Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2026/0646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д******** /РД:********/ 

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудиторын хооронд үүссэн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, хохирол гаргуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М********,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О********, Б.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Д********гээс анх тус шүүхэд Монгол Улсын Ерөнхий аудитор болон Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороонд тус тус холбогдуулан “…1.Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот дүгнэлтийн Д.Д********д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; 2. Монгол улсын ерөнхий аудитор С.М********гийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгохнэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Тус шүүхийн  шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2026/1099 дугаартай захирамжаар нэхэмжлэгчээс Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан “…Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 тоот дүгнэлтийн Д.Д********д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “…Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М********аас хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан “…Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/373 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох; Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 3 сарын хугацаанд үндсэн цалингаас суутгасан 1,414,285.92 төгрөг болон Б/373 дугаар тушаалыг үндэслэн 1-р улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680 төгрөг нийт 2,768,965.92 төгрөгийг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 295 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Д********г ******** аймаг дахь Төрийн аудитын газарт шинжээчийн албан тушаалд томилж,  нэхэмжлэгч Д.Д******** нь  тус газарт аудитораар одоог хүртэл ажилладаг.

2.2. ******** аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********аас ******** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга болон нэр бүхий аудитор нарт холбогдуулан “…******** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/А/1270470 тоот төлбөр барагдуулах актыг хүчингүй болгуулах ... тус аймгийн Төрийн аудитын газрын удирдлагууд болох Р.********, Т.********нарын ёс зүй, харилцаа, хандлагад анхаарч цаашид бусад байгууллагын дарга нягтлангуудтай зөв боловсон харьцах ёс зүйтэй байх, тус газрын аудиторуудад хууль, журмыг нэг мөр ойлгож нэгдсэн нэг эрх зүйн акт гаргах тал дээр анхаарч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг Монгол Улсын Ерөнхий аудиторт 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байдаг.[1]

2.3. Дээрх гомдолтой нь холбогдуулан Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргагч Х.Г********[2] болон гомдолд холбогдогч Д.Д********[3] нараас ганцаарчилсан болон нүүрэлдэн[4] тайлбар мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн байна.

2.4. Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны даргаас дээрх гомдлыг хянан шалгах үүргийг тус хорооны гишүүдэд өгч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Гомдлыг хянан шалгасан тухай танилцуулга, дүгнэлтэд “…аудитор Д.Д******** нягтлан бодогч Х.Г********д өөрийнхөө даргыг Р.********  дарга руу яриулж асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан нь аудитор Д.Д******** нягтлан бодогч Х.Г******** нарын тайлбар, мэдүүлгээс нотлогдож байна” гэжээ.[5]

2.5. ******** аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********аас гаргасан гомдлыг Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дугаар хуралдаанаар хянан хэлэлцээд “…Ёс зүйн дэд хорооны хуралдаанаас аудитор  Д.Д******** “ёс зүйн зөрчил гаргасан” гэж бүх гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв.” гэж тэмдэглэлд тусгажээ.[6]

2.6. Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр “…******** аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.Д******** нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа зохисгүй байдал гаргаж Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********д өөрийнхөө даргыг Р.******** дарга руу яриулж асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан нь албан харилцааны ёс зүйг сахиагүй, албаны нэр хүндэд харшлах үйлдэл гаргаж, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь нотлох зүйлээр батлагдаж байгаа тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн  8.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан ёс зүйн нийтлэг шаардлагуудыг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байна.[7]

2.7. Дээрх дүгнэлт, байгууллагын дотоод журам болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Д********д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.[8]

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс “...Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийн үйлдлийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, албаны нэр хүндэд харшлах үйлдэл гаргасан гэж үзсэн. Гэтэл Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8.7-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа зохисгүй байдал гаргахгүй, бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийх үүргийг тогтоосон байдаг. Харин тус дүрмийн 3.1.4-т “зохисгүй байдал” гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ болон энэхүү дүрмийг зөрчсөн, эсхүл төрийн аудитын ажилтны хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхой заасан. Гэтэл эдгээр шинжүүдийн аль нь нэхэмжлэгчийн үйлдэлд хамаарч байгаа талаар огт тодорхойлоогүй, зөвхөн “зохисгүй харилцаа гаргасан” гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн ... нэхэмжлэгч албан тушаалаа ашигласан, эсхүл өөртөө давуу байдал бий болгосон гэх үйл баримт хэрэгт огт тогтоогдоогүй. Ёс зүйн дэд хороо чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бодит байдлыг бүрэн тогтоох, гомдолд дурдсан асуудлыг аль нэг талд давуу байдал олголгүй хараат бусаар шийдвэрлэх, нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, хуульд заасан хугацаанд ажиллагаагаа явуулан баримтжуулах, мөн сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй байтал энэ хэрэгт сонсох ажиллагаа зохих ёсоор явагдаагүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бодит боломжийг олголгүйгээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс “...Иргэн Х.Г********ын гомдолд аудитын явцад шалгагдагч байгууллагуудтай ёс зүйгүй харилцдаг, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргасан талаар, мөн аудитор Д.Д********тэй холбоотой зөрчлийг дэлгэрэнгүй дурдсан байдаг. Ёс зүйн дэд хорооноос томилогдсон ажлын хэсэг бүх нотлох баримтыг шинжлэн судалж, талуудтай бүх түвшинд уулзалт, ярилцлага хийсэн. Ёс зүйн дэд хорооны 9 дугаар хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч төрийн хяналтын дээд байгууллагад ажилладаг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, аудитаар илэрсэн зөрчлийг бусад этгээд хоорондоо ярилцан тохиролцож шийдвэрлэдэг мэт ойлголтыг иргэдэд төрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг. Үүний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий аудитор Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд тулгуурлан маргаан бүхий шийдвэрийг гаргасан ...гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******** аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2025 онд хоёр төрлийн аудит хийгдсэн. Төрийн аудитын тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн болон санхүүгийн аудит хийгддэг. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардалд хийсэн гүйцэтгэлийн аудитыг Д.Д******** хариуцан гүйцэтгэсэн байдаг. Энэхүү аудитын үйл ажиллагааг ******** аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Т.********2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 12 хоногийн хугацаанд хариуцан ахлан гүйцэтгэсэн. Харин уг аудитын үйл ажиллагаа, үр дүнг тэргүүлэх аудитор н.М******** баталгаажуулсан байдаг. Гомдол, маргаан нь юунаас үүссэн бэ гэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хийсэн аудитын дүнд сонгуулийн зардлыг 3,280,000 төгрөгөөр хэтрүүлсэн гэсэн агуулгатай албан шаардлага гаргасан. Харин энэхүү албан шаардлага нь акт уу, албан шаардлага уу гэдэг асуудал өөрөө маргаантай, зөрчилтэй байна. Тухайн аудитор аудитын үйл ажиллагаагаа гүйцэтгэж, албан шаардлага гаргасантай холбоотойгоор түүний эсрэг гомдол гаргаж, Ёс зүйн дэд хороонд хандсан байдаг. Гомдлын агуулга нь аудитор надтай зохисгүй харьцсан гэх үндэслэлтэй.

Ёс зүйн дэд хорооны чиг үүрэг нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын дагуу төрийн байгууллагад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ийнхүү Ёс зүйн дэд хороо нь үндсэн хоёр чиг үүргийнхээ хүрээнд хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг нэгж юм. Тус хороо нь нэгдүгээрт, гомдол, мэдээллийг хянан шалгаж дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Засаг дарга болон бусад этгээдээс гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудалд хамаарах эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргадаг. Хоёрдугаарт, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулдаг. Гуравдугаарт үйл ажиллагааныхаа тайланг гаргаж, дүгнэлтээ тайлагнадаг. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх тайлан, мэдээ гаргаж, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хорооны чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. 2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуулиар ёс зүйн зөрчлийг хөдөлмөрийн сахилгын болон бусад төрлийн зөрчлөөс ялгаж, ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд ялгамжтайгаар хариуцлага хүлээлгэх эрх зүйн механизмыг бүрдүүлсэн. Гэвч х********салтай нь төрийн захиргааны байгууллагууд энэ ялгааг харгалзахгүйгээр Төрийн албаны тухай хуулийг баримтлан, сахилгын арга хэмжээний санкцыг хэрэглэж, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********аас нэхэмжлэгчийг асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн дарга Р.********той холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх талаар санал тавьсан гэж гомдол гаргаж уг асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцсэн байдаг. Гэвч энэ ажиллагаанд анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тухайн гомдлыг 2025 оны 02 дугаар сард гаргасан атлаа 2025 оны 05 дугаар сард шалгаж, 2025 оны 09 дүгээр сард шийдвэр гаргасан байна. Харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэх ажиллагааны хугацааг хоногоор нарийвчлан хуульчилсан байдаг. Гэтэл ямар үндэслэлээр эхний шалгалтыг 60 хоногийн дараа эхлүүлж, цаашлаад нийт 222 хоногийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сард дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Ёс зүйн дэд хороо дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч Д.Д********гийн үйлдлийг ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, албаны нэр хүндэд харшлах үйлдэл гаргасан гэж үзсэн. Гэтэл Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8.7-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа зохисгүй байдал гаргахгүй, бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийх үүргийг тогтоосон байдаг. Харин тус дүрмийн 3.1.4-т “зохисгүй байдал” гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ болон энэхүү дүрмийг зөрчсөн, эсхүл төрийн аудитын ажилтны хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхой заасан. Гэтэл эдгээр шинжүүдийн аль нь Д.Д********гийн үйлдэлд хамаарч байгаа талаар огт тодорхойлоогүй, зөвхөн “зохисгүй харилцаа гаргасан” гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн байна. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх үүргийг хуульчилсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт энэ заалтыг үндэслэл болгож дурдсан байдаг. Гэвч уг заалт нь албаны нэр хүндийг хувийн зорилгоор ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох, албан тушаалаа ашиглан ажил үүргээсээ өөр байдлаар нөлөөлөх үйлдэлд хамаарах бөгөөд “би аудитор” гэж албан тушаалаа ашигласан, эсхүл өөртөө давуу байдал бий болгосон гэх үйл баримт хэрэгт огт тогтоогдоогүй. Ийм байхад ямар үндэслэлээр энэхүү хуулийн заалтыг хэрэглэснийг ойлгох боломжгүй байна.

Үүний дараа 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б/373 дугаар тушаал гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд сөрөг үр дагавар үүсгэдэг акт гэж тодорхойлсон байдаг. Энэ актыг гаргаснаар нэхэмжлэгчийн эдийн засгийн эрх ашиг хязгаарлагдаж, цалингийн 10 хувийг хасах нөхцөл бүрдсэн. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаа алдагдаж, чадахуйн зарчимд үндэслэн шатлан дэвших, үр дүнгийн урамшуулал авах болон бусад эрх нь хязгаарлагдах үр дагавар үүссэн. Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлалын дагуу Ёс зүйн дэд хороо чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бодит байдлыг бүрэн тогтоох, гомдолд дурдсан асуудлыг аль нэг талд давуу байдал олголгүй хараат бусаар шийдвэрлэх, нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, хуульд заасан хугацаанд ажиллагаагаа явуулан баримтжуулах, мөн сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл энэ хэрэгт сонсох ажиллагаа зохих ёсоор явагдаагүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах бодит боломжийг олголгүйгээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргасан байна.

Ёс зүйн дэд хороо нь шийтгэл оногдуулах байгууллага биш. Харин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Гэтэл бодит байдал дээр аливаа гомдлыг шууд хариуцлага тооцох үндэслэл болгон ашиглаж, хууль зүйн заалт хайж хэрэглэдэг байгууллага мэтээр үйл ажиллагаа явуулж байгаа нь х********салтай байна. Он дарааллыг авч үзвэл, гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч ярилцлагыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болон 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийт хоёр удаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл, гомдол гарснаас хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа анхны ажиллагааг эхлүүлсэн нь хэрэг хянан шалгах ажиллагааны хугацааны хувьд мөн эргэлзээ төрүүлж байна. Ёс зүйн дэд хорооны ажиллагааны он дарааллыг авч үзвэл, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаан болж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 11 дүгээр дүгнэлт гаргасан байна. Иймээс гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдаагүй нь тогтоогдож байна. Түүнчлэн ярилцлага явуулсан хугацаа нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан хугацааг ноцтой зөрчсөн. Мөн хуралдаан болсон өдөр болон дүгнэлт гаргасан өдрийн хооронд зөрүү байна. Ёс зүйн дэд хороо 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан атлаа дүгнэлтээ 11 хоногийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр албажуулан гаргасан. Гэтэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т гомдол, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа дүгнэлтээ хуульд заасан журмын дагуу гаргахыг зохицуулсан байдаг.

Уг дүгнэлтийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б/373 дугаар тушаалыг гаргаж, нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэх хариуцлагын төрлийг тодорхой заасан. Үүнд нээлттэй болон хаалттай сануулах, албан тушаалаас чөлөөлөх зэрэг арга хэмжээ тусгагдсан бөгөөд үндсэн цалинг бууруулах тухай зохицуулалт огт байхгүй. Гэтэл маргаан бүхий Б/373 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэл болгосон байна. Харин энэ заалт нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хэрэглэх сахилгын арга хэмжээний зохицуулалт бөгөөд уг хэрэгт хамаарахгүй. Түүнчлэн уг тушаалыг тайлбарлахдаа Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8.1, 8.7 дахь заалтыг үндэслэл болгосон байдаг. Гэвч тухайн дүрэмд “хуульд өөрөөр заагаагүй бол” гэсэн нөхцөлтэйгөөр сахилгын арга хэмжээг сонгон хэрэглэх талаар зохицуулсан байдаг. Харин энэ тохиолдолд хууль өөрөө ямар арга хэмжээ авахыг тусгайлан зохицуулсан байхад үндсэн цалинг бууруулах арга хэмжээг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь төрийн албанд 23 жилийн турш тасралтгүй ажиллаж, шатлан дэвшиж ирсэн бөгөөд ажлын гүйцэтгэл нь тогтмол 90-ээс дээш хувиар үнэлэгдэж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Ийм байхад түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндсөн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Мөн 2023 оны Улсын дээд шүүхийн 18 дугаар тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсгийг тайлбарлахдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын эрх зүйн үйлчлэл дууссан байсан ч тухайн акт хууль бус байсныг тогтоож болох бөгөөд үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, хор уршиг нь арилаагүй бол учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан байдаг. Иймд хариуцагч Д.Д********гийн үндсэн цалинг гурван сарын хугацаанд 10 хувиар бууруулах хууль зүйн үндэслэл байгаагүй бөгөөд энэ нь маргаан бүхий захиргааны актаар илэрхийлэгдэж байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Түүнчлэн төлөөлөгчийн зүгээс нэмж дурдахад, 2023 оны Улсын Дээд шүүхийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн захиргааны акт илт хууль бус шинжтэй нь тогтоогдвол шүүх илт хууль бус болохыг тогтоож болно гэж тайлбарласан. Иймд энэхүү нөхцөл байдлыг мөн харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлээрээ Монгол Улсын Ерөнхий аудиторын маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэн. Төрийн аудитын үйл ажиллагааг зөвхөн Төрийн аудитын тухай хуулиар зохицуулдаг. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зөвхөн энэ хуулиар тогтооно гэж заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт төрийн аудитын байгууллагын албан хаагч нь төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж зохицуулсан. Түүнчлэн Ёс зүйн тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, тухайлбал 16.1 дэх хэсэгт “хууль өөрөөр заагаагүй бол” гэж заасан байдаг. Харин Төрийн аудитын тухай хуулийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн найруулж баталсан бөгөөд төрийн аудитын байгууллагын албан хаагчийн хараат бус, бие даасан, зарчимч үйл ажиллагаа явуулах эдийн засаг, нийгмийн баталгааг хангахын зэрэгцээ хариуцлага, ёс зүйн асуудлыг тусгайлан зохицуулсан. Иймээс төрийн аудитын байгууллагын албан хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд ёс зүйн дүрмийг мөрдөх үүргийг мөн тусгайлан хуульчилсан байдаг. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлын тухайд шүүх нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдэл нь энэ маргааны үндсэн нөхцөл байдалтай холбоотой тул энэ талаар тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна.

Иргэн Х.Г******** нь ******** аймаг дахь Төрийн аудитын газрын нэр бүхий албан хаагчдад холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт гомдол гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхий аудитор гомдлыг хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах чиг үүрэг бүхий Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Ёс зүйн дэд хорооноос ажлын хэсэг байгуулан шалгалт явуулсан. Иргэн Х.Г********ын гомдолд аудитын явцад шалгагдагч байгууллагуудтай ёс зүйгүй харилцдаг, ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргасан талаар, мөн аудитор Д.Д********тэй холбоотой зөрчлийг дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тухайлбал, баримт авахаар очиход нь “Энэ гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг би шийдвэрлэх боломжгүй. Танай дарга манай даргатай сайн харилцаатай учраас ороод гуйлгуулчихвал шийдвэр өөрчлөгдөнө” гэсэн агуулгатай зүйл ярьсан гэж гомдолдоо тусгасан. Ёс зүйн дэд хорооноос томилогдсон ажлын хэсэг бүх нотлох баримтыг шинжлэн судалж, талуудтай бүх түвшинд уулзалт, ярилцлага хийсэн. Хэрэгт нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, гомдол гаргасан иргэн Х.Г********ын тайлбар, мөн гомдол гаргагч болон гомдолд холбогдогч нартай хамтарсан уулзалт хийсэн тэмдэглэлүүд авагдсан байдаг. Үүний дараа Ёс зүйн дэд хороо гомдол хянан шалгасан ажлын хэсгийн тайлантай танилцаж, нөхцөл байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр Ёс зүйн дэд хорооны 9 дүгээр хуралдааныг зохион байгуулсан. Уг хуралдаанд аудитор Д.Д******** буюу нэхэмжлэгч өөрөө оролцсон. Хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч төрийн хяналтын дээд байгууллагад ажилладаг, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагчийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргаж, аудитаар илэрсэн зөрчлийг бусад этгээд хоорондоо ярилцан тохиролцож шийдвэрлэдэг мэт ойлголтыг иргэдэд төрүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг. Үүний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий аудитор Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд тулгуурлан маргаан бүхий шийдвэрийг гаргасан.

Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрэм нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд зөвхөн төрийн аудитын байгууллагын албан хаагч төдийгүй аудитын үйл ажиллагаанд оролцож байгаа иргэн, хуулийн этгээд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн ёс зүйн дүрэмд “зохисгүй байдал” гэдэг ойлголтыг тодорхойлсон байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэсэн агуулгаар дүгнэлт хийгээгүй бөгөөд үүнийг гуйвуулан тайлбарлахгүй байхыг хүсэж байна. Ёс зүйн дүрэмд зааснаар зохисгүй байдал гэдэг нь хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны журам, ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөн, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн хараат бус, зарчимч, төвийг сахисан байдлыг алдагдуулах аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж зохицуулсан байдаг. Хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа байгууллага болон түүнийг төлөөлөн ажиллаж байгаа албан хаагчдын хувьд шалгагдагч этгээд, иргэн болон бусад этгээдэд хяналт шалгалтын үйл явц, үр дүнг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж байгаа талаар үндэслэл бүхий, зохистой тайлбар өгөх үүргийг бусад хууль тогтоомжоор мөн хүлээлгэсэн байдаг. Төрийн аудитын байгууллагын албан хаагч нь Ёс зүйн дүрмийн 8.7-д зааснаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа зохисгүй байдал гаргахгүй байх, түүнчлэн бусдад тийм ойлголт төрүүлэхээс зайлсхийх үүрэгтэй гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчийн Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн асуудлыг л маргаж байгаа болохоос маргаан бүхий тушаал өөрөө хууль бус, үндэслэлгүй гэж маргаагүй. Харин ёс зүйн зөрчилтэй холбоотой дүгнэлтийг хүчингүй болгуулах, улмаар уг дүгнэлт хүчингүй болсон тохиолдолд түүнд үндэслэн гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгатай шаардлага гаргасан. Сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хэлэх нь зүйтэй. Аудитор Д.Д******** нь төрийн аудитын байгууллагад нийт 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд шатлан дэвших зарчмаар өөр албан тушаалд дэвшин томилогдож байгаагүй, анх томилогдсон албан тушаалдаа ажиллаж байна. Мөн ******** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулсан. Иймээс нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд сахилгын шийтгэлтэй хугацаа нь үргэлжилж байгаа тул 2026 оны 1 дүгээр улиралд олгох байсан үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Д********гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/373 дугаартай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

1.1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, ******** аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********аас ******** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга болон нэр бүхий аудитор нарт холбогдуулан “…******** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/А/1270470 тоот төлбөр барагдуулах актыг хүчингүй болгуулах ... тус аймгийн Төрийн аудитын газрын удирдлагууд болох Р.********, Т.********нарын ёс зүй, харилцаа, хандлагад анхаарч цаашид бусад байгууллагын дарга нягтлангуудтай зөв боловсон харьцах ёс зүйтэй байх, тус газрын аудиторуудад хууль, журмыг нэг мөр ойлгож нэгдсэн нэг эрх зүйн акт гаргах тал дээр анхаарч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг Монгол Улсын Ерөнхий аудиторт 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан.

1.2. Дээрх гомдолтой нь холбогдуулан Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргагч Х.Г********[9] болон гомдолд холбогдогч Д.Д********[10] нараас ганцаарчилсан болон нүүрэлдэн[11] тайлбар мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн байна.

1.3. Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны даргаас дээрх гомдлыг хянан шалгах үүргийг тус хорооны гишүүдэд өгч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Гомдлыг хянан шалгасан тухай танилцуулга, дүгнэлтэд “…аудитор Д.Д******** нягтлан бодогч Х.Г********д өөрийнхөө даргыг Р.********  дарга руу яриулж асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан нь аудитор Д.Д******** нягтлан бодогч Х.Г******** нарын тайлбар, мэдүүлгээс нотлогдож байна” гэжээ.[12]

1.4. ******** аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********аас гаргасан гомдлыг Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дугаар хуралдаанаар хянан хэлэлцээд “…Ёс зүйн дэд хорооны хуралдаанаас аудитор  Д.Д******** “ёс зүйн зөрчил гаргасан” гэж бүх гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэв.” гэж тэмдэглэлд тусгажээ.[13]

1.5. Төрийн байгууллагын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтээр “…******** аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.Д******** нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа зохисгүй байдал гаргаж Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********д өөрийнхөө даргыг Р.******** дарга руу яриулж асуудлыг шийдвэрлэх талаар санал тавьсан нь албан харилцааны ёс зүйг сахиагүй, албаны нэр хүндэд харшлах үйлдэл гаргаж, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь нотлох зүйлээр батлагдаж байгаа тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн  8.7, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан ёс зүйн нийтлэг шаардлагуудыг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байна.[14]

1.6. Дээрх дүгнэлт, байгууллагын дотоод журам болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Д********д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна

1.7. Захиргааны хэргийн шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийг хянах замаар эрх зүйн маргааныг шийдвэрлэх зарчимтай.

1.8. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Д********д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулахдаа хууль зүйн голлох үндэслэлдээ Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.3 дахь заалт, 48.4 дэх хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг тус тус үндэслэжээ.

1.9. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэл буюу тушаалын нэгдүгээр заалтад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэсэн.

1.10. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгасан болох нь тогтоогдож байна.

1.11. Энэхүү эрх зүйн маргааны тухайд, төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн зөрчил, сахилгын зөрчлийг зааглан ялгах асуудал болон хууль хэрэглээний асуудал хөндөгдөж, талууд энэ хүрээнд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт маргасан тул шүүх дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтийг хийж байна. Тодруулахад:

1.12. Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт “Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.

1.13. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /цаашид "төрийн албан хаагч" гэх/ хамаарна.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага гэж энэ хуульд заасан ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг.” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ:” гээд, мөн зүйлийн 8.1.7 дахь заалтад “албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх.” гэж тус тус зохицуулжээ.

1.14. Цаг хугацааны хувьд авч үзэхэд, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан байх бөгөөд эндээс үзвэл төрийн албан хаагчийн сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчлийн хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын орчин Төрийн аудитын тухай хууль болон Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийг батлах үеэс өөрчлөгдсөн болохыг хариуцагч анхаарах ёстой байна.

1.15. Өөрөөр хэлбэл, Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсэгт “Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан эрх зүйн хэм хэмжээний “... бусад хууль тогтоомжид заасны дагуу ...” гэх хэсэгт Улсын Их Хурлаас сүүлд баталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль хамаарна.

1.16. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий захиргааны актын бодит үндэслэлд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг хэрэглэн, энэ агуулгаараа нэхэмжлэгчийг “албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх” үүргийг зөрчсөн гэж буруутгаж байгаа энэ тохиолдолд хууль хэрэглээний хувьд үүнийг “ёс зүйн зөрчил” гэх категорит хамааруулах бөгөөд энэхүү зөрчил тогтоогдсон гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг хэрэглэх бус, харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн аль тохирох хариуцлагыг хэрэглэх ёстой байсан гэж үзнэ.

1.17. Учир нь, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна:” гээд, мөн зүйлийн 16.1.1-16.1.4 дэх заалтад “гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох; өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах; Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах.” ёс зүйн хариуцлагын аль тохирохыг хүлээлгэхээр хуульчилсан байна.

1.18. Мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол тухайн хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах нийтлэг үүргийг хүлээнэ:”, 8.2 дахь хэсэгт “Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно:” гэж заасан.

1.19. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төрийн аудитын байгууллагын албан хаагч нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37, 39 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргүүдийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан үүргүүдийн хамт үйл ажиллагаандаа баримталж ажиллах ёстой болох нь тодорхой боловч хэрвээ тухайн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан үүргийг зөрчсөн гэж хариуцагч үзсэн бол Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар, харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үүргийг зөрчсөн гэж үзсэн бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай байна.

1.20. Иймд маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор нь нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа атлаа Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтад зааснаар “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй буюу хууль бус байсан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх дүгнэлээ.

1.21. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг “албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх” зөрчил гаргасан гэж буруутгахдаа ******** аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Х.Г********аас ******** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга болон нэр бүхий аудитор нарт холбогдуулан “…******** аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/А/1270470 тоот төлбөр барагдуулах актыг хүчингүй болгуулах ... тус аймгийн Төрийн аудитын газрын удирдлагууд болох Р.********, Т.********нарын ёс зүй, харилцаа, хандлагад анхаарч цаашид бусад байгууллагын дарга нягтлангуудтай зөв боловсон харьцах ёс зүйтэй байх, тус газрын аудиторуудад хууль, журмыг нэг мөр ойлгож нэгдсэн нэг эрх зүйн акт гаргах тал дээр анхаарч өгнө үү” гэх агуулга бүхий гомдлын агуулга, уг гомдлыг хэнд холбогдуулж гаргасныг Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороо тодорхой тогтоогоогүй болохыг анхаараагүй, энэ нь шүүхээс гэрчид хууль сануулан мэдүүлэг авахад гэрч Х.Г******** “... Би анхнаасаа аудитор Д.Д********д холбогдуулан гомдол гаргаагүй. ******** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Р.********, менежер Т.********нарт холбогдуулан гомдол гаргасан ...”[15] гэсэн мэдүүлгээр тогтоогдов.

1.22. Хариуцагч нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтэд үндэслэж, зөрчил гаргасан этгээдэд зөрчлийн шинж байдалд нийцүүлэн хуульд өөрөөр заагаагүй бол ёс зүйн хариуцлага хүлээлгэх;” гэж зааснаар маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Д******** болон гомдол гаргагч Х.Г******** нартай хийсэн уулзалтын тэмдэглэлүүдэд[16] тайлбар өгсөн хүмүүсийн гарын үсэг зурагдаагүй буюу нотлох баримтаар үнэлэх шаардлага хангаагүй байхад түүнийг анхааралгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан нь буруу.

1.23. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд нэмэлт шалгалт хийх шаардлагатай бол 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.” гэж заасан ёс зүйн зөрчлийг шалган тогтоох хугацааг Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хороо хэтрүүлсэн байхад түүнийг нягтлалгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан нь хуульд нийцсэнгүй.[17]

1.24. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/373 дугаартай “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал хууль бус байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжээд дууссан буюу нэхэмжлэгч Д.Д********гийн албан тушаалын цалингийн суутгал хийгдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ... бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж зааснаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1.25. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.14-1.15-д заасан эрх зүйн дүгнэлтийг цаашид үйл ажиллагаандаа анхаарч, Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн мөрдөх ёс зүйн дүрмийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг тухайлан тэмдэглэж байна.

Хоёр. Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 3 сарын хугацаанд үндсэн цалингаас суутгасан 1,414,285.92 төгрөг болон Б/373 дугаар тушаалыг үндэслэн 1-р улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680 төгрөг, нийт 2,768,965.92 төгрөгийг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

2.1. Шүүх энэхүү маргааны нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/373 тоот тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

2.2. Шүүхийн шийдвэрээр хууль бус байсан болох нь тогтоогдсон маргаан бүхий Б/373 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Д.Д********гийн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 10 хувиар бууруулсан бөгөөд энэ нь биелэгдсэн байх тул шүүх тухайн хугацааны суутгагдсан цалин болох 1,414,285.92 төгрөгийг[18] хууль бус суутгал гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

2.3. Харин маргаж буй Б/373 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн 2026 оны 1-р улирлын үр дүнгийн урамшууллын дүн болох 1,354,680.00 төгрөгийг хасаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.3, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д********гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Монгол Улсын Ерөнхий аудиторын  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Д.Д********д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/373 дугаартай тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох 3 сарын хугацаанд албан тушаалын цалингаас суутгасан 1,414,285.92 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун наян таван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, үлдэх шаардлага болох “Б/373 дугаартай тушаалыг үндэслэн 2026 оны 1-р улирлын үр дүнгийн урамшууллаас хассан 1,354,680.00 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн цалингийн дансанд 1,414,285.92 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун наян таван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг шилжүүлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 29-32 дахь тал

[2] Хх 82-87 дахь тал

[3] Хх 88-96 дахь

[4] Хх 170-179 дэх тал

[5] Хх 33-41 дэх тал

[6] Хх 42-58 дахь тал

[7] Хх 59-61 дэх тал

[8] Хх 27 дахь тал

[9] Хх 82-87 дахь тал

[10] Хх 88-96 дахь

[11] Хх 170-179 дэх тал

[12] Хх 33-41 дэх тал

[13] Хх 42-58 дахь тал

[14] Хх 59-61 дэх тал

[15] Хх 135 дахь тал

[16] Хх 82-96 дахь тал

[17] Гомдол гаргагч Х.Г******** нь Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан өөрийн гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн дэд хорооноос 2025 оны 05 дугаар сард ажиллагаа явуулан шалгаж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт гаргасан байна.

[18] Хх 143 дахь тал