Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/02372

 

 

Ц.Сүлдгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Сүлдгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Эд хөрөнгө хураах, битүүмжлэх, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр н.Энхзул гэдэг хүнээс 2014 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 149,021,766 төгрөгийг Пүрэ финанс ББСБ-нд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл тус шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан заалт байна. Энэ нь 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн 014013 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүхээс тогтоосон байтал тухайн н.Мөнхтуяа болон Ц.Сүлдгэрэл нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгө гэж шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Үндэслэл нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд барьцаа хөрөнгө байхгүй тохиолдолд яаж хийх, барьцаа хөрөнгөтэй тохиолдолд яаж хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг журамласан байдаг, гэтэл тус журмыг зөрчсөн. 629 тоот шийдвэр дээр Пүрэ финанс ББСБ нь 2013 онд Б.Энхзултай зээлийн гэрээ байгуулж мөн барьцааны гэрээ байгуулсан. 2014 онд дахин зээлийн, барьцааны гэрээ байгуулсан. 2013 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Б.Энхзул төлбөрийг нь төлчихсөн. Тэгэхээр 2013 онд байгуулсан зээлийн гэрээнд барьцаалагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн Улсын бүртгэлийн лавлагааны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь буруу болжээ. Энэ бол 2014 онд хийсэн зээлийн гэрээний дагуу дахин шинээр гэрээ хийх ёстой байтал тэр гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон байх учраас барьцаа хөрөнгө гэж хийж байгаа нь хууль бус тул Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн бид нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн. 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор хийсэн Ц.Сүлдгэрэлийн өмчлөлийн байрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар анхны албадан дуудлага худалдаатай холбогдуулан н.Энхзул болон өмчлөгч нар огт шүүхэд маргаан гаргаж байгаагүй. Гэтэл анхны албадан дуудлага худалдаа 2 удаа болсон. 2017 оны 11 дүгээр сард дахин болсон. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэг удаа болсон. 2 дахь удаа хийж байгаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 гэсэн заалтуудыг зөрчөөд байна. Тийм учраас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна оролцож байна. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-ыг үндэслэн тус үл хөдлөх эд хөрөнгөд үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд тус үл хөдлөх эд хөрөнгийг оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Батдэлгэрийн Энхзулаас 148 123 200 төгрөгийг гаргуулж Пүре финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр 84 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 171/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 171/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эд хөрөнгийн үнийн санал авахад үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг 88 000 000 төгрөгөөр тогтоосон байна. Эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Энхзул өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарт 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 тоот албан бичгээр хүргүүлж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Төлбөр төлөгч Б.Энхзул нь эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 00564 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Энхзул нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион явуулсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХГ2018/00522 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэр, 1592 дугаар гүйцэтгэх баримт бичгийг хүчин төгөлдөр бусд тооцсон эрх зүйн акт гараагүй байна. Нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 629 тоот шийдвэрт гомдол гаргаад байгаа юм шиг харагдаад байна. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэг болоод байгаа зүйл энэ шийдвэрийн 2 дахь заалтад байгаа 2014 оны зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгосон гэдэг байна. Шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр гомдол гаргах хугацаа дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг одоо, өнөөдөр энд яриад байгаа нь зохимжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллагаас 2 анхны албадан удаа дуудлага худалдаа зарласан. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага худалдааны тогтоол гарсан боловч дуудлага худалдаанаас өмнө шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарч анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж үргэлжлүүлж явах ямар ч боломжгүй болсон гэсэн үг. Мөн дуудлага худалдаа болоогүй учир дуудлага худалдааны тэмдэглэлд гарахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны түдгэлзүүлсэн захирамжийг манайх захирамж гарсан тэр өдөрт нь хүлээгээд авсан байдаг юм. Хэрэгт түдгэлзүүлэх захирамж байгаа. Бичилт нь захирамж дээр хийгдсэн байдаг. Иймд нэхэмжлэгч Ц.Сүлдгэрэлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Сүлдгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Сүлдгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 149 021 766 төгрөг гаргуулж, Пүре финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт Б.Энхзул болон Пүре финанс ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад Б.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр, 84 тоот, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдсэн. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад яагаад миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийгээд байгааг ойлгохгүй байна. Би Пүре финанс ББСБ ХХК-иас зээл аваагүй. Б.Энхзул гэж хүн зээл авсан. Энэ төлбөрийг Б.Энхзул төлөх нь зүйтэй. Мөн 2013 оны Б.Энхзул гэрээ байгуулж 90 000 000 төгрөгийн зээл авч, тус зээлийг төлж дууссан. Тухайн зээлийг авахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалсан байдаг. 2014 онд хийсэн шинэ зээлийн гэрээнд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй, барьцаалсан тухай ямар нэгэн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө гэж үзэж Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, орон сууцад хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн надад дуудлага худалдааны талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэл тогтоол хүргүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.3, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т зааснаар мэдэгдэж тус худалдаанд оруулах байтал оруулаагүй. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Ц.Сүлдгэрэлийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаа надад мэдэгдэлгүй оруулсан болохыг мэдлээ. Уг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.3-т "... албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ ..." гэснийг, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т "... анхны үнэ ..." гэснийг /үнэлгээг талуудад мэдэгдээгүй байж/, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "... албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдааг эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ ..." гэснийг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, орон сууцыг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан болно. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Сүлдгэрэл нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө хураах, битүүмжлэх, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 148 123 200 төгрөг гаргуулж Пүре финанс ББСБ ХХК-д олгуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах, Б.Энхзул, Д.Мөнхтуяа, Ц.Сүлдгэрэл нарын өмчлөлийн 40 м.кв талбай бүхий орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр битүүмжлэн, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан байх бөгөөд эдгээр ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэжээ. /хх-ийн 107, 108-110 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдээгүй гэх боловч энэхүү гомдол нь үндэслэлгүй бөгөөд анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 3/26455 дугаар албан бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгч Ц.Сүлдгэрэл нь мэдэгдэлд гарын үсэг зурсан нь хэргийн 122-р талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Харин зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамаарах цаг хугацаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэрийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ