| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0867/Э |
| Дугаар | 0911 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0911
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Номин
улсын яллагч: Э.Гэрэлмаа
шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Т овогт Н Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806049251114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Н Г Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, Улиастайн 6 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 211 дүгээр цэцэрлэгийн хашаанд иргэн Х.С нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, духны зүүн хэсэг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн одоо нэмэж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний буруу, Дахин ийм алдаа гаргахгүй. Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С цохиж гэмтэл учруулсан нь үнэн, үнэхээр гэмшиж байна..” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,
Хохирогч Х.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Г бид 2 найз нөхдийн харилцаатай. 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Г надруу утсаар яриад “танай гадаа яваад очъё, ганц хоёр пиво ууя” гэхээр нь би “за тэгье” гэсэн Г удалгүй П-тэй цуг гэрийн гадаа ирсэн. Би гэрээс гараад тэр хоёртой цуг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу хуучин эцэст байдаг нэрийг нь мэдэхгүй цэцэрлэгт орсон. Тэнд бид 3 пиво уусан, Г ганцаараа 0,33 граммын 1 шил архи уусан. Г их согтуу нойрмоглоод жаахан унтсан. П бид хоёр 10-аад минут яриад сууж байсан чинь Г сэрээд куртикныхээ халаасыг ухаж байснаа П бид хоёр руу “миний мөнгө алга болчихсон байна гээд миний зүүн хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд П Гг барьж авсан.. “ гэх мэдүүлэг / хх-н 4-8/
Гэрч Р.Пмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ..Би ажилтай байсан учир уугаагүй, Г ах, С хоёр пиво, архи уусан. Удаа ч үгүй Г ах согтоод 15-20 минут унтаад сэрсэн. Би бие засахаар гарсан ба намайг ариун цэврийн өрөөнд байхад Г ах, С хоёрын дуу нь чангараад хэрэлдээд байх шиг байсан, юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй. Би хурдхан шиг гүйгээд очсон чинь Г ах Сийн зүүн нүд рүү нь гараараа 1 удаа цохиж харагдсан, тэгээд би дахиж цохиулаагүй Г ахыг бариад авсан..” гэх мэдүүлэг / хх-н 10/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 11/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7073 тоот ДҮГНЭЛТ:
1.Х.Сйн биед зүүн хөмсөгт шарх, духны зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 12/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 13-14/
Н.Гд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-27/
Н.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28-29/
Н.Гн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 15/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 17/ зэрэг болно.
Н.Гнь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 211 дүгээр цэцэрлэгийн хашаанд мөнгө алга боллоо гэсэн зүйлээр шалтаглан иргэн Х.Сийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, духны зүүн хэсэг, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Х.Сийн биед зүүн хөмсөгт шарх, духны зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7073 тоотын дүгнэлт /хх-ийн 12/
Хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …. Тэнд бид 3 пиво уусан, Г ганцаараа 0,33 граммын 1 шил архи уусан. Г их согтуу нойрмоглоод жаахан унтсан. П бид хоёр 10-аад минут яриад сууж байсан чинь Г сэрээд куртикныхээ халаасыг ухаж байснаа П бид хоёр руу “миний мөнгө алга болчихсон байна гээд миний зүүн хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/
Гэрч Р.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Г ах, С хоёрын дуу нь чангараад хэрэлдээд байх шиг байсан, юу гэж хэлж байгаа нь сонсогдоогүй. Би хурдхан шиг гүйгээд очсон чинь Г ах С зүүн нүд рүү нь гараараа 1 удаа цохиж харагдсан, тэгээд би дахиж цохиулаагүй Г ахыг бариад авсан гэсэн мэдүүлэг / хх-н 10/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Н.Г нь мөнгө алга болсон асуудлаас болж Х.С нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэтэй байна гэж шүүх дүгнэв.
Н.Г нь хохирогч Х.С хохирлын 83.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирогч, шүүгдэгч нарын харилцан зөвшөөрсөн нь хуульд харшлахгүй байна.
Н.Г нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Нийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг гурван сарын дотор нэг сард 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Н.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Г-с 83.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг 360 тоотод оршин суудаг Х.С-д олгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж . Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН