| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2026/0576/З |
| Дугаар | 128/ШШ2026/0630 |
| Огноо | 2026-06-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0630
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* /РД:*******/
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ын гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г******* /цахим/, хариуцагч Ж.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. *******өөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ад холбогдуулан “…Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага тус шүүхэд гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас гомдлын шаардлагыг өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх гомдлын шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас *******д “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн *******дугаартай гэрчилгээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгож[1], тус төв нь *******дүүргийн хүн амд хоёрдогч шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
2.2. Иргэн Р.Ц*******гээс Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд “…Манай 6 настай хүүхдийн мэдээллийг ашиглаж эмчийн үзлэг бичиж ЭМД ашигласан байна. Манай хүүхэд сүүлийн 6 сарын хугацаанд *******-ийн Эрүүл мэндийн төв эмнэлэг дээр ямар ч үйлчилгээ аваагүй бөгөөд шүдний үзлэг эмчилгээг байнга хувийн эмнэлэгт ханддаг. Е-Монголиагаас өөрийнхөө мэдээллийг шалгаж байхдаа сая мэдээд тухайн эмнэлэг рүү холбогдтол эмчээсээ асуу бид мэдэхгүй гээд хүлээж авахгүй байна.Тиймээс энэ асуудлыг ЭМДЕГ-аас шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг гаргасан.
2.3. Дээрх гомдлыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 16 минутад хүлээн авч, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байдаг.[2]
2.4. Хариуцагч улсын байцаагчаас дээрх гомдлын дагуу шалгахад, ******* нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Нийтийг хамарсан аян хэлбэрээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй” гэж заасныг зөрчсөн ... эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж санхүүжилт авсан буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил үйлдсэнийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэл үйлдсэн байна.[3]
2.5. Гомдол гаргасан иргэн Р.Ц*******гээс 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд “…Е-Монголиа системд миний хүү *******өөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан гэх мэдээлэл бүртгэгдсэн байсан ... манай хүү тус төвөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй, үзүүлж байгаагүй ... тус төвийн даатгал хариуцсан эмчтэй холбогдоход үзлэгийн талаар мэдээлэл өгөөгүй ... дээрх хууль бус үйлдэл дахин давтагдахгүй байхад анхаарч, холбогдох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна ... эрүүл мэндийн даатгалын сангаас хууль бусаар санхүүжилт авахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүсье” гэж мэдүүлсэн тэмдэглэл зөрчлийн хэрэгт авагдсан байна.[4]
2.6. Хариуцагч улсын байцаагчаас 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зөрчилд холбогдогч *******ийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Б*******ыг тогтоож, эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдсэн.[5]
2.7. Зөрчилд холбогдогч *******ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б*******аас 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авахад “…*******сургуулийн нийт 8439 гаруй сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэгийг төлөвлөсөн ... хүүхдийн эмч 3 сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдад дотрын үзлэг, арьс харшлын үзлэгийг хийж гүйцэтгэсэн ... сэтгэл зүйч 10 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн ... шүдний эмч 3 сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эцэг эхийн зөвшөөрлөөр фторт түрхлэг хийсэн ... үзлэгт хамрагдсан хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд нэхэмжилж санхүүжилт авсан ... шүдний үзлэгийг бүх хүүхдүүдэд үзлэг хийж, эрүүл мэндийн даатгалын цахим систем рүү шивсэн” гэх мэдүүлгийг өгсөн.[6]
2.8. Зөрчилд холбогдогч *******өөс зөрчлийн хэрэгт хамаарах 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Эрүүл, аюулгүй сургууль” төсөл хэрэгжүүлсэн тухай илтгэх хуудас[7], *******дүүргийн *******дугаар сургуулийн сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн тухай тайлан[8], 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/158 дугаартай албан бичгийн хавсралтаар[9] *******дүүргийн *******дугаар сургуулийн сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн талаарх баримтууд зөрчлийн хэрэгт авагдсан байдаг.
2.9. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******аас 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч *******ийг Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж 2000 нэгж буюу 2 000 000 төгрөгийн торгох, 280 512 000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийтгэл ногдуулсан.[10]
2.10. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас “...шийтгэлийн хуудаст хуулийн заалтыг 10.13 дугаар зүйлийн 10.13.2 гэж бичилтийн алдаа гаргасан байна. Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 10.19.2-т заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулсан” гэж тайлбарладаг.
2.11. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, *******өөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад, тус газрын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/1043 дугаартай албан бичгээр “…эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хэвээр үлдээх асуудлаар тусгайлсан шийдвэр гаргах эрх тус газарт байхгүй болно” гэх хариуг өгсөн.[11]
2.12. Гомдол гаргагчийн зүгээс “...Хариуцагчаас зөрчлийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй ... шийтгэлийн хуудсанд иргэний гаргасан гомдлын дагуу шалгалт явуулсан талаар дурдсан боловч 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөрийг ямар аргачлал, ямар нотлох баримт, хэдэн тохиолдолд үндэслэн тогтоосон талаар тодорхой дурдаагүй ... шийтгэлийн хуудсанд "*******дүүрэг нь нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан болох нь мэдүүлэг болон цахим системийн баримтаар тогтоогдсон" гэж дурдсан нь тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бодитоор явагдсан болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Ийм нөхцөлд бүхэлд нь 280,512,000 төгрөгийг "хохирол, нөхөн төлбөр" гэж тооцсон нь бодит нөхцөл байдал, нотлох баримтад нийцээгүй гэж үзэж байна. Захиргааны акт бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.13. Хариуцагчийн зүгээс “...2025 оны 09,10 дугаар сард хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2026 оны 03 дугаар сар хүртэл хуурамч нэхэмжлэл үүсгэж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авсан нь тогтоогдсон ... Сурагчдад үзлэг хийгээгүй хуурамч нэхэмжлэл үүсгэж, давхардуулан санхүүжилт авсан нь тогтоогдсон. Нийт 42,581 удаагийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр илгээсэн нь цахим систем болон нэхэмжлэлийн хяналтын үр дүнгээр баримтжуулагдсан. Төрийн байгууллага, хуулийн этгээд санхүүгийн хүндрэлтэй байгаа нь хууль бусаар олсон орлогыг (санхүүжилтийг) эгүүлэн төлөх, зөрчилд оногдуулсан шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Улсын байцаагчийн тогтоосон 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөр нь нэхэмжлэгч байгууллагаас эрүүл мэндийн даатгалын цахим системд илгээсэн нийт 42,581 удаагийн нэхэмжлэлд үндэслэсэн.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “…Маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С******* нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №0768196 дугаартай шийтгэлийн хуудсаар *******Эрүүл мэндийн төвд Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулж, 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч шийтгэлийн хуудсанд хэрэглэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөр төлөөгүйтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой харилцаанд хамаарахгүй байна. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "хуульд заасан үндэслэл байхгүй" захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны байгууллагаас зөрчлийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байна. Шийтгэлийн хуудсанд иргэн Р.Ц*******гийн гаргасан гомдлын дагуу шалгалт явуулсан талаар дурдсан боловч 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөрийг ямар аргачлал, ямар нотлох баримт, хэдэн тохиолдолд үндэслэн тогтоосон талаар тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн шийтгэлийн хуудсанд "*******дүүрэг нь нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан болох нь мэдүүлэг болон цахим системийн баримтаар тогтоогдсон" гэж дурдсан нь тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бодитоор явагдсан болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн агуулгатай байна. Ийм нөхцөлд бүхэлд нь 280,512,000 төгрөгийг "хохирол, нөхөн төлбөр" гэж тооцсон нь бодит нөхцөл байдал, нотлох баримтад нийцээгүй гэж үзэж байна.
Захиргааны акт бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй байна. Манай байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас авах авлагатай, мөн үйл ажиллагааны хуримтлагдсан өр төлбөртэй нөхцөлд хэвийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа болно. Ийм нөхцөлд 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөрийг богино хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан "бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй" захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №0768196 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “…Нэхэмжлэгч байгууллагын 01/158 дугаар албан бичгээр ирүүлсэн *******дүүргийн *******дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн 5600 сурагчдын урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн сурагчдын нэрс болон регистрийн дугаар бүхий дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын цахим системд нэхэмжилсэн нэхэмжлэлтэй тулгалт хийсэн. Цахим системээс тулгалт хийхэд *******эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 9.5-д "Нийтийг хамарсан аян хэлбэрээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй" гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн 2025 оны 09,10 дугаар сард хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгийг 2026 оны 03 дугаар сар хүртэл хуурамч нэхэмжлэл үүсгэж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авсан нь тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч байгууллагаас *******эрүүл мэндийн төвийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/160 дугаартай албан бичгээр хууль ёсны төлөөлөгчөөр шүдний их эмч Г.Т*******ыг томилсон боловч тус эмч нь БНСУ-руу явах хойшлуулшгүй ажилтай болсон тул мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. Улмаар *******эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.М******* нь хууль ёсны төлөөлөгчөөр Төлөвлөлтийн албаны дарга Т.Б*******ыг дахин томилсон. Гэвч хууль ёсны төлөөлөгч нь "Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан эмч Т.Т*******аас үзлэгийн талаар мэдээлэл авсны дараа мэдүүлэг өгнө" хэмээн ажиллагааг удаашруулсан.
ЭМДЕГ-ын цахим системд сурагчдын регистрээр шүүж үзэхэд амбулаторийн үзлэг, хяналт, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ (611300023 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 20,000 төгрөг, 621300024 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 15,000 төгрөг) болон сэтгэл зүйн үзлэг, зөвлөгөө (621300021 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 20,000 төгрөг) оношийн хамааралтай бүлгээр 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 03 дугаар сарын (2025 оны 10 дугаар сарын 17, 27, 23, 30-ны өдрүүдэд 2026 оны 1 дүгээр 20, 3 дугаар сарын 05-ны өдөр) хооронд *******дүүргийн 75,15,18 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдад үзлэг хийгээгүй хуурамч нэхэмжлэл үүсгэж, давхардуулан санхүүжилт авсан нь тогтоогдсон. Нийт 42,581 удаагийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр илгээсэн нь цахим систем болон нэхэмжлэлийн хяналтын үр дүнгээр баримтжуулагдсан.
Нэхэмжлэгч байгууллага нь Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болох нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Зөрчилд холбогдогч нь хяналт шалгалтын явцад гаргасан зөрчил, нөхцөл байдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №0768196 дугаартай шийтгэлийн хуудсаар 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл, 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасан "бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй" гэдэгт тухайн актыг гүйцэтгэх физик болон техникийн боломж огт байхгүй (жишээ нь: байхгүй зүйлийг устгах, хууль бус үүрэг хүлээлгэх гэх мэт) нөхцөлийг ойлгодог. Харин нэхэмжлэгчийн тайлбарлаж буй "санхүүгийн хүндрэл" эсвэл "төсөв хүрэлцэхгүй" байгаа нөхцөл байдал нь захиргааны актыг илт хууль бус гэж үзэх "биелэгдэх боломжгүй" байдалд хамаарахгүй. Төрийн байгууллага, хуулийн этгээд санхүүгийн хүндрэлтэй байгаа нь хууль бусаар олсон орлогыг (санхүүжилтийг) эгүүлэн төлөх, зөрчилд оногдуулсан шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Улсын байцаагчийн тогтоосон 280,512,000 төгрөгийн нөхөн төлбөр нь нэхэмжлэгч байгууллагаас эрүүл мэндийн даатгалын цахим системд илгээсэн нийт 42,581 удаагийн нэхэмжлэлд үндэслэсэн. Дараах тусламж, үйлчилгээний төрлөөр нэхэмжлэл үүсгэж, санхүүжилт авсан болохыг тогтоосон. Үүнд:
Амбулаторийн үзлэг, оношилгоо (611300023) нэг удаагийн тохиолдол бүрт 20,000 төгрөг;
Амбулаторийн үзлэг, оношилгоо (621300024) Нэг удаагийн тохиолдол бүрт 15,000 төгрөг;
Сэтгэл зүйн үзлэг, зөвлөгөө (621300021) Нэг удаагийн тохиолдол бүрт 20,000 төгрөгийг тус тус даатгалын сангаас нэхэмжилсэн байна.
Дээрх нөхөн төлбөрийн дүн нь даатгуулагчдад тусламж, үйлчилгээг үзүүлээгүй боловч давхардуулан (2025 оны 10 дугаар сараас 2026 оны 3 дугаар сарын хооронд) нэхэмжлэл үүсгэж даатгалын сангаас санхүүжилт авсан нь цахим системийн тулгалтаар тооцож гаргасан болно. Хууль бусаар авсан санхүүжилтийг буцаан төлүүлэх нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль үндсэн нөхцөл юм.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Зөрчлийг хүлээн зөвшөөрч шийтгэл хүлээсэн атлаа дараа нь "төлбөр өндөр байна" гэх шалтгаанаар актыг биелэгдэх боломжгүй гэж үзэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцэхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь даатгуулагчдын мөнгө бөгөөд уг сангаас үндэслэлгүйгээр санхүүжилт авсан үйлдлийг таслан зогсоох, хохирлыг нөхөн төлүүлэх нь улсын байцаагчийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар энэхүү актыг биелүүлэхээс татгалзах нь нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч *******ийг Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж 2000 нэгж буюу 2 000 000 төгрөгийн торгох, 280 512 000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийтгэл ногдуулжээ.
2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас “...шийтгэлийн хуудаст хуулийн заалтыг 10.13 дугаар зүйлийн 10.13.2 гэж бичилтийн алдаа гаргасан байна. Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 10.19.2-т заасны дагуу зөрчлийн шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан.
3. Гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа “2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч гомдлын шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг дурдан маргаж байна.
5. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлэлээ.
6. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Тодруулахад:
7. Зөрчилд холбогдогч *******ийн хууль ёсны төлөөлөгч Т.Б*******аас 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авахад “… *******сургуулийн нийт 8439 гаруй сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэгийг төлөвлөсөн ... хүүхдийн эмч 3 сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдад дотрын үзлэг, арьс харшлын үзлэгийг хийж гүйцэтгэсэн ... сэтгэл зүйч 10 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн ... шүдний эмч 3 сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эцэг эхийн зөвшөөрлөөр фторт түрхлэг хийсэн ... үзлэгт хамрагдсан хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системд нэхэмжилж санхүүжилт авсан ... шүдний үзлэгийг бүх хүүхдүүдэд үзлэг хийж, эрүүл мэндийн даатгалын цахим систем рүү шивсэн” гэх мэдүүлгийг өгсөн.[12]
8. Зөрчилд холбогдогч *******өөс зөрчлийн хэрэгт хамаарах 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Эрүүл, аюулгүй сургууль” төсөл хэрэгжүүлсэн тухай илтгэх хуудас[13], *******дүүргийн *******дугаар сургуулийн сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн тухай тайлан[14], 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/158 дугаартай албан бичгийн хавсралтаар[15] *******дүүргийн *******дугаар сургуулийн сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн талаарх баримтууд зөрчлийн хэрэгт авагдсан байна.
9. Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******аас 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч *******ийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж 2000 нэгж буюу 2 000 000 төгрөгийн торгох, 280 512 000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийтгэл ногдуулжээ.
10. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.
11. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Нийтийг хамарсан аян хэлбэрээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй.” гэж зохицуулжээ.
12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь нийтийг хамарсан аян хэлбэрээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байхаар заасан байна.
13. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтыг зөрчиж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авсан бол зөрчилд тооцогдох юм.
14. Маргаан бүхий энэ тохиолдолд, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, гомдол гаргагч ******* нь *******дүүргийн *******сургуулийн сурагчдад 2025 оны 09, 10 дугаар сард нэг удаа хийсэн байх бөгөөд үүнийгээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн, түүнчлэн, амбулаторийн үзлэг, хяналт, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ (611300023 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 20,000 төгрөг, 621300024 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 15,000 төгрөг) болон сэтгэл зүйн үзлэг, зөвлөгөө (621300021 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 20,000 төгрөг) оношийн хамааралтай бүлгээр 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 03 дугаар сарын (2025 оны 10 дугаар сарын 17, 27, 23, 30-ны өдрүүдэд 2026 оны 1 дүгээр 20, 3 дугаар сарын 05-ны өдөр) хооронд *******дүүргийн 75,15,18 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдад үзлэг хийгээгүй хуурамч нэхэмжлэл үүсгэж, давхардуулан санхүүжилт авсан нь тогтоогдож, нийт 42,581 удаагийн нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр илгээсэн нь цахим систем болон нэхэмжлэлийн хяналтын үр дүнгээр баримтжуулагдсан байна.
15. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
16. Дээрхээс үзвэл, хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа хууль хэрэглээний хувьд гомдол гаргагчийн гаргасан *******дүүргийн *******сургуулийн сурагчдад 2025 оны 09, 10 дугаар сард нэг удаа хийж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажиллагааг хийж, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулан энэ хугацаанд хамаарах хэсгээр нөхөн төлбөрийн тооцооллыг дахин хийж тогтоон, гомдол гаргагчаас гаргуулан авах нь зөв.
17. Харин амбулаторийн үзлэг, хяналт, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ (611300023 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 20,000 төгрөг, 621300024 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 15,000 төгрөг) болон сэтгэл зүйн үзлэг, зөвлөгөө (621300021 эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн 20,000 төгрөг) оношийн хамааралтай бүлгээр 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 03 дугаар сарын (2025 оны 10 дугаар сарын 17, 27, 23, 30-ны өдрүүдэд 2026 оны 1 дүгээр 20, 3 дугаар сарын 05-ны өдөр) хооронд *******дүүргийн 75,15,18 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдад үзлэг хийгээгүй хуурамч нэхэмжлэл үүсгэж, давхардуулан санхүүжилт авсан зөрчил нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан зөрчил биш, харин хуурамч нэхэмжлэх үүсгэж эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан зөрчил байх тул Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасан журмаар тухайлан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
18. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гомдол гаргагчийн эсрэг эрүүл мэндийн даатгалын санд /төрд/ учруулсан хохирлыг барагдуулах буюу гэм хорын эрх зүйн журмаар харьяалах Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
19. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудас нь шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй хууль хэрэглээний алдаатай байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 16-д заасан асуудлыг нэмэлт ажиллагаа хийж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
20. Шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолох бөгөөд тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.19 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргагч *******өөс гаргасан гомдлын шаардлагад дурдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч Ж.С*******ын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь энэ шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 16-д заасан нэмэлт ажиллагааг хийх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0768196 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 80-81 дэх тал
[2] 1Хх 33 дахь тал
[3] 1Хх 34 дэх тал
[4] 1Хх 28-29 дэх тал
[5] 1Хх 76 дахь
[6] 1Хх 38-39 дэх тал
[7] 1Хх 44-47 дахь тал
[8] 1Хх 48-75 дахь тал
[9] 1Хх 83-249 дэх тал
[10] 1Хх 79 дэх тал
[11] 1Хх 24 дэх тал
[12] 1Хх 38-39 дэх тал
[13] 1Хх 44-47 дахь тал
[14] 1Хх 48-75 дахь тал
[15] 1Хх 83-249 дэх тал