Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 392

 

Д.Г-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын

 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан

 ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                       Г.Банзрагч,

                                                  Д.Мөнхтуяа,

                                                  П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0431 дүгээр магадлалтай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-гийн Ховд аймгийн засаг даргын 2018 оны 12 сарын 06- ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0431 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Г-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт  4.859.440 /Дөрвөн сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар зохион байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 22/МА2019/0431 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4. Шүүх ... аймаг нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж аймаг нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлнө гэж заасан бөгөөд зөвшилцсөн баримт байхгүй байна гэжээ. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ямар нэгэн төрийн байгууллагатай зөвшилцөх талаар хуульчлаагүй байдаг.

5. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцээгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Д.Г нь “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг гарган,            үндэслэлээ “...их хэмжээний орлогыг авлагын дансанд бүртгэлгүйгээр зарцуулсан, бэлэн мөнгийг зарцуулсан, салбарын яамны хүндэт жуух бичгийн нэрийг дур мэдэн өөрчилж, өөр хүнд өгсөн...” гэх зөрчил гаргаагүй, уг асуудал надтай ямар ч хамааралгүй. ...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

9. Маргаан бүхий, Ховд аймгийн Засаг даргын Б/79 дүгээр захирамжаар, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн “...ажлын хэсгийн дүгнэлтээр их хэмжээний орлогыг авлагын дансанд тусгаагүй, бүртгэлд тусгалгүйгээр бэлэн мөнгийг зарцуулсан зэргээр Төсвийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн, салбарын  яамны жуух бичгийн нэрийг дур мэдэн өөрчилж, өөр хүнд өгсөн зэрэг ноцтой зөрчлүүд гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Д.Г-г Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалаас халжээ.

10. Маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар, ...Хөгжимт драмын театр, .../-ын/ үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байх ба ажлын хэсгийн дүгнэлтээр, тус театрын дарга Д.Г нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны тухай 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6, 3.8.5, 3.13, 8.3 дахь заалтууд, Сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 тоот “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын 6.1.4, 7.2, 7.5, 8.1 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 35 дугаар зүйлийн 35.2, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь заалтуудыг хангалтгүй хэрэгжүүлсэн, мөн Соёлын тухай хуулийн 22.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.10 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй, яамны “Жуух бичиг”-ийн нэрийг дур мэдэн өөрчилсөн зөрчлүүд гаргасан гэж дүгнэн, уг дүгнэлтийн үндэслэлийг илтгэх хуудсаар буюу илтгэх хуудасны Долоо. 1-14-д дэлгэрэнгүй байдлаар тодорхойлж гаргасан байна. 

11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Г нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 35 дугаар зүйлийн 35.2-т “төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна”, 44 дүгээр зүйлийн 44.3-т “үндсэн үйл ажиллагааны зардлаас туслах үйл ажиллагаанд зориулж шууд болон шууд бусаар хөрөнгө зарцуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, байгууллагын их хэмжээний орлогыг авлагын дансанд тусгаагүй, мөн санхүүгийн бүртгэлд тусгалгүйгээр удаа дараа орлогын мөнгийг бэлнээр зарцуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гаргасан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг зөвшөөрч тайлбар гаргаж байжээ.

12. Иймд нэхэмжлэгч Д.Г-г Хөгжимт драмын театрын даргаар ажиллах хугацаандаа Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан Ховд аймгийн Засаг даргын Б/79 дүгээр захирамж хуульд нийцсэн, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж үзлээ.

13. Харин давж заалдах шатны шүүхээс Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тодруулбал нэхэмжлэгч нь албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, дээрх байдлаар хууль зөрчиж ажлаасаа халагдсан энэ тохиолдолд, хуульд зааснаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөн байхыг шаардахгүй бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.  

14. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, анхан шатны шүүхээс “...маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэн, ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

15. Учир нь, Ховд аймгийн Засаг даргын А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргах зорилгоор байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халах асуудлаар аливаа нэгэн шийдвэр гаргаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын үндсэн шинжийг, тухайлбал “эрх зүйн шууд үр дагаврыг бий болгох” шинжийг агуулахгүй байх тул тухайн нэхэмжлэлийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

16. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0431 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/706 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА