Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

С.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Ж-т холбогдох эрүүгийн 2413000000272 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч С.Ж-ийн дангаар гаргасан болон түүний өмгөөлөгчид С.Алтай, Х.Тилеугавал нартай хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч С.Ж-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, С.Алтай, Х.Тилеугавал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, орчуулагч Т.Хуаныш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.       

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс Казах,  ****оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, “Н” ХХК-ны Өлгий сум дахь шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* багт оршин суух бүртгэлтэй, ******** багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт С.Ж-, /РД:*************/.

 

2. Шүүгдэгч С.Ж- нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ **** БӨҮ улсын дугаартай “Тоуоtа ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.А-ийн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 216 дугаар яллах дүгнэлтээр С.Ж-ийн  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  2024/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор:   

4.1. Шүүгдэгч Ж овогт С.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг  согтуурсан үедээ, хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдах гомдолд:

5.1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт /автын ослоор 1 нас 8 сартай хүү А- эндэж нас барсан/ буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар ял шийтгэгдсэн шүүгдэгч С.Ж- би шинээр авсан өмгөөлөгч С.Алтайд хэлж анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай намайг шийтгэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т өөрчлөлт оруулж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэснийг 1 жил болгон өөрчилж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүх хуралд миний эрх зүйн байдлыг дээшлүүлэх, оногдуулах ялыг хөнгөрүүлэх зорилгоор хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Х.Тилеухабыл, Х.Зулхаш нар ч гэсэн надад оногдуулах ялыг зохих хуулийн заалтаар 1 жил болгон багасгаж өгөхийг хүсэж байсан.

5.3.Би өөрөө ч энэ хүсэлтийг гаргасан байсан бөгөөд шүүх нь цугларсан баримтуудын хүрээнд дотоод итгэлээр шийтгэлийг оногдуулсан байсан байх гэж үзэж байна.

5.4. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их харамсан, хайр хүрэм хүүгээ алдсандаа гашуудан байгаа билээ. Миний буруутай үйлдлээс болж хүү минь эндсэнийг ойлгож байна.

5.5 Хохирол төлөх нэхсэн зүйл байхгүй.

5.6.Нэг зүйлийг тодруулж хэлэхэд машин дотор миний эхнэр 3 хүүхэд, эгч М-ын нэг хүүхэд, хөршийн хоёр хүүхэд байсан бөгөөд Цагааннуур тосгоны гарц гүүрнээс гараад удаагүй байхад миний жолоодож байсан тээврийн хэрэгсэл болох “Тоуоtа ist” загварын машины баруун талын дугуй хагарсан, тоормосны шингэн задарсны улмаас тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдаж осолдсон юм. Энэ байдлыг хэрэгт тодорхой шалтгаангүй бөгөөд шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

5.7.  Би хэдэн шил пиво уусан минь үнэн бөгөөд согтуу, халамцуу ч биш байсан юм. Гэвч дугуй хагарсан, тоормосны шингэн асгарсан асуудал нь осол гарахад нөлөөлөөгүй ба миний архи уусан байдал нөлөөлсөн мэтээр шалгахад ч шийтгэхэд ч нотолгоо болсон. Тодруулбал, Машины дугуй            хагарсан, тоормосны шингэн асгарсан байлаа ч жолооч нь согтууруулах ундаа уусан бол бусад шалтгаан нь яригдахгүй гэдгийг ч мэднэ.

5.8. Эрхэм шүүх бүрэлдэхүүнд үзүүлж миний ял шийтгэлд хөнгөрүүлэх нөлөө болох болов уу гэж дараах баримтуудыг танилцаасай гэж хавсаргаж байна. Үүнд:

-Миний ээж *********** регистрийн дугаартай, И овогт Х.А нь миний асрамжид 2023 оны 11 дүгээр сараас эхлэн байдаг юм. Ээж маань 2023 оны 02 дугаар сараас эхлэн улаан хоолойн хорт хавдраар өвдөж байнга миний болон гэр бүлийн асрамж, халамжид байж эмчийн хяналтаар гэрт эмчлүүлж байна.

-Эхнэр ********** регистрийн дугаартай И овогт Д.Б нь зүрхний өвчнөөр өвдөж эмчийн хяналтад байнга байж гэрт эмчлүүлдэг. Ажил хийж болохгүй гэдэг ба зүрхний цоорхойтой гэсэн оноштой юм.

5.9. Би ээжийгээ болон эхнэрээ байнга асарч харж халамжилж байдаг ба “НИК” ХХК-ны колонкт 9 жил ажиллаж тэжээж ирсэн юм. Энэ өрх гэр айлд гаднаас орох орлогогүй, мал хөрөнгөгүй байхгүй билээ. Би эдгээр өвчтэй гэр бүлийн хүмүүст маш их санаа зовсны улмаас энэ гомдол хүсэлтээ гаргаж байна.

5.10. Иймд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн С.Ж- надад Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 234 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг үндэслэж өөрчлөлт оруулж надад оногдуулах хорих ялыг 1/нэг/ жил болгон өөрчилж өгнө үү.

 

6. Шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Эрүүгийн хэргийн шүүгдэгч С.Ж-ийн өмгөөлөгч Х.Тилеугавал миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт С.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын 26 дахь дугаарт “Шүүгдэгч С.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. Шийтгэх тогтоолын 32 дахь дугаарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: .....1.3 энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах:” гэж заасан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дээрх хуулийн хэм хэмжээг журамлан шүүгдэгч С.Ж-т хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ” гэж хоёрдмол утгатай дүгнэлт гарган шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлдэг, шүүгдэгч С.Ж-ийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, өөрөө урд нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял болгон өөрчлөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж хуульчлагдсан байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэснийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Шүүгдэгч С.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүгдэгч С.Ж- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

7.2. Шүүгдэгч С.Ж- би 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ****БӨҮ улсын дугаартай “Тоуоtа ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 3.7(а) дахь заалтыг зөрчиж осол гаргасны улмаас бага насны хохирогч Ж.А-ийн амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

7.3. Шүүгдэгч С.Ж- би Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7(а)-д заасныг зөрчиж, зорчигч бага насны хохирогч Ж.А-ийн амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болно.  Гэм буруугийн талаар маргаангүй юм.

7.4. Гэмт хэргийн улмаас миний өөрийн бага насны хүү Ж.А-ийн амь нас хохирч, нас барсан явдал нь шүүгдэгч С.Ж- миний өөрт хатуу цохилт байгаа бөгөөд миний бие өөрөө хүүгээ алдаж, сэтгэл санааны хувьд гүнзгий хямралд орж, одоогийн байдлаар өөрийгөө жолоодох чадваргүй, “ШОК”-ийн байдалд орсон байгаа юм. Хуулийн байгууллагаас эхнэр Д.Б-ыг хохирогчоор тогтоосон нь хуульд нийцэж байгаа боловч эцэг хүний хувьд шүүгдэгч С.Ж- би өөрөө мөн хохирогч хүн гэдгийг анхан шатны шүүхээс шийдвэр гаргахад дүгнэж, миний хувийн байдалд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүйд гүнээ харамсаж, гомдол гаргаж байна.

7.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Б- нь гэмт хэргийн улмаас хүүгээ алдаж, сэтгэл зүйн хүнд байдалд байхад түүний нөхөр болох шүүгдэгч С.Ж- намайг хоёр жилээр хорих ялаар шийтгэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ы “Хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэж байгаа сэтгэлийн үгийг харгалзаагүй, гэрийн өмөг түшиг болж, эхнэр Д.Б-, бага насны хоёр хүүхдээ тэжээн тэтгэж, асран хамгаалж, халамжилж байгаа ганц хань болох С.Ж- намайг хоёр жил хорих ялаар шийтгэсэн шүүхийн шийдвэр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон хамтран амьдрах хоёр хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг улам доордуулсан шийдвэр болсон учир ялыг хөнгөрүүлэх үүднээс хандаж гомдол гаргаж байна.

7.5. Шүүгдэгч С.Ж- миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол байхгүй, хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан хохирол нь өөрөө бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гарсан хохирол учир буцаан нэхэмжлэх боломжгүй, хувийн байдлын хувьд С.Ж- би анх удаа тохиолдлын нөхцөл байдлаас гэмт хэрэгт холбогдсон.урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэргийг болгоомжгүй байдлаар үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч Ж.А-ийн төрүүлсэн эцэг болохын хувьд өөрийн хамаарал бүхий хүмүүс хохирогч тул би мөн адил хууль ёсоор хохирч байгаа байдал зэргийг үндэслэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг баримталж, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж үзнэ.

7.6.  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай “ШИЙТГЭХ ТОГТООЛ”-д өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн Ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялын хоёрны нэг буюу 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү.

 

8. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

8.1. Шүүгдэгч С.Ж- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Гомдлын үндэслэлтэй танилцахад анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөх тухай гомдол гаргасан.

8.2. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,  холбогдох эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон. Хүний амь нас хохирсон хохирол нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол гэж анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дүгнэсэн.

8.3. Шүүгдэгч С.Ж-ийн хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1 дэх заалтад заасан хамгийн доод талын хэмжээгээр хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн.  Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэх тухай  давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тухай хуульчилсан. Тэгэхээр энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хэдийгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу шүүгдэгч нар нэг гэр бүлийн хүмүүс, адилхан хүүхдээ алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч хүний амь нас хохирсон нөхцөл байдал дээр  хохирол нөхөн төлөгдсөн, хохирол арилсан гэж үзэх боломжгүй.  Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээд, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаад, холбогдох хөнгөн ялыг оногдуулсан.

8.4. Энэ гэмт хэргийг шүүгдэгчийн хувьд согтуугаар үйлдсэн. Тухайн үед дунд зэргийн согтолттой болох нь тогтоогдсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 6-7 хүүхдийг тээвэрлээд явж байсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Бусад хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учраагүй, зөвхөн бага насны хохирогч А-ийн амь нас хохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. 

8.5. Анхан шатны шүүх хуралд шүүгдэгчийн биеийн байцаалтыг лавлахад төрсөн аав ээжтэйгээ хамт амьдардаггүй, төрсөн ээж нь өвчтэй гэж яригдсан. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлууд болон  ар гэрийн нөхцөл байдал эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхэд хамаарахгүй гэж үзэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Ж-ийн дангаараа гаргасан болон өмгөөлөгч нартайгаа хамтран гаргасан гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

10. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

11. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй.

 

12. Шүүгдэгч С.Ж- нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****БӨҮ улсын дугаартай “Тоуоtа ist” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ж.А-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

13. С.Ж-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч уг үйлдлийн улмаас нэг хүний амь насыг хохироосон болгоомжгүй үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь есөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн буюу ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

15. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх  заалтад хамаарах, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болохоор мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хуульчилсан. Анхан шатны шүүх хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд хуулийн уг заалтыг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэж, шүүгдэгч С.Ж-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан байдал, шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүй буюу С.Ж-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлээгүй нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ. Тиймээс энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Ж-ийн дангаар болон өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Гомдолд заасан үндэслэлээр хэргийн материалыг судалж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Ж-, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Тилеугавал нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ