| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01079/И |
| Дугаар | 320/шш2025/01195 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 320/шш2025/01195
| 2025 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2025/01195 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/01079/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би 8 дугаар ангиа төгсөөд 1980 оны 6 дугаар сараас Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад ээжийн хамт эмчилгээний мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж явсан. Миний нэр дээр мал авч маллаж байгаагүй. Цэргийн албыг Ардын армийн 126 (169) дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн тус сум нэгдэлдээ тартал нь ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийг цэргээс ирэхэд надад нөхөж бичиж өгсөн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэрэгт шалтгаанаар миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Би тус шүүхээр нэгдэлд ажиллаж байсан хугацаагаа тогтоолгосон бөгөөд 1981-1983 оны баримт олдохгүй байсан болохоор тогтоолгож чадаагүй. Хүү маань Г сумын Тамгын газарт өөрийн биеэр очиж, цалин хөлсний 70 дугаар дансыг шүүж үзэж байгаад холбогдох баримтыг олсон тул шүүхэд 1981-1983 оны ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Г сумын И нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 11/482 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 03/290 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гарсан Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны хуулбар, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 320/ШШ2025/00642 дугаар шийдвэрийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гарсан Төрөл садангийн лавлагаа, Нас барсны бүртгэлийн лавлагаа, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 3, 5-16, 55-56, 82 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Архивын хэлтсээс Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Г сумын И нэгдлийг хувьчлах тухай 17 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Батлан хамгаалах төв архиваас хугацаат цэргийн алба хаасны болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Хөвсгөл аймгийн Г сумын Засаг даргын тамгын газраас цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны архивын хуулбар зэрэг баримт гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Х , Д.П нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 36, 40- 41, 43-45, 46, 50-54, 68-73, 48, 74-77, 23-24, 63-65 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.
3.1. Нэхэмжлэгч С.Б хүсэлтийн үндэслэлээ Би 8 дугаар ангиа төгсөөд 1980 оны 6 дугаар сараас Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад ээжийн хамт эмчилгээний мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж явсан. Миний нэр дээр мал авч маллаж байгаагүй. Хүү маань Г сумын Тамгын газарт өөрийн биеэр очиж, цалин хөлсний 70 дугаар дансыг шүүж үзэж байгаад холбогдох баримтыг олсон тул шүүхэд 1981-1983 оны ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байна гэж тайлбарласан.
3.2. Хөвсгөл аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансны цалин хөлсний баримтад С.Б-ын нэр дээр 1981 онд цалин хөлс бичигдээгүй, 1982 оны 6 дугаар сард 81.03 төгрөг олгосон, 1983 оны 8 дугаар сараас 11 дүгээр сард нийт 1025.32 төгрөг олгосон бичилттэй байна. Өөрөөр хэлбэл түүнийг цэргийн алба хааж байх хугацаанд нэгдэлд ажиллаж байснаар цалин хөлс бичигдсэн. (хавтаст хэргийн 75-77 дахь тал)
3.3. Хөвсгөл аймгийн Архивын хэлтсээс Хөвсгөл аймгийн Г сумын И нэгдлийн даргын 1981-1983 оны тушаал шүүж үзэхэд С.Б-г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/613, 11/482 дугаар албан бичгүүд ирүүлсэн. (хавтаст хэргийн 5, 40 дэхь тал)
3.4. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.Б-ын иргэний хаягийн хуудас №7 баримтад 1. Овог нэр: С.Б, 2. Төрсөн он сар өдөр: 19***-05-01...6. Оршин суухаар бүртгэгдэж буй хаяг: аймаг хот: Хөвсгөл, район сум: Г сум, гудамж хашаа байшин, орц, хаалганы гэр номер: төвд...10. хаана ямар ажилтай: ажилгүй...14. хуудас бичсэн: 1982 оны 09 сар 11 өдөр... гэж, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картад ...12. боловсролын төвшин: бүрэн дунд, эзэмшсэн он: 1983, 13. Мэргэжил: жолооч... гэж тус тус бүртгэгдсэн. (хавтаст хэргийн 53-54 дэхь тал)
3.5. Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ...С.Б БХЯ-ны сайдын 1983 оны 06 сарын 13-ны өдрийн н/277 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1983 оны 06 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 169 (126) дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 сарын 15-ны өдөр 5*** дугаарын цэргийн батлахтай халагдсан. (сх-1, хн-1277, ху-191 ар) гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөвсгөл аймгаас 1983 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад ...цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос, хаана, ямар албан тушаалын ажил хийж байсан: ажилгүй. Хэдийд хаана, ямар сургууль, курс төгссөн: 1980 онд 8-р анги төгссөн. Энгийн ямар мэргэжилтэй үнэмлэхийн дугаар: жолооч. УБХТН-ийн ямар курс төгссөн: УБХТН-ийн Зөвлөл. Гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох хэн хэн, хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 2, С 65 настай, тэтгэвэрт... гэж бичигджээ. (хавтаст хэргийн 72-73 дэхь тал)
3.6. Дээрх баримтуудыг дүгнэхэд С.Б-ын нэр дээр 1981 онд цалин хөлс олгосон бичилтгүй, 1982 онд ажилгүй, 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хугацаат цэргийн алба хааж байх хугацаанд нэгдэлд ажиллаж байснаар цалин хөлс бичигдсэн, ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, жолооч мэргэжил эзэмшсэн, сумын төвд амьдарч байсан, эх С тэтгэвэрт гарсан тухай бүртгэлтэй байх тул түүнийг Хөвсгөл аймгийн Г сумын И нэгдэлд 1981 оноос 1983 онд малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
Мөн С.Б-ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Г сумын И нэгдлийг хувьчлах тухай 17 дугаар тогтоолын архивын хуулбар зэрэг баримтад С.Б-ын ажиллаж байсан талаарх ач холбогдол бүхий мэдээлэл байхгүй, гэрч Л.Х , Д.П нарын мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 51-52, 43-45, 23-24, 63-64 дэхь тал)
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байдал гэж зааснаар нэхэмжлэгч С.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх тул С.Б-ын Хөвсгөл аймгийн Г сумын И нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбар, 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гарсан Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-ны хуулбар, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 320/ШШ2025/00642 дугаар шийдвэрийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гарсан Төрөл садангийн лавлагаа, Нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримт ач холбогдолгүй, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хүний овог нэр болон огноог 3 өөр өнгийн бэхээр тэмдэглэсэн байх тул эргэлзээ төрүүлж байна. (хавтаст хэргийн 5-16, 55-56, 82 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ. (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-ын, Хөвсгөл аймгийн Г сумын И нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА