Болорцэцэгрүү утсаар ярьж мөн Гантулгын дансруу 1.500.000 төгрөг хийлгэж авсан юм. Тэгээд тэр мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь Төгсбаярт өгсөн ба надаас авсан 1.000.000 төгрөгийг Төгсбаяр цаашаа ярьж хөөрсөн хүндээ өгнө гэж хэлж байсан юм. Тэгээд бид 2 салаад явцгаасан ба үлдсэн 1.500.000 төгрөгийг нь би өөрөө авсан юм..." гэх мэдүүлэг, /ХХ-ийн 99-101 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс П.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Э нь 2017 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Болорцэцэгээс охин Э.Анхцэцэгийг нь Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн курст оруулж өгнө гэж хуурч 4.500.000 төгрөгний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч П.Э нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч П.Э нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.
Шүүгдэгч П.Эад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч П.Эад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Дээрх нөхцөлүүдийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулаж түүний цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож 375.000 төгрөгийг эдлэх ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн өөрт ашигтай байдлыг хялбар аргаар бий болгох гэсэн нийгэмд хор уршигтай үйлдэл нөлөөлсөн байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хар ямаат овогт П.Эыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эын цагдан хоригдсон хорин тав хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 375.000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад оногдуулсан торгох ялыг нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч П.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ