Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2026/0644

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ******* ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага:Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 459 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.10-д ... нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн эзэмших ******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байсан сүүлийн өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан боловч энэ өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлыг хангасан хүсэлт, өргөдлөө гаргаагүй, гарсан гэдгээ нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргасан гэж үзээгүй болно... гэж,

1.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 536 дугаар магадлалын Хянавал хэсгийн 6-д ... хуульд заасан хугацаанаас өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна, 11-д нэхэмжлэгчээс хайгуулын тухай зөвшөөрөл дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргахаар байсан бөгөөд ингэхдээ шинэчлэн баталсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бусад баримт бичгүүдийн хавсарган ирүүлэхээр заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэн.

1.3.Гэтэл манай компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн боловч хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 320 дугаар шийдвэрээр тогтоож, энэ хэргийг урьд шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 459 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 536 дугаар магадлал үгүйсгэгддэг.

1.4.Компанийн зүгээс ******* аймгийн ******* сумын Засаг дарга, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* ХХК-аас хүргүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хугацаанд хуулийн хугацаанд батлаагүй эрх зүйн харилцаа байсан эсэх, ******* аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийн аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөний хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан эсэхийг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13, 2025 оны 04 дүгээр сарь 18-ны өдрийн 14 дүгээр захирамжуудаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

1.5.Улсын дээд шүүхийн 2023 оны 09, 2023 оны 45 дугаар тогтоолуудад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргах зохицуулалт нь захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаар өмнө холбогдох өргөдлийг шийдвэрлэх боломжит хугацаа олгосон зохицуулалт болохоос бус гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл биш юм. Иймд нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаандаа хуульд заасан баримтыг бүрдүүлэн өргөдөл гаргасан тохиолдолд захиргаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар өргөдлийг хүлээн авч, ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай... гэж хуулийг тайлбарлан жишиг тогтоосон шийдвэрүүд байна.

1.6.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно. гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Захиргааны актад гомдол гаprax хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно:, 50.1.2-т хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон бол захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болох-оор заасан.

1.7.Хуулийн дээрх зохицуулалтад үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус газрын даргад 10 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй, удаа дараа биечлэн очиж тодруулсны эцэст хариуцсан ажилтан цахимд хаасан байна гэх хариуг тус газрын өргөдөл, гомдол хүлээн авдаг ажилтан 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэлсэн.

1.8.Захиргааны байгууллагын дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж, цаг хугацаа, эд хөрөнгөө зарцуулсан үйл ажиллагаа үнэгүйдэж, олон зуун сая төгрөгөөр хохирох нөхцөл байдал бий болоод байна.

1.9.Иймд Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ

Хоёр.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Тусгай зөвшөөрлийн талаар: ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* дэл нэртэй, 2554.17 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр ******* ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

2.2.******* ХХК-ийн дээрх талбай бүхий ******* дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцон 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2.3.******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө ирүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй, хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

2.4.******* ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцээд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугааap сарын 03-ны өдрийн 536 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.5.Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох ажилтан хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0320 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн байна.

2.6.Ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцэж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаа нөхцөлд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэдэг тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

2.7.Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хуулиар тусгай эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаж байхыг мэдэгддэг.

2.8.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасан.

2.9.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө хуульд заасан өргөдөл гаргаагүй нь баримтаар тогтоогдож байхад Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

2.10.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж тухайлан хуульчилсан. Хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.

2.11.Иймд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэрэг баримтуудад дүгнэлт хийж, дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч ******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газар манай компанийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээ хүчингүй болгож, дахин олгуулах өргөдлийг шийдвэрлээгүй, уг эс үйлдэхүйн улмаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж, хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул дотоод хяналтын хуудсыг үндэслэн дуусгавар болгож бүртгэсэн, энэ тохиолдолд Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргадаггүй гэж тус тус тайлбарлан маргасан.

4.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

4.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрээр ******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ******* аймгийн ******* сумын нутаг, ******* дэл нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх ******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийг сэргээж, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 536 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн-ийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 451 дүгээр тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзжээ.

4.3.******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08, 18-ны өдрүүдийн 13, 14 дүгээр захирамжуудаар ******* ХХК-аас ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргүүдийн 2021 оны ******* аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоон, иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч ******* аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ******* аймгийн ******* сумын Засаг дарга тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

4.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-аас хүргүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн аваагүй эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 879 дүгээр тогтоолоор ... ******* ХХК-аас гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт тус компаниас 2021 оны 09 дүгээр сарын 28, 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл хүргүүлж байсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 320 дугаар шийдвэрээр тогтоогдсон гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 459 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 536 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан.

5.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

5.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

5.1.1.Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр ******* ХХК-д ******* аймгийн ******* сумын нутагт байрлах, ******* дэл нэртэй, 2554.17 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрөл олгосон, улмаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

5.1.2.******* ХХК дээрх тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч төрийн захиргааны байгууллагад гаргасан болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

5.1.3.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргасан байна.

5.1.4.Улмаар нэхэмжлэгч ******* ХХК 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутагт байрлах, ******* дэл нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ******* дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээлгэх-ээр хандахад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын захиргааны ажилтан өргөдөлд хавсаргасан баримтуудыг хүлээн авалгүй буцаасан байна.

5.1.5.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ., 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус заасан.

5.1.6.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргах үүрэгтэй боловч тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тухайн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй.

5.1.7.Нөгөөтээгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн эрх бөгөөд энэ хүрээнд гаргасан өргөдлийг хариуцагч төрийн захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэлгүй.

5.1.8.Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан хугацаанд гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хүлээн авахгүй байх эрхгүй. Аливаа этгээдээс гаргасан өргөдөл, түүнд туссан асуудал, хавсаргасан баримтуудын талаар дүгнэлт гаргах нь төрийн захиргааны байгууллагын хуульд заасан эрх, үүрэг юм.

5.1.9.Төрийн захиргааны байгууллага нь өргөдлийг хүлээн авч, түүнд туссан асуудал, хавсаргасан баримтуудыг хянаж, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг дүгнэн, хугацааг сунгах, эсхүл сунгахаас татгалзах талаар шийдвэр гаргах үүрэгтэй[1] бөгөөд өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх хуульд заасан үүргээс зайлсхийсэн нь хууль бус гэж эс үйлдэхүйд тооцогдоно.

5.1.10.Үүнээс гадна ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08, 18-ны өдрүүдийн 13, 14 дүгээр захирамжуудаар ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан үзэх явцад хариуцагч тал болох ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, мөн сумын Засаг дарга нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон.

5.1.11.Нэхэмжлэгч ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргах боломжгүй байсан нь ковид-19 цар тахлын улмаас 2021 онд ******* аймгийн нутаг дэвсгэрт бүх нийтийн хөл хорио тогтоон, иргэдийн аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт хүчин төгөлдөр үйлчилж байсантай холбоотой болох нь тогтоогдов.

5.1.12.Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөлд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаж чадаагүй нь түүний буруутай үйлдэл бус, харин нийтийн эрх зүйн харилцаанд үүссэн онцгой нөхцөл байдлын үр дагавар болно.

5.1.13.Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

5.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

5.2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.

5.2.2.Захиргааны ерөнхий хуулийн дагуу дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага нь хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй.

5.2.3.Хэрэв уг байгууллага хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй бол хуулийн этгээд нь эрхээ хамгаалуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

5.2.4.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллага өргөдлийг шийдвэрлээгүй 30 хоногоос эс үйлдэхүй гаргасан гэж тооцогдох бөгөөд уг хугацаанаас шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоног тоологдох ёстой.

5.2.5.Гэтэл нэхэмжлэгч шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нөхцөлд хамаарч байна.

5.2.6.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5.3.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилан хэлэлцүүлэгт биечлэн оролцож, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар холбогдох баримтуудыг ирүүлээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан, энэ нь түүний шүүх хуралдаанд оролцох хуульд заасан эрхийг хязгаарлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ******* ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ******* ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР