Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 1

 

   А.Э-д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч А.Э- болон түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай, Б.Алтанчимэг, иргэний хариуцагч А.М-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 599 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 984 дүгээр магадлалтай, А.Э-д холбогдох 1903001110139 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А-н Э.

А.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Э.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Э-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Э-ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч А.Э-аас хохиролд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийтдээ 9,350,000 төгрөг төлсөн, хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхнээсээ дуусах хүртлээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн явагдаж шийдвэрээ гаргасан болно.

Тухайлбал, А.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогч Э.Б-т эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол болох 9,350,000 төгрөг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харин хохирлоос үүдэн гарсан хор уршигийг төлөөгүй ч хойшид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэсэн бөгөөд хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан болно.

Гэвч хохирогч Э.Б- нь өнөөдрийг хүртэл гэмт хэргийн хор уршиг буюу тодруулбал цаашид хийгдэх ёстой болон хийгдсэн эмчилгээ сувилгааны төлбөрийн талаар албан ёсны баримт бүхий нэхэмжлэл огт гаргаж өгөөгүй тул шүүхийн тогтоолд дурдсан иргэний нэхэмжлэлийг бидний зүгээс бүрэн хангах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна" гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй, 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Э.Б- түүнийг төлөөлж буй өмгөөлөгч нь эмчилгээний зардалд 1.о сая рубль буюу монгол төгрөгөөр сая төгрөг нэхэмжлээд байгаа нь туйлын үнэн болно.

Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан нь гэмтэл, түүнтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлийн талаар шүүх шийдвэрлэх боломжгүй болсон гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нотлох баримтыг шинжлэн судалсан асуудлын 7 дугаар хэсэгт шижээчийн 2278 дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн шүүхээс шүүгдэгч А.Э-ыг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Галхүү нар гомдол гаргаж давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул ийнхүү гомдол гаргаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдалай хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Э-ы өмгөөлөгч Б.Алтанчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Т.Мөнхдалай өмгөөлөгчтэй санал нэг байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогчийн эрүүл мэнд, дотор эрхтэнд учирсан хохирол түүнтэй холбоотой нэхэмжлэлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүйгээр уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, зорчигч Э.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх А.Э-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Э-ы гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинжийг хянан дүгнэж, шүүгдэгчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байх тул уг шийдвэрийг буруутган дүгнэх, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэр гаргасан, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын хүрээнд явагдсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 599 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 984 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

                                             

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН