Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00182

 

Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00975 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалтай,

         Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нарын нэхэмжлэлтэй,

         “Эрэл” ХХК-д холбогдох          

    Ажилгүй байсан цалинтай тэнцэх олговорт 5 000 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардалд 485 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаа, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

         Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд: “Тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 дүгээр шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байснаас албадан гүйцэтгүүлсэн болно. Хариуцагч “Эрэл” ХХК нь дампуурсан гэсэн учраас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гээд бид хоёроор шийдвэр гүйцэтгэгч н.Мөнгөнцэцэг зааж хэлж хүсэлтийг бичүүлсэн. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хуулийн дагуу баталгаажуулж өгөөгүй. Дээрх 5604 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс биднээс нэмэлт зардал гарсан. Хариуцагч “Эрэл” ХХК дампуурсан тухай шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ирүүлээгүй байна. Иймд шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар “Эрэл” ХХК-иас Ц.Хоролгарав надад 233 570 төгрөгийг, Д.Уранбилэг надад 252 030 төгрөгийг, бүгд 485 600 төгрөгийг олгуулах, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 дүгээр шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоогоогүй, ажилгүй байлгасан цалингийн нөхөн олговорт Ц.Хоролгарав надад 2 400 000 төгрөг, Д.Уранбилэг надад 2 600 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг олгуулна уу.” гэжээ.

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн гаргасан тайлбарт: “Тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 дүгээр шийдвэрээр Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нарыг ажилд нь эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учраас албадан гүйцэтгэх хүсэлт гаргаж, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрт заасны дагуу хариуцагчид цалинг бэлнээр олгосон байдаг. Ингэж олгохдоо цалинг шүүхийн шийдвэрт зааснаар 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгосон. Тиймээс бид 2015 оны 9 сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх цалин нийт 5 000 000 төгрөг буюу Ц.Хоролгаравт 2 400 000 төгрөг, Д.Уранбилэгт 2 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нийт 3 426 880 төгрөг буюу Ц.Хоролгаравт 1 621 640 төгрөг, Д.Уранбилэгт 1 805 240 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулалд нийт 485 600 төгрөгийг төлсөн боловч шийдвэр гүйцэтгэгч нь гэрээнд зааснаар ажлаа бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэгч нарыг хүчээр ажилдаа opoxгүй гэж хүсэлтийг нь бичүүлсэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тул бид шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэгч нарт ажилгүй байсан хугацааны цалин 3 426 880 төгрөг болон шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 485 600 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан хариу тайлбарт: “...Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5604 дүгээр шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогоогүй, ажилгүй байлгасан хугацааны цалингийн нөхөн олговорт Ц.Хоролгарав надад 2 400 000 төгрөг Д.Уранбилэг надад 2 600 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 дүгээр шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нарыг ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийн биелэлтээс нэхэмжлэгч нар өөрсдөө татгалзаж, ажилд эргэн ороогүй болно. Мөн энэ талаарх нэхэмжлэгч нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан хүсэлтэд Ц.Хоролгарав, Д.Уранбилэг бид нар шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 5604 дүгээр шийдвэрийн дагуу “Эрэл” ХХК д ажилд эргүүлэн орох шүүхийн шийдвэрээс татгалзаж байна. Мөн одоо “Эрэл” ХХК-д ямар нэгэн өр төлбөр, тооцоо байхгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажлыг хааж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажлыг хаасан бөгөөд талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон билээ. Иймд дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт дуусгавар болсон эрх зүйн харилцааг шүүх дахин хянан хэлэлцэх хууль эрх зүйн үндэс байхгүй бөгөөд түүнчлэн дээрх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчиж байгааг анхаарна уу.” гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00975 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Эрэл” ХХК-иас 1 774 662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Хоролгаравт, 1 908 474 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уранбилэгт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 485 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 88 829 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хоролгаравт 43 344 төгрөг, нэхэмжлэгч Д.Уранбилэгт 45 485 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нэхэмжлэгч нарын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д.Уранбилэгээс надад олгосон шүүхэд төлөөлөх хоёр итгэмжлэл хэргийн давхардсан 34 дүгээр хуудсанд байсаар байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалыг гаргасан байна. Хэргийг газар дээр нь үзүүлж, учрыг нь асуухад шүүгч, туслах нар хариулснаар, дээр дурдсан хоёр итгэмжлэлээр шүүхийн шийдвэр гарч, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд намайг оролцуулж байсан болно. Хоёр итгэмжлэлийн хуулийн хугацаа дуусаагүй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэгчид төлсөн урамшууллын 486.500 төгрөгийг олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

     Нэхэмжлэгч Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нар нь “Эрэл” ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Ц.Хоролгарав нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 400 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 233 570 төгрөг, Д.Уранбилэг нь ажилгүй байсан хугацааны цалин 2 600 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 252 030 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл  гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шаардлагаа Ц.Хоролгаравын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 621 640 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 233 570 төгрөг, Д.Уранбилэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 805 240 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 252 030 төгрөг болгож тус тус багасгасан байна. 

Хариуцагч “Эрэл” ХХК  нь нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нар нь ажилдаа эргэж орохгүй гэж харилцан тохиролцсон, мөн ажилгүй байсан хугацааны цалинг олгосон, шүүхийн шийдвэрийг биелүүлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж маргажээ.

     Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/05604 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Уранбилэгийг “Эрэл тоосгоны үйлдвэр”-ийн хоёр голт зуурагчийн операторын ажилд, Ц.Хоролгаравыг ахуйн өрөөний үйлчлэгчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосон тухай баримт хэрэгт авагдсан байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

       Шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч “Эрэл” ХХК нь нэхэмжлэгч Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нарыг өмнө эрхэлж байсан хоёр голт зуурагчийн операторын, ахуйн өрөөний үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

          Нэхэмжлэгч Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нар нь 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “...ажилд эгүүлэн орох шүүхийн шийдвэрээс татгалзаж байгаа” тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан  хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан гэж хариуцагч маргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй” бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн талаараа хариуцагч шүүхэд баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нарыг ажилд эгүүлэн авсан тушаал гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нар нь дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

         Иймээс  нэхэмжлэгч нарыг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажилд аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хүсэлт гаргасан буюу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тооцож, хариуцагч “Эрэл” ХХК-иас нэхэмжлэгч Ц Хоролгаравын ажилгүй байсан хугацааны цалинд 1 774 662 төгрөг,  Д.Уранбилэгийн ажилгүй байсан хугацааны цалинд 1 908 474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна”, 83.2-т “энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж тус тус заасан байна.      

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/05604 дүгээр шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2015/28736 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр Шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсэн болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаар тогтоогдож байх бөгөөд  нэхэмжлэгч нар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15/8405, 15/8406 тоот “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ” байгуулж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд Д.Уранбилэг нь 252 030 төгрөг, Ц.Хоролгарав нь 233 570 төгрөгийг тус тус төлсөн болох нь орлогын баримтын хуулбар, гэрч Б.Мөнгөнцэцэгийн мэдүүлгээр тогтоогдсон байна. /хх-10-11/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч болох ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан үүргээ зөрчсөн, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нар ажилдаа эгүүлэн тогтоогдох зорилгоор төлсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Эрэл” ХХК төлөх үүрэгтэй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Хоролгаравт 233 570 төгрөг, Д.Уранбилэгт 252 030 төгрөгийг олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.     

  Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...нэр бүхий иргэд нь өөрсдийгөө төлөөлүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нэхэмжлэгчид олгосныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нарын төлөөлөгч өөр хэрэгт өгсөн итгэмжлэлээр төлөөлсөн” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна.          

   Хэргийн 34 дүгээр талд авагдсан 2016 оны 09 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ц.Хоролгарав, Д.Уранбилэг нараас иргэн О.Оюунаад олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангажээ. Анхан шатны шүүх энэ итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөр О.Оюунааг оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийн 35 дахь талын арын хэсэгт авагдсан Д.Уранбилэгийн О.Оюунаад 2015 оны 06 сарын 11-ний өдөр өөр хэрэгт өгсөн итгэмжлэлийн хуулбарыг үнэлж, буруу дүгнэлт хийсэн байна.

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00975 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх  хэсгийг баримтлан хариуцагч “Эрэл ХХК-иас 2.008.232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Хоролгаравт, 2.160.504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Уранбилэгт тус тус олгосугай.” гэж, 2 дахь заалтын “ ... Ц.Хоролгаравт 43.344 төгрөг, Д.Уранбилэгт 45.485 төгрөгийг ...” гэснийг “ ... Ц.Хоролгаравт 47.082 төгрөг, Д.Уранбилэгт 49.518 төгрөгийг ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 15.220 /арван таван мянга хоёр зуун хорин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                         Д.ЦОЛМОН