Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0667

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар би, Д.*******ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Д.*******ээс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******ээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Д.******* би, Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хүний нөөц хариуцсан газраас шүүхэд намайг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажил, албан тушаалд эгүүлэн томилох боломжтой гэдгээ бичгээр тайлбар гарган мэдэгдсэн бөгөөд тус шүүхэд ирүүлсэн тайлбарын дагуу холбогдох албан тушаалтантай уулзахад нэхэмжлэлээсээ татгалзсан нөхцөлд дахин томилохоо хэлсэн тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээ татан авч байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02-01/3142 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбар болон миний энэхүү хариу тайлбар хүсэлтийг минь шүүхээс гарах захирамжид тусган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.******* нь 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн, түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.*******гаас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Д.*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/413 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.******* татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР