| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0611/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1806028400761 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 36-13 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл үгүй, тоот регистрийн дугаартай, Халх овогт Д.М,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль сахиулах их сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогч Б.Цэрэнг "ангийнхаа хүүхдийн харьцаан дээр анхаарсангүй" гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806028400761 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Б.Цэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"....манай ангийн арван хэдэн хүүхэд ангидаа байж байхад 323 дугаар дамжааны 2 сонсогч орж ирээд дэд түрүүч цолтой Эрдэнэтөгс манай ангийн Улсболд гэдэг сонсогчийг дуудаж газар гар дээр нс суниалгасан. Гар дээр нь суниалгаж байхдаа бид дээд курсын ах нарын ангийг угаадаг байсан гэж хэлж байсан. Тэгээд дээд курсын хоёр сонсогч гарах гэж байхдаа Мөнхжин гэдэг сонсогч нь эргэж орж ирээд манай ангийн дарга. та:~. -дарга нарын зүүн шанааруу нь хоёр удаа гараараа цохисон. Би ангийн дарга байсан учир намайг бас цохисон. Тэгээд намайг цохих үед миний зүүн талын чих дүнгэнээд хамраа чимхэж байгаад амьсгаагаа шахахад чихнээс гарч байхаар нь би нэг юм боллоо гэж бодоод шууд сургуулийн эмнэлэг орж үзүүлсэн. сургуулийн эмч намайг нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь ЭМЖЖ хувийн эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Э.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн:
"..намайг гарахад Мөнхжин тэдний ангид үлдсэн юм. Би ангиас нь гараад хоёр гурав алхам явчихаад Мөнхжинг гарч ирэхгүй болохоор нь эргэж ангид ороход Цэрэн гэдэг сонсогчийн хэнгэрэг нь цоорсон гээд зогсож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/
Гэрч Э.Улсболдын мөрдөн байцаалтанд өгсөн:
"...манай ангид дээд ангийн сонсогч Эрдэнэтөгс, Мөнхжин гэдэг хоёр сонсогч орж ирээд намайг гар дээр тулгуулан суниалгаж байхад манай ангийн дарга Цэрэн орж ирэхэд Мөнхжин гэдэг сонсогч ангийн дарга Цэрэнг хүнээ хариуцаж чадсангүй, танай ангийн сонсогч анги угаагаагүй гэж хэлээд 2 удаа зүүн шанаанд нь цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Гэрч Э.Молорын мөрдөн байцаалтанд өгсөн:
"...Өнгөрсөн 7 хоногт нь Улсболдыг анги угаагаад өгчих гэж хэлэхэд Улсболд нь би хоолондоо орох гэж байна чадахгүй гээд явсан гэсэн. Тэгээд нэрийг нь хэлээд Улсболдыг гар дээр нь суниалгаад гарахдаа анги удирдаж чадахгүй бол өөрөө хариуцлагыг нь хүлээх ёстой гэж хэлээд Цэрэнг хоёр удаа цохисон юм.." гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 4289 дугаартай:
Б.Цэрэнгийн биед зүүн нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 43/
Шүүгдэгч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
"..Улсболд намайг үзчих үү гэж хэлэхээр нь би чамтай юм яриад ойлгохгүй юм байна гэж хэлээд тэдний ангийн дарга болон тасгийн хоёр даргыг нь дуудаж босгож ирээд та нар энэ сонсогчийнхоо харьцаан дээр нь анхаарах ёстой гэж хэлээд тасгийн дарга болон ангийн дарга Цэрэн нарыг зүүн шанааруу хоёр хоёр удаа баруун гараараа цохисон. Тэгээд Цэрэнг цохих гэхэд өөдөөс урагшлаад байсан учир чихрүү нь цохичихсон юм. Тэгээд ангиас гарах гэж байхад миний өөдөөс Эрдэнэтөгс орж ирэхээр нь за болсон гээд гарах гэтэл хойноос ангийхан нэг хүүхэд хэнгэрэг нь хагарчихсан гэж хэлэхээр нь би эргэж орж ирээд хамт эмнэлэг явсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Д.Мгийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-48/, хохирогч Б.Цэрэнгийн “одоо миний бие бүрэн эдгэрсэн ба нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт болон шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Мгийн иргэн Б.Цэрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ