Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 150/ШШ2025/00331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....... аймаг, ...... сум, ........ дугаар, багийн ...... тоотод оршин суух иргэн ...... овогт ........ (РД:.........)  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ...... аймаг, ...... сум, ........ дүгээр баг, ........ тоот ......... (РД:.......) холбогдох  41,810,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагч .......... сөрөг нэхэмжлэлтэй .......... холбогдох 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 1377 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ........, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ (цахимаар),  гэрч ......... (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

........ нь хариуцагч .......... холбогдуулан 41,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ:

......... би 2023 оны 10 сарын 05-нд ........ гэдэг хүнд 15 сая төгрөг зээлсэн. Энийг ......... өөрөө надаас гэрээ байгуулаад хоёулаа ингээд өгөлцөж авалцъя гэж хэлсэн. ....... бол шахаж шаардаагүй, надад тийм гэрээ байгуулж өг  гэсэн юм бол яриагүй. Өөрөө л надад хоёулаа ингээд нотариат руу оръё гэрээ байгуулаад би чамд дараа нь 10 хоногийн дотор төлөхөөр ингээд гэрээ байгуулаад авчихъя, хэрэв төлж чадахгүй байх юм болбол би чамд өдрийн сая төгрөгийн алданги ч хамаагүй төлнө гээд гэрээ байгуулж байх үед нөгөө нотариатч хуульдаа 0,5%-аар алданги тооцно гээд заачихсан байдаг юм гэж хэлээд тухайн гэрээг байгуулж байсан. Явцын дунд ........ маань яг 10 хоногийн дараа өгөх ёстой боловч өгөөгүй, гэрээний дагуу алданги төлөөд явж байсан. Тэгээд сүүлдээ алданги ор өгөхгүй, би чамд өгчихсөн болсон гээд жил хагасын дараа аргаа бараад хоёулаа  шийддэг газраараа шийдүүлээд явъя гээд шүүхэд хүсэлт гаргасан. Одоо нийт 10,800,000 төгрөг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа хууль эрх зүйн мэдлэг дутуугийн улмаас буруу тооцсон байсан. Одоогийн байдлаар нийт алдангид 11,700,000 төгрөг төлсөн.

Хариуцагч ......... нь огт мөнгө төгрөг зээлээгүй гэсэн тайлбарыг гайхаад байна. Энэ хүн өнгөрсөн хугацаанд яагаад надад алданги төлөөд байгаа юм бэ? Шүүхэд худлаа тайлбар мэдүүлэг өгөөд байна гэж бодож байна. Бид хоёрын харилцан  ярианд би чамд өгөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа мөртөө өнөөдөр шүүх хуралдааны явцад өгөх ёсгүй, төлөх ёсгүй гэдэг тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна.

Тухайн авто машин зарсан зүйлийн талаар мэдэхгүй. Энэ хүмүүс өөрсдөө тайлбараа хийх байх. Хариуцагч талаас ........ манай төрсөн ах гэж тайлбарлаад байна. Манай төрсөн ах биш хадам ах байгаа. Тухайн өдөр ........ миний дансанд мөнгө орж ирсэн нь үнэн. Манай ах намайг байр авах гэж байгаа гэсэн үүднээс өгсөн. Тэрнээс авто машинтай бол ямар нэгэн хамаарал байхгүй. Хувиараа мөнгө төгрөг хүүтэй зээлэх асуудал байхгүй. Найз нөхөд гэдэг үүднээс хэд хэдэн удаа мөнгө зээлсэн тохиолдол бол байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ......... нэхэмжлэлээ дэмжиж тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр багасгаад нийт 10 сая 800 мянган төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт холбогдуулаад *******оос гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа талууд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад байгуулсан гэрээгээр 15 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай барьцаагүй зээлдүүлсэн.

Хэрэв зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу  хугацаа хэтрүүлсний үнийн дүнгийн хоног тутмын 0,5%-ийн алданги тооцно гэсэн  агуулгатай зээлийн гэрээг хийсэн. Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн бичгээр хийгдсэн. Гэрээний дагуу хариуцагч ........ нь тодорхой хэмжээний мөнгө өнгөрсөн цаг хугацааны буюу 2 жил 24 хоногийн хугацаанд нийт 11 сая 700 мянган төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч  өөрийнхөө дансны хуулга дээр тооцоолол хийж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож байгаа. Ийм учраас  гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны  10 сая 800 мянган төгрөгийг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд энэ тээврийн хэрэгсэл худалдан борлуулахтай холбоотой баримт байхгүй,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д хэргийн оролцогч үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх ёстой.

...Өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэн хуульд нийцүүлэн үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөгөөс  11,700,000 төгрөгөөс  хасаад эцсийн байдлаар 10,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... тайлбартаа:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа  багасгаж байна гэж би ойлгож байна. Өөрөөр хэлэх юм болбол нийт 15 сая төгрөг, мөн одоо зээлийн  гэрээнд заасан үр дүн, гүйцэтгэлийг төлөгдөөгүй, хүүгийн гүйцэтгэлийн 0,5%-аар болоод ингээд нийтдээ 22 сая 500 мянган төгрөгийг авах ёстой гээд эндээс  11,700,000 төгрөгийг нь ******* төлсөн, одоо үлдэгдэл 10 сая 800 мянган төгрөгийг  авна аа гэсэн байр суурийг илэрхийлж байна гэж  ойлгож байна.    

Энэ хэрэгт холбогдуулаад ........ хувьд тайлбар гаргасан байдаг. Ямар учиртай тайлбар вэ гэхээр 2023 оны 10 сарын 23-ны өдөр ......... 2 багын найзууд байсан. Тэгээд машин зарж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу .......... бол машин зарж өгсөн. Машин зарсан мөнгөнөөс 15 сая төгрөгийг  .......данс руу ......... хийгээд, тухайн өдрөө 15 сая төгрөгийг ......... нь ......... төрсөн ах Золбаяр луу шилжүүлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч болохоор надад 10 хоногийн хугацаатай энэ мөнгийг зээлээд өгөөч гэхээр зээлсэн гэж ойлгож байна. ........... хувьд өөрийнхөө дансаар дамжуулаад ....... мөнгийг ........ луу шилжүүлсэн ийм нөхцөл байдлыг тайлбарладаг.

 Тэгэхээр энэ бол ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний асуудал биш. Үнэхээр ........ ....... нь мөнгө зээлээд байгаа юм бол яагаад цаашаа төрсөн ах руу шилжүүлээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Тухайн заруулсан гэх машин нь ........ өмчлөлийнх биш ......... өмчлөлийн тээврийн хэрэгсэл байдаг. Үүнтэй холбогдуулан гэрчээр Золбаярыг оролцуулаад нэлээн дэлгэрэнгүй асуудал тавих байх гэсэн байр суурьтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

......... болон ...... нарын хооронд үнэхээр зээлийн харилцаа үүссэн үү? Өөрөөр хэлэх юм болбол Иргэний хуулийн 282.4-д заасан харилцаа үүсээд байгаа юм уу? гэдэг энэ нөхцөл байдал  өөрөө бас л нотлогдохгүй байна. Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ........ данс руу мөнгө шилжүүлсэн, тухайн өдрөө ........ нь ......... данс руу шилжүүлсэн. Өөр зээлийн гэрээний харилцаа үүссэн юм уу? гэхээр нэхэмжлэгч талаас гэрээ байхгүй гэсэн тайлбарыг хэлээд байгаа боловч яг энэ зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэ нөхцөл байдал нотлогдохгүй байна гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд.......... ахдаа гэрээ үзүүлэх шаардлагатай байна гэж хэлсний үндсэн дээр нотариат дээр ирж гэрээ байгуулж, үнэн санаанаас биш хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа учраас талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан мөнгө төгрөг өгөгдсөн энэ зээлийн харилцаа үүсээгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тодорхойлов.

 

Нэхэмжлэгч  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд

Сөрөг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргах, бодит байдлаар мэтгэлцэж чадахгүй байна гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр татгалзаж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулъя гэж байгаа боловч  Иргэний хуулийн 56.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж заасан.

Зээлийн гэрээ бодит байдлаар хийгдээгүй гэдгийг ямар нотлох баримтаар няцааж, нотолж байгаа талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Уг зарсан гэх тээврийн хэрэгсэл хэний өмчлөлд бүртгэлтэй, хэн зарсан, ....... зараад байгаа юм уу? ******* зараад байгаа юм уу? гэдэг асуудал тодорхойгүй. Хэрэв авто машин зараад мөнгийг шууд ......... өгөхгүй ........ дамжуулаад өгөөд байгаа юм. Хариуцагчийн зүгээс тайлбарласнаар тухайн өдрөө Золбаяр луу шилжүүлээд байгаа нь нь ойлгомжгүй байдаг. ...... ........ нарын хооронд үүссэн зээлийн харилцааны талаар ....... мэдэхгүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн нотолж чадахгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбар гаргав.

            Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан иргэн .......... иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №1377 тоот зээлийн гэрээ, .........олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, .......  Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2025 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр ......... гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ...... олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ....... ........ банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг  бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.                                                                                  

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г.*******од холбогдуулан 41,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч Г.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээ  хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр татгалзаж зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр татгалзаж байна.

 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нолох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Зээлдүүлэгч Э.******* нь зээлдэгч Г.*******од 15,000,000 төгрөгийг 2023 оны  10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл  10 хоногийн хугацаатай зээлдүүлж  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13:30 цагт  1377 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулжээ.

  Дээрх зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдүүлэгч Э.******* нь 15,000,000 төгрөгийг  зээлдэгч Г.*******од шилжүүлэн өгсөн байна. Энэ үйл баримт нь  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1377 тоот зээлийн гэрээ, Э.*******ын  ....... хөгжлийн банкны дансны хуулга, 2025 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр Э.*******ын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.(х.х-ийн 37, 51-54-рт)

            Дээрх үйл баримтын талаар маргахгүй бөгөөд  харин хариуцагч Г.*******од  нэхэмжлэгч Э.*******ын шилжүүлэн өгсөн 15.000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хадам ах ......... шилжүүлэн өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд  мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заажээ.

1377 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ нь  гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно...” гэжээ.

Зээлийн гэрээний 1.1-т заасны дагуу зээлдүүлэгч тал 15,000,000 төгрөгийг 2023 оны 10-р сарын 15-ны өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна.

Зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны  10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл  10 хоногийн хугацаатай 15,000,000 төгрөг зээлж 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөх байсан боловч  зээлсэн мөнгийн эргүүлэн төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаж зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “...Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө...” гэж заажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...” гэж

 Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 1-д “...Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийх хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй...” гэж тус тус  заажээ.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг алдангид 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөг  шаардах эрхтэй байна.

Үүнээс  хариуцагч Г.*******ын төлсөн гэж 11,700,000 төгрөгийг хасаж нэхэмжилснийг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 10,800,000 төгрөг хариуцагч Г.*******оос гаргуулж шийдвэрлээ.(22,500,000-11,700,000= 10.800.000 )

Хариуцагч тал 11,700,000 төлсөн  талаарх баримт шүүхэд ирүүлээгүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

            Шүүх хуралдаанд оролцсон гэрч ......... нь “...Тоёота Ланд круйзер Прадо 120 загварын тээврийн хэрэгсэл байсан.  ******* авъя гэж хэлээд хүнээр миний данс руу мөнгө шилжүүлсэн.  38 сая төгрөгөөр худалдахаар болж 20 сая төгрөг шилжүүлсэн. Манай эхнэрийн дүү Э.******* байранд орох гэж байсан болохоор би 15 сая төгрөгийг шилжүүлэхэд ........ нь *******аас 15 сая төгрөг зээлээд буцаагаад над руу шилжүүлсэн. Дансны хуулгаар 4-5 минутын дотор болсон зүйл...” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул  шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж ......... нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 187,850 төгрөг гаргуулан Э.*******т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар .......... 10,800,000 төгрөг гаргуулж ............ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,010,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,550 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж ........... нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу 187,850 төгрөг гаргуулан Э.*******т олгосугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

             5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

             6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.САРАНТУЯА