| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0613/Э |
| Дугаар | 655 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч П.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
өсвөр насны шүүгдэгч М.М, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Гарамбазар, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мөнхтулгыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806000000656 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 82 дугаар сургуулийн сурагч, ам бүл 3, эмээ, ахын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, тоот регистрийн дугаартай, Боржигон овогт М.М,
Үйлдсэн хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч М.М нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 147 дугаар байрны орцонд иргэн Б.Наранхандын цүнхтэй мөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч М.М нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Наранхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"2018 оны 04 дүгээр сарын 08-нд 20 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргий: 25 дугаар хороо 147 дугаар байрны урагшаа харсан орцоор ороод 1 давхарт цахилгаан шат дуудаад ганцаараа байж байхад миний бор өнгийн гар цүнхийг бага насны эрэгтэй хүүхэд хойноос шүүрээд зугатаасан, би тэр хүүхдийг анзаарч хараагүй. Тэгээд гэртээ ороод удалгүй буцаж гарахад орцны жижүүр эмэгтэй 6 давхараас таны цүнхийг олсон гээд өгсөн. Тэгэхэд дотор нь байсан 20.000 төгрөг 4 ширхэг, задгай 8000 төгрөг бэлэн 88.000 төгрөг алга болсон байсан. Цүнхэнд өөр алдахаар зүйл байгаагүй.
Мөнхтулга гэх хүүхдийн ах нь надад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 19, 28 дугаар хуудас/
Гэрч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 147 дугаар байрны 1 давхарт оршин суудаг эмээ цүнхээ алдсан гэсэн. Тэгээд удалгүй 2-р давхараас манай охин хоосон гар цүнх олж аваад уг эмээд буцааж өгсөн. Тэр цүнхийг авсан танихгүй эрэгтэй хүүхэд 15-16 орчим насны, 150 см орчим өндөр, туранхай, шар царайтай буржгар халимаг үстэй, хар өнгийн юүдэнтэй цамц, цэнхэр жинсэн хослолтой байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч О.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 04 сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим Мөнхтулгатай уулзсан. ...би Мөнхтулгаас би аргална гэж хэлсэн, тэгэхээр нь би Мөнхтулгад чи шүүрчихгүй юу гэснээ тоглосон юм аа гэж хэлсэн. Тэгэхэд Мөкхтулга нээрээ тэгж болох юм байна гэхээр нь тэнэгтээд байгаарай хүн тоглож байхад, чи таньдаг эмэгтэй хүүхдээсээ мөнгө гуйхгүй юу гэж хэлсэн. Бид хоёрын хажуугаар нэг эмээ явж байхад Мөнхтулга араас нь ийшээ явъя гээд дагаад алхсан. Эмээ нэг байрны завсраар гарахад Мөнхтулга араас нь чимээгүй алхаад явчихсан. Араас нь очиход байхгүй болчихсон байсан. Тэгээд Мөнхтулгыг өөр тийшээ явчихсан юм болов уу гээд тэр хавиар хайгаад яваад байсан. Буцаад нөгөө газраа очиход нөгөө араас нь явсан эмээ гарч ирээд миний цүнхийг шүүрээд явчихлаа гэхээр нь хаашаа явсан юм бол эмээ гэж асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би орцны тэнд байсан охиноос нэг хүүхэд энүүгээр гүйсэн үү гэхэд байрны завсараар хойшоо гүйсэн гэхээр нь би тийшээ гараад Мөнхтулгыг хайгаад явж байтал Мөнхтулга гарч ирсэн. Би Мөнхтулгаас яагаад гүйчихэв гэж хэлэхэд би тэр эмээгийн цүнхийг шүүрчихсэн юм. Тэгээд дээшээ гараад цүнхийг нь тавьчихаад лифтэнд суугаад 1 давхарруу буухад нөгөө эмээ намайг танихгүй байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхтулгад чи яаж байгаа юм, би чамд тоглож хэлж байхад, чи юу авсан юм гэж асуухад сандраад цүнхийг нь онгойлгоод 15.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 PC ороод тоглоод байж байхад тухайн газрын хүн хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Гарахад цагдаа ирчихсэн байсан. Бид 2 хүний юм авна гэж тохиролцсон асуудал байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн БЗ1-153 дугаартай: эмэгтэй хүний хуучин цүнх 48.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 34-35/
Өсвөр насны шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“би өөрөө РС тоглох гээд мөнгөтэй болох гээд ийм зүйл хийсэн. Өөрийн буруугаа сайн ойлгож байна. Намайг хэрэг хийх талаар айлгаж, дарамталж нөлөөлсөн асуудалгүй. Би энэ хэргийг ганцаараа үйлдэснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27/
-гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 1-3/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны засаг даргын тодорхойлолт, М.Мын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-40/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, өсвөр насны гэрч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.
Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч М.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч М.М нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мыг бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт М.Мыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дургаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мд долоон сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мд оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг гурван сар арван тав хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Мд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ