Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00012

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00012

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/0 3407 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд буруу шилжүүлсэн тухай нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 02 сарын 01-ний өдөр 101/ШШ2017/00451 дугаар шийдвэр, 2017 оны 04 сарын 10-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 908 дугаар магадлал гарч ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш байгууллагын зүгээс ямар нэг идэвхитэй үйлдэл гаргахгүй байсаар 2017 оны 07 сарын 31-ний өдөр Б/184 тоот ажилд авах тушаал гаргасан боловч уг тушаал нь шүүхийн шийдвэрт тусгасан шаардлагыг биелүүлээгүй. Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтний албан тушаал хэвээр хадгалагдсан байхад өөр хүн ажиллуулан тухайн ажилчны хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй гэсэн хариу өгсөн бөгөөд гурвалжингийн гүүрэнд байрлах Асфальт бетон заводын үйлдвэрт ажиллавал ажилла гэж тулгасан. Дээрх тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хүний нөөцийн мэргэжилтэн болон хэлтсийн даргад мэдэгдэн өргөдөл өгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан албадан шийдвэр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2017 оны 09 сарын 5-ны өдөр Б/202 тушаалаар 2017 оны 07 сарын Б/184 тоот тушаалд нэмэлт оруулан засварласан хэдий ч тушаал одоог хүртэл бодитой биелсэн зүйлгүй, ажил үүргээ биелүүлэх боломжгүй байна. Миний бие 2017 оны 01 сарын 06-ны өдрөөс 2017 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар Японд байсан. Гэхдээ миний төлөөлөгч Монголд байсан. Энэ үед надад тушаал гарах талаар хэлээгүй, тушаал гараагүй гэдэг байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01, 02 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүлээн авсан. 2017 оны 3 сараас эхлэн 09 сарыг дуустал нийт 7 сарын хугацааны цалин болох 3 984 680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шаардлагаа 2017 оны 03 сараас эхлэн 10 сарыг дуустал нийт 8 сарын хугацааны цалингаар нэмэгдүүлсэн. Иймд нийт 4 561 460 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч Б.Ц нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаатай интернэтээр холбогдож Япон Улсад байгаа гэж мэдэгдэж байсан. 2017 оны 07 сард Япон Улсаас ирсэн гэсэн мэдээлэл авсан тул 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Б/184 тоот тушаалаар байгууллагын дотоод ажилд томилсон боловч хэлтэс тавигдаж өгөөгүй байна гэсэн үндэслэлээр ажилдаа ирэхгүй байж байгаад 2017 оны 09 сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан байдаг. Байгууллага дотоод зохион байгуулалтаараа хүнээ хаана ажиллуулахаа мэднэ. Хэрэгтэй газар нь томилж ажиллуулдаг. Тухайн үед Б.Цийг ажилд нь эгүүлэн томилох гэтэл эх орондоо байгаагүй гэдэг нэрийдлээр хойшлогдсон. Б.Цийн буруугаас болж байгууллага хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-с 3,476,420 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэд олгож, хариуцагчид хуульд заасан хувь хэмжээгээр Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийж бааталгуужуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2017 оны 8-10 дугаар сарын олговор гаргуулахад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,573 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч ИХШХШТ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд бус шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчид танилцуулаагүй нь түүний хуулиар тогтоосон эрхийг хангаагүй бөгөөд ИХШХШТХ-н 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна.

...Шүүх 2017 оны 07 сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Түүнчлэн тушаал гарснаас хойш ажлаа хийсэн, ажиллах боломж олгоогүй гэх талаар шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна" гэжээ. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан үйл баримтын талаар тайлбар бөгөөд тухайлсан шаардлага биш юм. Уг тайлбар нь ИХШХШТ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болох ба шүүх дээр дурдсан нотлох баримтаар тогтоогдож буй эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлээгүй нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь өөр ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 101/ШШ2017/00451 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хангаж, урьд эрхэлж байсан Захиргаа санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 358 196 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн магадлал тус тус хүчин төгөлдөр болжээ. /хх 4-11/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийг биелүүлээгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...Б.Ц нь Япон Улс руу явсан байсан, 2017.7.31-ний өдрийн Б/184 тушаалаар байгууллагын дотоод ажилд томилсон боловч хэлтэс тавигдаагүй байна гээд ажилдаа ирээгүй, 2017.9.5-ны Б/202 тушаалаар Б/184 тушаалд өөрчлөлт оруулсан, ажилд нь томилох гэтэл эх орондоо байгаагүйгээс хойшлогдсон гэж тус тус тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 101/ШШ2017/00451 дүгээр шийдвэрийг хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч байгууллагын даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/184 тоот тушаалаас үзэхэд нэхэмжлэгч Б.Цийг шүүхийн 101/ШШ2017/00451 дүгээр шийдвэрт зааснаас өөр ажилд томилсон байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б/184 тоот тушаалдаа өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Цийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дотоод ажлын мэргэжилтнээр буюу шүүхийн шийдвэрт заасан ажил, албан тушаалд томилжээ. /Хх 29-30/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах учиртай.

Хариуцагч ажилд томилох тушаал гаргасан боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүй, ажлын байраар хангаагүй гэж маргаж буй тохиолдолд хариуцагч түүнийг үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд үүнийгээ биелүүлээгүй байна.

Гэхдээ нэхэмжлэгч Б.Ц нь 2017 оны 7 дугаар сар хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар онош тодруулах гэж Япон Улсад байсан талаар маргаагүйгээс үзэхэд хариуцагч байгууллагыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж дангаар нь буруутгах боломжгүй хэдий ч хариуцагч байгууллага нь 5 сарын олговор гаргуулсан анхан шатны шүүхийн энэ шийдвэрийн талаар давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн энэ хэсгийг зөвшөөрсөн гэж үзнэ.

Харин хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажлын байраар хангаагүй буюу бодитойгоор ажиллуулаагүй байх тул 9, 10 дугаар сарын олговрыг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байхад ...тушаал гарснаар олговор олгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг 576 730 төгрөг гэж өөрөө тодорхойлсон байхад 695 284 төгрөгөөр тооцсон нь буруу байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 сарыг дуустал 8 сар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 4 613 840 /576 730 х 8сар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30ы өдрийн 101/ШШ2017/03407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 3 476 420 гэснийг 4 613 840 гэж, 2 дах заалтад 70 573 гэснийг 88 771 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 325 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ