Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 115/ШШ2016/0020

 

 

2016        11           22            115/ШШ2016/0020     

                                           
    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэн М овогтой Бийн нэхэмжлэлээр

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн

Нэхэмжлэгч тус аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/29 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч иргэн М.Бийн мөн тус аймгийн Засаг даргын  дээрх Б/28, Б/29 тоот захирамжуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий тус тус нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Бийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

                                     
                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б/28, Б/29 тоот захирамжууд гаргаж миний биеийг Замын-Үүд сумын Засаг даргын албан тушаалаас огцруулан, Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Аыг томилсон зэргийг хууль бус үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Захирамжийн үндэслэх хэсэгтээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26-р зүйлийн 26.5.1-ийн заалтыг дурьдсан байх бөгөөд энэ зохицуулалт нь Засаг даргад нэр дэвшигчид тавигдсан шаардлага юм. 
Миний бие 2008, 2012 оны орон нутгийн Хурлын сонгуулиудад Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон сумын Засаг даргад нэр дэвшин ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал авч Засаг даргаар томилогдон 8 жил шахам хугацаагаар ажиллаж, харъяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагын болон хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн билээ. 
Гэтэл 2016 оны Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-аас томилогдсон Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э нь орон нутгийн хурлын сонгууль хараахан болоогүй байхад намынхаа бодлогыг хүчээр тулган орон нутгийн Хурлын бүрэн эрхийг хүндэтгэхгүйгээр Монгол Улсын  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1/г/, 22-р зүйлийн 22.1.8, 32 дугаар зүйлийн 32.2-т заасан заалтуудыг тус тус зөрчин Засаг даргыг огцруулах хууль бус захирамж гаргасан нь тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэдийн төлөөллөөс сонгогдсоныхоо дагуу төрийг удирдахад оролцох боломжийг бий болгосон МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9-д заасан эрх, хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлийп 7.2 -т заасанчлан хөдөлмөрийн харилцаанд.... үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах давуу байдал тогтоолгохгүйгээр эрх тэгш хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж байгаа хууль бус үйлдэл болж байна. 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлд Засаг даргыг огцруулах асуудлыг зохицуулсан байдаг бөгөөд 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй |бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж, мөн 32-р зүйлийн 32.3-т дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. 
Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга нь миний биеийг дээрхи хуулийн 32.2-т заасан зөрчлүүдийн алийг нь ч гаргаагүй, сумын Хурлаас огцруулах саналыг гаргаж хүргүүлээгүй байхад эрх  мэдлээ хэтрүүлэн хуулийн заалтыг буруу хэрэглэж огцруулах  тухай захирамжийг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм. 
Энэхүү хууль бус үйлдлээс болж миний бие  ажил албан тушаалаа эрхэлж чадахгүй байгаагаас авах ёстой цалин  хөлсөө ч авч чадахгүй хохирч байна. Мөн  Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасан байхад хуулийн энэ заалтыг зөрчин  Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Аыг томилсон нь мөн хууль бус үйл ажиллагаа юм. 
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу  Дорноговь аймгийн Засаг даргын 2016.07.20-ны өдрийн  Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Б/28, үүрэг гүйцэтгэгч томилох тухай Б/29 захирамжууд хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М.Б миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас авч чадаагүй цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хэмжээгээр тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгч М.Бийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын гаргасан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 тоот захирамж нь Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай гэсэн агуулгатай захирамж байгаа. Уг захирамжинд үндэслэсэн хуулийн заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1, 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон захирамжлах нь гэж гаргасан байдаг. 
Засаг даргыг огцруулах тухай заалтыг үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар огцруулахаар байгаа ба мөн энэ заалтад иргэдийн Хурлын бүрэн эрхийг заасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар Хурлын нэр дэвшүүлсэн хүнийг Засаг даргаар томилох заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 –ийн “г”, 22 дугаар зүйлийн 22.1.18 дахь хэсгүүдийг зөрчсөн байгаагаар  хууль бус захирамж гаргасан байдаг.
 Мөн захирамжинд баримталсан хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг нь Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргах ерөнхий заалт  юм. Уг захирамжинд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг бүхэлд нь барьсан байгаа ба гэтэл 79 дүгээр зүйл маань өөрөө 9 хэсэгтэй байгаа. Үүнийг бүгдийг авч хэрэглэсэн байгаа нь ойлгомжгүй ба 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгээс 79.7 дахь хэсэг хүртэлх заалтуудаас аль хэсгийг нь авсан нь тодорхойгүй байна. Тиймээс уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарч Засаг даргыг огцруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Иймд Дорноговь аймгийн Засаг даргын Б/28, Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү. 
Харин ажилгүй байсан хугацааны цалингаа  Засаг даргаас огцруулсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон, нийт 3 951 639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм гэв. 

    Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2016 оны “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “... сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан...”, 26.5.1-д “дээд боловсролтой” гэж заасныг болон, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “3асаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тоггоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн дагуу ээлжийн амралт болон ажилласан хугацааны амралтын нөхөн олговор олгох заалтыг үндэслэн аймгийн Засаг даргад хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд гаргасан хуульд нийцсэн хүчин төгөлдөр захиргааны акт болно.

Аймгийн Засаг даргын 2016 оны “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28 тоот захирамжаар Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Бийг үүрэгт ажлаас нь огцруулсан ба М.Б нь 2008 оноос тухайн сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 2012 оны “Засаг даргын үүрэгт ажилд томилох тухай” Б/27 дугаар захирамжаар тус сумын ИТХ-ын 2012 оны 04 дүгээр тогтоолоор ирүүлсэн саналыг үндэслэн үргэлжлэн тухайн албан тушаалд томилогдон ажилласан байдаг.
Замын-Үүд сумын ИТХ-ын 2008 оны 05, 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол анхнаасаа хууль зөрчсөн шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл Замын-Үүд сумын Засаг дарга М.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл 26.5-д “... сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гэж зааснаар 26.5.1 дэх зүйл дэх “дээд боловсролтой” байх шаардлагыг хангах боломжгүй буюу дээд боловсролгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47.3-т “3ахиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж хуульчилжээ. Тодруулбал дээд боловсролгүй иргэнийг МУЗЗНДНТУТХ-ийн сумын Засаг даргад тавигдах шаардлага хангасан мэт хууль, эрх зүйн заалтыг  хэрэглэж гаргасан байдаг.
Замын-Үүд сумын ИТХ-ын 2008 оны 05, 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2008 оны “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 644, 2012 оны “Засаг даргын үүрэгт ажилд томилох тухай” Б/27 дугаар захирамжуудыг илт хууль бус гэж үзэх бас нэг үндэслэл нь Замын-Үүд сумын иргэн Ц.Гоос Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сумын ИТХ-ын дээрх тогтоол болон захирамжийг хууль бус тул хүчингүй болгуулах, ... шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт авагдсан М.Бийн “Ар-Эрдэнэ” коллежийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэх нь хуурамч болохыг БСШУЯ-ны 2016 оны 01 дүгээр сарын 14-ний 9/397 дугаар албан бичиг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч А.Сийн Л.Оийг гэрчээр байцаасан тухай 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн тэмдэглэл, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2010 оны 5/14 дүгээр тогтоол, аймгийн Прокурорын газрын 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн иргэн Ц.Год хариу мэдэгдэх тухай 5/194 дугаар албан бичиг зэргээр нотлогдоно.
Захиргааны ерөнхий хуулийн 47.2 дахь заалтад зааснаар Замын-Үүд сумын ИТХ-ын 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2012 оны “Засаг даргын үүрэгт ажилд томилох тухай” Б/27 дугаар захирамжууд илт хууль бус захиргааны акт болох бөгөөд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.
Замын-Үүд сумын Засаг дарга /М.Б/-ыг анхнаасаа хууль журмын дагуу томилон ажиллуулаагүй байдаг төдийгүй сумын Засаг дарга М.Б нь огцруулах шийдвэрийг өөрөө хүлээн зөвшөөрсөн юм.
Харин аймгийн Засаг даргын 2016 оны “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/29 дүгээр захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхийн хүрээнд албан тушаалтны цалин, бусад нэмэгдэл олгох тухай Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 333 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн хуульд нийцүүлэн Б.Аыг томилон ажиллуулсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахыг хориглосон заалт хуульчлагдаагүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч улс төрийн албан тушаал гэж заасан бөгөөд Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас Төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгогдож дээд шатны Засаг дарга нь томилдог албан тушаалтан юм. 
Улсын хэмжээнд орон нутгийн Хурлын сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар шинээр сонгогдсон. Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргыг шинээр сонгосноор өмнөх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байгаа. 
Шүүхийн шийдвэр заавал биелүүлэх зарчмын үүднээс бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор шийдвэрийн хэрэгжих эрх зүйн боломж цаг хугацааны зайлшгүй нөхцөлийг харгалзан үзэх шаардлагатай байна. 
Нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан албан тушаалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нөхцөл байдлын улмаас хариуцагчийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх зүйн боломжгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагыг хангахад зайлшгүй чухал нотлох баримт, хөдөлмөрийн гэрээ, үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцлийн болон бусад нэмэгдэлийг тогтоосон захирамж, сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсний тодорхойлолт, ажил хүлээлцсэн акт, Засгийн газрын 2014 оны 333 дугаар захирамжаар зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай тогтоол зэрэг бичмэл баримтуудын хуулбарууд хэрэгт авагдаагүй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан. Иймээс ажил хүлээлцсэн өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааг тогтоож, хэдий хугацааны цалин олгохыг тодорхойлох учиртай. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсэгт улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн докторын зэргийн нэмэгдлээс цалин бүрдэнэ гэж заажээ. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 333 дугаар тогтоолооор сумын Засаг даргын цалинг шинэчлэн тогтоож 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байгаа юм байна. 
Цалингийн тодорхойлолт байгаа хэдий ч албан ёсны хэвлэмэл хуудас дээр бичигдээгүй. Тодорхойлолтод бичсэн 1315914 төгрөгийн цалингийн хэмжээ ямар шийдвэрээр хэзээ тогтоогдсон, энэ нь зөвхөн албан тушаалын цалин эсхүл нэмэгдлүүд орсон цалин хөлсний хэмжээ эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн М.Б нь сарын 1315 914  төгрөгийн цалинтай нь үнэн болно гэж бичсэнээс үзэхэд дундаж цалин хөлсний хэмжээ биш байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор олгоно гэж заасан. 
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсэгт зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн гурван сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу сарын дундаж цалин хөлсний тодорхойлолт хийгдсэн байх шаардлагатай. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмж гарсан байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар, энэ зөвлөмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсэгт ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн гурван сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу шүүх тооцох ёстой гэж зөвлөмж болгосон байна. 
Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар хэрэгт авагдсан байгаа. Энэ хуулбарт 2016 оны 8, 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл хийгджээ. Энэхүү нийгмийн даатгалын суутгалаар цалин хөлс авч байгааг нотолж байна гэж ойлгогдож байна. 
Хэрвээ сайн дураараа нийгмийн даатгал төлж байгаа гэж үзэх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож сайн дурын даатгалын шимтгэл суутгагдах дүрэм, журамтай. Хөдөлмөрийн тухай хуулиар өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох зохицуулалт үйлчилж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хангах боломжгүй байна гэж үзэж байна. 
Иймд цалин гаргуулж болох хэмжээнд үнэлж болох нотлох баримт байхгүй байгааг шүүх хянан шийдвэрлэхдээ харгалзаж, анхааран үзнэ үү гэж хүсч байна. 
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдахад оролцох эрх зөрчигдсөн гэсэн үндэслэл гаргасан байна. Үндсэн хуулиар олгосон төрийг удирдахад оролцох эрх, маргаан бүхий 2 захиргааны акт гарснаас хойш сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан хугацаанд бүрэн эрх нь дуусгавар болох хүртэл иргэн хүний эрх, энэ хүний эрх анхнаасаа зөрчигдөөгүй байна гэж үзэж байна.
Мөн үндэслэлдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дурдсан байгаа. Засаг даргыг томилуулах чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжилна гэсэн сум, дүүргийн хурлын бүрэн эрх байгаа юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “г”-д заасан эрх нь энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар тухайн Хурал дахь нам эвслийн бүлэг эсхүл хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлснээр мөн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар тухайн шатны хурлын саналаар, 32.6 дахь хэсэгт зааснаар хурлын төлөөлөгчдийн 3/1 хувиас доошгүй саналаар үүсэх хууль зүйн үндэслэлтэй зөвхөн хуралд өөрт нь хадгалагдаж байгаа эрх. 
Иймээс эрх зөрчигдөөгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч үндэслэлдээ Нэгжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт зөрчигдсөн гэж байна. Энэ заалт нь тухайн шатны Засаг даргыг томилуулах, нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах Засаг даргын огцруулах тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг хуралд оруулах гэсэн зохицуулалт байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн даргад санал ирсэн тохиолдолд үүсэх эрх бөгөөд Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг хуралд оруулахад хурлын даргад хариуцагчийн зүгээс илт хууль бусаар нөлөөлөх, дарамт шахалт үзүүлээгүй тул энэ хуулийн зохицуулалт зөрчигдөөгүй гэж ойлгож байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоолгохыг хориглоно гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэгч үзжээ. Чухам ямар үйл баримтаар үзэл бодлоор нь ялгаварласан, хязгаарласан, давуу байдал тогтоосон болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 
Хариуцагчийн гаргасан үүрэг гүйцэтгэгч томилох тухай 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг үгүйсгэж дараах тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хариуцаж хэрэгжүүлж, бүрэн хүлээнэ гэж заасан. Энэ зохицуулалт нь Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа. 
Харин үүрэг гүйцэтгэгчийг шууд томилсон учраас хуулийн уг зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй, зөрчигдөөгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан 7 тохиолдлын аль нэг байгаа нөхцөлд захиргааны актыг илт хууль бус гэж үзэхээр хуульчилсан бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр захирамжид захиргааны актыг илт хууль бус гэж үзэх тохиолдолд байхгүй болно. 
Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд үүрэг гүйцэтгэгч томилохыг хориглосон зохицуулалт байхгүй. Хуулиар хориглоогүй тул үүрэг гүйцэтгэгчийг томилсон нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй, хуулиар хориглоогүй бол зөвшөөрсөн гэж үздэг зарчим бий. Маргаан бүхий захиргааны 2 акт Засаг даргын эрх хэмжээнд гаргасан, хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болно. Захирамжуудын тэмдэглэх хэсэгт үндэслэсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд хууль хэрэглээний зөрчилгүй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан дээрх тайлбарууд болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг баримтлан хэлэлцэгдэж байгаа нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүйг хэрэг хянан шийдвэрлэхэд анхааран үзнэ үү гэв. 
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлэхдээ: 
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус шүүхэд Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 40 тоот албан бичгээр түүний гаргасан Б/28, Б/29 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэлийг буцаан авах хүсэлтэй байна.
Иймд дээрх хүсэлтийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                        ҮНДЭСЛЭХ нь: 


Шүүх иргэн М.Бийн нэхэмжлэлээр Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан, мөн тус аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын нэхэмжлэлээр мөн аймгийн Засаг даргад холбогдуулан тус тус үүсгэсэн захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь “Хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай”-г зохицуулсан 60 дугаар зүйлийн 60.1 дэх зүйлд заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэж хэргийг нэгтгэсэн бөгөөд энэ дагуу хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч иргэн М.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, харин нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасантай тус тус нийцэж байна гэж үзэж Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дорноговь аймгийн Засаг даргын  2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/28, Б/29 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг баталж, нэхэмжлэгч Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлээр Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль /2012 оны/-д заасны дагуу 2012 онд явагдсан орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн  дүнгээр байгуулагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Анхдугаар хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Засаг дарга, түүнийг томилох” асуудлыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.2-т “ ...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон ... төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасныг үндэслэн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэний дагуу тус Хурлын хуралдаанд оролцсон нийт 28 төлөөлөгчийн 27 төлөөлөгч буюу 96,4 хувийн саналаар Замын-Үүд сумын Засаг даргад нэхэмжлэгч М.Бийн нэрийг дэвшүүлж, энэ тухай 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол гарчээ /хх-ийн 121-122, 107-р хуудас/.

Дээрх тогтоолыг тус Хурлаас Дорноговь аймгийн Засаг даргад уламжилснаар Дорноговь аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох ...” –оор заасныг үндэслэн  2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажилд томилох тухай” Б/27 тоот захирамж гарган  М.Бийг Замын-Үүд сумын Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан байх ба тэрээр тухайн үед уг шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч М.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.5.1-26.5.5 дахь зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж үзсэнээр захирамжиндаа дээрх хуулийн холбогдох заалт болох 26 дугаар зүйлийн 26.5 дахь зүйлийг баримталжээ /хх-ийн 66-р хуудас/. 

     Нэхэмжлэгч М.Б нь дээрх байдлаар томилогдон Замын-Үүд сумын Засаг даргаар ажиллаж байх үед Дорноговь аймгийн Засаг дарга нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28 тоот захирамжаар түүнийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Замын-Үүд сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байх бөгөөд огцруулсан үндэслэлээ “... хуулиар тогтоосон сумын Засаг даргад тавигдах шаардлагыг хангаагүй ...” гэж захирамжиндаа заасан ба тэрхүү үндэслэлээ хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа /хх-ийн 36-р хуудас/ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж  түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1 дэх зүйлд заасан “дээд боловсролтой” байх шаардлагыг хангаагүй гэж тодруулжээ.

    Гэтэл өмнөх сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын саналыг үндэслэн томилох эрх бүхий этгээдийн зүгээс нэхэмжлэгч М.Бийг тухайн үед нэгэнт хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзэж Замын-Үүд сумын Засаг даргаар томилсон байхад, улмаар уг томилгооны дагуу түүний хуульд зааснаар 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бүрэн эрхийн  хугацаа хараахан дуусаагүй байх үед хариуцагчийн зүгээс түүнийг  Засаг даргад томилуулахаар нэр дэвшиж буй этгээдэд тавигдах шаардлагын нэг болох  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж  түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.1 дэх зүйлд заасан “дээд боловсролтой” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж огцруулсан нь үндэслэл муутай бөгөөд хариуцагчийн уг шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасантай нийцэхгүй байна.

    Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх”-ийг зохицуулсан 18 дугаар зүйлийн 18.1 дэх зүйлд заасан сум, дүүргийн Хурлын хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийн нэг болох 18.1.1-ийн “г”-д “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн хууль дахь “Засаг даргыг чөлөөлөх, огцруулах, Засаг дарга огцрох” тухай асуудлыг зохицуулсан 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж, мөн түүнчлэн уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж  тус тус заасан байгаагаас үзэхэд Засаг даргыг огцруулах асуудлын талаар сум, дүүргийн буюу тухайн шатны Хурал нь аймаг, нийслэлийн буюу дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайдад саналаа хүргүүлэх, мөн Дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайд нь Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд тус тус хүргүүлэхээр байгаа нь тухайн асуудал нь уг этгээдүүдээс дээрх хуулийн холбогдох зүйлд заасан үндэслэл бүхий саналыг  харилцан заавал хүргүүлсний үндсэн дээр шийдвэрлэгдэхээр зохицуулагдсан байна.

    Дээрх байдлаар санал заавал хүргүүлсэн байх хуулийн шаардлагаас гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидлагын тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйлүүдийн агуулгаас үзэхэд хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлүүд болох “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй ...” гэсэн нөхцөл байдал үүсэж, нотлогдсон тохиолдолд Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө огцруулах асуудал хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдэхээр байх ба харин уг зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулахгүй байх шаардлага давхар илэрхийлэгдэж  байна гэж үзэхээр байна.

Хуулийн дээрх шаардлагуудтай холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь зүйлд заасан үнэслэлээр Замын-Үүд сумын Засаг даргыг огцруулах тухай саналыг тус сумын  Хурлаас хариуцагч аймгийн Засаг даргад хүргүүлж байсан болон мөн аймгийн Засаг даргын зүгээс тус сумын Засаг даргыг огцруулах саналыг зохих шатны Хурал буюу Замын-Үүд сумын Хуралд хүргүүлж байсан нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх бөгөөд гэтэл ийнхүү аль нэг байдлаар харилцан санал хүргүүлсэн асуудал байхгүй байхад хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь Замын-Үүд сумын Засаг даргыг хуульд нийцээгүй үндэслэл зааж, түүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 тоот захирамжаар шууд огцруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйлүүдэд заасан журам, шаардлагыг зөрчсөн, мөн тус хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус шийдвэр болжээ. 

     Хариуцагчийн дээрх шийдвэр нь нэгэнт хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн, хууль бус байгаагаас үндэслэн түүний үүрэг гүйцэтгэгчийг томилсон шийдвэр нь мөн хууль бус болохоос гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж тодорхой заасан байхад хариуцагч аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Засаг дарга, түүнийг томилох” тухай асуудлыг зохицуулсан 26 дугаар зүйлийн 26.3 дахь зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэгжүүлж “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 тоот захирамж гарган Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч этгээдийг томилсон нь хуульд нийцэхгүй байх тул тухайн шийдвэр болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд үүрэг гүйцэтгэгч томилохыг хориглосон зохицуулалт байхгүй, хуулиар хориглоогүй тул үүрэг гүйцэтгэгчийг томилсон нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй ...” гэх тайлбар зэргийг зөвтгөх үндэслэлгүй байна.

Уг байдлуудаас үндэслэн нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн шаардлага дахь хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/29 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

    2. Гэвч дээрх үндэслэлээр хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/28, Б/29 тоот захирамжуудыг хууль бус гэж үзэж тэдгээрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа хэдий ч уг нөхцөл байдал нь нэхэмжлэгч М.Бийг Замын-Үүд сумын Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй юм. Учир нь:

Төрийн албаны тухай хууль дахь “Төрийн алба, түүний ангилал”-ыг зохицуулсан 3 дугаар зүйлийн 3.3 дахь зүйлд заасан ангилалын 3.3.1-д “төрийн улс төрийн алба” багтаж байх ба энэхүү ангилалд хамаарах албан тушаалыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх зүйлд заахдаа “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны ... албан тушаал хамаарна” гэж байгаагаар уг зүйлийн 6.1.12 -т зааснаар “бүх шатны Засаг дарга ...” нь улс төрийн албан тушаалтан болохыг тодорхойлсон байна. 

Мөн дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох ...” гэж зааснаар дээрх улс төрийн албан тушаал болох “бүх шатны Засаг дарга”-ыг томилох, чөлөөлөх, огцруулах тухай асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулагджээ.

Үүний дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх ...” –аар зааснаар орон нутгийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа нь дараагийн ээлжит сонгуулийн дүнд буюу 2016 оны “Сонгуулийн тухай хууль”-д заасны дагуу явагдсан орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр анхдугаар хуралдаанаа /хх-ийн 41-57-р хуудас/ хийснээр шинээр байгуулагдсан тус сумын Хурлын бүрэн эрх хэрэгжсэнээр дуусгавар болсон байна.

Ийнхүү бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Хурлаас өмнөх бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь зүйлд “...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон ... төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Бийг “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай  2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж мөн тухайн үед Дорноговь аймгийн Засаг даргаас 2012 оны Б/27 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь зүйлд заасан 4 жилийн хугацаагаар томилогдсон Замын-Үүд сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх зүйлд тодорхойлсноор “сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах улс төрийн албан тушаалтан” болохынхоо хувьд 2016 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр мөн адил дуусгавар болж бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул уг үндэслэлээр нэхэмжлэгч М.Бийг Замын-Үүд сумын Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна.


3. Харин хариуцагч нь хууль бус шийдвэр гарган нэхэмжлэгчийг өмнөх сонгуулийн дүнгээр хэрэгжүүлэх бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцруулсан тул түүний хууль бусаар ажилгүй байсан хугацааг тухайн бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар тооцон түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг болон  Хөдөлмөрийн тухай хууль дахь “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”-ыг олгох тухай асуудлыг зохицуулсан 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасныг тус тус үндэслэн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн цалингийн хүснэгт болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараас үзэхэд уг баримтууд нь нэхэмжлэгчийг 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлсөө бүтнээр авсан байдлаар тэмдэглэгдсэн байх ба түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр дэвтэр нь тухайн хугацаагаар бөглөгдсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээр дээрх нотлох баримт нь эргэлзээтэй байна.

 Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... М.Бөөс шүүхэд гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтод түүнийг нэг сарын 1315914  төгрөгийн цалинтай нь үнэн болно гэж бичсэнээс үзэхэд энэ нь дундаж цалин хөлсний хэмжээ биш байна, Засаг даргын цалинг Засгийн газрын 2014 оны “Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай” 333 дугаар тогтоолоор баталсан байдаг ба түүний үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцлийн болон бусад нэмэгдлийг тогтоосон захирамж зэрэг нь хэрэгт авагдаагүй байгаагаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг бүрэн нотлох хэмжээний баримтуудыг хэрэгт гаргаж өгч чадаагүй байна...” гэж маргаж байгаа зэрэг байдлаас үндэслэн нэхэмжлэгчийн “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байх тул уг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн тухайн шаардлагын хувьд Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн нээлттэй орхиж шийдвэрлэв. 


    Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.13 дахь зүйлд заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “г”, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4, 32.7 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн М.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/29 тоот захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

    2. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12 дахь зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн М.Бийн нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу Замын-Үүд сумын Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн М.Бийн нэхэмжлэлийн шаардлага дахь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж нээлттэй орхисугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бөөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн  66.1, 66.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/28, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/29 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлээр Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлбарласугай.

 

 


             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ЦЭНД